Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00847

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/00847

Улаанбаатар хот

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 14-р хороонд оршин суух, регистр ЧЖ82111711, Батдаваагийн Батжаргалыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Баярлхагва, гуравдагч этгээд Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.                                                                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Батжаргал нь архинд донтох өвчтэй, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өмнө нь хэд хэдэн удаа эмчилгээнд явж байсан боловч засраагүй. Хан-Уул дүүргийн 13-р хороонд гэр орон нь байдаг, гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ таардаггүй гэдэг. Трайншенд амьдарч, хог түүж архи уудаг. Нийгмийн хэв журмыг зөрчиж иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд  Б.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би өмнө нь 3 удаа эмчилгээнд явсан нь үнэн. Шил түүж, хамт амьдардаг хүмүүстэйгээ архи уудаг гэв.  

 

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Б.Батжаргалыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Б.Батжаргал нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15-р хороодын нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гудамж талбай олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан, өмнө 3 удаа архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн Б.Батжаргал нь гудамж талбайд танхайрсан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2015 оны 01-р сарын 22-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчний 3-р зэрэгтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Батдаваагийн Батжаргалыг  албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА