Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0245

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           Х.У-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантулга нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийдвэртэй Х.У-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.У-ийн гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдлийг олгуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.У-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.У-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.У давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээр барахгүй шаардлагаас хальсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргасанд маш их гомдолтой байна.

Хавтаст хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын үүдэнд хальт гишгэснээс үүдэн хөлийн шагай хугарсныг ГССЗТ-д оношлуулан Төрийн албан хаагчийн эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хяналтад орж шат шатны эмч нарын зөвлөгөөний хурлаар орж магадалгааг сунгуулсаар 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр магадалгааг дуусгавар болгон лист бичигдсэн баримт авагдсан байдаг. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг огт дүгнээгүйгээс өвчтэй байхад ажлаас халсан гэх үндэслэлийг үгүйсгэн төрийн байгууллагын талд шийдвэрийг гаргасан болно.

Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь эмнэлгийн хяналтад эмчийн магадалгаатай байх үед гарсан шийдвэр бөгөөд сонсох ажиллагаа гэж хэлэлгүй утсаар ирэх боломжтой эсэхийг асуугаад өвчтэй байна гэснийг хариуцагч тал нотлон тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлсээр байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүйгээр буюу өвчтэй байсаар байхад ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийг ч ноцтой зөрчсөн үйлдэл болдог. Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газар нь төрийн тусгай алба буюу үр дүнгийн гэрээгээр дүгнэдэг хэдий ч энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой гэж үзэж байна. Гэтэл тусгайлсан хуулийг буюу хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг огт хэрэглэлгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар томилогдоод 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс дээр ажил хүлээж авсан. Өмнөх саруудын баримтуудыг аудитад шалгуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар ахлах нягтлан бодогч болгосон үеийн ажлын байрны тодорхойлолт бөгөөд өмнө нь тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж байх үеийн ажлын байрны тодорхойлолтоос өөр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл жилийн эцсийн тооллого хийгээгүй, хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй нь миний буруутай үйлдэл гэснийг би зөвшөөрөхгүй. Учир нь тооллого хийхийн тулд заавал даргын тушаалаар комисс томилогдон ажиллах ёстой бөгөөд миний тооллогын бүртгэлийг данс бүртгэлд тулгаж зөрүүг тооцож баталгаажуулах байтал огт ажиллаагүй комиссын үүргийг надад тохсон нь үндэслэлгүй байна. Дахин үнэлгээний асуудал ч гэсэн дээрхитэй ижил зарчмаар явах ёстой. Зүй нь комиссоо ажиллуулаагүй даргын буруутай үйлдлийг надад тохсон гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээртэй шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхилоо.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах нэмэгдэл олгуулах, Сонгоинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Сонгоинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Х.Удавж заалдах гомдолдоо “ ... лист хэрэгт авагдсан байхад шүүх энэ нотлох баримтыг огт дүгнээгүй, өвчтэй байхад ажлаас халсан үндэслэлийг үгүйсгэсэн шийдвэр гарсан, сонсох ажиллагаа хийгээгүй ажлаас халсан, тусгайлсан зохих хууль тогтоомжийг огт хэрэглээгүй, ахлах нягтлан болон тооцооны нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт өөр, огт ажиллаагүй комиссын үүргийг надад тохсон нь үндэслэлгүй, жилийн эцсийн тооллого, хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй нь миний буруутай үйлдэл биш” гэжээ.

Маргаан бүхий 2019 оны б/327 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг тус тус үндэслэн Төрийн аудитын дүгнэлтээр “Хязгаарлалттай” санал дүгнэлт авч албан тушаалын үүргээ хангалтгүй биелүүлсэн нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн ахлах нягтлан бодогч, дэд ахлагч Х.У-ийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн б/1164 дүгээр тушаалаар Х.У-ийг тус ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн номын санч, нярав, дэд ахлагчийн ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст нягтлан бодогчоор томилсон.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн тайланд аудитын хяналт шалгалт хийж, тус газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 374 дүгээр албан бичгээр тус онцгой байдлын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төслийн гүйцэтгэлд хийсэн тайлангийн аудитаар “хязгаарлалттай санал дүгнэлт” гаргажээ.

Уг дүгнэлтэд тусгагдсан “үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийж, санхүүгийн тайланд тусгаагүй, эд хөрөнгийн тооллого зохион байгуулаагүй” гэх зөрчлүүдийн тухайд ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн мэдээг цаг тухайд нь гаргах, хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байхаар тусгагдсан, мөн хариуцагчийн төлөөлөгчийн “... Онцгой байдлын бүх байгууллага үндсэн хөрөнгийг дахин үнэлэхээр болж, нягтлан бодогч нартаа сургалт зохион байгуулахад Х.Уранцэцэг оролцсон, энэ талаар сайн мэдэж байсан боловч ганцхан энэ дүүрэг дээр хийгдээгүй байснаас Хязгаарлалттай дүгнэлт гарсан” гэх тайлбар зэргээр “албан үүргээ биелүүлээгүй” болох нь тогтоогдож байх тул “миний ажлын байрны тодорхойлолтод байхгүй, надад хамаагүй асуудлаар албан үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “... эмчийн магадлагаагаар ... чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан бөгөөд хэрэгт авагдсан цалингийн карт, ажлын цагийн тооцоо хүснэгтээс үзэхэд Х.У нь 2019 оны 03, 04 саруудад ажиллаж, цалингаа авсан, байгууллагадаа өвчтэй байгаагаа мэдэгдэж, эмнэлгийн магадлагаагаа өгөөгүй нь тогтоогдож байх тул “өвчтэй байхад ажлаас халсан байхад Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Мөн давж заалдах гомдолдоо “... ажлаас халахдаа сонсох ажиллагаа хийгээгүй” гэх боловч хэрэгт авагдсан маргаан бүхий б/327 дугаар тушаалын төсөл[1], уг тушаалын төслийг нэхэмжлэгч Х.У-т 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас[2]-аар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн байх тул энэхүү гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны Б/09 дүгээр тушаалын дагуу нэхэмжлэгч Х.У өөрийн цалингаас суутган тооцож байснаас үзвэл тухайн үед тушаалыг мэдсэн гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв атлаа уг акттай холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, маргаан бүхий 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг Б/03 дугаар гэж алдаатай бичсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

 

 

 


[1] 1-р хавтас 28 хуудас

[2] 2-р хавтас 29 хуудас