Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/236

 

 

 

 

 

 

 

 

2019        08          29                                               2019ШЦТ/236

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт А.Эд холбогдох 1821004060107 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, .............................................. оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт А.Э. /РД: ....................../

 

Шүүгдэгч А.Э нь 2018 оны 03 дугаар сард иргэн Ц.Ө-ыг хуурч, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний эзэмшлийн Венз Жл-450 маркийн 37-88 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн Сүмбэр боомтоор БНХАУлс руу гаргаж, БНХАУлсын Хайлаар хотод 48000/дөчин найман мянга/ юанийн барьцаанд тавьж, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

            Хохирогч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Дорнод аймгийн харъяат иргэн А.Э гэх залуутай 2017 онд анх танилцаж байсан. Тэр цагаас хойш А.Этэй бараг харилцаагүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын үед Дорнод аймагт ажлаар явж байгаад уулзалдсан. Тэгээд би БНХАУлсын Манжуур хот руу хувийн ажлаар яваад буцаад Монгол Улсын хилээр өөрийн эзэмшлийн хар өнгийн GL-450 загварын Мерседес бенз маркийн 37-88 УНБ улсын дугаартай машиныг унаад явж байхад урьдны танил Мөнхтөр таараад найзынх нь машин хилээр гараад 7 хонох гэж байна, миний машины гарах хугацаа нь болоод байна чи гарах гэж байгаа юм чинь миний машиныг унаад хилээр гарчих, би чиний машиныг авч үлдээд энд ганц нэг хоноод араас чинь аймагт очоод машиныг чинь өгье гэж гуйхаар нь зөвшөөрөөд би машинаа Мөнхтөрийн приус-20 маркийн 33-68 ДОА улсын дугаартай машиныг нь унаад хилээр орж ирээд Дорнод аймагт 1 хоноод Мөнхтөрийн машиныг нь үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Ингээд Мөнхтөр хэд хоногийн дараа миний машиныг унаад Монгол Улсад орж ирээд байна, машиныг чинь аавынхаа хашаанд тавьчихлаа гэхээр нь би танил А.Этэй утсаар яриад чи миний машиныг Мөнхтөрөөс аваад дулаан гражид хийгээд байж байгаач гэж гуйхад тэрээр зөвшөөрсөн. Тэгээд над руу А.Э залгаад найз нь чиний машиныг байрныхаа доод талд дулаан гражид хийгээд орхичихлоо гэхээр нь над руу түлхүүрийг нь явуулчихаарай гэж хэлэхэд тэгнээ гэж байсан. Ингээд А.Э надад миний машины түлхүүрийг явуулахгүй байхаар нь би дулаан гражид байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод нэг их тоохгүй байсан. А.Э надад хэлэхдээ машины чинь компрессор нь хагарсан бололтой хийгүй амортизатор нь суугаад их бие нь дугуйндаа тулчихсан байна гэж хэлсэн. Гэтэл намайг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудаар ажлаар явж байхад А.Э нь над руу ви чатаар захиа бичсэн байсан. Энэ захианд нь тэрээр миний машиныг БНХАУ-д аваачиж зарсан гэсэн байсан тул би түүнтэй холбогдох гэж залгасан боловч утсаа авахгүй, ви чатаар харьцах гэхээр хариу бичихгүй байсан. ...Миний машиныг зарсан гээд үнэ мөнгийг нь ч надад өгөөгүй. ...” гэжээ. /хх-ийн 53-55 тал/

 

            Гэрч Г.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн найз Өсөхбаярын хамтаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хөдөө явж байхад найзын ви чат хаягт А.Э гэх хүн “найз нь машиныг чинь унаад урд хүрээд ирсэн байна. Хүн сонирхоод байхаар нь унаад ирлээ. Зөвшөөрөлгүй аваад явсанд уучлаарай. Хэрэв чамайг аваад ир гэвэл буцаагаад аваад очьё” гэсэн захиа илгээсэн байсныг надад харуулж байсан. Тэгэхээр нь бид хоёр ярилцаж байгаад эргээд А.Этэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, ви чатаар нь залгаад утсаа авахгүй байхаар нь “чи машин аваад ир” гэж захиа бичсэн боловч хариу өгөхгүй байсан. Гэтэл үүнээс хойш 14 хоногийн дараа А.Э Өсөхбаяр руу “хөгшөөн муухай зан гаргаж байгаад уучлаарай, 50000 юань би чиний данс руу шилжүүлье” гэсэн захиа бичсэн байхаар нь машиныг нь хэн нэгэнд зарсан юм байна гэж ойлгосон. ...Өсөхбаяр нь А.Эд машинаа унаж ашиглаж байх болон бусдад зарж борлуулах талаар огт зөвшөөрөөгүй гэсэн...” гэжээ. /хх-ийн 63-64 тал/

 

            Гэрч Ц.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сард хувийн ажлаар өөрийн эзэмшлийн 33-68 ДОА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчсон юм. Ингээд би БНХАУлсын Алтан эмээл хотод явж байхад миний машин БНХАУлсын нутаг дэвсгэрт байх хугацаа буюу 5 хоног нь дуусч байсан учир Улаанбаатар хотын харъяат найз Ц.Өсөхбаяр нь өөрийн эзэмшлийн хар өнгийн Мерседес бенз маркийн 37-88 УНБ улсын дугаартай машинтай явж байхаар нь би түүнд учраа хэлээд түүний машиныг хилийн цаана буюу БНХАУлсад авч үлдсэн. Ц.Өсөхбаяр миний машиныг унаад надаас түрүүлээд хилээр гарч Монгол Улсад ирсэн. Харин би түүний машиныг нь унаад түүнээс хойш 7 хоногийн дараа Монгол Улсад орж ирсэн. Би Дорнод аймагт ирээд Ц.Өсөхбаярын 37-88 УНБ улсын дугаартай хар өнгийн Мерседес бенз маркийн тээврийн хэрэгслийг өөрийн аав Цэндээхүүгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы хойд хэсгийн 3-01 тоот хашаанд нь аваачиж тавиад энэ тухайгаа Ц.Өсөхбаярт хэлсэн. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа Ц.Өсөхбаяр над руу залгаад миний машиныг А.Э чам руу очиж авна чи А.Эд миний машиныг өгөөд явуулаарай машиныг маань гражид хийх гэж байгаа юм аа гэж хэлсэн. Ингээд удалгүй А.Э над руу ирээд Ц.Өсөхбаярын машиныг нь надаас аваад явсан. Түүнээс хойш би дахин А.Этэй уулзаагүй, Ц.Өсөхбаярын машиныг нь ч дахиж хараагүй...” гэжээ. /хх-ийн 67-68 тал/

 

            Гэрч Б.Соёмбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...над руу А.Э нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орчим хар өнгийн 37-88 УНБ улсын дугаартай мерседес бенз маркийн машиныг жолоодоод ганцаараа ирж уулзаад цаашаа хил гарна гээд явсан. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа аавынхаа машиныг унаад ганцаараа ирээд улсын наадам хүртэл хаашаа ч явахгүй бидэнтэй хамт манай тариалангийн талбай дээр байрлаж кемпэд хонодог байсан...” гэжээ. /хх-ийн 69-70 тал/

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58 тал/

            - Хохирол төлсөн баримт /хх-ийн 125, задгай 3 хуудас/

            - А.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-92 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч Иөншөөбү овогт А.Э нь 2018 оны 03 дугаар сард иргэн Ц.Өсөхбаярыг хуурч, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний эзэмшлийн Венз Жл-450 маркийн 37-88 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн Сүмбэр боомтоор БНХАУлс руу гаргаж, БНХАУлсын Хайлаар хотод 48000/дөчин найман мянга/ юанийн барьцаанд тавьж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ингээд Хайлаар хотод хүнтэй очиж уулзсан бөгөөд эвдрэл гэмтлүүдийг бүгдийг нь хэлээд 48000 юанийн барьцаанд тавьсан. ...Дээрх мөнгийг газар тариаланд зарцуулсан бөгөөд Өсөхбаярт 48000 юанийн барьцаанд тавиад мөнгө авсан талаар хэлээгүй юм...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Өсөхбаяр, гэрч Б.Соёмбо, Г.Билгүүн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч А.Эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч А.Эийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Эийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч А.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Өсөхбаярт 43000000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирогчид 11000000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 32000000 төгрөгт дүйцүүлж “Тоуоta Land Cruiser-80” маркийн 56-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогчийн өмчлөлд шилжүүлж өгсөн байх ба хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийгы бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЯ 81071012 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт А.Эийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Эд тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Эд мэдэгдсүгэй.

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Эд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч А.Эийн ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ