Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01458

 

 

 

2025 08 29 210/МА2025/01458

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/05714 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Тус компанид ******* нь 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 сарын 07-ны хооронд төслийн удирдагч, бизнес хөгжлийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан.

1.2. ******* нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр компаниас 20,000,000 төгрөгийг зээлж, өөрийн дансаар шилжүүлэн авсан. Зээлээ төлөөгүй тул *******гээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн 20,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт аваагүй. Надад урамшуулал болгож өгсөн тул буцаан төлөх үндэслэлгүй.

2.2. Мөн зээлийн гэрээний үүрэг гэж шаардаж байгаа бол үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид Иргэний хуулийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор, өгсөн мөнгөө хариуцагчаас буцаан авах шаардлага гаргасан.

Иргэний хуульд заасан, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд шийдвэрлэгдвэл зохих харилцаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч ******* нь намайг урилгаар менежментийн багт орж, стратегийн том ажлуудыг хариуцуулан, хувьцаа гаргах зорилгоор ажиллаж байсан. Тухайн үед стратегийн ажлыг хариуцан боловсруулж буй ажилчдад нэмэлт урамшуулал олгох гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу 20,000,000 төгрөгийн урамшуулал авсан.

Уг үйл явдлаас тодорхой хугацааны дараа хэн нэгэн этгээд томилогдон ирээд, өмнөх гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэр, тушаалуудыг үгүйсгэж болохгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс урамшуулал олгох тушаал, албан бичиг гэх мэт холбогдох нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 38,000,000 төгрөг олгох ёстой байсан боловч 20,000,000 төгрөгийн урамшуулал олгохдоо үлдэгдэл 18,000,000 төгрөгийг хувьцаа гарсны дараа хувьцаагаар дүйлцүүлэн олгоно гэж хэлсэн.

Иймд уг хэргийг шударгаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... 20,000,000 төгрөгийг урамшуулал болгож өгсөн учир буцаан төлөхгүй ... гэж тайлбарлан, маргасан байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байна.

4. *******, ******* нар 2018 оны 11 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, төслийн менежерийн албан тушаалын ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нууцлал болон оюуны өмчийн эрхийн гэрээ, зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх47-49/

5. Талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2020 оны 02 сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон, мөн ажил олгогч байгууллагаас ажилтан нь 20,000,000 төгрөг авсан үйл баримтад маргаангүй. Харин, уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хүсэл зориг талуудын маргааны зүйл болжээ.

 

6. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлохоор *******-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн 02/96 дугаартай Менежментийн багт урамшуулал олгох тухай тушаал, түүний хавсралт 1, 2 дугаар хавсралт /Ажилтнуудад олгох урамшууллын тооцоолол/-ыг шүүхэд өгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нотлох баримтуудыг эх хувиар нь нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргажээ. /хх52-54, 67/

 

Анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаж, 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ОЗ2025/20257 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч тал менежментийн багийн гишүүнд урамшуулал олгох тушаал, нэрсийн жагсаалт гарч байгаагүй, шүүгчийн захирамжид дурдагдсан баримтыг гарган өгөх боломжгүй гэсэн хариу тайлбар шүүхэд ирүүлжээ. /хх70/ Мөн, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан дээрх баримтуудыг хуурамч, нөхөж үйлдсэн гэх байдлаар нэхэмжлэгч тал үгүйсгэж, мэтгэлцээгүй тохиолдолд хариуцагч талын гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргаанд хариуцагч байгууллагад байгаа баримтыг шүүхийн журмаар шаардахад ...гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байгаа тохиолдолд ажилтнаас шүүхэд гаргасан хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны тамга, тэмдэг бүхий баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх нь дээрх хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд харшлахгүй.

Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 20,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон болох нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******д мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/05714 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ... 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

Ч.ЦЭНД