| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0237/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/252 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/252
2019 09 13 2019/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч Д.Оюун
Улсын яллагч С.Алтай
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг, Д.Ганхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Г.Бөд холбогдох 1921000000173 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............................. ажилтай байсан, ам бүл 2, ээжийн хамт ......................................... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баяид овогт Г.Б. /РД: ..................../
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ хорооллын 38 дугаар нийтийн байранд өөрийн төрсөн аав Д.Г-ын зүүн суганы доод хэсэгт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай нөхөр, хүү хоёр хоёулаа архи уусан байсан. Тэгээд л үг хэлээ ололцож чадалгүй, нэг нэгнийхээ үгийг даалгүй ийм зүйл болсон. Миний хүүд аавдаа муу санасан зүйл байгаагүй. Архи ууж согтсоноос болоод энэ хэрэг гарсан. Хүүгийн минь ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ахыгаа нас барсан талаар мэдээд аймгийн төвд ирсэн. Тэгээд ажил явдлыг нь гаргасан. Би шүүх хуралд төрөл төрөгсдөө төлөөлж оролцож, тэдний болон өөрийн үгээ дамжуулан хэлж байна. Бидний зүгээс дүүдээ гомдоод байх зүйл байхгүй. Дүүгийн минь ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Оюун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь төрсөн аавыгаа хутгалж алсан гэм буруутай гэж үзэж байна гэв.
Гэрч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед Г.Б хашгирч байгаад аавынхаа/талийгаач/ өмсөж явсан майкаар нь хоолойг нь боогоод гараараа нүүрэн хэсэгт нь цохихоор нь би Г.Бийн араас очиж тэвэрч аваад салгаад хажуу талын орон дээр суулгаад асгасан хоолыг нь гал тогооны өрөө рүү оруулаад эргэж ирэхэд Г.Б жижиг тонгорог хутга барьсан босоод зогссон байдалтай “би та нарыг ална, гичий нар минь” гэж чанга чанга бахираад байхаар нь би очиж “чи хутгаа тавь” гэж шаардлага тавихад “би чамайг ална шүү, Баагий ах зүгээр сууж бай” гэж над руу хашгираад байхаар нь тайвшруулаад орон дээр суулгах үед талийгаач бие засах өрөө рүү гарна гэхээр нь хамт гараад бие засах өрөө оруулчихаад буцаад орох гэхэд талийгаач “би орохгүй, буцаад орвол Г.Б намайг зодно” гэж хэлээд орохгүй байсан. Тэр үед ээж нь намайг талийгаачийг орхи, орхи гэж хэлэхээр нь би ганцаараа гэр рүү орох үед Г.Б надтай зөрөөд гарч аавынхаа хүзүүн хэсгээс түлхэж унагаахаар нь би дундуур нь ороод талийгаачийг өргөж аваад гэр рүү нь оруулсан. Оруулах үед Г.Б араас гэрт орж ирж байсан бөгөөд би тэр үед цагдаа дуудахаар гараад явсан. ...Г.Б нэлээн согтолттой байсан гэж анзаарагдсан. Би яг хаанаас хутга авсныг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13/
-Шүүгдэгч Г.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 тал/
-Талийгаач Д.Г-ын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27 тал/
-Хэргийн газрын үзлэгээр хар саарал, цэнхэр өнгийн хуванцар бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29 тал/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэгийг мэдүүлэг /хх-ийн 32 тал/
-Гэрч Б.Эрзоригийн мэдүүлэг /хх-ийн 36 тал/
- Гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторын ахлах шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3554 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 тал/
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторын ахлах шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3552 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 тал/
-Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78/
-Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/
-Яллагдагч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 95-96 тал/ зэргийг шинжлэн судлав.
Эд мөрийн баримтаар: хар саарал, цэнхэр өнгийн хуванцар бариултай хутгыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ хорооллын 38 дугаар нийтийн байранд өөрийн төрсөн аав Д.Г-ын зүүн суганы доод хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаач Д.Г-ын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хар саарал, цэнхэр өнгийн хуванцар бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Н.Бат-Эрдэнэ, Б.Эрзориг, Г.Ганбаяр нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторын ахлах шинжээчийн 3552, 3554 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бөд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас Д.Г-ын амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг, Д.Ганхуяг нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар саарал, цэнхэр өнгийн хуванцар бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Бийн ..................... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяид овогт Г.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяид овогт Г.Бийг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 6 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар саарал, цэнхэр хуванцар бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Бийн .................... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
Х.САНЖИДМАА
Б.БАТСАЙХАН