Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01460

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30ы өдрийн 191/ШШ2025/05775 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 177,500,000 төгрөг, алданги 88,750,000 төгрөг, нийт 266,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Тус компани 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр Япон улсад үйлдвэрлэсэн бутлуурыг захиалгын дагуу 340,000,000 төгрөгөөр авч нийлүүлэхээр тохиролцсон. Улмаар манай компани гэрээнд заасан хугацаанд барааг худалдан авагч талд шилжүүлэн актаар хүлээлгэн өгсөн. Талуудын байгуулсан гэрээний 3.3-т ...барааны төлбөрийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 47.75 хувь буюу 162,500,000 төгрөгийн үнэ бүхий 50 тонн арматур, ...барааг актаар бүрэн хүлээж авсаны дараа, гэрээний үнийн дүнгийн 52.25 хувь буюу 177,500,000 төгрөгт тохирох бартерын зүйлийг худалдан авагч талд шилжүүлэхээр тусгасан.

Гэтэл хариуцагч нь 177,500,000 төгрөгийн бартерын зүйлийг манайд шилжүүлээгүйгээс гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу төлбөр, бартерын зүйлийг шилжүүлж өгөхийг тухайн компанид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч арга хэмжээ авч шийдвэрлээгүй, гэрээний 4.2.4-т заасан гэрээний төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байна.

1.2. Гэрээний 5.3-т талууд энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон. Тиймээс нэг өдрийн алданги 177,500 төгрөг, гүйцэтгээгүй үүргийг 798 хоногт тооцоход 141,645,000 төгрөгийн алданги байх боловч хуульд нийцүүлэн 88,750,000 төгрөгийн алданги шаардаж байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 177,500,000 төгрөг, алданги 88,750,000 төгрөг, нийт 266,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 266,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,489,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,489,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ эх хувиараа байхгүй байхад шүүхийн шийдвэрт хариуцагч хариу тайлбар гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шүүгч хуульд заасан эрхийг хэрэгжүүлэхдээ хэргийн үйл баримтыг тал бүрээс нь судалж, нотлох баримтыг гаргаж өгөөгүй ч тухайн хэргийг өөрийн дотоод итгэлээр талуудын тэгш эрхийг хангаж шийдвэрлэх байсан. Тус маргаанд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ манай байгууллагад эх хувиараа байхгүй, тооцооны талаар мэдэх ажилтан, удирдах албан тушаалтан байгаагүйгээс нотлох баримтын шаардлага хангуулж чадахгүй байгаа талаар өмнөх хуралдаан дээр тайлбарласан. Маргааны үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээгээр ******* ХХК-ийг хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэг талын гаргасан тооцооллыг үнэн зөвөөр дүгнэж, мөн тус гэрээ эх хувиараа байхгүй байхад хэргийн нотлох баримт бүрэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, төлөх нь тодорхой, хөтлөшгүй үнэн гэх нөхцөлийг бүрэн хангасан хангалттай үндэслэл бүхий нотлох баримт бүрдсэн гэх үндэслэлээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн хуулиар зохицуулсан эрхийг зөрчсөн.

4.2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар нэгэн тайлбар гаргаагүй, холбогдох удирдлагууд байхгүй байсан тул хэргийн талаар бодит мэдээлэл байгууллагаас гаргуулах боломжгүй байсан. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд энэ хэргийг шууд шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байсан тул өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч энэ хүсэлтийг манай байгууллагын удирдлага өмгөөлөгчийн хөлс мөнгөний асуудлаас болж хүлээн зөвшөөрөөгүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд амралтын өдрөөр Хэнтий аймаг руу хувийн ажлаар яваад буцах замдаа унаа саатсан тул шүүх хуралдаанд амжиж очих боломжгүй нөхцөл байдал үүсэж арга буюу болсон үйл процессоо бичиж хүсэлт илгээсэн. Гэтэл хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах үндэслэл нь өмнөх шүүх хуралдаан дээр байгууллагын удирдлага байхгүй, хэргийн талаар нэгдсэн мэдээлэл байхгүй байна гэсэн тайлбар, мөн хэргийг ээдрээ түвэгтэй гэж үзэж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан нөхцөл байдлаас харахад хэргийг бүрэн шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдана.

Шүүх хуралдаан товлогдсон цагт төлөөлөгч ирсэн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулаагүй, хэрэг үүссэнээс хойш 2 удаа шүүх хурал товлогдсон ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй гэж үзэж, баримтгүй үндэслэлээр хууль ёсны төлөөлөгч намайг эзгүйд шүүх хуралдааныг явуулж мэтгэлцэх зарчмыг хангаагүй, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний болон компанийн эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн гэж дурдан дүгнэсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал нь хариуцагч ямар нэгэн шалтгаангүй шүүх хуралд ирээгүй тайлбар хүсэлт өгөөгүй байхад хэрэглэх заалт ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэн хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой нөхцөл байдалд илүү хамааралтай зохицуулалт байх тул тус хэргийн хувьд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зөвхөн нэг талын баримт байхад шууд шийдвэрлэх учир дутагдалтай харагдаж байна. Шүүхээс шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх боломжоор хангасан бол нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах, өөрсдийн гаргаж өгөхөөр бэлдсэн нотлох баримтуудтай харьцуулах, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх боломжтой. Энэхүү нөхцөл хангагдаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нэг талыг барьсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй..

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэллэцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан баримтаар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүхээс ******* ХХК- ийн захирал н.Болд-Эрдэнэ мөн эсэхийг тодруулахад тэрээр мөн гэж хариулсан бөгөөд та шүүх дээр ирээрэй гэхэд өмгөөлөгчдөө итгэмжлэл хийж өгөөд явуулсан гэж хэлсэн байдаг. Үүний дагуу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн огноотой итгэмжлэлтэй ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдсан үндэслэлүүдээ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нотлох баримт гаргах, хариу тайлбар бичгээр гаргах замаар хангах бүрэн боломжтой. Уг хугацаанд эрхээ эдлэхэд нь шүүх ямар нэг байдлаар хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Бидний хувьд 2022 оноос хойш гэрээний төлбөрийг нэхэмжлэх асуудлаар эрх ашгаа хамгаалуулах зорилгоор 3 жилийн дараа шүүхэд хандсан.

Хариуцагч тал өмгөөлөгч авах байсан гэх шалтгаан ярьж байгаа боловч үүнтэй холбоотой хүсэлтийг гаргаагүй. Харин анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч авах эрхийг нь хангасан боловч 2025 оны 06 дугаар сарын 23, 30-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Гэтэл хариуцагч тал давж заалдах гомдолдоо би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дурдсан байдаг. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан үйл явдал тохиолдсон зэрэг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-41.а-д хүртэлх заалтад нэрлэн заасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учраас шүүх түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шийдвэрлэсэн.

5.2. Хариу тайлбараас нь харахад бутлуур хүлээж авсан эсэхэд маргаагүй бөгөөд бутлуураа хүлээн авсан гэж тайлбарласан. Харин доголдлыг тухайд хүлээн авснаас хойш 6 сарын дотор шаардах эрх үйлчилдэг. Уг хүрээнд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шаардах эрхээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болон түүнд хавсаргасан баримтад маргаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нь шийдвэрлэсэн. Эх хувь баримтын тухайд талууд маргаагүй учир шүүх тухайн баримтыг бичмэл хэлбэртэй гэж үзсэн. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан бөгөөд талууд мэйлээр харилцаж, баталгаажуулсан нөхцөлийг үндэслэн хариуцагчаас алдангийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 177,500,000 төгрөг, алданги 88,750,000 төгрөг, нийт 266,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3. Хэргийн 6-11 дүгээр талд ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Япон улсад үйлдвэрлэсэн бутлуурыг 340,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ авагдсан байна.

 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэргийн бодит нөхцөл байдал болон талууд гэрээний дагуу өгсөн авсан зүйл тодорхойгүй, гэрээ эх хувиараа байхгүйгээс төлөөлөн оролцох боломжгүй, хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтэй тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж байжээ.

 

3.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хэргийн 6-11 дүгээр тал дахь худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

 

3.3. Дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувиар буюу нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хүлээн авч, улмаар шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдана.

 

3.4. Учир нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасанхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.1. Тодруулбал, тус хэрэгт шүүх 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

4.2. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр товлоход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хойшлуулах хүсэлт гаргасан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлаа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөө орон нутагт ажлаар явах үед машин саатсан нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,489,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ