Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/52

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогтой Д-ийн Э-т холбогдох эрүүгийн 1927000130038 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гавьяа шагналгүй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 69 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, У овогтой Д-ийн Э-, /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 12 дугаар сар 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт байх хохирогч Б.Г-ийн гэрт түүнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гарахдаа хойд өрөөний шкафанд байсан 485 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Г- бид хоёр 3 шил “Харзтай” нэртэй архи хувааж уусан. Архи ууж байхдаа Б.Г- надад ах нь хоол унд муутай болоод байна. Ахдаа хоёр ямаа өгчихөөрэй гэж хэлээд надад бэлэн 200 000 төгрөг өгсөн. Одоо надаас Б.Г- ах 500 000 төгрөг нэхэмжлээд байгаа. Би тэр мөнгийг нь төлнө...” гэв.

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр хотод байсан. Галаа түлэх   гээд   байж   байтал манайд Б буюу Д.Э- ороод ирсэн. “...шар тайлаад өгөө гээд гуйгаад байхаар нь би шарыг нь тайлж өгөх гээд унталгын өрөөндөө орж мөнгө авахад араас дагаж орж ирээд шкафанд байгаа мөнгийг харсан...” “...Бид хоёр 3 шил “Харзтай” нэртэй архи уугаад байж байхад манай багш Э.Н- орж ирээд бид нарыг архи уухыг болиулаад намайг гэр рүүгээ авч явах гэтэл Б Д.Э- манай хойд өрөөнд явж ороод шкаф онгойлгоод байхыг Э.Н- сонсоод айлын юм яагаад ухаад байгаа юм бэ гэхэд юу ч хэлэхгүй гарсан байсан...” “...өглөө нь Б Д.Э-т архи авч өгч байхад байсан. Орой нь үзэхэд байхгүй байсан...” “...би нутгийн хүмүүс байна гэж бодоод хэлээгүй. Бас намайг хөдөө усанд унасан байхад айлд хүргэж өгсөн болохоор тэгээд өөрөө уулзъя гэж бодоод өөртэй нь уулзахад та надад хоёр зуун мянган төгрөг өгсөн гэхээр нь би худлаа яриад бай дүү. Ах нь чамд ерөөсөө мөнгө өгөөгүй. Ах нь чамд 2 шил архи л авч хувааж уусан. Чи харин шкафнаас яагаад таван зуун мянган төгрөг аваад явсан юм бэ гэхэд дүү нь 2 ямаа 1 хонь төлөөд өгчий гээд маргааш цаг тохироод очтол байхгүй байсан...” “...таван зуун мянган төгрөгийн хохирол барагдуулчихвал би гомдол санал байхгүй..." "...бид хоёр манай гэрт цуг архи уусан. Тэрнээс биш би Д.Э-т ямаа надад өгөөрэй гэж мөнгө төгрөг өгөөгүй. Манай арын өрөөнөөс Д.Э-ыг мөнгө авсан талаар манай сургуулийн багш мэдэж байна лээ...” “...манай гэрт нийт 500.000 төгрөг байсан. Үүнээс 15 000 төгрөгөөр Б буюу Д.Э-т 3 шил архи авч өгсөн. Манай нутагт "Харзтай" нэртэй архи 5000 төгрөгөөр зардаг юм. Үлдэгдэл 485 000 төгрөг байх ёстой. Уг мөнгө л алга болчихоод байгаа юм...” “...би Д.Э-аас хохирол гэж 300 000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 185 000 төгрөгөө нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр хуудас/

Гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд манай айлын Б.Г- багшийнд яваад ороход Б.Г- багш нэг хүнтэй “ Харзтай” нэртэй архи ууж байхаар нь одоо болно, манайд очиж хоол ид гээд авч гарах гээд Б.Г- багшийн хувцсыг өмсгөж байтал хамт архи ууж байсан Д.Э- нь босоод “Харзтай” нэртэй архиа өвөрлүүгээ хийгээд утсаа уясан юм аа гээд хойт өрөөрүү шууд явж ороод шкафний хаалга дугархаар нь өөдөөс нь явтал миний хажуугаар шууд гарахаар нь айлын юм яагаад уудлаад байгаа юм бэ гэхэд юу ч дуугаралгүй гараад яваад өгсөн. Би Б.Г- багшийн гэрийг цоожлоод гэрлүүгээ авч явсан...” "...Би Б.Г-ийн гэрт ганцаараа орсон. Намайг гаднаас ороход Б.Г- багшийн гэрт Б.Г- багшаас гадна нэг хүн байсан. Тэр хоёр “Харзтай” нэртэй архи ууж байсан. Архи нь дуусаагүй байсан...” “...Б.Г- багш зөндөө согтчихсон байсан болохоор багшийн хувцасыг урд том өрөөнд нь өмсгөж байхад нөгөө хамт байсан эрэгтэй хүн гар утсаа цэнэглэж байгаа юм гэж хэлээд хойд өрөөнд орсон...” “...тэр үед би утас хайвал урд өрөөнд үзмээр юм гэж бодож, хойд өрөө рүү нөгөө хүний араас ортол хойд өрөөний шкафны хаалга дуугарсан. Намайг ороход нөгөө эрэгтэй хүн зөрөөд гарсан. Урд өрөөнд байсан хугас шилтэй архийг авч гэрээс гараад явсан...” “...маргааш өдөр нь Г- багш эрүүл болчихоод арын өрөөнд байсан мөнгө байхгүй болчихсон талаар надад хэлж, би тухайн үед хамт архи ууж байгаад арын өрөөнд орсон Э-ыг авсан гэж сэжиглэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/

Гэрч Ц.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Б.Г- нь миний хариуцсан багт оршин суудаг бөгөөд Өвөрхангай аймгийн хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш ажилтай хүн байгаа юм. Миний мэдэхээр сургуульд 20 гаран жил ажиллаж байгаа байх...." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч П.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Манай нөхөр Б.Г- нь Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай....” “...2018 оны 11 дүгээр сард өөрийн гэрээс 500 000 төгрөг алдсан. Тухайн үед би байгаагүй. Улаанбаатар хотод байсан...” “...манай нөхрийн сарын цалин 680 000 төгрөг. Намар идэшний үеэр хүнд мөнгө өгнө гэж ярьж байгаад тэгээд гэрт хадгалж байсан мөнгө байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Хужирт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 12 дугаар сар 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт байх хохирогч Б.Г-ийн гэрт түүнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гарахдаа хойд өрөөний шкафанд байсан 485 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр хуудас/, гэрч Э.Н-, П.Ө- нарын мэдүүлэг /хх-ийн 25-29, 36-37 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Д.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Г- нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 300 000 төгрөг авсан. Одоо 185 000 төгрөг авна гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч нь хохирогчид үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулна, хохиролд маргахгүй гэсэн тул түүнээс 185 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э- нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгтээ 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.  

Д.Э-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогтой Д-ийн Э-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Д.Э-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Д.Э- нь тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Э-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгтээ 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Д.Э-аас 185 000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т /Өвөрхангай аймгийн Хужирт сум 5 дугаар баг 14-04 тоотод оршин суух/ олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Д.Э-т урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Б.САРАНТУЯА