| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/00266/И |
| Дугаар | 00614 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 00614
| 2016 оны 1 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/00614 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вивасити N-17-р байр, 5-6 тоотод тоотод оршин суух, регистр ЧЖ82111711, Анирлан овогт Баттөмөрийн Энхжаргалыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 4-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Батболд, гуравдагч этгээд Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 2013 оноос хойш Хан-Уул дүүргийн 4-р хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити N-17 байр, 5-6 тоотод оршин суух, Б.Энхжаргал нь гудамж талбайд архидан согтуурч ар гэртээ агсам тавих, жижгээр танхайрах, мөн эхнэртээ танхайрч байсан. Мөн 2015 онд 3 удаа захиргааны арга хэмжээ авагдсан, үүнээс 1 удаа торгуульж, 2 удаа баривчлагдсан. Архинд донтох өвчтэй нь тогтоогдсон тул эхнэр Уянга, ээж Оюун нарын хүсэлтээр Б.Энхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүсч байна гэв.
Гуравдагч этгээд Б.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2 жилийн өмнөөс архи уудаг болсон. Өмнө архи уугаад эхнэрээ зодож байгаагүй, нүүр аманд нь хүрч үзээгүй. Харин би ярихаараа хашгирч, орилж чанга ярьдаг. Бид эрүүлдээ гэр бүлдээ үүсч байгаа асуудлыг ярилцаж чаддаггүй, гадагшаа бусадтай ярилцах чадвар муу юм. Харин архи уухаараа ярих гэхээр эхнэр аашлаад уурлаад байдаг. Манай эхнэр ааштай талдаа тэгээд юм л болвол цагдаа дууддаг. Намайг эрүүл гэртээ зурагт үзээд хэвтэж байхад мөнгө олж ирсэнгүй гээд уурладаг гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Б.Энхжаргалыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Энхжаргал нь 2010 оноос архи ууж, гэр бүлдээ агсам тавьж танхайрч удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан бөгөөд 2015 онд 3 удаа захиргааны арга хэмжээ авагдсан нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн Б.Энхжаргал нь 2016 оны 1-р сарын 8-аас 12-ныг хүртэл архи ууж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлийг гаргасан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Анирлан овогт Баттөмөрийн Батболдыг регистр ЧЖ82111711албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА