| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2017/0019/З/ |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 00022
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би Арбулаг сумын 5 дугаар багийн иргэн Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан Лхасүрэнгийн Бямбасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж, шалгалт өгсөн онооны жагсаалтаар 2-т орсон юм. Нэгдүгээр байранд Лхасүрэнгийн Бямбасүрэн нь бакалаврын дипломгүй бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтанд орох эрхгүй байсан гэж үзэж Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гэтэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Арбулаг сумын шуудангаар миний бичсэн гомдлын хариуг ирүүлсэн. Уг албан бичигт: Монгол Улсын Их сургуулийн Завхан аймаг дахь салбар сургуулийн Сургалтын албаны даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 218 тоот албан бичиг бүхий тодорхойлолт, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайханы 2015 оны 02 дугаар сарын10-ны өдрийн 07/13 тоот албан бичиг, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 85 дугаар тушаал, мөн сургуулийн магистр, докторын албаны менежер О.Батдолгорын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17/19 тоот албан бичиг бүхий тодорхойлолт зэргээс үзвэл Лхасүрэнгийн Бямбасүрэн нь Завхан аймаг дахь Эдийн засгийн сургуулийг 1994-1998 онд эчнээгээр эдийн засаг мэргэжлээр төгссөн, Монгол Улсын Эрдмийн ИХ сургуульд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр магистрын зэрэг хамгаалсан байна. Иймд таны өргөдөлд дурдсан Л.Бямбасүрэнгийн боловсролын баримт бичигтэй холбоотой асуудал нь үндэслэлгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын28-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан Л.Бямбасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Одоо миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбаа нь Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан Лхасүрэнгийн Бямбасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Бямбаа нь дээрх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан Лхасүрэнгийн Бямбасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бямбаа нь тус шүүхэд гаргасан “Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан Лхасүрэнгийн Бямбасүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН