Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01461

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03462 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

хохиролд 63,165,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь ******* ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээгээр манай компани нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт ХҮ-017689 дугаартай ******* ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн захиалагч ******* ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг хүлээн аваад төлбөр төлөхөөр тохиролцсон.

1.2. ******* ХХК-аас гэрээний дагуу 24,500,000 төгрөгийг ажлын урьдчилгаа төлбөрт төлсөн. Гэрээний 2.2-т ...захиалагчаас урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж тохиролцсон бөгөөд ажлын боловсруулалтын хугацааг ТЭЗҮ ажлын 60 хоногт, БОННҮ-г ажлын 40 хоногт хийж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. ******* ХХК-аас шаардлагатай баримт материалуудыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тиймээс уг хугацаанаас эхлэн гэрээнд заасан хугацааны дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг албан тоотоор хүлээлгэн өгсөн боловч хариуцагч хүлээн авсан акт үйлдээгүй.

1.3. Гэрээний 3.2.5-д зааснаар ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны ШУТБЗөвлөлөөр, БОННҮ-г Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах зорилгоор дээрх төрийн захиргааны байгууллагад албан ёсны хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхийг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч дээрх төрийн байгууллагуудад хүсэлтээ гаргаагүй учраас ТЭЗҮ болон БОННҮ-г эрх бүхий төрийн байгууллагад батлуулах процесс явуулах боломж олгоогүй. Мөн гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь гэрээт ажил болон гүйцэтгэгч, захиалагч талын санал, хуулийн дагуу боловсруулах судалгаа шинжилгээний ажлын үр дүн байна гэж заасан тул ТЭЗҮ, БОННҮ-г хуулийн дагуу шаардлагын хүрээнд бүрэн боловсруулж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ТЭЗҮ болон БОННҮ-ийн тайланг захиалагч ******* ХХК-д танилцуулсны дараа ажлын төлбөрийг шаардсан. Гэтэл ******* ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А-59-19/37 тоот албан бичгээр гэрээнээс хэсэгчлэн татгалзах хүсэлт ирүүлсэн. Манай компани нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг саналыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн.

Манай компанийн гүйцэтгэсэн ажил бүхий төрийн байгууллагаар батлагдах чанар шаардлага хангасан эсэхийг ******* ХХК шийдвэрлэх эрхгүй бөгөөд ТЭЗҮ болон БОННҮ-ний тайланг батлах эсэхийг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Хэрэв манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил нь эрх бүхий төрийн байгууллагын хяналтаар ороод батлагдаагүй тохиолдолд хариуцлага хүлээхэд бэлэн байна. ******* ХХК-д Иргэний хуульд заасан гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд үүсээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчөөгүй, ажлын үр дүнгийн доголдол гаргасан зүйл байхгүй. Харин ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, бидний гүйцэтгэсэн ажлыг хугацаандаа актаар хүлээн авах, ажил гүйцэтгэсний төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр болох 24,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь манай компанийн захиалгын дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших ******* ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж холбогдох яамны Мэргэжлийн зөвлөлүүдээр батлуулахтай холбоотой үйл ажиллагааг хийхээр тохиролцон 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан.

2.2. Гэрээгээр ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх нөхцөлтэйгөөр нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 24,750,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч ******* ХХК нь ажлын үр дүнг чанартай хийж хүлээлгэн өгч чадахгүй нь илт тодорхой байсан тул манай компани гэрээнээс татгалзсан. Учир нь гэрээнд ТЭЗҮ-г 60 хоног, БОННҮ-г 40 хоногт боловсруулах, төсөл боловсруулах хугацаа урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс эхлэн тооцохоор тохиролцсон ч гүйцэтгэгч тогтоосон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 1.2-т зааснаар гүйцэтгэгч тал ордыг ашиглах оновчтой хувилбарыг тогтоох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ёстой бөгөөд захиалагчийн зүгээс ажлын урьдчилсан үр дүнгийн доголдлыг арилгуулах талаар удаа дараа шаардлага хүргүүлж уулзалт зохион байгуулж, ажлын үр дүнг хүлээн авах хугацааг сунгасан боловч доголдлыг арилгаж чадаагүй.

2.3. Нэхэмжлэгчийн буруугаас хамаарч ТЭЗҮ-г захиалагч хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн захиалагч талд үүсээгүй, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг гүйцэтгэгч талд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* тоот албан бичгээр мэдэгдэж, ТЭЗҮ боловсруулах ажлын урьдчилгаа төлбөрийг буцаан авахаар шаардсан. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж батлагдахгүй нөхцөл үүссэн нь ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээгээр хохироож, хөрөнгө оруулалт авах боломжоо алдаж, бизнесийн маш их эрсдэл, алдагдал хүлээх байсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Гүйцэтгэгч нь гэрээний 3.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч ТЭЗҮ-г хүлээн авах, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн бий болох боломжгүй ажлыг гүйцэтгэсэн. Мөн гэрээний 4.2.1-д заасан ...үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул захиалагчийн зүгээс гэрээний ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан холбогдох төлбөрийг буцаан шаардаж, гэрээний 3.1.5-д зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг өөрийн зардлаар арилгана... гэсний дагуу ТЭЗҮ-г боловсруулах ажлыг шинэ гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг ******* ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн.

Үүний дараа ХХК-тай Н-59-АГ-20/13 болон ******* ХХК-тай 19/АА2305 тоот гэрээг тус тус байгуулж, ******* ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Нэгэнт гүйцэтгэгч талын буруутай, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж, батлагдахгүй нөхцөл байдал үүссэн нь манай компанийн хэрэгжүүлж буй төсөлд цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээний хохирол үүсгэсэн.

Иймд ******* ХХК-аас гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээний 3.1.5-д заасны дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон гарсан зардалд нийт 63,165,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т ...захиалагчаас урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж заасан бөгөөд гэрээний дагуу хийгдэх ажлын боловсруулалтын хугацааг ТЭЗҮ ажпын 60 хоногт, БОННҮ ажлын 40 хоногт хийж захиапагч талд хүлээлгэн өгөхөөр тохирсон. ******* ХХК-аас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай баримт материалуудыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн ба энэхүү хугацаанаас эхлэн гэрээнд заасан хугацааныхаа дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүн буюу тайлангуудыг байгууллагын албан тоотын хамт хүлээлгэн өгсөн. Иймээс хариуцагчийн гаргасан ажлыг заасан хугацаанд гүйцэтгээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

4.2. Гэрээт ажлын үр дүн чанарын шаардлага хангасан эсэхийг Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Бидний гүйцэтгэсэн ажил Монгол улсын хууль тогтоомжид заасан шаардлагад бүрэн нийцсэн байсан бөгөөд хэрэв манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил болох ТЭЗҮ, БОННҮ нь эрх бүхий төрийн байгууллагаар батлагдаагүй тохиолдолд эрээний 4.2.3-т заасан хариуцлага хүлээхээр тохирсон. Хариуцагч талаас манай компаний боловсруулсан ТЭЗҮ болон БОННҮ-г доголдолтой, доголдлыг арилгах талаар арга хэмжээ аваагүй гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч доголдол гэж юуг ойлгох, гэрээт ажпын аль хэсэгт ямар доголдол гарсан, тэр нь юугаар нотлогдож байгаа талаар тодорхойлоогүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-аас 63,165,600 төгрөг гаргуулах тухай хариуцагч Цэн газар ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,700 төгрөг болон хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,778 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн ажлын хөлсөд нийт 1,361,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс элс ба төмрийн хүдрийн лабораторын шинжилгээний хариу илгээсэн хугацаацаас тоолон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн гэрээг байгуулж ажлыг эхлүүлсэн хугацаанаас хойш тухайн ажлыг гүйцэтгэхгүй, үр дүн тодорхойгүй байх хугацаанд талуудын удаа дараагийн уулзалт, шаардлагын хүрээнд тухайн шинжилгээнүүд нь хэрэгтэй талаар нэхэмжлэгч талаас хүссэний дагуу захиалагч гарган өгсөн бөгөөд анх гэрээ байгуулах болон гэрээт ажил эхлэх үед тухайн шинжилгээ шаардлагатай эсэх талаар гүйцэтгэгч талаас шаардлага тавьж байгаагүй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн гаргаж өгөх шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй буюу захиалагч хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй, энэ нь гэрээний хугацааг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хугацааг тоолох үндэслэл болохгүй.

6.2. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид компаниас олгосон итгэмжлэлийн хугацаа нь Иргэний хуульд заасан журмын дагуу дууссан байх бөгөөд энэ тохиолдолд төлөөлөх эрхгүй буюу шүүхийн зүгээс төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл үүссэн байсан. Гэтэл шүүх төлөөлөх эрх нь дуусгавар болсон төлөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэх үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөн, талуудын мэтгэлцэх боломжоор шүүх хангаагүй гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2- т оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх гэснийг дагуу Хариуцагчийг хаягаар мэдэгдэх ажиллааг хийгээгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Мөн энэхүү мэдэгдэх ажиллагааг явуулахдаа хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох хуулийн сануулга, эрх зүйн үр дагаврыг танилцуүүлсан хуульд заасан журмын дагуу мэдэгдэх хуудсыг илгээх, хэргийн оролцогчид мэдэгдэх ажиллагааг шүүхийн зүгээс хийгээгүй нь талуудыг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжоор хангаагүй. 2025 оны 04 дүгээр сард гарсан шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гарган, хуульд заасан хугацаанд баримтлаагүй.

Хариуцагчийн зүгээс шүүхээс шийдвэр бичгээр гарсан гэх хүртэл хугацаанд тухайн хэрэг анхан шатны журмаар хянан шийдвэрлэгдсэн талаар мэдээгүй, мөн эрх олгогдсон буюу итгэмжлэлийн хугацаа дууссан төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ. Энэхүү гомдол гаргах хугацаанд хуульд заасан Үндэсний баяр наадмын амралтын өдрүүд таарсан тул хуульд заасан хугацаа тоолох журмын дагуу ажлын эхний өдөрт багтаан гомдлыг гаргаж байгаа болно. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтад тал бүрээс нь үнэн бодитоор үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т зааснаар захиалагч тал урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажил эхэлсэнд тооцохоор тохиролцсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай компанийн дансанд урьдчилгаа төлбөр орж ирсэн. Харин захиалагчийн гаргаж өгсөн цемент үйлдвэрлэх түүхий эдийн лабораторын шинжилгээ үр дүнгийн мэдээллүүдийг харж холимгийн тооцоог хийдэг. Эдгээр мэдээллийг анх удаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу ажил гүйцэтгэх гэрээний төслийг талууд хэлэлцэж байх үед цахим шуудангаар гаргаж өгсөн бөгөөд 7 дугаар хавтаст хэргийн 3 дахь талд авагдсан цахим шуудангаар нотлогддог. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээний мэдээлэл болон цемент үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийн гол үр дүн болох түүхий эдийн чанарын шаардлага гэх хүснэгтээр хүргүүлсэн бөгөөд 7 дугаар хавтаст хэргийн 19-23 дахь талд нотлох баримтаар авагдсан. Мөн 7 дугаар хэргийн 28 дахь талд авагдсан 6 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд нэмэлт мэдээллийг цахим шуудангаар шаардсан болон 07 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлийн түүхий эдийн лабораторын шинжилгээний хариу буюу эс, төмөр, төмрийн хүдэр, гөлтгөнө зэрэг мэдээллүүдийг явуулна уу гэж илгээсэн нь 7 дугаар хавтаст 37 дугаар талд нотлох баримтаар авагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу цемент үйлдвэрийн гол ажил болох холимгийн тооцоо хийх процесс зөвхөн дээрх бүх материал захиалагчийн зүгээс бүрэн гарсны дараа эхэлсэнд тооцно. Эцсийн байдлаар 08 дугаар сарын 05-ны өдөр хамгийн сүүлийн шаардлагатай түүхий эдийн материал ирснээр гэрээт ажил албан ёсоор эхэлсэн.

7.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, гэрээний харилцааг зөв тодорхойлсон тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч талын зүгээс уг хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлын үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан гэж үзэж байгаа боловч өнөөдрийн тайлбарын дагуу тухайн үед эрх хэвээр байсан бөгөөд шүүх шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Түүнчлэн, хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүйгээс үүдэн гарах үр дагаврыг тайлбарлаагүй гэж гомдол гаргасан. Уг хэрэг нь 2020 оноос хойш 5 жилийн хугацаанд үргэлжилж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч олон удаагийн шүүх хуралдаанд оролцсон. Зохигчид шүүх хуралдааны үр дагавар, учир холбогдлыг хэргийн оролцогч бүр мэдэх ёстой, эрх үүргийг тайлбарласан бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Анхан шатны шүүх удаа дараа товыг мэдэгдсэн бөгөөд биечлэн оролцох эрхээр бүрэн хангаж ажилласан. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 63,165,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1.Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОНҮ боловсруулах гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших ******* дугаартай ******* ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулж Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан техникийн бодлогын зөвлөл /ШУТБЗ/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулах, захиалагч ******* ХХК нь гэрээ байгуулагдсаны дараа төсөл боловсруулах нийт үнийн дүнгийн 50 хувь болох 24,750,000 төгрөгийг шилжүүлэх, Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайлан болон БОННҮ-ийн тайланг захиалагчид танилцуулсны дараа ажлын 5 хоногт багтаан гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 19,800,000 төгрөгийг шилжүүлэх, Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайланг Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан техникийн бодлогын зөвлөл /ШУТБЗ/, БОННҮ-ний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулсаны дараа үлдэх 10 хувь болох 4,950,000 төгрөг, нийт 49,500,000 төгрөг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 23-26/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.2. Хариуцагч ******* ХХК нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 24,750,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлсэн. /1-р хх-ийн 29/

 

3.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ-ний тайланг хариуцагч ******* ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр урьдчилан хүргүүлж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот албан бичгээр эцсийн байдлаар хүргүүлжээ.

 

3.4. Хариуцагч ******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр ТЭЗҮ боловсруулахтай холбогдох хэсгийг хэсэгчлэн татгалзсан тухай нэхэмжлэгч ******* ХХК-д мэдэгдсэн. /1-р хх27/

 

4. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлаас ТЭЗҮ-г захиалагч хүлээн авах боломжгүй буюу чанарын шаардлага хангаагүй, улмаар доголдлыг арилгуулахаар шаардлага тавихад доголдлыг арилгаагүй учраас гэрээнээс татгалзсан гэж тайлбарлан маргасан. Харин нэхэмжлэгч нь БОННҮ-ний тайланг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгсөн талаар хариуцагч маргахгүй байна.

 

Зохигчдын хооронд нэхэмжлэгч нь ТЭЗҮ тайланг гэрээнд хугацаанд бүрэн гүйцэтгэсэн эсэх, хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, үүний улмаас хариуцагч гэрээнээс татгалзсан эсэх нь маргааны зүйл болсон.

 

4.1. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т ...гүйцэтгэгч нь гэрээт ажлыг холбогдох дүрэм журам, стандарт болон захиалагчаас тавьсан шаардлагад нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд судалгаа шинжилгээ хийх ба захиалагчаас урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж, мөн гэрээний 2.3-т үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах хугацааг ажлын 60 хоног, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах хугацааг ажлын 40 хоног, захиалагч талын хүндэтгэн үзэх шалтгаанаас гэрээт төслийн ажлын гүйцэтгэх хугацааг сунгах шаардлагатай бол гэрээний үндсэн хугацаа дуусгавар болохоос өмнө талууд харилцан тохиролцож сунгаж болохоор тохиролцжээ.

 

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд харилцсан имэйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.

 

4.3. Хэрэгт авагдсан хаягнаас хаягт, хаягнаас хаягт, хаягнаас хаягт тус тус илгээсэн имэйлүүд, уг имэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ...нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ТЭЗҮ-г эхлэхэд шаардагдах мэдээллийн жагсаалтыг хавсаргасан имэйлийг хариуцагчид хүргүүлсэн бөгөөд үүнд лабораторын химийн шинжилгээний дүн багтсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр түүхий эдийн чанарын шаардлагыг хүснэгтээр, БОННҮ-ний шаардлагатай мэдээллийг хүссэн, улмаар 2019 оны 06 дугаар сарын 14, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт мэдүүллүүдийг шаардаж, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр элс, гөлтгөнө, төмрийн хүдэр, үнс зэрэг түүхий эдийн химийн шинжилгээний хариуг мөн шаардаж, харин хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16:26 цагт элс, төмрийн хүдрийн лабораторын шинжилгээний хариуг хүлээн авна уу гэх цахим захидлыг нэхэмжлэгчид явуулсан үйл баримт тогтоогдож байна. /1-р хх-ийн 32, 7-р хх19-23, 27-30, 37, 88-89/

 

4.5. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч нь гэрээнд заасан шаардлагатай материал буюу түүхий эдийн шинжилгээний хариуг нэхэмжлэгчид 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч нь цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ний ажлын тайланг боловсруулан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Н-59-АГ-19/4 дугаартай цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээний дагуу ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших ХҮ-017689 дугаартай ******* ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасан стандарт, шаардлагын дагуу боловсруулагдсан эсэх, уг үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь захиалагчаас ирүүлсэн ажлын даалгавар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тавигдсан шаардлагыг хангасан эсэх, ажлын даалгавар болон гэрээгээр тавигдсан шаардлага нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасан стандарт, шаардлагад нийцсэн эсэх, ******* ХХК-ийн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан Ил уурхайн ТЭЗҮ нь ******* ХХК-ийн боловсруулан ТЭЗҮ-тэй агуулгын хувьд ялгаатай эсэх, ялгаатай бол ямар ялгаа байгаа эсэхийг тогтоолгохоор шүүхийн санаачилгаар шинжээч томилж, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн мэргэжлийн зөвлөл 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан.

5.1. Уг дүгнэлтэд нэхэмжлэгч ******* ХХК-ийг цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г Олон улсын стандартын дагуу төслийн менежментийн зарчимд нийцүүлэн боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэдээллүүдийг оруулж, түүхий эд, технологийн тооцоо, тоног төхөөрөмжийн сонголтыг ажлын даалгаварт өгсөн төслийн хүчин чадлын дагуу үнэн зөв, бүрэн хийсэн. Мөн төсөлд зайлшгүй шаардлагатай эрсдэлийн шинжилгээ, маркетингийн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагууд, эдийн засгийн тооцоо холбогдох стандарт, норм, дүрмүүдийг тусгасан, ТЭЗҮ шаардлагын түвшинд хийгдсэн гэснээс гадна ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ТЭЗҮ нь талуудын хооронд байгуулсан гэрээ, захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн. Мөн хариуцагч ******* ХХК-ийн Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн Ил уурхайн ТЭЗҮ нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г ашигласан, ХХК-ийн Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт оршин ******* шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах, шохой-цементийн үйлдвэрийн ТЭЗҮ нь шохой-цементийн үйлдвэр гэсэн гарчигтай боловч уг ТЭЗҮ-д шохойн үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг огт тооцоогүй, зөвхөн цементийн үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг тооцсон, ХХК-ийн ТЭЗҮ-ийн зарим мэдээлэл ******* ХХК-ийн цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тоо баримтаас ялгаатай байгаа боловч бүтцийн хувьд ижил талаар дүгнэсэн байна. /4хх 16-17/

5.2. Дээрх шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэвэл, ажлын үр дүн доголдолтой, гэрээний 3.2.5-д зааснаар гүйцэтгэгч нь Үйлдвэрийн ТЭЗҮ-г БХБЯ-ны ШУТБЗ-р, БОННҮ-г БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

5.3. Түүнчлэн, хариуцагч нь ТЭЗҮ-ний ажлын тайланг доголдолтой гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5.4. Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг хариуцагчид хүргүүлснээс гадна цахим шуудангаар явуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 24,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.1. Хариуцагч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч ТЭЗҮ-г хүлээн авах, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн бий болох боломжгүй ажлыг гүйцэтгэсэн тул ХХК болон ******* ХХК-иудтай гэрээ байгуулж, ******* ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон гарсан зардалд нийт 63,165,600 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

6.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

6.3. Хариуцагч ******* ХХК нь ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн бэлтгэн өгсөн Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших *******гийн шохойн чулууны ордыг ил аргаар ашиглах Техник-Эдийн засгийн үндэслэлийг өөрийн стандартад хөрвүүлж, тус ордыг түшиглэн баригдах цемент үйлдвэрлэх үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийг хамтатган боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, дүгнэлт гаргуулан захиалагчид хүлээлгэн өгөх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч гүйцэтгэгчид ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /2-р хх-ийн 51-54/

 

6.4. Мөн хариуцагч ******* ХХК нь ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******гийн ******* орд, цементийн үйлдвэр төслийн байгаль орчлны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тухай гэрээ байгуулж, гэрээгээр Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийхээр харилцан тохиролцжээ. /2-р хх-ийн 55-57/

 

6.5. Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-аас  ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,302,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /2-р хх-ийн 61-63/

6.6. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой зардлаа нэхэмжлэгч ******* ХХК-иар нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй.

 

Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

7. Шүүхээс шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад товлож, шүүгчийн туслах 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* түүний дугаарын утсанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд За, ойлголоо гэсэн хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна хариуцагч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. /10-р хх-ийн 22/

 

8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан буюу төлөөлөх эрхгүй этгээдэд шүүх хуралдааны тов мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг гардуулсан... гэх агуулга бүхий гомдлоосоо татгалзсан.

 

9. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн бус зохицуулалт болох Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс хассан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...351 дүгээр зүйлийн 351.1.1... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 755,478 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ