| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1345/Э |
| Дугаар | 1364 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1364
2019 09 02 2019/ШЦТ/1364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч М.Оргилбаатар,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох 1906 03467 1641 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Автын засвар цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд найруулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 8 дугаар гудамж 217 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Лийн Б /РД:........./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын орчим иргэн М.Оргилбаатарын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын өгсөн: “Тухайн өдөр манай эхнэр найз Нямбаярын төрсөн өдөрт явсан. Би 23 цагийн үед Нямбаярын гар утсаар эхнэртэйгээ холбогдоход “одоо бид нар гарах гэж байна ирээд авчих” гэж хэлсэн. Тухайн баарны гадаа очоод авто машиндаа хүүхдээ унтуулсан байсан. Би манай эхнэрийн утас унтарсан байсан учир Нямбаярын гар утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Би баарны гадаа очиход манай эхнэр хохирогчтой үнсэлцээд зогсож байсан. Би хохирогч, эхнэр хоёрыг салгаад хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тухайн үед тэнд байсан Нямбаярын найзууд бүгд болсон асуудлыг харсан мөртлөө одоо намайг хохирогчийг барьж аваад цохисон гэж гүжирдэж байсан. Хохирогчийг тухайн өдөр цагдаа нар “эмнэлэгт үзүүл” гэж явуулсан байхад хохирогч 2 өдөр амралтанд явсан байсан. Нямбаярын гар утсаар хохирогч над руу залгаж “хамар гэмтсэн, эмнэлэгт үзүүллээ, 700.000-1.000.000 төгрөгийн үнэтэй байна, хоёулаа тохирвол тохиръё” гэж хэлсэн. Би “чамтай ярих зүйл байхгүй, чи явдаг газраараа яв” гэж хариулсан. Тухайн үед цагдаагийн авто машинд Нямбаяр, хохирогч, бид гурав хамт явж байхад тэнд байсан хүмүүсээс нэг хүн нь залгаад “наад хүнээсээ мөнгө ав” гэж хэлээд зааж зааварлаж байсан. Эхнэрээ өөр хүнтэй үнэсэлцэж байхыг хараад хүн зүгээр байхгүй шүү дээ. Тухайн үед гэрч нар болсон асуудлыг хараагүй гэж хэлсэн мөртлөө мэдүүлэгтээ бүх зүйлийг харсан юм шиг мэдүүлсэн байсан. Би ийм зүйл хийсэндээ өөрийгөө буруутгаж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Оргилбаатарын өгсөн: “2019 оны 05 дугаар сард Батхишиг над руу залгаж “манай найз охины төрсөн өдөр, хүрээд ир” гэж дуудсан. Би Нямбаярын төрсөн өдөр дээр очиход манай гурван эрэгтэй найз, танихгүй 9 эмэгтэй байсан. Пабад 2 цаг суугаад гарахаар болсон. Пабаас гараад бааранд орохоор ярилцаж байсан. Батхишиг намайг “цаашаа явах уу” гэхээр нь би “явахгүй, маргааш өглөө ажилтай, надад бэлэн мөнгө алга, таксины мөнгө өгчих” гэж хэлээд баарны гадна тамхи татан зогсож байхад шүүгдэгчийн эхнэр авто машины араас гарч ирээд намайг шууд үнссэн. Би хойшоо нэг алхаад эхнэрийг нь түлхсэн. Тэгтэл шүүгдэгч авто машины араас нь гарч ирээд намайг шууд цохисон. Шүүгдэгчийн эхний цохилтоос хамар хугарсан. Миний хамраас маш их цус гарсан. Тухайн үед миний уур хүрээд шүүгдэгчтэй учраа олъё гэж бодсон боловч манай найз надад “чиний хамар хугарсан байна, явдаг газраар нь яв” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн болсон асуудлаас 2 цагийн дараа эмнэлэгт очиж үзүүлэхэд “шууд шүүх эмнэлэг яв” гэж хэлсэн. Би шөнийн 02 цаг 30 минутын үед шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлэхээр очиход “өнөөдөр дүгнэлт гаргах боломжгүй, маргааш ирээрэй” гэж хэлсэн. Би маргааш нь ажилтай байсан учир эмнэлэгт үзүүлж чадаагүй. Нөгөөдөр нь эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамар хугарч, хүзүү улайсан байсан учир шинжээч эмч надад нэг удаа цохиулаагүй гэдгийг хэлсэн. Би эхэлж шүүгдэгчийн эхнэрийг үнсээгүй. Эхнэр нь намайг авто машинаас бууж ирээд үнссэн. Би Гэмтлийн эмнэлгээс шүүгдэгч руу залгаж “зургаа авахуулахад миний хамар хугарсан, чи нялх нойтон хүүхэдтэй хүн, тухайн үед чиний уур хүрсэн байх, миний хамрыг янзалж өгвөл хоёулаа тохирч болно” гэж хэлсэн. Миний зүүн хамар битүүрч, толгой өвддөг болсон. “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд өмнө нь хамрын хуучин хугаралтай байсан учир 2.300.000 төгрөг болно гэж хэлсэн. Би бусад баримтын дүнгээ нэмээд 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Содбилэг байцаагч над руу огт залгаж бас нэг ч удаа дуудаагүй. Сүүлд нэг залгаж “хэрэг шүүхэд шилжиж гэж байна, хоёр найзыгаа авч ирж гэрчээр мэдүүлэг өг” гэж хэлсэн...”гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оргилбаатарын өгсөн: “... махлагдуу охин бууж ирээд намайг уруул дээр үнссэн. Тэгэхэд би тухайн охиныг түлхэх үед машинууд дундаас нэг үл таних залуу гарч ирээд хамар луу нэг удаа цохисон ба миний хамарнаас цус гарахаар нь би доошоо хараад зогсож байхад нөгөө залуу дахин гараараа хүзүү, хамар луу 2-3 удаа цохисон... би тухайн залууд хандан “чи намайг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд тухайн залуу “чи миний эхнэртэй гараасаа барьж, тэврэлдэж байгаад үнсэлцлээ, тэгэхээр чинь би цохилоо” гэж хэлсэн... Хамар битүүрч байна. Өөр зовиур байхгүй байна. Эмчилгээ хийлгээгүй тул баримт байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Натур эмнэлэгт 120.000 төгрөгөөр томографийн зураг авсан...” гэх мэдүүлэг, /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сэргэлэнбаатарын өгсөн: “... Оргилбаатар тамхи татаад зогсож байсан ба хажууд нь зогсож байсан Хандаа гэх эмэгтэй цээж лүү нь нэг удаа түлхээд уруул дээр нь үнсэх үед зогсоол дотроос нэг залуу гарч ирээд Оргилбаатарыг нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгэх үед Оргилбаатар хамраа бариад доошоо болсон ба цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сэргэлэнбаатарын өгсөн: “... Оргилбаатар надад таксины мөнгө өгөөч гэхэд нь би машинаасаа мөнгө аваад ирэх хооронд Оргилбаатарын хамарнаас цус гарсан байсан. Тэгэхэд хажууд нь зогсож байсан залуу Оргилбаатарыг хоолойноос нь боож цохиж байсан. Би яг хаашаа цохиж байсныг сайн хараагүй. Ямар ч байсан харилцан заамдсан зогсож байгаад Оргилбаатарыг цохьсон...” гэх мэдүүлэг, /хх.18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6416 дугаартай:
“1. М.Оргилбаатарын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бын яллагдагчаар өгсөн: “... би шүүхийн тогтоосон эмчилгээний зардлыг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би М.Оргилбаатартай ямар нэгэн өс хонзон байхгүй. М.Оргилбаатарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.26-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын орчим иргэн М.Оргилбаатарын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оргилбаатарын өгсөн: “... махлагдуу охин бууж ирээд намайг уруул дээр үнссэн. Тэгэхэд би тухайн охиныг түлхэх үед машинууд дундаас нэг үл таних залуу гарч ирээд хамар луу нэг удаа цохьсон ба миний хамарнаас цус гарахаар нь би доошоо хараад зогсож байхад нөгөө залуу дахин гараараа хүзүү, хамар луу 2-3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.Сэргэлэнбаатарын өгсөн: “... Оргилбаатар тамхи татаад зогсож байсан ба хажууд нь зогсож байсан Хандаа гэх эмэгтэй цээж лүү нь нэг удаа түлхээд уруул дээр нь үнсэх үед зогсоол дотроос нэг залуу гарч ирээд Оргилбаатарыг нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгэх үед Оргилбаатар хамраа бариад доошоо болсон ба цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.Сэргэлэнбаатарын өгсөн: “... Оргилбаатар надад таксины мөнгө өгөөч гэхэд нь би машинаасаа мөнгө аваад ирэх хооронд Оргилбаатарын хамарнаас цус гарсан байсан. Тэгэхэд хажууд нь зогсож байсан залуу Оргилбаатарыг хоолойноос нь боож цохиж байсан...” гэх мэдүүлэг, /хх.18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6416 дугаартай:
“1. М.Оргилбаатарын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бын яллагдагчаар өгсөн: “... М.Оргилбаатарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх.26-27/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Оргилбаатарын өгсөн: “... баарны гадна тамхи татан зогсож байхад шүүгдэгчийн эхнэр авто машины араас гарч ирээд намайг шууд үнссэн. Би хойшоо нэг алхаад эхнэрийг нь түлхсэн. Тэгтэл шүүгдэгч авто машины араас нь гарч ирээд намайг шууд цохисон. Шүүгдэгчийн эхний цохилтоос хамар хугарсан. Миний хамраас маш их цус гарсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын “...Би баарны гадаа очиход манай эхнэр хохирогчтой үнсэлцээд зогсож байсан. Би хохирогч, эхнэр хоёрыг салгаад хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч М.Оргилбаатарын нэхэмжилсэн 2.620.000 төгрөгөөс баримттай 128.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овгийн Лийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Батжаралд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Бд сануулсугай.
5. Л.Бд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 128.000 төгрөг нөхөн төлснө, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.Оргилбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР