Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/253

 

 

 

 

 

 

 

 

 2019         09            13                                                         2019/ШЦТ/253

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Х.Санжидмаа, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч Д.Долгорханд

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогчийн төлөөлөгч Х.Ариунцэцэг

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, Д.Урансувд

Шинжээч эмч Б.Тэнүүн, С.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ............ овогт Э.Эд холбогдох 1921000000101 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ..............................оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, зүүн нүд хараагүй оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон, Түмт овогт Э.Э. /РД: ................../

 

Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн Туулай жилийн хөшөөний хажуу талд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ж.О-ийг согтуурсан байхад нь нүүрэн тус газарт нь цохиж, ухаан алдуулан улмаар биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсныг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнээ нуун далдлах зорилгоор Ж.О-ийн хоолойг өмдний тэлээгээр боож чирэн боомилж алсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                                                                                                                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Болор зочид буудлаас өрөө асуухад байхгүй гэсэн ба бас нэг залуу “Болор” зочид буудлаас өрөө асуухаар орох гэж байсан. Би тэрэнд өрөө байхгүй гэдгийг хэлээд хамт “Royal” зочид буудал руу очиход буудлын өрөө нь арай үнэтэй байсан. Тэгээд бид хоёрт хонох газар байгаагүй болохоор 2 давхар буудлын цаад талын буудал орж хонохоор өрөө авсан. Надтай хамт явж байсан залуу буудлын тооцоог хийсэн. Тэр залуу хүнтэй утсаар ярьж байгаад “эгчийндээ хонохоор боллоо” гээд гараад явсан. Ганцаараа үлдсэн болохоор шөнө элдэв хүмүүс орж ирээд зодоон болох байх гэж бодоод буудлын ажилтанд орсон цагийн мөнгө болох 20.000 төгрөгийг үлдээгээд 30.000 төгрөгийг аваад гарсан. Тэгээд “Baet” караоке ороод 2 шил пиво ууж гараад, үйлчилгээний хойд талын таксинаас 1 том савтай пиво авч, найрамдал парк хүргүүлсэн. Найрамдал паркийн “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөөний хажууд сууж байгаад тэнд нэг танихгүй ах байхаар нь хамт пиво уухаар болсон. Тэр ах босож яваад нэлээд согтсон нэг эгчийг дагуулаад ирсэн. Бид гурав хамт суугаад 1 том пивыг ууж дуусгасан. Танихгүй ах “тамхинд яваад ирье” гээд яваад өгсөн. Талийгаач “эгч нь одоо харихгүй бол болохгүй, гэрт нөхөр хүүхэд хүлээж байгаа” гэсэн. Би “тамхинд явсан ах ирнэ шүү дээ, та ирэхээр нь яв” гэтэл урагшаа алхаад яваад өгсөн. Би араас нь дагаад бид хоёр туулайтай хөшөөний хажууд суусан. Тэнд суусны дараа би талийгаачийг үнсэх гэж оролдсон боловч талийгаач эсэргүүцсэн. Намайг эсэргүүцэхээр нь 2-3 удаа цохисон. Миний цохисноос болоод талийгаач ухаангүй болсон. Тухайн үед би өөрийгөө хүн алчихлаа гэж бодоод талийгаачийг хажуу талын торон хашаа руу татаж оруулаад дээгүүрээ өмссөн хувцсыг тайлаад хоолойноос нь чирч соёмботой хөшөө хүртэл явсан. Тэгээд би хувцсанд нь хурууны хээ үлдчих байх гээд дээгүүрээ өмссөн хувцсыг нь тайлсан. Тэгээд би цагаан эмнэлэг рүү зугтаасан. Би талийгаачтай бэлгийн харьцаанд ороогүй, байцаагч чи хүчиндсэн байх ёстой түүнийгээ заавал хэл гээд байхаар нь айгаад хүчиндсэн гэж хэлсэн”...гэв.

              

Хохирогчийн төлөөлөгч Х.Ариунцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаачийн оршуулгын зардалд 7 сая гаруй төгрөг гарсан. Манай зүгээс баримтын хүрээнд хохирол нэхэмжилсэн. Шүүгдэгчээс хохиролд одоогийн байдлаар 5 сая төгрөг өгсөн байгаа. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Ийм хэрэг гарсанд маш их харамсаж, гомдож байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна...гэв.

 

Шинжээч эмч Б.Тэнүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрыг ахлах дэслэгч Цахиурчулуунаас тус хэрэгт холбогдуулан дүгнэлт гаргуулахаар арчдас болон наалдсыг ирүүлсэн. Талийгаачийн үтрээнээс авсан арчдас болон наалдсанаас эр бэлгийн эс болон үрийн шингэн илрээгүй. Мөн Э.Э болон Саруулжавхлангийн арчдасаас эмэгтэй хүний эс илрээгүй. Гэхдээ энэ дүгнэлтээр тухайн хүнийг хүчин хийсэн, хийгээгүй гэдгийг шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл дур тавьсан болон үрийн шингэн гадагшлаагүй тохиолдол байж болно. Мөн арчдасыг хэзээ авснаас шалтгаалан шинжилгээнд илрэхгүй тохиолдол байж болно...гэв.

 

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь механик амьсгал бүтэлтийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийг үхээгүй байхад цус хуралт үүссэн. Үхсэн хүнийг хэдэн ч удаа цохисон цус хуралт, зулгаралт үүсэхгүй. Энэ хэргийн хувьд хохирогчийг зодож гэмтэл учруулсны дараа хоолойг нь боосон байх боломжтой...гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Долгорханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Э нь хохирогчийг хүчиндээгүй ба цохиод үхчихлээ гэж айсны улмаас хоолойг нь боож алсан байна...гэв.

Гэрч Б.Саруулжавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Бид 24 дүгээр байрны зүүн талд орой 22 цагийн орчимд уулзаад дэлгүүрээс архи аваад манай ажил руу очсон. Ингэж уулзахад Ж.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Манай ажил дээр бид архи хувааж уухад тэр тийм ч их уугаагүй, гэхдээ тодорхой хэмжээнд уусан, нэг их согтоогүй биеэ авч явах хэмжээний байсан. Ажлын гаднаас харилаа гээд надаас салаад баруун тийш явсан. Би ч мөн салж явахдаа эргэж хараагүй болохоор баруун тийш яваад хаашаа эргэсэн талаар хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед Одгэрэлтэй маргалдаж муудалцаагүй, цохиж зодоогүй. Түүний биеийн байдал хэвийн, ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би Одгэрэлтэй эр, эмийн харьцаатай байгаагүй, огт бэлгийн харьцаанд орж байгаагүй, би тухайн үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой түүнийг Найрамдал цэцэрлэгт хүрээлэн рүү авч яваагүй...” гэжээ. /1-р хавтасны 65-67 тал/

 

Гэрч Ж.Мөнх-Алдар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Манай хадам ээж Нарангэрэл өглөө бүр Найрамдал парк руу алхдаг юм, өнөөдөр өглөө буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө Хар байшингаас 6 цагийн орчимд Найрамдал парк руу алхаж 07 цагийн орчимд орж ирсэн. Ирэхдээ нэг цүнх оллоо гээд барьчихсан ирсэн бөгөөд уг цүнх нь Одгэрэл эгчийн цүнх байсан. Тэгээд би хадам ээжээс энэ цүнх манай эгчийн цүнх байна гэж хэлж аваад 07 цаг өнгөрч байхад эгчийн гэрт нь очиход хүү Тэмүүжин, манай том эгч Мөнхцэцэгийн 2 хүүхэд болох Заяа, Хишгээ нар унтаж байсан. Тэднийг сэрээгээд Тэмүүжингээс ээж чинь ирээ юу, хаашаа гарсан юм бэ гэхэд ирээгүй, өчигдөр өглөө ажилдаа явлаа гэж гараад ирээгүй байна гэж хэлсэн...” гэжээ. /1-р хавтасны 70-71 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2715 тоот дүгнэлтэд:

 

1.Э.Э, Б.Саруулжавхлан болон талийгаач Ж.О нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

 

2.Талийгаач Ж.О-ийн үтрээнээс авсан гэх арчдас болон наалдацанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Э.Э, Б.Саруулжавхлан нарын бэлэг эрхтэнээс авсан гэх арчдаст эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй.

3.Үрийн шингэн, эр бэлгийн эс болон эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй тул асуулт №3 болон №4-т хариулах боломжгүй байна гэжээ. /1-р хавтасны 112-113/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 60 тоот дүгнэлтэд:

 

1.Талийгаач Ж.О-ийн цогцост хүзүүн дэх ташуу байрлалтай задгай дарагдлын ором, духны баруун дээд хэсэгт, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, шанаа, эрүүний зүүн доод булан, баруун мөрний гадна дээд хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг цус хуралтууд, зүүн чихний дэлбэнгийн доод ирмэгт сэтэрсэн урагдал, зүүн нүдний гадна буланд, зүүн шанаанд, эрүүний зүүн доод булан, зүүн мөрний гадна дээд хэсэгт зулгаралтууд, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойноос доош сарвууны үе хүртэл, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун гарын алганы ар хэсэг, баруун дал, 2 далны гол хэсэгт, нурууны бүсэлхийгээс 2 өгзөг, гуяны ар хэсгийг хамарсан, баруун, зүүн тахим хэсэгт нидрэгдсэн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

 

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

3.Уг гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

 

4.Талийгаач Ж.О-ийн цогцост үүссэн гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ.

 

 

5.Биеийн ар гадаргууд үүссэн зулгаралтууд нь хавтгай гадаргууд шүргэлцэх, чирэгдэх үед бусад гэмтлүүд нь ямарч байрлалд үүсгэгдэх боломжтой.

 

 

6.Биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоох боломжгүй.

 

 

7.Талийгаач Ж.О нь хүзүүнд үүссэн боолтны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

 

 

8.Талийгаач нь В /3/ бүлгийн цустай байна.

9.Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна.

 

10.Талийгаачийн цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /1-р хавтасны 132-134/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 120 тоот дүгнэлтэд:

 

1.Зураг №34-д харуулсан гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

 

2.Зураг №34 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь иргэн Э.Эаас хураан авсан хар өнгийн гутлын улны мөртэй тохирч байна гэжээ. /1-р хавтасны 141-144/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

 

1.Яллагдагч Э.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц идэвхит бодисын шалтгаант /шар айраг/ дунд зэргийн согтолтын байдалтай байсан байна.

 

2.Э.Э нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг ойлгож, мэдэж, удирдах чадвартай байсан.

 

3.Э.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

 

4.Э.Э нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. /1-р хавтасны 168/

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны  12-13, 14-17 тал/

 

-   Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 18-20/

 

-  Амь хохирогчийн хувцаст хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 21-22 тал/

 

-  Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 41-44 тал/

-  Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 55-57 тал/

 

-  Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 53-54/

 

 

  • Гэрч Ж.Мөнхжавхлангийн мэдүүлэг /1-р хавтасны 62 тал/

 

 

  • Гэрч Ц.Болдбаатарын мэдүүлэг /1-р хавтасны 74-75 тал/

 

  • Гэрч Н.Ганбатын мэдүүлэг /1-р хавтас 78-79 тал/

 

  • Гэрч Г.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1-р хавтасны 80-81 тал/

 

  • Гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /1-р хавтасны 82 тал/

 

  • Гэрч Л.Зэсэмийн мэдүүлэг /1-р хавтасны 83 тал/

 

  • Гэрч Д.Доржбаярын мэдүүлэг /1-р хавтасны 94 тал/

 

  • Гэрч М.Мөнхсаруулын мэдүүлэг /1-р хавтасны 95 тал/

 

  • Гэрч П.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хавтасны 97-98, 99-100/

 

  • Хохирлын баримтууд /2-р хавтасны 17-23, задгай 3 хуудас/

 

- Э.Эы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 194-197, 200-203 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

 

  Эд мөрийн баримтаар: Хамаг монгол нэртэй архины шил 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс шүүгдэгч Түмт овогт Э.Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасан хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнээ нуун далдлах зорилгоор хохирогч Ж.О-ийн хоолойг өмдний тэлээгээр боож чирэн боомилж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлагдсан баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт өмнө өгсөн мэдүүлгээ үгүйсгэдэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь  хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн талаарх өөр нотлох баримт байхгүй, нотолж чадахгүй байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба шүүгдэгч Э.Эд холбогдох хэргээс хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэрэгт мөрдөгч, прокурор нар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул хэргээс хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Эд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Түмт овогт Э.Э нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн Туулай жилийн хөшөөний хажуу талд 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд амь хохирогч Ж.О-ийг согтуурсан байхад нь нүүрэн тус газарт нь цохиж, ухаан алдуулан хоолойг нь өмдний тэлээгээр боож чирэн боомилж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, амь хохирогчийн хувцаст хийсэн үзлэг, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 120 тоот дүгнэлт,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 60 тоот дүгнэлт, шүүгдэгч Э.Эы сэжигтэн,  яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Шүүхээс шүүгдэгч Э.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас Ж.О-ийн амь нас хохирсон ба шүүгдэгч Э.Э нь хохирогчийн төлөөлөгч Х.Ариунцэцэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5000.000 /таван сая/ төгрөг төлсөн, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд хохирогчийн төлөөлөгч Х.Ариунцэцэг нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хамаг монгол нэртэй архины шил 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Эы цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Эы ....................... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Эд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

 

                                      3. Шүүгдэгч ....... овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

                                      4. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овогт Э.Эыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

                                      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 

                                      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эы цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

 

                                      7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хамаг монгол нэртэй архины шил 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Э.Эы .................. тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

 

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ

                                                                   Х.САНЖИДМАА

                                                                                          Б.БАТСАЙХАН