| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/04731/И |
| Дугаар | 210/МА2025/01533 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01533
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04897 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ад холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 04 сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүрэгт 21,107,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагчтай 2022 оны 04 сарын 05-ны өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 127,285,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг худалдсан.
1.2. Үүнээс хариуцагч нь 61,790,000 төгрөгийн барааг худалдан борлуулж, 270,000 төгрөгийн эвдрэл, гэмтэлтэй бараа, 31,900,000 төгрөгийн бүтэн барааг буцаан хүлээлгэн өгсөн. Иймд үлдэгдэл барааны төлбөр болох 29,275,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй. Харин 2022 оны 04 сарын 04-ний өдөр өөрийн найз *******ын тавьсан уулзах саналын дагуу ******* дугаар байранд байрлах ******* дэлгүүрт******* ХХК-ийн захирал гэх танил *******той уулзсан. Уг уулзалтаар *******той электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг Монгол улсад худалдаалах бизнест хамтран ажиллахаар болсон.
2.2. Уг бизнест миний бие өөрийн ижил төрлийн худалдаа эрхлэгч дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалах цэгүүдийг гаргах мөн тэдэнтэй гэрээлэх ажлыг хариуцах,******* ХХК-аас бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүнийг Монгол улсад импортоор оруулж ирэх, зар сурталчилгаа маркетингийн асуудлыг хариуцах, дээрх ажлын үр дүнд миний бие******* ХХК-ийн буюу *******ын импортоор оруулж ирж буй электрон тамхийг оруулж ирэх эрхийг шилжүүлж авах, борлуулалт тус бүрээс ашиг хүртэхээр тохиролцсон.
2.3. Хамтран ажиллаж эхэлснээс хойш зарим салбарууд борлуулалт муу байснаас гадна худалдсан барааны тооцоог цаг тухайд нь хийдэггүй, дутагдал үүсгэдэг, бүр зарим борлуулагч нар нь төлбөрийн үлдэгдэлтэй байхдаа сураггүй алга болсон зэрэг бидний хамтын бизнесд бэрхшээл тулгарч эхэлсэн.
2.4. 2022 оны 05 сард ******* нь чи ер нь 100 сая төгрөгийн бараа хүлээж авчхаад алга болбол яах вэ гэсэн шалтгаанаар тулгалт хийж надаас иргэний үнэмлэхээ өгөхийг шаардан бэлэн байсан гэрээний маягт дээр гарын үсэг зуруулж авсан.
2.5. 2022 оны 07 сард буюу улсын баяр наадмаас өмнө хийсэн уулзалтаар ******* цаашид хамтын ажиллагаанд оролцохгүй, намайг борлуулалтаа хариуцан ажиллаж тооцоог дор бүр нь хоцрогдолгүй хийж байхыг тулгасан бөгөөд маркетинг, зар сурталчилгааны ажил зогссон. Мөн үлдэгдэл бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдан авах санал ирсэн, гэж надад анхааруулан сүрдүүлж өмнөх амлалтаасаа буцаж эхэлсэн.
2.6. Мөн 2023 оны 01 сард ******* шинээр ирэх бараа бүтээгдэхүүн танилцуулгуудыг явуулан захиалга хийх талаар санал ирүүлэхдээ бүх зардлыг хариуцан гаргаж захиалахыг шаардсанаар хариуцагчаас эхний урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг түүний нялтлан ******* ын Хаан банк дахь ******* тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данснаас шилжүүлсэн.
2.7. Бараа бүтээгдэхүүнээс доголдол илэрч, хэрэглэгчдээс гомдол санал ирэх, маркетингийн ажил зогссоноос хойш борлуулалт муудаж, салбарууд ээлж дараалан татан буугдсаар 2023 оны 04 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу бүх бараагаа татан авч хүлээлгэн өгсөн. Ийнхүү тооцоо нийлэхэд миний хариуцаж авсан нийт барааны дүнгээс 19,000,000 төгрөгийн бараа дутсан бөгөөд салбар дэлгүүрүүдээс 9,000,000 төгрөгийн авлага үүссэн байсан. Дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас бараа худалдаж аваагүй бөгөөд зөвхөн өөрсдийн хамтарсан бизнесийн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. 2022 оны 04 сарын 04-ний өдөр*******ын тавьсан саналын дагуу нэхэмжлэгч компанийн захирал *******той уулзаж, электрон тамхи болон дагалдах хэрэгслийг Монгол Улсад худалдаалах бизнест хамтран ажиллах, миний бие өөрийн ижил төрлийн худалдаа эрхлэгч дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалах цэгүүдийг гаргах, тэдэнтэй гэрээ байгуулах ажлыг хариуцах, нэхэмжлэгч компанийн хувьд тамхи, дагалдах хэрэгслийг импортоор оруулж ирэх, зар сурталчилгаа, маркетингийн асуудлыг хариуцах, электрон тамхийг импортоор оруулах эрхийг надад шилжүүлэх, борлуулалт тус бүрээс 5,000 төгрөгийг урамшуулал олгох, борлуулсан ашгийг тэнцүү хуваахаар тохиролцсон.
3.2. Гэтэл анхны тохиролцсон нөхцөлөө нуух, намайг хуурах зорилгоор худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан учир гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэхэмжлэгч компани нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нийт худалдан борлуулсан 61,790,000 төгрөгийн үнэ бүхий 1,132 ширхэг бараанаас 15,447,500 төгрөг, урамшуулалд 5,660,000 төгрөг, нийт 21,107,500 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
4.1. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд талууд субъектийн хувьд аль аль тал нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, нэг нь хуулийн этгээд, нэг нь иргэн байгаа. Өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эргэлзээгүй, зөвхөн гадаад илрэл бий болгохын тулд хийсэн хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн буюу нийт хариуцагчид 123,235,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн байдаг. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
4.2.Нэхэмжлээд байгаа энэ сөрөг нэхэмжлэл дээр дурдагдсан үнийн дүнгийн хувьд зохиомол үнийн дүн гаргаад байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан *******ын тайлбараар цалин хөлс урамшууллын тухай үнийн дүнгийн орлогыг авах ёстой гэдэг байдлаар тайлбар хэлж байна. Ямар нэгэн хөдөлмөрийн ч юм уу эсвэл төсвөөр ажиллах гэрээний үндсэн дээр цалин хөлс олгох үндэс байхгүй. Нэхэмжлээд байгаа 21,107,500 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 429,275 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,687 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 254,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч миний хувьд нэхэмжлэгч байгууллагыг ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх буюу нэхэмжлэгч байгууллага болон бүтээгдэхүүн худалдан авах этгээдийн хооронд гэрээ байгуулахад нь зуучлах үүрэг хүлээгээгүй.
6.2. Хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, хүлээж авсан тооцоо, гэрч ******* ын мэдүүлэг, хариуцагч байгууллагын нягтлан ******* ын Хаан банк ХК дахь ******* дугаартай данс руу ******* pod zahialga гэсэн утгаар шилжүүлсэн зарлагын баримт зэргээр бидний хооронд зуучлалын гэрээ биш хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогддог.
6.3. Хариуцагчийн хувьд зуучлалын гэрээ байгуулсан бол бараа бүтээгдэхүүнийг бусад худалдан авагч этгээдүүдэд хүлээлгэж өгөх, хүлээн авах, импортоор оруулж ирэх буюу захиалах бараа бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын нягтлангийн данс руу шилжүүлэх ямар ч шаардлага байхгүй. Бодит байдал дээр бидний хооронд хамтран ажиллах, хамтран ашиг хүртэх, импортоор бүтээгдэхүүн оруулж ирж Монгол улсад худалдахаар тохиролцсон бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа хангалттай дурдсан болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийлгүй бидний хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнд гомдолтой байна.
6.4. Хамтран ажиллаж байсан нэхэмжлэгч байгууллага болон түүний захирал ******* нь шүүхэд нийт 127,285,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримтыг гаргаж өгсөн ба 2023 оны 11 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ үндэслэлээ нотолсон баримтыг шинээр гаргаж өгөөгүй байдаг. Зөвхөн нэхэмжлэгч миний импортоор оруулж ирэх барааны захиалгад шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг анхны нэхэмжлэлдээ оруулан тооцсон байсан боловч хасаж тооцсон, түүнчлэн миний буцаан хүлээлгэж өгсөн 35,950,000 төгрөгийн барааг бодитоор мэдүүлсэн байдаг.
6.5. Хариуцагчийн хувьд борлуулах цэгүүдэд хүлээлгэж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөрийг тусгайлан данс нээх байдлаар шилжүүлдэг байсан бөгөөд энэ нөхцөл байдал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл буюу ямар хэмжээнд хамтарч ажилласан, тухайн бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж аваагүй зөвхөн хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу бусдад хүлээлгэж өгдөг байсан зэрэг нөхцөл байдлыг нотлох үүднээс шүүхэд тухайн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөх гэсэн боловч шүүх хүлээж аваагүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.
6.6. Түүнчлэн шүүх хуралдаан дээр манай өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч байгууллагатай эрх зүйн ямар харилцаатай байсан, импортоор оруулж ирэх бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж байсан зэрэг нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх ******* ыг гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтийг шүүхээс хангаагүй нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
6.7. Мөн хариуцагч миний хувьд борлуулах цэгүүдэд барааг хүлээлгэж өгөхдөө хамтрагч буюу нэхэмжлэгч компанийн нэрийн өмнөөс тогтмол гэрээ байгуулдаг байсан бөгөөд эдгээр баримтууд нэхэмжлэгч байгууллагад байгаа боловч шүүхэд гаргаж өгөөгүй, байхгүй, ******* манай компанийг төлөөлж гэрээ байгуулж байгаагүй гэж худал мэдүүлж байсан тул миний зүгээс тэдгээр этгээдүүдээс маш их хичээл зүтгэл гаргаж байж нэг гэрээг олж шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх бидний хооронд байгуулсан гэх худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаагүй гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
6.8. Дээр дурдсанаар хариуцагч миний зүгээс нэхэмжлэгч байгууллагаас бараа худалдаж аваагүй бөгөөд зөвхөн өөрсдийн хамтарсан бизнесийн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харин ч хамтрагч ******* ХХК болон түүний захирал ******* нь анхны тохиролцсон ёсоор ажиллаагүй, бизнесийн үйл ажиллагааг алдагдуулж, миний бүтэн 1 жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгож хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн тул сөрөг нэхэмжлэл гаргасан болно.
6.9. Талуудын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан 29,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1.******* ХХК нь *******тай Бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр smart one, D-Box derice, 4in1 pod, 3in1 pod загварын электрон тамхийг худалдахаар харилцан тохиролцсон.
3.2. Талууд нийт 123,235,000 төгрөгийн үнэ бүхий электрон тамхийг хүлээлцсэн, үүнээс хариуцагч нь 61,790,000 төгрөгийн электрон тамхийг худалдан борлуулж, үнийг нь нэхэмжлэгч компанид төлсөн, 31,900,000 төгрөгийн үнэ бүхий электрон тамхийг нэхэмжлэгч байгууллагад буцаан өгсөн.
3.3. ******* нь 2023 оны 02 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг******* ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд ******* pod zahialga гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон алдаа гаргасныг залруулна.
4.1. Хариуцагч нь ... хамтран ажиллах гэрээ байгуулж,******* ХХК-ийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ байгуулдаг байсан ... гэж тайлбарлан, уг тайлбараа нотлох зорилгоор нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй байгуулсан Бараа худалдах, худалдан авах гэрээ-г баримтаар гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас барааг хүлээн авч, бусдад худалдахдаа******* ХХК-ийн нэрээр нэг удаа гэрээ байгуулсан үйл баримтад үндэслэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.
Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна.
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байхын зэрэгцээ хэрэгт цугларсан баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.
4.3. Талуудын хооронд байгуулсан Бараа худалдах, худалдан авах гэрээ-ний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлахад нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан электрон тамхийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч үнийг төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Хариуцагч нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, барааг хүлээн авч, үнийг төлж, доголдолтой хөрөнгийг буцаалт хийж байсан зэрэг үйл баримт нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан үйл баримтыг нотолж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******аас 19,275,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдэл болжээ.
5.1. Хариуцагч нь ... 9,000,000 төгрөгийн барааг бусдад өгөөд мөнгийг аваагүй байгаа, 10,000,000 төгрөгийн бараа бусдад алдсан ... гэсэн тайлбарыг гаргасан.
5.2. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь 19,275,000 төгрөгийн үнэ бүхий электрон тамхийг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.
6. Анхан шатны шүүх хариуцагч *******ын нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан Бараа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 21,107,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцсэн байна.
6.1. Талуудын хооронд байгуулсан Бараа худалдах, худалдан авах гэрээ-гээр нийт 123,235,000 төгрөгийн үнэ бүхий электрон тамхийг *******ад хүлээлгэн өгч, хариуцагч нь бусдад худалдсан үйл баримтаас үзэхэд уг хэлцэл хэлбэрийн төдий үр дагавар үүсгэхгүйгээр байгуулсан гэж үзэхгүй.
6.2. Мөн, зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй тул 21,107,500 төгрөгийн ашиг хариуцагчид хуваах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг 2 удаа баримталсан техник шинжтэй найруулгын алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтаас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хасаж, 2 дахь заалтыг нэмж оруулсан өөрчлөлт оруулна.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж, уг заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох Бараа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 21,107,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж, дугаарлалтыг өөрчилнө.
7. ******* нь нэхэмжлэгч байгууллагын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй буюу ******* дэлгүүртэй гэрээ байгуулсан, мөн нэхэмжлэгчийн тамга бүхий Бараа худалдах, худалдан авах гэрээ-г нотлох баримтаар гаргасан нь түүний нэхэмжлэгчээс хүлээн авсан барааны үнийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04897 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 19,275,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч******* ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 04 сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21,107,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР