| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1337/Э |
| Дугаар | 1356 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1356
2019 08 30 2019/ШЦТ/1356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Цд холбогдох 1906 04416 1801 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Засал чимэглэлчин мэргэжилтэй, Ар Өврийн оргил ХХК-ийн Төгс-Appartment Барилгад засал чимэглэлчин ажилтай, Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 504 тоотод түр оршин суух, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Бын Ц /РД:......................./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвргэрт байрлах Өнөр бүл төвийн баруун талын баригдаж байгаа барилга дотор иргэн Б.Бадамсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар маажих, самардах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бадамсүрэнгийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө ажил дээрээ 10 цагийн үед ирэхэд хамт ажилладаг Б.Ц "Дүү чинь хаана байна" гэж асуусан. Тэгэхээр нь би хувийн шалтгаанаар ажил гараад ирээгүй, ирээгүй хоногийн мөнгийг нь хасчих гэж хэлсэн. ...Ингээд бид хоёрын хооронд хэрүүл эхэлсэн ба 20-30 минут хэрэлдсэн. ...Ингээд байж байснаа над руу дайраад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би түлхчихсэн. Тэгтэл санаандгүй хамранд нь түлхээд хамарнаас нь жоохон цус гарсан. Тэгтэл Б.Ц намайг одоо чамайг цустай чинь хутгана гэх мэтчилэн харааж доромжилж байгаад хажуу талаас гэнэт хацар, нүүрний хэсгээс базаад атгачихсан. Тэгэхээр нь түүнийг үсдээд тэр бас нөгөө гараараа намайг үсдээд бид хоёр газар унасан. Энэ үед түүний гар миний хацар болон нүүрний хэсгээс базаатай хэвээрэй байсан. Ингээд удалгүй эгч нь салгах гээд ирсэн бөгөөд миний гарнаас татаад салгасан. Тэгтэл Б.Ц дахин миний нүд дух хэсгийг маажсан. Ингээд бид хоёр салсан бөгөөд миний нүүрнээс маш их хэмжээний цус гарч байсан.” гэх мэдүүлэг. /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Болдбилэгийн өгсөн: “...Бадамсүрэн хажуу талын өрөөнд орж утсаар дүүтэйгээ яриад манай эхнэрийг Думаа муу ал чамайг ирсэнгүй гээд уурлаад байна гэж ярьж байсан. Ингээд манай эхнэр тэр өрөөнөөс гараад том өрөөнд ороод Б.Бадамсүрэнд хандан чи одоо юу гэж хүнийг доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр дахин хэрэлдээд эхэлсэн. Ингээд Б.Бадамсүрэн манай эхнэр хоёр барьцалдаад манай эхнэр үсдүүлчихсэн доор нь ороод хэвтсэн байсан. Ингээд манай эгч Мөнхцэцэг, Бадамсүрэнгийн нөхөр Цогоо нар очиж эхнэрээ авч салгасан. Ямар ч байсан бие биенийгээ маажаад нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн: “...Манай дүүгийн хамарнаас цус гарч уруулынх нь дээд хэсэгт маажсан байсан. Харин Б.Бадамсүрэнгийн нүүр хацар маажсан оромтой цус гарсан байсан. ...Би яг хэн нь хэнийгээ цохиод маажаад байгааг сайн хараагүй. Гэхдээ тэр хоёр хоорондоо зодолдсон юм чинь бие биенийхээ биед гэмтэл учруулсан нь тодорхой.” гэх мэдүүлэг /хх.28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8860 дугаартай:
“1. Б.Бадамсүрэнгийн биед зүүн хацар, баруун нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, цээжинд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цын яллагдагчаар өгсөн: “... Б.Бадамсүрэнгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би Бадамсүрэнгийн нүүрэн хэсгийг гарын хумсаараа нэг удаа маажсан. Өөр зодож цохисон зүйлгүй. Би Б.Бадамсүрэнгээс уучлалт гуйж эвлэрсэн. Мөн хохирол болох 1.500.000 төгрөг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.45-46/,
Хохирлын мөнгө болох 1.500.000 төгрөг төлсөн баримт /хх.53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвргэрт байрлах Өнөр бүл төвийн баруун талын баригдаж байгаа барилга дотор иргэн Б.Бадамсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар маажих, самардах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бадамсүрэнгийн өгсөн: “...Ингээд байж байснаа над руу дайраад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би түлхчихсэн. Тэгтэл санаандгүй хамранд нь түлхээд хамарнаас нь жоохон цус гарсан. Тэгтэл Б.Ц намайг одоо чамайг цустай чинь хутгана гэх мэтчилэн харааж доромжилж байгаад хажуу талаас гэнэт хацар, нүүрний хэсгээс базаад атгачихсан. Тэгэхээр нь түүнийг үсдээд тэр бас нөгөө гараараа намайг үсдээд бид хоёр газар унасан. Энэ үед түүний гар миний хацар болон нүүрний хэсгээс базаатай хэвээрэй байсан. ...Б.Ц дахин миний нүд дух хэсгийг маажсан. Ингээд бид хоёр салсан бөгөөд миний нүүрнээс маш их хэмжээний цус гарч байсан.” гэх мэдүүлэг. /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Болдбилэгийн өгсөн: “...Б.Бадамсүрэн манай эхнэр хоёр барьцалдаад манай эхнэр үсдүүлчихсэн доор нь ороод хэвтсэн байсан. Ингээд манай эгч Мөнхцэцэг, Бадамсүрэнгийн нөхөр Цогоо нар очиж эхнэрээ авч салгасан. Ямар ч байсан бие биенийгээ маажаад нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн: “...манай дүүгийн хамарнаас цус гарч уруулынх нь дээд хэсэгт маажсан байсан. Харин Б.Бадамсүрэнгийн нүүр хацар маажсан оромтой цус гарсан байсан. ...тэр хоёр хоорондоо зодолдсон юм чинь бие биенийхээ биед гэмтэл учруулсан нь тодорхой.” гэх мэдүүлэг /хх.28/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8860 дугаартай:
“1. Б.Бадамсүрэнгийн биед зүүн хацар, баруун нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, цээжинд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цын яллагдагчаар өгсөн: “... Б.Бадамсүрэнгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би Бадамсүрэнгийн нүүрэн хэсгийг гарын хумсаараа нэг удаа маажсан. Өөр зодож цохисон зүйлгүй. Би Б.Бадамсүрэнгээс уучлалт гуйж эвлэрсэн. Мөн хохирол болох 1.500.000 төгрөг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.45-46/,
Хохирлын мөнгө болох 1.500.000 төгрөг төлсөн баримт /хх.53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Цын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Бадамсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Цын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Бадамсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Б.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Цын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Цын эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Цд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Бын Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Цд сануулсугай.
5. Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бадамсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР