Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 3492

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/03492

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

         Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

            Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 16-280 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УХ71022090, Боржигон овогт Ишдоржийн Даваанямыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Шинэбаяр, гуравдагч этгээд И.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 16-280 тоотод оршин суух И.Давааням нь 2003 оноос хойш Яармаг орчимд байнга архидан согтуурч байна. Орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй Ганбат гэдэг айлд байдаг. Өмнө архины албадан эмчилгээнд явж байгаагүй, удаа дараа баривчилгаа болон эрүүжүүлэгдэж байсан. 2016 оны 4-р сарын 17-ны өдөр төрсөн дүү болох И.Өлзийжаргал архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан гэв.

 

Гуравдагч этгээд  И.Давааням шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2003 оноос архи уудаг болсон. Гэр бүлгүй, торгуулийн арга хэмжээ авагдаж, баривчлагдаж байсан. Мөн эрүүжүүлэгдэж байсан. Эмнэлгийн үзлэгт орсон. Ямар нэг хариу хэлээгүй гэв.

 

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс И.Даваанямыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

И.Давааням нь 2003 оноос архи ууж, гэр бүлдээ агсам тавьж, гудамж талбайд танхайрах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүжүүлэгдэж захиргааны арга хэмжээ авагдсан нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн И.Давааням нь 2016 оны 4-р сарын 17-ны өдөр дүү Өлзийжаргалаас архины мөнгө нэхэж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлийг гаргасан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Ишдоржийн Даваанямыг албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА