| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/04443/И |
| Дугаар | 210/МА2025/01505 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/01505
******* ХХК, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05110 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХК-д холбогдох,
Хууль зөрчиж, хуурч мэхэлж, хүч хэрэглэж хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нар нь *******наас 3,0 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар зээлж, холбогдох зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан Зээлийн төлөлт хэвийн төлөгдөж байсан боловч Ковидын улмаас үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн.
1.2. Гэтэл банк зээлийн үүргийг шаардаж, дарамт шахалт үзүүлж, цар тахал ид тархаж байх үед барьцаа хөрөнгөө зээлээ төлөөд эргүүлэн авах эрх чинь нээлттэй, банк эрсдэлээ тооцож байна, танай барьцаа хөрөнгүүдийг цааш нь зарж үрэхгүй гэснээр хөрөнгүүдийг худалдах худалдан авах, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээг байгуулж нэхэмжлэгч талын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Зээлдэгч нь тахлын улмаас үйл ажиллагааны доголдол гарснаа нөхөж амжихгүй зээлийн эргэн төлөлтийн зөрчил үүссэнийг далимдуулан банк нь хөрөнгүүдийг хямд үнээр хураан авсан.
1.3. Нэхэмжлэгч нь банкнаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч, төлөх хүсэл зоригоор банктай гэрээ байгуулж, зээл авсан болохоос хямд үнээр зээлийн үүрэгт шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Гэтэл банк нь давуу байдлаа ашиглан, хуурч мэхэлж, нэг талын хүсэл сонирхлоор зээлдэгчийн үйлчилгээний болон компанийн үйл ажиллагаа нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас доголдмогц үл хөдлөх хөрөнгүүдийг нэр дээрээ хууль зөрчиж шилжүүлсэн авсан.
1.4. Зээлийн, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, талууд тохиролцож эдгээр гэрээг хүчингүй болгоогүй байхад Зээлийн барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх болон Үл хөдлөх хөрөнгийг худалдах хуцалдан авах гэрээнүүдийг давхар хийсэн. Банк нь зээлдэгчтэй Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах-худалдан авах 3 гэрээг тодорхой үнэ тохирч байгуулсан боловч уг гэрээнд заасан үнийг худалдагч талд төлөөгүй нь уг гэрээнүүд нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулна.
1.5. Мөн зээлдэгчийг хуурч, мэхлэн банкнаас авсан зээлийн төлбөрийг 1,5 дахин нугалж, зах зээлийн үнэ бүхий зээлдэгчийн эд хөрөнгийг дээрх гэрээгээр халхавчилж үнэгүйдүүлэн өөртөө олж авч буй нь хууль зөрчиж буй үйлдэл юм. Нэхэмжлэгч нарын барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 8-9 орчим тэрбум төгрөг болно.
1.6. Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ******* тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Банкны тухай хууль, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, Зээл, Барьцааны гэрээний хугацаа дуусаагүй, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талыг хуурч мэхэлж, хүч хэрэглэж Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дахин байгуулан банкны нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоож, талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 27-ны өдрийн дээрх Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүд болон Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 45 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлд заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нар нь Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, улмаар нэр бүхий 3 үл хөдлөх барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг тус банканд шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г тус банк байгуулан өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.
2.2. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 10 сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээний дагуу хөрөнгийг буцааж худалдаж аваагүй тул нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, талууд Эвлэрлийн гэрээ-г байгуулсныг шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2.3. Нэхэмжлэгч нар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлж, хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тус банканд хүлээлгэж өгсөн. Банк нь нэхэмжлэгч нарын төлөхгүй байгаа зээлийг төлүүлэх зорилгоор барьцааны зүйл болох хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан.
2.4. Зээлийн гэрээний төлбөр болох 3,113,730,676.85 төгрөгийн төлбөрөөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банк үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авахдаа хууль зөрчөөгүй, талуудын тохиролцоонд үндэслэн хийгдсэн, банк нь хуурч мэхэлж, хүч хэрэглээгүй, нэхэмжлэгч нь өөрсдийн сайн дурын хүсэлтээр тус гэрээг байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар банканд хүсэлт гаргасныг хүлээн авч, талууд сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан.
2.5. Мөн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний буцаан худалдан авах нөхцөл биелэгдээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлсөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:
3.1. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болохын хувьд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээг байгуулахдаа үндсэн зээлийн болон барьцааны гэрээний тал болох ******* ХХК-аас асууж тодруулаагүй шууд гэрээг байгуулсан, гэрээ хэлцэлд оролцуулахгүйгээр дараагийн гэрээг хийсэн нь үндэслэлгүй.
3.2. Компанийн тухай хуулийн 48 дугаар зүйл, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар гэрээний оролцогчийн эрхийг зөрчсөн, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өртөг бүхий хөрөнгүүдийг бага үнэд тооцон авсныг зөвшөөрөхгүй.
3.3. Барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах ёстой байхад өөр хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч итгэмжлэлгүйгээр захиран зарцуулсан нь хууль зөрчсөн учир төлөөлөх эрхгүй, компанийн хуулийг зөрчиж хэлцэл хийсэн. Мөн талуудын хооронд байгуулсан хэлцлүүд нь зээлдэгчийг хохироосон гэж маргажээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгөөр тус тус шилжүүлэхээр тохирсон ******* болон ******* ХК-ийн хооронд 2021.10.27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,
Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч ******* ХХК, ******* нараас 3,113,730,676.85 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас 15,726,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч ******* ХХК, ******* нараас 568,653 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* ХХК нь дээрх Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох 3,112,181,181.56 төгрөгийн төлбөртөө доорх барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийг тус банканд шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 42/21 тоот албан бичгээр ирүүлсэн болно. Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу тус банк 2021 оны 10 сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г тус банк байгуулсан.
5.2. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нар нь эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дүгээрт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгийн буюу нийт 3,113,730,676.85 төгрөгийн зээлийн төлбөртөө тооцон өмчлөх эрхүүдийн тус банканд шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь 2023 оны 10 сарын 27-ны өдрийн дотор 3,113,730,676.85 төгрөг төлсөн тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг буцааж шилжүүлж авахаар тус тус тохиролцсон.
5.3. Хөрөнгүүдийн өмчлөх эрхийг тус банк хуулийн дагуу шилжүүлж авах зорилгоор 2021 оны 10 сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг нэхэмжлэгч нартай байгуулсан бөгөөд улсын бүртгэлд тус банк 2021 оны 11 сарын 10-ны өдөр хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулан авсан. Нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар болох нийт 62,274,613.54 төгрөгийг тус банк төлж, 2021 оны 11 сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нараар буцааж төлүүлсэн болно.
5.4. 2023 оны 12 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/00074 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.5. Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зорилгоор хариуцагч 2024 оны 06 сарын 07-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Банкны төлбөр барагдуулах газар нь хөрөнгийг 2024 оны 08 сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутад сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч *******д иргэнээр нь болон ******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийнх нь хувьд гардуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Банкны төлбөр барагдуулах газар 2024 оны 08 сарын 12-ны өдөр хөрөнгийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тус банканд хүлээлгэж өгсөн.
5.6. Зохигч нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий хэлцэл нь мөн зохигч нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээтэй аливаа хэлбэрээр холбоогүй бөгөөд нэхэмжлэгч нар нь өөрсдийн биелүүлэх боломжгүй байгаа Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор Банкны барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус банканд худалдан борлуулах зорилгоор Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-г тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээний хариу төлбөрийн үүргийн гүйцэтгэлд банк нэхэмжлэгч нараас авах зээлийн гэрээний төлбөр болох 3,113,730,676.85 төгрөгийн төлбөртэй дүйцүүлэн худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн болно.
5.7. Түүнчлэн, барьцааны гэрээ нь барьцаалагчид тухайн барьцаагаар хангагдах шаардлагыг зөвхөн барьцаагаар хангана гэсэн императив үүрэг үүсгэдэггүй, харин үндсэн үүргийн гүйцэтгэлийн зохих ёсоор биелэх боломжийг хангах хүрээнд үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкны хувьд үүргийн гүйцэтгэл хангах боломжит аргуудын нэг хэлбэр нь болно. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээ байгуулсан гэдэг нь барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг хангуулахад заавал мөнхүү барьцааны гэрээг ашиглана гэсэн утгатай биш бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь гэрээний талуудын сонгох эрх, гэрээний чөлөөт байдлын зарчмыг шууд үгүйсгэсэн шинжтэй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
5.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17 дахь хэсэгт Түүнчлэн Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэсэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасан хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл болсон, энэ агуулгаар маргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв. хэмээн дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Иргэний хуулийн 171 дүгээр зүйл нь Иргэний хуулийн 13 дугаар бүлэг Барьцааны эрх бүлгийн Гуравдугаар дэд бүлэг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/ бүлэгт харьяалагдах ба тус зүйлд заасан хязгаарлалт нь гагцхүү аливаа хоёр талын хооронд байгуулагдсан Ипотекийн гэрээ буюу Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд хамаарах хуулийн хязгаарлалт болно.
5.9. Гэтэл Анхан шатны шүүх өөрийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.а, 10.б, 10.в, 10.г хэсэгт тус тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжих үндэслэл болсон хэлцэл нь Зохигч хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болохыг тогтоосон атлаа Үндэслэх хэсгийн өөр хэсэгт Барьцаа гэрээг үндэслэн шилжсэн мэтээр, эсвэл Зохигч хооронд байгуулсан Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдэд Иргэний хуульд заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах хуулийн хязгаарлалт үйлчлэх мэтээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад үл нийцсэн.
5.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 19, 20 дахь хэсгүүдэд шүүх талуудын хооронд маргаан бүхий хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй, шүүхээс нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байдлаар, тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй.
5.11. Тухайлбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн 19 дэх хэсэгт шүүх талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнүүд нь бодитоор хэрэгжээгүй гэж дүгнэхдээ гагцхүү мөнгөн хөрөнгө шилжээгүй болохыг ийнхүү дүгнэсэн нь Иргэний хуулийн 20 дугаар бүлэгт заасан үүрэг дуусгавар болох зохицуулалтууд, тухайлбал 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.2, 236.1.3 дахь хэсгүүдэд заасан хуулийн боломжийг үгүйсгэсэн шинжтэй, хүчин төгөлдөр хууль тогтоомжид нийцээгүй огт үндэслэлгүй дүгнэлт болжээ.
5.12. Мөн Үндэслэх хэсгийн 20 дахь хэсэгт маргаан бүхий хөрөнгийн зах зээлийн бодит ханш гэх үнэлгээг гаргахдаа талуудын 2019 онд харилцан тохирсон гэх үнэлгээг хүчинтэй гэж үзсэн атлаа 2020 онд харилцан тохирч байгуулсан гэрээний үнэлгээг бодитой гэж хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаарх үндэслэлээ гагцхүү зээлийн гэрээний үлдэгдэл үүрэг тохируулан байгуулсан гэж тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс өмнөх барьцааны гэрээнд заасан үнэлгээг гаргасан үндэслэл, хожим худалдах, худалдах авах гэрээг байгуулах үед гаргасан үнэлгээг ямар аргачлалаар гаргасан, гэрээ байгуулагдах үеүдэд зах зээлийн ханш ямар байсан зэргийг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй байхад тус 2020 оны үнэлгээг гагцхүү барьцааны гэрээнд заасан үнэлгээнээс буурсан гэх үндэслэлээр бодитой бус гэж үзэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримтад нийцээгүй, шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэжээ.
5.13. Талуудын хооронд Иргэний хуулийн 265-268 дугаар зүйлд тодорхойлогдсон Буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээний 2.2 дахь заалтаар Иргэний хуулийн 268 дугаар зүйлд заасан хязгаарлалтын хүрээнд нэхэмжлэгч нарын буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хугацааг 2 жилээр харилцан тохирсон бөгөөд ийнхүү буцаан худалдан авах эрхийг гэрээнд заасны дагуу хэрэгжүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл тус банк тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож нэхэмжлэгч нартай хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн нэг үндэслэл болох Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт мөн адил үгүйсгэгдэж байна.
5.14. Талууд сайн дурын үндсэн дээр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. Нэхэмжлэгч нь банканд энэхүү гэрээг хэрэгжүүлэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой хүсэлтүүд гаргах, хожим гэрээний үүргээ биелүүлж тус хөрөнгийг албадан чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэргээр удаа дараа гэрээний хүчин төгөлдөр байдлыг өөрийн үйлдлээр хүлээн зөвшөөрч ирсэн тул тус хэлцлийг хийхээр хууран мэхлэгдсэн, хүчинд автсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу зээлийн төлөх төлбөрт нь хөрөнгийн өмчлөх эрхийг тус банк шилжүүлж авсан бөгөөд нэхэмжлэгч нарыг хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл огт байхгүй, нэхэмжлэгч нар нь өөрсдийн тус шаардлагыг баримтаар нотлоогүй болно.
5.15. Тус банкны нэхэмжлэгч нартай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ-ний 2.2 дах хэсэгт заасан нөхцөл биелэгдээгүй, түүнчлэн тус банкны өмчлөх эрхийг хамгаалсан хуулийн хүчин төгөлдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/00074 дугаар захирамж байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй болно.
5.16. Иймд анхан шатны шүүхээс хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, хариуцагчийн Монгол улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр баталгаажсан эрхийг зөрчиж, хууль ёсны итгэлийг хамгаалалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хуульд нийцүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан Банкны тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд барьцааны гэрээг ипотекийн буюу Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй.
6.2. Нэхэмжлэлийн шаардлагад ******* ХК нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дурдсан. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банк ямар үйл ажиллагаа явуулахыг нэг бүрчлэн буюу 11 заалтаар зааж өгсөн. Гэтэл тухайн хуулийн зүйл заалтад бусдын өмч хөрөнгийг өмчлөх талаар заагаагүй. Хэдийгээр Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй гэж заасан боловч Иргэний хуульд барьцааны эд хөрөнгийг түр өмчлөх талаар огт заагаагүй.
6.3. Түүнчлэн өмчлөх эрхийг Банкны тухай хуулиар биш Иргэний хуулиар зохицуулдаг. Банк 2021 оны 10 сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ болон 2021 оны 10 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэх 2 өөр гэрээгээр нэг барьцаа хөрөнгүүдийг буюу хэргийн материалд дурдагдсан 4 барьцаа хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан.
6.4. Учир нь 2 өөр гэрээгээр нэг эд хөрөнгүүдийг шилжүүлж авч байгаа нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцож шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг харвал ямар зээлийн хэмжээнд, аль барьцаа хөрөнгийг, хэрхэн шилжүүлж авч байгаа болон аль эд хөрөнгийг, хэрхэн тооцож зээлээс хасаж байгаа, тухайн төлбөрийг хэрхэн тооцож эд хөрөнгийг шилжүүлж байгаа гэх талаар уг гэрээнд огт тусгагдаагүй байдаг.
6.5. Тухайн гэрээнд барьцааны өмч хөрөнгийг банк хэрхэн нэр дээрээ шилжүүлж авах болон зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд эд хөрөнгөө буцаан авна гэх ганцхан заалт байдаг. Банкны энэ үйлдэл нь хууль зөрчиж байгаа бөгөөд үүнийг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадахгүй гэж үзэж байна.
6.6. Мөн ******* ХК нь Банкны тухай хуулийг зөрчиж гэрээ хийсэн. 2019 оны 09 сарын 04-ний өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдсан. Хариуцагч тал нь тухайн үед дээрх гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ипотекийн барьцааны дагуу бүртгэл хийгдэнэ, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж дурдсан.
6.7. Гэтэл одоо Иргэний хуулийн 173 дугаар зүйл нь манай байгууллагад хамаагүй гэх агуулгатай зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй. Банк нь зээл олгогч бөгөөд хэрэв зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ нь тус бүр өөр өөр хуулийн зохицуулалттай байдаг. Зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсвэл шүүхийн журмаар зээлийг нь төлүүлэх боломж хариуцагч талд байсан.
6.8. Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдлын үед 1,600,000,000 төгрөгийг банканд төлсөн талаар банк хүлээн зөвшөөрдөг. ******* ХХК болон ******* нарын эд хөрөнгийг банк өөрийн нэр дээр шилжүүлж авах ямар ч шаардлага байгаагүй бөгөөд тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний үнийн дүнд тооцож авч байгаа талаарх баримт огт байдаггүй. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээнд зөвхөн хэдэн үнийн дүн бичсэнээр хариуцагч тал нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгө болгон авдаг.
6.9. Түүнчлэн өөрийн эд хөрөнгө болгож авсныхаа дараа та нар миний хөрөнгийг чөлөөлж өг, дээрх 2 гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Манай компани нь талуудын хоорондох зээлийн болон барьцааны гэрээнд үүрэг хүлээж, хамтарч оролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн төлбөр тодорхой хэмжээгээр төлөгдөж байсан. Гэтэл Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалж график зөрчигдсөн гэх үндэслэлээр банк худалдах, худалдан авах гэрээ байгуулж барьцааны хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан үйл баримт байдаг.
7.2. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээнд манай компанийг огт оролцуулаагүй буюу энэ талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Хариуцагч тал нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримталж, тухайн гэрээнүүдийг байгуулсан бөгөөд тус хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт барьцааны эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх асуудал нь банкны хориглох үйл ажиллагаанд хамаарахгүй гэсэн зохицуулалтыг хариуцагч тал өөрт ашигтай байдлаар график зөрчигдсөн тохиолдолд шууд тухайн эд хөрөнгийг өөрийн өмч болгож авна гэж тайлбарладаг бөгөөд энэ нь буруу юм.
7.3. Барьцааны зүйлийг зөвхөн шүүхийн журмаар эсвэл шүүхийн бус журмаар Иргэний хуульд заасан процессын дагуу дуудлага худалдаагаар, зах зээлийн үнээр, шударга нээлттэй нөхцөлд худалдан борлуулж, тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдсэн төлбөрийг нь барьцаалуулагчид өгөх ёстой. Зөвхөн энэ хүрээнд буюу энэ процессын дараа эсвэл энэ процессыг явуулах үед тухайн эд хөрөнгийг түр эзэмших болон өмчлөх үйл ажиллагаа банканд тодорхой хэмжээгээр зөвшөөрөгдсөн. Гэтэл хариуцагч тал нь энэ процессыг алгасаж, ямар нэгэн байдлаар айлгаж, дарамталсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.
7.4. Түүнчлэн барьцааны эд хөрөнгийг шууд шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэг нь императив шинж чанартай буюу эрх зүйн хүчин чадлын хувьд Банкны тухай хуулийн зохицуулалтаас өндөр хүчин чадалтай. Мөн өмчлөх эрх шилжих асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдах болохоос Банкны тухай хуулиар зохицуулагдахгүй. Банкны тухай хуулийн дээрх зохицуулалт нь банкны дотоод үйл ажиллагаа буюу зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт болохоос өмчлөх эрхийг шилжүүлэхэд энэ хуулийн зүйл заалтыг баримтлахгүй.
7.5. Өмчлөгчийн эрхийн халдашгүй байдлын талаар Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан үндсэн зарчимд тусгасан байдаг. Хэрэв банк энэ тайлбараараа бусдын буюу зээлдүүлэгчийнхээ өмчийг гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрийн өмч болгож авсаар байвал барьцааны хөрөнгийг шүүхийн оролцоогүйгээр, шүүхийн хяналтаас гадуур, зах зээлийн бодит үнэлгээгүйгээр, шударга нээлттэй өрсөлдөөнгүйгээр хураах асуудал үүсэх бөгөөд энэ нь маш аюултай нөхцөл байдлыг үүсгэнэ.
7.6. Банк өөрт байхгүй эрхийг эдэлж, хуулиар зөвшөөрөгдөөгүй байдлаар хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байна, мөн иргэний эрхийн тэгш байдлыг ноцтой зөрчиж байна. Шүүх өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн болон бусад холбогдох хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байдлаар хэргийг шийдвэрлэгдсэн тохиолдолд буруу практик, жишиг тогтох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК, иргэн ******* нар нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ******* ХХК, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХК болон ******* ХХК, ******* ХХК, ******* нарын хооронд 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 3,000,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон.
3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ХК, *******, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130-1, №3000-2019/130-2, №3000-2019/130-3, №3000-2019/130-4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулж, уг гэрээгээр *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дүгээрт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.
3.3. ******* ХК болон ******* ХХК, ******* нарын хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээгээр *******ы өмчлөлийн ******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549.00 төгрөгт тооцож, ******* ХХК-ийн өмчлөлийн,******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгт тооцож, *******ы өмчлөлийн, ******* тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгт тооцож тус тус шилжүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч нар нь 2023 оны 10 сарын 27-ны өдрийн дотор 3,113,730,676.85 төгрөгийг банканд төлсөн тохиолдолд дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг буцааж шилжүүлж авахаар тус тус тохиролцсон.
3.4. ******* ХХК, ******* нар нь гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 10 сарын 27-ны өдрийн дотор зээлийн үүрэг 3,113,730,676.85 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
3.5. *******ы өмчлөлийн ******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн өмчлөлийн,******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ы өмчлөлийн, ******* тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
3.6. Хариуцагч ******* ХК нь ******* ХХК, ******* нарт холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг талууд 2023 оны 12 сарын 27-ны өдөр ... маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 сарын 27-ны өдрийн дотор бүрэн суллаж, нэхэмжлэгч ******* ХК-д хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/00074 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх гэрээг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын эзэмшлээс чөлөөлүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
4.1. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зохицуулсан.
4.2. ******* ХК болон ******* ХХК, ******* нарын хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХК болон ******* ХХК, ******* ХХК, ******* нарын хооронд 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах 2019 оны 09 сарын 04-ний өдрийн №3000-2019/130-1, №3000-2019/130-2, №3000-2019/130-3, №3000-2019/130-4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдэд нэрлэн заасан барьцааны зүйл байна.
4.3. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой нэмэлт үүрэг болохын хувьд үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардахдаа шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, ... энэ шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан.
4.4. Хуулийн дээрх агуулга, үзэл баримтлалаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан дуудлага худалдаагаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах учиртай.
4.5. Зээлдэгч буюу нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцааны хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байтал зээлийн өр төлбөр төлөх үүргийн оронд барьцааны хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцож, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хэлцэл байгуулсан үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тохиолдолд уг хэлцлийн үр дагаврыг арилгаж, хэлцлээр шилжсэн хөрөнгийг харилцан буцаах хуулийн зохицуулалттай байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, маргааны зүйлд хамааралгүй зээлийн мөнгөн хөрөнгийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарна.
5.1. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн боловч ******* ХК, *******, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130-1, №3000-2019/130-2, №3000-2019/130-3, №3000-2019/130-4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийн барьцааны эрх сэргээхийг орхигдуулсан алдааг залруулж, дээрх барьцааны эрхийг сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлт оруулна.
5.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцнэ.
Анхан шатны шүүх маргааны зүйлд хамааралгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй ******* ХК болон ******* ХХК, ******* ХХК, ******* нарын хооронд 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-ний маргааныг эцэслэн шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгч ******* ХХК, ******* нараас 3,113,730,676 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөр гэрээний маргааныг шийдвэрлэжээ.
Зээлийн гэрээний үүрэг болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг гаргах эсэх нь зээлдүүлэгч байгууллагын хуулиар олгосон субьектив эрх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд мэтгэлцэх эрхтэй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас нэхэмжлэгч ******* ХХК, ******* нараас 3,113,730,676 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХК-д олгосон хэсгийг хасаж өөрчлөн найруулна.
Хариуцагч байгууллага нь 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг шаардахад энэхүү магадлал саад болохгүй дурдах нь зүйтэй.
6. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/00074 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь дээрх шүүхийн шийдвэрээр 2021 оны 10 сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг шийдвэрлээгүй ба уг эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнөх хугацааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шийдвэрлэхэд энэ захирамж саад болохгүй юм.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05110 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар ******* ХК болон ******* ХХК, ******* нарын хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тодорхой нөхцөлтэйгөөр тооцон шилжүүлэх тухай гэрээ, *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 210 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 586,442,549 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон, ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 320 м.кв талбайтай, Үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 893,626,741.34 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, *******тоот хаягт байршилтай, 585 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,633,661,386.51 төгрөгөөр тус тус шилжүүлэхээр тохирсон ******* болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын өмчлөлд бүртгэж, ******* ХК, *******, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 09 сарын 04-ний өдөр №3000-2019/130-1, №3000-2019/130-2, №3000-2019/130-3, №3000-2019/130-4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийн барьцааны эрхийг сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-аас 15,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,726,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР