Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 101/2016/04618/и |
Дугаар | 1716 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1716
Э.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00229 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ЭМСЯ-ны харьяа БТСХТ-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 сард Спортын бэлтгэлийн төвд сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажилласан бөгөөд түр томилогдон ажиллаж байх хугацаандаа тухайн албан тушаалд ажиллах чадвартай болохоо харуулж, албан үүргээ хангалттай сайн биелүүлсэн тул Спортын бэлтгэлийн төвийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу байнгын ажлын байранд хугацаагүй байгуулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 56 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүний дагуу Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрэм, бүтэц орон тооны хязгаарыг баталсан. Энэхүү тушаал гарснаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 2015 оны 1 дүгээр тушаалаар сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, спортын эрүүл мэнд, хооллолт судлалын судалгааны ажилтны албан тушаалд томилогдож 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн байнгын ажлын байранд хугацаагүй байгуулсан. Гэтэл Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны үндэслэсэн боловч мөн хуулийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж хуульд заасан хугацаанд ажилтанд мэдэгдэлгүй, ямар нэгэн хэлэлцээ хийлгүйгээр нийт 6 хүнийг албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд байна. Орон тоо хасагдаагүй байхад бүтцийн өөрчлөлт нэрийн дор энэхүү тушаалаараа 6 хүнийг ажлаас чөлөөлж мөн тооны хүнийг ажилд томилж байгаа нь Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал өөрийн хүмүүсийг хууль бусаар ажилд томилсон гэж ойлгогдож байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ гаргаж байна. Нэхэмжлэгч намайг үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийн харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын өрийг төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2015 оны 56 дугаар тогтоолоор тус байгууллагын нэрийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн, Эрүүл мэнд, спортын сайдын 67 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Захирлын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1 дүгээр тушаалаар Э.Н нь Спортын эрүүл мэнд, хооллолт судлалын судалгааны ажилтны албан тушаалд 3 дугаар сарын 5-ны өдрөөс томилогдон ажилласан. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/88 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Шинэ бүтцээр Э.Н-ийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухай хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан байдаг учир үндэслэлгүй халсан гэж үзэхгүй байна. Бүтэц орон тоо өөрчлөгдсөний улмаас ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 1 сарын тэтгэмж олгох Захирлын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/191 дугаар тушаал батлагдан гарсан. Э.Н нь Газар зүй-Биологийн багш мэргэжилтэй учир ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй бөгөөд шинээр батлагдсан бүтэц орон тоон дээр ажиллуулах боломжгүй байна. гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.Н-ийг ЭМСЯ-ны харьяа БТСХТ-ийн Спортын эрүүл мэнд, хооллолт судлалын судалгааны ажилтны ажилд эргүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөсажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 113 325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 30 627 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчЭ.Н-ийн болон хариуцагч ЭМСЯ-ны харьяа БТСХТ-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЭМСЯ-ны харьяа БТСХТ-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар хариуцагч ЭЭМСЯ-ны харьяа БТСХТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 48 763 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.
Иргэн Э.Н-ийг Сургалт хариуцсан мэргэжилтнээс Спортын эрүүл мэнд, хооллолтын судлалын судалгааны албан тушаалд томилсон 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын №01 тоот тушаалын үндэслэлийн нэг нь “Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 67 дугаар тушаал” байдаг.
Уг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 67 дугаар тушаалаар “Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” шинээр бий болсон ажлын байранд Э.Насанхишгийг томилсон болно.
Харин сайдын энэхүү 67 дугаар тушаалыг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А88 дугаар тушаалын 3 дах заалтаар хүчингүй болгож, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлахдаа Э.Н-ийн ажиллаж байсан Спортын эрүүл мэнд, хооллолтын судлалын судалгааны албан тушаалын ажлын байр үгүй болсон тул Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаар тушаал батлагдсан.
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар Э.Н-ийг томилсон 2015 оны 01 дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл дээрх тушаалууд нь өөр хоорондоо хууль зүйн үндэслэлүүдээр шууд уялдаа холбоотой бөгөөд Э.Н-ийн ажлын байр үгүй болсон шинэ бүтэц батлагдсан, мөн үгүй болсон ажлын байранд томилсон 2015 оны 01 дүгээр тушаал нь хүчингүй болсон нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ажил томилсон тушаалыг хүчингүй болсныг мэдэж байсан боловч энэ талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байдаг.
Хариуцагч талаас дээр дурдсан тушаалуудын хууль зүйн үндэслэл, шалтгаант холбоо зэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж, нотлох баримтын хүрээнд мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх хэт нэг талд шийдвэрийн үндэслэлээ гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа Эрүүл мэнд, Спортын сайдын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан бөгөөд шинэ бүтцээр Э.Н-ийн ажиллаж байсан ажлын байр үгүй болж орон тоо нь хасагдсан гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.” зэргээр нотлох баримтыг эргэлзээгүй талаас дүгнээгүй байна.
Гэтэл А/88 дугаар тушаалаар батлагдсан Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн бүтэц, орон тооны хязгаар нь өөрөө Э.Н-ийн ажиллаж байсан Спортын эрүүл мэнд, хооллолтын судлалын судалгааны ажилтны ажлын байр үгүй болсныг нотлох нотолгооны өндөр ач холбогдолтой баримтыг шүүх үнэлээгүй атлаа “тайлбараа баримтаар нотлоогүй” хэмээн хариуцагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч маргаж, шүүх тухайн үйл баримтыг буюу уг тушаалыг гаргах үеийн үндэслэл шаардлагын талаар дүгнэж шийдвэрлэх байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/208 дугаар сайдын тушаал дээрх Б/29 дугаар тушаалыг гаргахад нөлөөлөх үндэслэлд байгаагүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр №00229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч ЭМСЯ-ны харьяа БТСХТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Хариуцагч ЭМСЯ-ны харьяа БТСХТ-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2007 оны 354, 2014 оны 332, 2015 оны 56 дугаар тогтоол, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/88 дугаар тушаал, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дүрмийн 4.9.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Э.Н-ийг Спортын эрүүл мэнд, хооллолт судлалын судалгааны ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /хэргийн 95-96 дугаар тал/
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болсон нэхэмжлэгчийн ажлын байрыг хассан гэх тус төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/88 дугаар тушаал хэрэгт авагдаагүй байх боловч хариуцагч нь ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэлгүй 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр буюу орон тоо хасагдсан тушаал гарснаас 1 хоногийн дараа түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.
Хариуцагч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Э.Н-ийг Спортын эрүүл мэнд, хооллолт судлалын судалгааны ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/88 дугаар тушаалыг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/208 дугаар тушаалаар хүчингүй болгож, түүний ажлын байр 3 сарын дотор дахин бий болсныг хариуцагч үгүйсгээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл бий болсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. /хэргийн 48 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР