Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 1622

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/01622

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, 1-р хороолол, 22-р байрны 76 тоотод оршин суух, Мони Л Торус ХХК-ний захирал ажилтай, регистр УУ74080911, Ноёд овогт Болдын Онон,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 39-р байрны 51 тоотод оршин суух, Гэрэлт таёо ХХК-д багш, орчуулагч ажилтай, регистр ШВ74061705, Сүмд овогт Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 42 187 380 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржхорол, хариуцагч Б.Онон, Л.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн   нар оролцов.            

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржхорол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Онон, Л.Мөнгөнцэцэг нар нь тус банктай 2014 оны 2-р сарын 03-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулж 34 000 000 төгрөгийг сарын  0.66 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаа болгож улсын бүртгэлийн Ү-2205052368 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р хороо, үйлдвэрийн төвийн бүс, 152/1-р байрны 7 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар 34 000 000 төгрөгөөс 669 577,49 төгрөг, төлбөл зохих 5 145 000,28 төгрөгийн хүүгээс 3 035 508,18 төгрөг төлж, зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нар 4 сарын хугацааны эргэн төлөлтөө төлөөгүй тул гэрээгээ цуцалж байна. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 33 330 422,71 төгрөг, хүү 2 002 799,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 010,20 төгрөг нийт 35 337 232,2 төгрөгийг орон сууцны зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байна. Харин Зээлдэгч Б.Онон нь 2014 оны 1-р сарын 24-ний өдөр “Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж 9 200 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, гэрээний хугацаа 2016 оны 01-р сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагч Б.Ононгоос үндсэн зээлийн үлдэгдэл 6 251 440,46 төгрөг, үндсэн хүү 417 810,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 486,17 төгрөг, нотариатын зардал 10 700 төгрөг, нийт 6 692 839,89 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нартай байгуулсан орон сууцны зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүүд 35 337 232,2 төгрөгийг гаргуулах, Б.Ононгоос 6 692 839,89 төгрөг нийт 42 187 380 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Л.Мөнгөнцэцэгийн хамт 2014 оны 03-р сарын 02-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 34 сая төгрөгийг сарын 0.66 хувийн хүүтэй зээлсэн. Мөн цалингийн зээлийг орон сууцны зориулалтаар авч хэрэглэсэн. Би байр болон цалингийн зээлийг сар бүр цалингаасаа төлж байсан. Миний бие тухайн үед төрийн албанд ажиллаж байгаад 2015 оны эхээр эрүүл мэндийн байдлаас болж ажлаас гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Л.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ононгийн хэлж байгаа тайлбартай санал нэг байна. Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс болж тус асуудал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнтэй холбоотой маргах зүйлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрч байна  гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь Б.Онон, Л.Мөнгөнцэцэг нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 42 187 380 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 42 176 680 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 10 700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

Худалдаа хөгжлийн банк нь Б.Онон, Л.Мөнгөнцэцэг нартай 2014 оны 2-р сарын 03-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулж 34 000 000 төгрөгийг сарын  0.66 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар, улсын бүртгэлийн Ү-2205052368 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р хороо, үйлдвэрийн төвийн бүс, 152/1-р байрны 7 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалан  зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэхь хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-8-21/

 

Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 669 577,49 төгрөг, төлбөл зохих 5 145 000,28 төгрөгийн хүүгээс 3 035 508,18 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч, зээлдүүлэгч гэрээний 9.2.2 дахь хэсэгт заасан “зээлийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй 90 хоног хугацаа хэтэрсэн” үндэслэлээр гэрээ цуцалж зээлдэгч нараас үндсэн зээл 33 330 422,71 төгрөг, хүү 2 002 799,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 010,20 төгрөг нийт 35 337 232,2 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Зээлдэгч Б.Онон нь 2014 оны 1-р сарын 24-ний өдөр “Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж 9 200 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн /хх 24-26/ байх ба гэрээний хугацаа 2016 оны 01-р сарын 24-ний өдөр дуусгавар болжээ.

 

Харин зээлдэгч нь энэ зээлээс үндсэн зээл 6 251 440,46 төгрөг, зээлийн хүү 417 810,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 486,17 төгрөгийг төлөөгүй байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлөх дүн болон цалингийн зээлийн төлөөгүй 42 176 680 төгрөгийн талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах үүрэгтэй бөгөөд нотариатын зардалд гарсан 10 700  төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэсгүй.

 

Зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

 

1.Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Болдын Онон, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг нараас 42 176 680 /дөчин хоёр сая нэг зуун далан зургаан мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 10 700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Онон, Л.Мөнгөнцэцэг нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205052368 дугаарт бүртгэгдсэн  Баянгол дүүргийн 5 дугаар хороо,Үйлдвэрийн төвийн бүс, 152/1-р байрны 7 тоот сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 887 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 368 833 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА