Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01509

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05583 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 880,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2010 оны 07 сарын 19-ний өдөр БНХАУ-ын иргэн *******, *******, ******* нараас гадаадын хөрөнгө оруулалттай *******ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус компанийн 100 хувийн хувьцааг, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт худалдан авч ******* ХХК болгож өөрчлөн дотоодын аж ахуйн нэгж болгон өөрчилсөн.

1.2. Гэтэл нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан хариуцагч ******* нь “Компанийг чинь худалдаж авах хүн олчихлоо, хөрөнгө оруулагч олдохгүй байгаа юм чинь чи зарчих, гэхдээ чи миний нэр дээр компаниа шилжүүлэн өгч байж би худалдан авагчтай өөрийн юм шиг ярих хэрэгтэй байна компанийн хувьцааг худалдчихаад олсон ашгаа тэнцүү хуваая” гэж гэсэн тул компанийн хувьцааг 100 хувь хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн.

1.3. Үүнээс хойш хариуцагч нь компани зарагдахгүй байна, худалдан авагч олдохгүй байна гэдэг шалтгаануудыг хэлэх болж, сүүлд хариуцагчтай очиж уулзахад компанийг чинь зарчихсан, чамд ямар ч хамаагүй, би өөрийнхөө юмыг авсан гэдэг тайлбар хэлээд үүнээс болж маргаан болсон.

1.4. Ингээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад хоорондоо гэрээ, хэлцэл хийсэн бол Иргэний шүүхэд ханд гэсэн тул нэхэмжлэлээ гаргасан. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад ******* нь 880,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Иймд хариуцагчаас 880,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын компанийн ажилтан байсан. Энэ талаар гэрчүүд ч нотолно. Нэхэмжлэгч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлсэн гэрээний тухай ярьдаг.

2.2. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг энэ хүний хууран мэхэлсэн нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Прокурорын газар мөн энэ гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг хаасан байдаг.

2.3. ******* гэдэг хүн 2010 оноос хойш ******* гэдэг хүний компанийн ажилтан, туслах маягаар ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор цалин хөлс авдаг байсан. Нэхэмжлэгч ярихдаа би энэ компанийг худалдаж авсан, дараа нь *******ыг худалдаад өг гэдэг байдлаар шилжүүлсэн гэдэг боловч тухайн компанийг худалдаж авсан талаарх ямар ч нотлох баримт байхгүй.

2.4. *******ын компанийн ажилчид нь итгэл даахуйц хүмүүс учраас хувьцаануудыг шилжүүлж, зарим нэгэнд нь аж ахуй нэгж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 880,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,731,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ******* өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн хувьцаа эзэмших эрхээ *******од 189,051,000 төгрөгөөр худалдахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

4.2. Анхан шатны шүүхээс ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан ба хууль ёсны дагуу тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмших болсон тухай бодитой дүгнэлт хийсэн боловч 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний тухайд хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцсэнгүй.

4.3. Хэргийн бодит үйл баримтыг авч үзвэл хариуцагч ******* нь *******ын эзэмшлийн, ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК 100 хувийн хувьцааг бусад этгээдэд худалдан борлуулж өгнө хэмээн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хууран мэхэлж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан.

4.4. Гэтэл ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2019 онд бусад этгээдэд худалдан борлуулсан атлаа надад огт мэдэгдэж байгаагүй бөгөөд ******* миний бие энэ тухай бусад этгээдээс олж мэдсэн юм.

4.5. ******* нь *******ын эзэмшлийн, ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг бусад этгээдэд худалдан борлуулж өгнө хэмээн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хууран мэхэлж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан.

4.6. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 51 дугаар тогтоолын 15-д “Иргэний хуулийн ... 59 /Хууран мэхэлж хийсэн хэлцэл/, ... дугаар зүйлд тус тус заасан хэлцлээс үүссэн маргаанд шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй тул уг хэлцлүүдээс үүссэн маргаан болгон гэмт хэрэг болохгүй. Харин дээрх хэлцлүүдээр халхавчлан шунахай сэдэлтээр хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар авсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж тодорхой тайлбарлажээ. Мөн тогтоолын 10-д “Залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэжээ.

4.7. ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг ******* нь бусад этгээдэд 880,000,000 төгрөгийн үнээр худалдан борлуулсан тухай мэдмэгц тус компанийн хувьцааг худалдан борлуулсан үнийг *******оос шаардах үед хариуцагч нь ******* ХХК нь анхнаасаа өөрийнх нь компани байсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн өөр хоорондоо авцалдахгүй үндэслэлээр маргадаг. Тодруулбал хариуцагч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа ******* ХХК нь анхнаасаа өөрийнх нь эзэмшлийн компани байсан ба нэг хүний нэр дээр олон лиценз байж болохгүй учир нэхэмжлэгчид түр шилжүүлэн өгсөн” хэмээн давтсаар байдаг. Анхан шатны шүүхээс хариуцагч *******ын өөр хоорондоо зөрчил бүхий тайлбаруудад ямар нэг дүгнэлт хийсэнгүй.

4.8. Нөгөө талаар хариуцагчийн зүгээс зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл биш болохыг хүлээн зөвшөөрдөг ба өөрийн эзэмшлийн хувьцааг үнэ төлбөргүйгээр буцаан авсан учир тус гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд бодит байдалд биелэх боломжгүй гэж тайлбарладаг. Энэ тохиолдолд зохигч талуудын хэн аль нь 2015 оны 07 сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориггүй байсан, бодит байдал дээр тус гэрээ биелээгүй буюу хариуцагчийн зүгээс гэрээний төлбөрийг огт төлөөгүй болохоо тайлбарлаж байхад тус гэрээ нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

4.9. Хариуцагч *******ын мэдүүлэг, тайлбар дахь дээрх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлогдоогүй. ******* нь анхнаасаа *******ын эзэмшлийн ******* ХХК-ийн хувьцаа, түүнд ногдох эрхийг хууль бусаар авах гэмт санаа зорилгоор хэлцлээр халхавчлан хууран мэхэлж, урьдын харилцааны явцад үүссэн итгэл эвдэх аргаар миний эзэмшлийн ******* ХХК-ийн хувьцаа, түүнд ногдох эрхийг хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон болохыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 1375 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд дурдсан байдаг.

4.10. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн эзэмшдэг хувьцааг өөрийн болгохын тулд хууран мэхэлж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь мөн хариуцагч *******ХХК-ийг түүний эзэмшлийн компани байсан гэж тайлбарлах нь тогтоогдохгүй байна.” гэсэн нь хуульд нийцээгүй, алдаатай дүгнэлт болсон.

4.11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэх асуудлыг хэлэлцээгүй, нэхэмжлэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой шаардлага огт гаргаагүй байхад анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт өгч буй явдал нь туйлын ойлгомжгүй байна.

4.12. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн Прокурорын тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй, хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй гэх дүгнэлт өгсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрт туйлын эргэлзээ төрүүлж байна.

4.13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь 2025 оны 04 сарын 28-ны өдөр ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын хоёр иргэнд шилжүүлэх үндэслэл болсон гэрээ, хэлцэл болон тэдгээрийг бүртгэсэн тухай мэдээлэл, мөн тус компанийн хувьцаа ямар нэг хэмжээгээр өөр бусад этгээдэд шилжсэн бол энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсээс нотлох баримтын шаардлага хангуулан шүүхийн журмаар гаргуулах, *******оос *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын хоёр иргэнд худалдан борлуулсны төлбөр хүлээн авсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан.

4.14. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн захирамжаар *******ын хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан боловч тус шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Тодруулбал хариуцагч ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын хоёр иргэнд худалдан борлуулсны төлбөр хүлээн авсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хэргийн материалд хавсаргаагүй.

4.15. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05583 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нь хэргийг бүх талаас нь судалж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу итгэл эвдэх, хуурч мэхлэх замаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхийг нэхэмжлэгч шаардаж маргасан боловч тухайн хуурч мэхэлсэн үйлдэл нь үйл баримтаар тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.2. Мөн хариуцагчийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг хуурч мэхлэх байдлаар байгуулагдсан болохыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Харин уг хэрэгт талууд өөрсдийн сайн дурын хүсэл зоригоор худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, эд хөрөнгөө шилжүүлсэн, улсын бүртгэлийн ажиллагаа хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

5.3. Нэхэмжлэгч тал 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 1375 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гаргаж өгөх ёстой. *******ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “880,000,000 төгрөгөөр хувьцаагаа худалдсан” гэж тодорхой хэлсэн учраас заавал уг мэдүүлгийг хэрэгт хавсаргах шаардлагагүй.

5.4. Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан. Уг заалтын дагуу нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацааны асуудал хамаарах бөгөөд өмнө давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар асуудлыг дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 880,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргаж, хожим уг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчлөхдөө “... үндэслэлгүй хөрөнгөжсөн 880,000,000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр маргааныг шийдвэрлэхдээ хууран мэхэлж хэлцэл хийсэн талаар бие даасан шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн буруу болжээ.

 

4. Анхан шатны шүүх 2025 оны 04 сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч талын гаргасан 2 баримт гаргуулах хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч талын “... 880,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан мөнгийг хариуцагчаас гаргуулъя” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь тусгагдсан байх боловч энэ хүсэлтийг хангасан талаар мөн өдрийн 192/ШЗ2025/19426 дугаар захирамжийн тогтоох хэсэгт нэрлэн заагаагүй алдаа гаргаж уг баримтыг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байна.

 

5. Нэхэмжлэгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан 2010 оны 07 сарын 19-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” баримтаар хэрэгт авагдсан байна.

 

Дээрх гэрээний төлбөрийг ******* нь “... 1,000,000 ам.доллароор тухайн компанийн хувьцааг худалдаж авсан” гэж, хариуцагч нь “... энэ компанийн төлбөрийг төлөөд өөрийн ажилтан болох *******ын нэр дээр компанийг бүртгүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Энэ тохиолдолд 2010 оны 07 сарын 19-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийг зохигчийн хэн төлсөн талаар үйл баримтыг тодруулах нь нэхэмжлэлийн шийдвэрлэхэд ач холбогдолтой тул энэ үйл баримтыг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,557,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                   Б.УУГАНБАЯР

 

                                                         С.ЭНХБАЯР