Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 000064

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Батсайхан, Б.Батцэнгэл нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                          Хэргийн индекс 142/2017/0099Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:           

 

         Прокурор                                                       Ц.Мөнхтуяа

          Шүүгдэгч                                                       Б.Батцэнгэл

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Н.Дэмбэрэлдагва

          Хохирогч                                                       Б.Батсайхан

          Хохирогчийн өмгөөлөгч                            Х.Ундрах-Оргил

          Нарийн бичгийн дарга                               Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолтой Дагвадоржийн Батсайхан, Батсайханы Батцэнгэл нарт холбогдох, 201606000196 дугаартай, эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2в-17-05 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ГЖ-63010711 регистрийн дугаартай, Дэмбэрэл овгийн Давгадоржийн Батсайхан,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн эмнэлгийн мэс заслын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 15 дугаар хороо 27-19 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ГЖ-87121013 регистрийн дугаартай, Дэмбэрэл овгийн Батсайханы Батцэнгэл.

 

Шүүгдэгч Д.Батсайхан, Б.Батцэнгэл нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Батсайханыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1.т зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Дэмбэрэл овогт Батсайханы Батцэнгэлийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар шүүгдэгч Д.Батцэнгэлийг 2 жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Д.Батцэнгэлд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Батсайханд олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.т зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд оногдуулсан 2 жил хорих ял тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэнгэлд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Тухайлбал: мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батсайхан нь: ...2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Ганболд, Чимгээ хоёр намайг дуудсан, тэгээд очиход Д.Батсайхан байсан, Д.Батсайханыг эхнэр нь авч явах гээд чадаагүй орхиод гарсан, Д.Батсайхан тэд нар бүгд архи уусан байсан, ширээн дээр “Грейгус” нэртэй архины шил байсан, Д.Батсайхан агсам тавьж эхэлсэн. Би ажлаа авч чадсан юм чи өгч сур гэж хэлсэн, Д.Батсайхан агсам тавиад босч ирэхэд нь түлхээд суулгасан, тэгээд Д.Батсайхан гараад явсан, тэгтэл удаагүй хүүхэдтэйгээ орж ирээд намайг зодсон, Д.Батсайхан намайг боож унагаасан, би ухаан алдаад тэгээд сэрэхэд тэнд байсан хүмүүс зугтаасан байсан. Б.Батцэнгэл орж ирээд алаад өгнөө л гээд цохисон, намайг харахад энэ залуу сандал бариад далайж байсан.

 

Д.Батсайханыг гараад явахад харих гэж байна гэж бодсон тэгтэл эсрэгээрээ хүүхдээ дуудах гэж гарсан юм билээ. Намайг зодож байхад хажуунаас дэвссэн байгаа шүү дээ, намайг цохих үед Д.Батсайхан араас боосон тэгээд ухаан балартсан гэх,

 

гэрч Б.Чинчулуун: ...орлогч даргын өрөөнд ороход Б.Батсайхан захирлын хоолойг нь иргэдийн хурлын дарга Д.Батсайхан гараараа хүзүүдэж буйдан сандал дарсан байдалтай, харин хүү нь гэх залуу нь дээр гарчихсан гараараа толгойн тус газар нь цохиж байсан, тэгээд би Д.Батсайхан даргын хүүг хойноос нь биенээс татаж салгасан, тэгээд Д.Батсайхан захирлаас салгах гэхэд чи хэн бэ гэж асуухад нь Б.Батсайханы жолооч нь байна гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Б.Батсайхан даргын хоолойг боосон гараа суллахад нь би Д.Батсайханыг гараас нь татаж Б.Батсайханаас салгасан гэх,

 

гэрч А.Ганболд: ...тэр үед Д.Батсайхан өрөөнөөс гараад явсан, удалгүй өөрийн хүүгийн хамт орж ирсэн, Д.Батсайханы хүү нь миний аавыг юу болгочихвоо, яахчихваа гээд орилж орж ирэхэд Д.Батсайхан, Б.Батсайхан руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Батсайханы хүү очоод ноцолдоод байсан, тэр үед нь би Д.Батсайханы хүүг барьж тэвэрч авсан гэх,

 

гэрч Б.Баттулга... орлогч даргын өрөөнд ороход Ганболд дарга Батцэнгэлийг хориглочихсон урдуур нь хаасан байдалтай, Д.Батсайхан дарга Б.Батсайхан даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Батсайханыг татаж аваад өрөөнөөс нь гарсан юм гэх мэдүүлгүүдээр Д.Батсайхан нь Б.Батцэнгэлтэй бүлэглэн Б.Батсайхан зодож гэмтэл учруулсан болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.Батцэнгэлийн өгсөн мэдүүлгийг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотолж мэдүүлэх үүрэггүй гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бусад бичгийн / хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд гэх мэт / нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үйгүйсгэсэн болох нь тодорхойгүй, ганцхан шүүгдэгч Б.Батцэнгэлийн мэдүүлгийг дурдсан нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн шинжээчийн 10834 дугаартай дүгнэлт... Б.Батсайханы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн хананы далд хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, шарх зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар шанаа баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна.

 

Шинжээчийн 1313 дугаартай давтан дүгнэлт ...шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10834 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Б.Батсайханы биөд баруун шаант ёсны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлт тус тус хамаарна,...

 

Шинжээч эмч Б.Ундармаа ... уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл биш гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч С.Чулуунсүх... зургууд дээр баруун шаант ясны дээд булуунд ташуу зөрөөгүй хугаралтай давтан авсан зурагт дээрх хугарал бороолт эдгэсэн архаг өөрчлөлтөнд орсон байсан, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Люкс мед эмнэлгийн МР1 зурагны хариуд шаант ясны булуунд субхандрал уйланхайд өөрчлөлтөй гадаргуу мөгөөрс эвдрэл үүссэн гэсэн нь дээрхи өөрчлөлтийг илрүүлэн баталсан байна гэх бичгийн нотлох баримтуудаар хохирогчийн биед олон удаагийн, хэд хэдэн үйлчлэлийн улмаас гэмтэл учирсан, энэ нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна гэсээр байхад шүүх хохирогчийн баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд гэмтэл нь шүүгдэгч Батцэнгэлийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж буруу дүгнэж, хууль зөрчиж тогтоол гаргасан.

 

Дээрх дүгнэлт: Б.Батсайханы биед баруун шаант ёсны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлт тус тус хамаарна гэснээс харахад уг гэмтлийг 2 ба түүнээс дээш хүний гараар, хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн нь мөн тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасан “ Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцтгэгч” гэнэ гэх талаар хуульчилсан.... тэгвэл хэргийг бүхэлд нь авч үзвэл Д.Батсайханы үйлдэл буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр үйлдлийн арга, сэдэлт тодорхой байдаг байхад шүүх үндэслэлгүй зүйлчлэлийг өөрчилсөн ба шийтгэх тогтоолдоо үндэслэлийг тусгаагүй.

 

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 7212 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ... Д.Батсайханы хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцсанд цус мэт зүйл илэрсэн, уг илэрсэн цус нь Б.Батсайханы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 7213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ... Д.Батсайханы хэрэг болох үед зүүж байсан гэх хар өнгийн төмөр хүрээтэй, хуванцар гартай нүдний шилэн дээр илэрсэн цус нь Б.Батсайханы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлтүүдээс үзэхэд Д.Батсайхан нь хохирогч Батсайхан зодож байх үед буюу сандлаар цохиулахад ойр байсныг илтгэж байна.

 

Мөн хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-н 15-18, 67-72, 75-76, 87,130- 132,137-138,142, хохирогч Б.Батсайханы өвчтний түүх хх-н 89-98,105-113,119-126, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хар өнгийн сандал хх-н 39, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хх-н 13-14 баримтуудаар хохирогч Б.Батсайханыг сандалаар зодож гэмтэл учруулсан нь тогтоогддог, гэрэл зургаас хохирогчийн биеийн хэсэг газрыг харвал ташуу, хөндлөн эд зүйлээр цохигдсон ул мөр тодорхой харагддаг. Д.Батсайхан, Б.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг болон хяналтын харьяаллыг өөрчлүүлж, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт шилжүүлсэн нь Д.Батсайхан гэмт хэрэг үйлдэх үед Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан үүргийг хашиж байсан, мөн гэрчээр мэдүүлэг өгсөн А.Ганболд, Чимэгээ нар нь хамтран ажиллаж байсан, хууль хяналтын байгууллагатай холбоотой ажилладаг үүднээс гадны нөлөөнд автаж, хэргийг бодитой шийдвэрлэхэд саад учруулна гэж үзсэн.

 

Анхан шатны шүүх илтэд хууль буруу хэрэглэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй / Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1, 321 дүгээр зүйлийн 321.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн / - шийтгэх тогтоол гаргасан нь гадны нөлөөнд автсан байх магадлалтай гэж үзэхэд хүргэж байна. Иймд хууль буруу хэрэглэж зүйлчлэл өөрчилсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичив.

 

Шүүх “Хохирогчид учирсан баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь шүүгдэгч Б.Батцэнгэлийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Батсайханыг бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, шүүгдэгч Д.Батсайханы үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болох: Хохирогч Б.Батсайханы мэдүүлэг: ....Тэгээд Чимгээ, Ганболд нарыг явъя гэж хэлээд байж байтал Д.Батсайхан өрөөнөөс гараад явсан, бид нар гарах гээд байтал Д.Батсайхан өөрийнхөө хүү гээд нэг залуугийн хамт орж ирсэн, Тэр үед Д.Батсайханы хүү гэх тэр залуу надад хандаж “чи муу миний аавтай маргалддаг хэн бэ ална чамайг гээд ширээ дагуу байрлаж байсан хар өнгийн сандал аваад миний толгойн тус газарт цохих үед нь би гараараа хаагаад буйдан сандал дээр хойшоо унасан. Тэр үед Д.Батсайхан над руу дайраад гараараа хүзүүдэж дараад хоолой боосон.

Тэгээд нэг мэдэхэд манай жолооч ороод ирчихсэн би буйдан сандал дээр сууж байсан. Миний хамар мурийсан, нүдний ухархайн яс хугарсан. чихний хойд талд зүсэгдсэн, баруун хөлний өвдөг гишгэж болохгүй хөндүүрлэсэн, 2 гар нэлэнхүйдээ хөхөрч няцарсан, толгой өвдсөн байдалтай байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Чинчулууны мэдүүлэг: Тэгээд орлогч даргын өрөөнд ороход Б.Батсайхан захирлын хоолойг нь иргэдийн хурлын дарга Д.Батсайхан гараараа хүзүүдэж буйдан сандал дээр дарсан байдалтай харин хүү нь гэх залуу дээр нь; гарчихсан гараараа толгойн тус газарт нь цохиж байсан. Тэгээд би Д.Батсайханы хүүг хойноос биенээс нь татаж хажуу талын буйдан руу түлхэж холдуулсан. Д.Батсайханыг захирлаас салгах гэхэд “чи хэн бэ" гэж надаас асуухад нь би жолооч нь байна гэж хэлээд даргын хоолойг боосон гараа суллахад нь би Д.Батсайханы гарнаас нь татаж Б.Батсайханаас салгасан. Тэр үед захирал гийн түшлэг дээр нүүр хэсгээрээ доошоо хараад хэвтэж байхаар нь эргүүлэхэд нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон хоолой нь хэржигнэж дугарч байгаад нэг амьсгаа аваад зүгээр болсон юм гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Ганболдын мэдүүлэг: …Удалгүй Б.Батсайхан өөрийн хүүгийн хамт орж ирсэн. Д.Батсайханы хүү нь “миний аавыг юу болгочиховоо, яачихаваа” гээд орилж орж ирэхэд Д.Батсайхан, Б.Батсайхан руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Батсайханы хүү очоод зууралдаж ноцолдоод байсан. Тэр үед нь би Д.Батсайханы хүүг барьж аваад буйдан дээр тэвэрч аваад суусан юм. Тэр үед 2 Батсайхан буйдан сандал дээр ноцолдоод байсан ...,Д.Батсайханы хүү ямар нэгэн эд зүйл барьж Б.Батсайханыг зодсон зүйл байхгүй, тэр 3 л барьцалдаж аваад ноцолдсон гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баттулгын мэдүүлэг: ...Батсайхан хүүгийнхээ хамт өрөөнөөс гараад явахад доошоо буугаад явж байна гэж бодоод хаалгаа түгжээд гарахад орлогч даргын өрөөнд бөөн дуу сонсогдсон юм. Гүйгээд ороход хойноос АЗЗА компанийн даргын жолооч болон тамгын газрын жижүүр орж ирсэн. Орлогч даргын өрөөнд ороход Ганболд дарга Батцэнгэлийг хориглочихсон, Д.Батсайхан дарга Б.Батсайхан даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Батсайханыг татаж аваад өрөөнөөс гарсан юм гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10834 тоот дүгнэлт,хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаас өөр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүх Д.Батсайханы үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо гэрч А.Ганболд, Б.Баттулга нарын мэдүүлгүүдээс иш татаж хохирогчийн Д.Батсайханд зодуулсан гэх мэдүүлгийг үгүйсгэсэн боловч шүүх эмнэлгийн 2 удаагийн дүгнэлт болон шүугдэгч Б.Батцэнгэлийн “Би Батсайхан ахын нүүрэнд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, харин хөлөнд учирсан гэмтлийг зөвшөөрөхгүй. Аав Батсайхан ах 2 зууралдаж байхад зөөлөн эдийн гэмтэл учирч болох байх" гэх мэдүүлэг.

 

Хохирогч Д.Батсайханы “Д.Батсайхан намайг зодох шалтгаан байхгүй. намайг зодож байхад хажуунаас дэвссэн” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн 10834 тоот дүгнэлтэнд хохирогч Б.Батсайханы нүүрэн тус газарт олон тооны гэмтэл буюу зүүн нүдний зовхи, хацар, шанаанд учирсан гэмтэл нь 1 удаагийн цохилтоос үүссэн эсэх, мөн Б.Батцэнгэлийн хохирогчид учруулсан гэх баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарлыг хэзээ, хэрхэн, яаж учруулсныг шүүх дүгнээгүй атлаа Б.Батцэнгэл нь Б.Батсайханыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Д.Батсайхан нь хохирогч Б.Батсайханыг буйдан сандал дээр ухаан алдтал нь хүзүүгээр нь дарж байхад шүүгдэгч Б.Батцэнгэл зодсон нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1.д заасан “Гэмт хэргийг санаатай үйлдэхэд 2 буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ" гэж заасныг үндэслэж Д.Батсайхан, Б.Батцэнгэл нарыг бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэж байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна..., шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Батсайханы  өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны буюу Чингэлтэй дүүргийн прокурор Д.Булганцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас

 

Шүүгдэгч Д.Батсайхан, Б.Батцэнгэл нарыг бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Б.Батсайханыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1.т заасныг баримтлан шүүгдэгч Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөн зүйлчилж, Д.Батцэнгэлд 2 жил хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Хэргээс үзвэл Сонгуулийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Булган аймгийн иргэдийн төлөлөгчдийн хуралдаан болж иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Батсайхан ажлаа өгөх гэж байсан ба орлогч дарга Чимгээгийн өрөөнд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд, шүүгдэгч Д.Батсайхан нарыг байхад хохирогч Б.Батсайхан гаднаас орж ирээд тэдний хооронд намын шинэчлэлтэй холбоотой маргаан үүсэж хохирогч Б.Батсайхан шүүгдэгч Д.Батсайхан нар маргалдаж цохилцсон ..., ...шүүгдэгчийг гараад буцаж орж ирэхэд нь хүү Б.Батцэнгэл гаднаас цуг орж ирээд аавынхаа нүүрэн хэсэгт цус гарсан байсан учир “...аавыг хэн ингэсэн бэ...” гэхэд хохирогч Б.Батсайхан “ би тэгсэн” гэж хэлсэнээс шүүгдэгч Б.Батцэнгэл хохирогч Б.Батсайханыг нүүрэн тус газар нь цохисон байна.

 

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

-Шүүгдэгч Д.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

-Би Булган аймгийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд тэр өдөр нь аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдаан болсон...., Орой нь Чимгээ даргын өрөөнд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ганболд бид 3 намын шинэчлэлийн талаар ярилцаж байхад Б.Батсайхан орж ирсэн..., түүнийг хэн дуудсаныг мэдэхгүй...., Бид хоёр намын шинэчлэлээс болж маргатал Б.Батсайхан миний нүүр рүү цохиж нүдний шил унагасан...., Энэ үед манай жолооч намайг авч гарсан..., өрөөндөө ортол хүү намайг авах гээд ирсэн байсан.., би тухайн үед архи уугаагүй ...,

 

 Би Батсайханыг цохиогүй, барьж байгаад хүүгээрээ зодуулаагүй..., хүү намайг өмөөрөөд  миний цусыг хараад Б.Батсайханы нүүрэн тус газар нь цохисон нь үнэн..,. Тэгээд  нь би Б.Батсайханыг, Ганболд манай хүүг барьж хоёр тийш нь салгасан..., Хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг манай хүү цохисон нь үнэн..., Харин хөлөнд нь хүрээгүй учир хөлний гэмтлийг учруулаагүй..., дахин шинжилгээ хийлгэх гээд хүсэлт гаргаж байсан..., Б.Батсайхан тэр өдөр доголж барьсан, таягтай явж байсан зүйл огт байхгүй байсан. ..,Би боож унагаасан, сандлаар цохисон асуудал огт болоогүй. Харин Б.Батсайхан миний дух руу эхэлж цохиод цус гаргасан нь үнэн.., Энэ маргаан үүнээс эхэлсэн гэж бодож байгаа..., Духнаас цус гарч шалбарсан байсан. ..,Нүдний шил, цамц хоёр Б.Батсайханы гараар дамжин шинжилгээнд явсан тул шинжилгээний дүгнэлтийг эргэлзээтэй гэж бодож байна...,  гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

 Тэр өдөр би хотоос Булган аймагт ирсэн. ...Аав тэр өдөр ажлаа хүлээлгэж өгнө гэж байсан..., Оройтоод ирэхгүй болохоор нь ажил дээр нь авах гээд очиход өрөөндөө жолоочийн хамт цусаа арчаад сууж байсан..,. Тэгээд би хэн ингэвээ тэр хүнтэй чинь уулзъя гээд гарсан. ...Аав миний араас гарч ирсэн.., Өрөөнд ороод аавыг хэн ингэсэн бэ гэхэд Б.Батсайхан ах “би тэгсэн” гэсэн...., Уг нь аав нүдний шилээ авах гэж орсон..., Нүдний шилээ асуухад Батсайхан ах “авахгүй юу” гээд босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь цохисон нь үнэн..., Тэгтэл Ганболд ах намайг бариад  аав Б.Батсайхан ахыг бариад авсан..., Энэ үед гаднаас Тулгаа, Чинчулуун нар орж ирсэн..., Би Б.Батсайхан ахад учирсан нүүрэн дэх гэмтлийг хүлээн зөвшөөрнө.., . Харин хөлөнд нь учирсан гэмтлийг зөвшөөрөхгүй. Уг нь өвдгөнд гэмтэл тийм амархан учрахгүй бөгөөд ийм гэмтэлтэй үед хөлөөрөө яваад байж чадахгүй.

Аав, Б.Батсайхан ах хоёр зууралдаж байхад зөөлөн эдийн гэмтэл учирч болох байх..., Шинжилгээний дүгнэлтээр хугарал гэсэн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Би аавтайгаа бүлэглэсэн зүйл байхгүй...,. Харин би нүүрэн тус газар нь цохисноо хүлээн зөвшөөрнө..., Хөмсөгнөөс нь цус гарсан. Гэхдээ араас нь дайраад босоод сандлаар цохисон зүйл байхгүй..., Би тухайн үед уурласан байсан боловч сандлаар цохиж зодоогүй..., Хохиролд 10.241.000 төгрөгийг нэхэмжилснийг хоёр хувааж өгсөн. Аав маань элэгний хавдартай болсон..., Эгчийн маань хүүхэд бие нь муу байгаа, би өөрөө бага насны хоёр хүүхэдтэй зэрэг миний ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү... гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Тэр өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал болж би хуралд суусан..., Хүүхдүүд хотоос ирсэн байсан учир би хурлыг орхиж гарсан..., Орой нь Ганболд, Чимгээ хоёр над руу ээлжлэн залгаад хүрээд ир гэсэн..., Тэгээд намайг очиход Д.Батсайхан байсан...., Д.Батсайхан эд нар бүгд архи уусан байсан..., Ширээн дээр “Грейгус” архины шил байсан..., Энэ үед Батсайхан би ажлаа авч чадсан юм чинь ажлаа өгч чадах хэрэгтэй гэж хэлсэн...,тэгээд Д.Батсайхан агсам тавиад босч ирэхэд нь би түлхээд суулгасан...,

 

Тэгээд Д.Батсайхан гарч яваад удалгүй хүүхэдтэйгээ орж ирээд намайг зодсон..., Д.Батсайхан намайг боож унагаасан...., хүү Батцэнгэл нь орж ирээд алаад өгнө өө л гээд цохисон...,   Намайг харахад энэ залуу сандал бариад далайж байсан..., Эхэлж Булганы эмнэлэгт үзүүлээд, дараа нь Эрдэнэтэд ирж үзүүлсэн..., Тэгээд хот руу явж үзүүлэх хэрэгтэй гэхээр нь хот руу явсан. ..,Миний хөлний баруун шаант яс дээрээсээ доошоо хугаралтай байна гэсэн...,  Би “Сонгдо” эмнэлэгт үзүүлээд дараа нь мөрдөн байцаагчийн зааж өгсөн “Грандмед” эмнэлэгт үзүүлсэн...,

 

Д.Батсайхан орж ирээд миний өмнө зогсохоор нь за агсам тавих нь дээ гэж байтал энэ залуу цаана байсан сандал аваад намайг цохьчихсон...,Миний хувьд Д.Батсайханд гар хүрээгүй би эрүүл байсан...,. Хохиролд 10.241.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Одоо биеийн байдлын хувьд нүдний хараа муудсан...,мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Д.Батсайхан бид хоёр нэг намын хүмүүс харин найз нөхөд биш..., Өрөөнд байхад маргаад босч ирэхэд суу гээд түлхэж суулгаж байхад нүдний шил нь унасан байх..,. Урьд нь миний хөл зүгээр байсан. Эмнэлэг дээр очсоны дараа хөл гишгэж болохгүй болсон..., хөлөндөө бэхэлгээ хийлгэсэн..., одоо эдгэсэн байгаа.

 

Харин нүдэндээ хагалгаа хийлгэнэ. Хагалгаа хийлгэх 2-3 газар сонгосон.., Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж бодож байна..,  Миний хувьд гомдолтой байна..., Д.Батсайхан нь 9 сарын дараа шүүх хурал дээр уучлалт гуйж байгаагаас харахад урьдныхаа хэргээс сургамж авсангүй гэж бодож байна..., гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч А.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2 Батсайхан хоорондоо үг сөргөлцөөд байсан..., Тухайн үед би өрөөнөөс орж гарч байсан учир юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй..., Тэгээд 2 Батсайханы дуу нь өндөрсөж чангарахаар нь ойртоод очиход Д.Батсайханы энгэр нь норчихсон, нүдний шил нь хэмхэрч тахийсан байдалтай газар байхаар нь би газраас нүдний шилийг нь аваад ширээн дээр тавьсан.., Тэр үед Д.Батсайхан өрөөнөөс гараад яваад удалгүй Б.Батсайхан өөрийн хүүгийн хамт орж ирсэн...,  Д.Батсайханы хүү нь “миний аавыг юу болгочиховоо, яачихаваа” гээд орж ирэхэд Д.Батсайхан, Б.Батсайхан руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Батсайханы хүү очоод зууралдаж ноцолдоод байсан..., Тэр үед нь би Д.Батсайханы хүүг барьж аваад буйдан дээр тэвэрч аваад суусан.., 2 Батсайхан буйдан сандал дээр ноцолдоод байсан..,. Д.Батсайханы хүү ямар нэгэн эд зүйл барьж Б.Батсайханыг зодсон зүйл байхгүй, тэр 3 л барьцалдаж аваад ноцолдсон...,  гэсэн мэдүүлэг, /х.хийн  48-р хуудас /,

 

-Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...орлогч даргын өрөө рүү ороход Д.Батсайхан дарга дээд талын цагаан буйдан сандал дээр суучихсан, дух хэсгээс нь цус гарчихсан түүнийгээ арчаад сууж байсан..,. Харин А.Ганболд дарга Б.Батсайханыг хориглочихсон нөгөө талын сандал дээр сууж байсан...,.Батсайхан хүүгийнхээ хамт өрөөнөөс гараад явахад доошоо буугаад явж байна гэж бодоод хаалгаа түгжээд гарахад орлогч даргын өрөөнд бөөн дуу сонсогдхоор нь  ороход хойноос “АЗЗА” компанийн даргын жолооч болон тамгын газрын жижүүр орж ирсэн..., Орлогч даргын өрөөнд ороход Ганболд дарга Батцэнгэлийг хориглочихсон /урдуур нь хаасан байдалтай/, Д.Батсайхан дарга Б.Батсайхан даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Батсайханыг татаж аваад өрөөнөөс гарсан гэсэн.., мэдүүлэг /хх.ийн  52 -рхуудас/,

 

-Гэрч Д.Чимгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 ...Хурал тараад А.Ганболд, Д.Батсайхан нар бүлгийнхэнтэйгээ уулзах гээд манай өрөөнд орж ирсэн..., Засаг дарга Эрдэнэбатын өрөөнд манай намын бүлгийнхэн уулзаж байтал гэрт зээ маань халуураад, ээжтэйгээ үлдээсэн байсан болохоор гэрлүүгээ санаа зовоод, гэрээс байн байн дуудлага ирээд ирэх болж байна уу гээд залгаад байсан. ..,Гэтэл Б.Батсайхан залгаад өрөөнүүд гэрэлтэй байна та нар наанаа юу хийж байгаа юм бэ гэхэд бүлгийнхэн уулзаж байна гэж хэлсэн..., тэр  өдөр Б.Батсайхан манай өрөөнд дурсгалын зүйл тавьсан байснаа авах гэж байгаа юм болов уу гэж бодоод эргээд залгаад юмаа авах уу? гэхэд танай өрөөнд хэн байгаа юм бэ гэхээр нь ерөнхийдөө тарж байна гээд А.Ганболд, Д.Батсайхан нар байна гэж хэлээд хуушуур идээд сууж байхад Б.Батсайхан гаднаас орж ирээд хурлын талаар яриад голдоо ширээтэй 2 талын буйдан дээр 2 Батсайхан, А.Ганболд бид 2 хурлын ширээний сандлыг татаад сууж байсан, мөн л гэрээс дуудлага ирээд ээжтэйгээ зээгийн халуурсныг, мөн маргааш ажпаа өгч магадгүй гэх мэтээр яриад эргэтэл миний хөлний хажууд нүдний шил унах шиг болохоор нь утсаар ярьж байснаа таслаад шилийг нь аваад юу яав гээд хартал “хурлын” Батсайханы шил байсан..., Батсайхан босоод юм дуугарахгүй гараад явсан. .., Утсаар ярьж байхад маргалдаад байх шиг дуу нь өндөрсөөд байсан ..., Ганболд энд тэнд унасан шилний хагархайг хамаж байсан. Би юу болов гэхэд тэр 2 нэг их юм яриагүй..., гэтэл гаднаас Хурлын Батсайхан хүүтэйгээ, жолоочтойгоо орж ирж харагдсан..., Хүү нь ”миний аавыг ингэдэг хэн бэ” гээд Батсайхан руу хурдтай очихоор нь би “хүүе чи залуу хүн байж юу болж байна” гээд араас нь татсан...,

Тэгээд утас дуугарч, дуу чимээ ихтэй байсан тул арын өрөө рүү орж ярьчихаад гараад ирэхэд бүгд дээр дээрээсээ бие биенийгээ салгаад байгаа юм шиг байдалтай байсан..., Тэгээд харахад цагаан буйдан цус болсон, Батсайханы нүүр цус болсон харагдсан. Хурлын Батсайханы духны гол хэсэгт цус гарсан байсан, цус доош их урсаагүй, хөмсөг рүүгээ гоожиж байсан..., Б.Батсайханыг харахад нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байсан..,  гэсэн мэдүүлэг, /хх.ийн  61-р хуудас /,

 

-Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 ...С.Чулуунсүх нь манай шүүх эмнэлгийн рентген зураг уншдаг шинжээч эмч байгаа юм. ..,Хувийн эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслээгүй өөрийн шинжээч эмч С.Чулуунсүхийн эмчийн хариуг үндэслэсэн.

Мөн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баруун өвдөгний үений MRI зургийг уншихад баруун шаант ясны дээд буланд ташуу зөрөөгүй хугаралтай гэснийг бас үндэслэсэн..., Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл биш ..,гэсэн мэдүүлэг /х.хийн  24-25 хуудас/,

 

-Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бүрэлдэхүүнтэй эмч нарын гаргасан 1313 дугаар дүгнэлтийн хавтаст хэргийн материалд авагдсан рентгэн КТГ, MRI зургуудийг уншиж хариуг бичиж өгсөн...,

 

 Дээрхи зургууд дээр баруун шаант ясны дээд булуунд ташуу зөрөөгүй хугаралтай давтан авсан зурагт дээрхи хугарал бороолт эдгэсэн архаг өөрчлөлтөнд орсон байсан. Рентген зургаар дээрхи өөрчлөлтүүд нарийн тодорхойлогдоогүй байж болно.

MRI зурагт тод харагдаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны “Люкс мед” эмнэлгийн “MRI” зурагны хариуд шаант ясны булуунд субхандрал уйланхайд өөрчлөлттэй гадаргуу мөгөөрс эвдрэл үүссэн гэсэн нь дээрхи өөрчлөлтийг илрүүлэн баталсан байна..., хариуг яаж үнэлэх эсэх нь эмчийн туршлага мэдлэгээс хамаарна миний зүгээс дээрхи өөрчлөлтийг гэмтлийн гаралтай үүссэн хугарлын өөрчлөлт гэж үнэлсэн..., Тэрнээс уг хариуг хугаралгүй гэж бичээгүй бороололт үүссэн хугарлын өөрчлөлтүүдийг тусгаж бичсэн байсан..., гэсэн мэдүүлэг /хх.ийн  26-27 хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10834 дугаартай :

 

- Б.Батсайханы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн хананы далд хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...,

 Дээрхи гэмтэл нь мохоо үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..,  цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт ,/хх-ийн  81-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 1313 дугаартай

... шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016.08.09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10834 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...., Б.Батсайханын биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананын хугарал, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний нулимсны суваг, нулимсны замын бөглөрөл, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн..,  

 

-Б.Батсайханы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

Зүүн нүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..., гэсэн дүгнэлт, /хх ийн 84-86-р хуудас/,  болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5042, 7221 дугаартай  шүүгдэгч болон хохирогчийн өмсөж байсан хувцасанд тогтсон цусанд шинжилгээ хийсэн дүгнэлт, 7215 , 7213 дугаартай  өрөөнд байсан сандал, шүүгдэгч Д.Батсайханы зүүж байсан нүдний шилэнд  тогтсон цусанд  хийсэн дүгнэлт,  хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтууд болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Д.Батсайхан хохирогч Б.Батсайхан нар маргалдсан, ноцолдсон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд харин хохирогч Б.Батсайханы биед учирсан гэмтлийг шүүгдэгч Д.Батсайханы хүү Б.Батцэнгэл учруулсан бөгөөд хохирогч Б.Батсайханыг шүүгдэгч Д.Батсайхан, Б.Батцэнгэл нар бүлэглэж зодсон гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж,  Д.Батсайханд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Батцэнгэлд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулжээ.

 

Мөн анхан шатны шүүх хохирогч Б.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохирол гэж нийт 10.241.000 төгрөг нэхэмжилж “Медипас” эмнэлэг толгойн СТ 192.000 төгрөг, Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, ХХ банк 170.000 төгрөг, 50.000 төгрөг, Улсын 3-р эмнэлэг нүдний 48.272 төгрөг, “Люксмед” эмнэлэг рентген оношлогоо 50.000 төгрөг, “Сонгдо” эмнэлэг MRI 802.750 төгрөг, “Сонгдо” эмнэлэг MRI 470.000 төгрөг, Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, “Медипас” эмнэлэг толгойн СТ, шинжилгээ 192.000 төгрөг, “Люксмед” эмнэлэг рентген 300.000 төгрөг, “Сонгдо” эмнэлэг үзлэг эмчилгээ, ор хоног, шинжилгээ хийлгэсэн 1.212.634 төгрөг, шатахууны зардалд /мөнгө тушаасан тасалбараар/ нийт 1.803.400 төгрөг, Бээжин цэргийн ерөнхий эмнэлгийн үзлэг, унааны зардал, буудлын хөлс 1.672.000 төгрөг, нийт 7.930.656 төгрөгний нотлох баримт ирүүлсэнээс.

- “Медипас” эмнэлэг толгойн СТ 192.000 төгрөг, Улсын 3-р эмнэлэг нүдний 48.272 төгрөг, “Люксмед “эмнэлэг рентген оношлогоо 50.000 төгрөг, “Сонгдо “эмнэлэг MRI 802.750 төгрөг, “Сонгдо” эмнэлэг MRI 470.000 төгрөг, “Медипас” эмнэлэг толгойн СТ, шинжилгээ 192.000 төгрөг, “Люксмед” эмнэлэг рентген 300.000 төгрөг, “Сонгдо” эмнэлэг үзлэг эмчилгээ, ор хоног, шинжилгээ 1.212.634 төгрөг, шатахууны зардалд /мөнгө тушаасан тасалбараар/ нийт 1.803.400 төгрөг, Бээжин цэргийн ерөнхий эмнэлгийн үзлэг, унааны зардал, буудлын хөлс 1.672.000 төгрөг, нийт 6.743.056 төгрөгний баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзээд ...,

 

Харин юуны төлбөр болох нь тодорхойгүй Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, ХХ банк 170.000 төгрөг, 50.000 төгрөгний баримтуудыг, мөн хавтаст хэргийн 232-234 дугаар хуудасд  авагдсан “Шунхлай” 10.000 төгрөг гэсэн баримтуудыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч Б.Батцэнгэл нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн нэхэмжилсэн 10.241.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан энэ талаар ямар нэг маргаангүй байна.

 

Иймд Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...хэргийг бүлэглэн үйлдсэн..., шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэлийг “олон удаагийн үйлчлэлээр”  мөн тухайн цаг хугацаанд үүссэн ...” гэдгийг тодорхой тусгасан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх “ гэсэн.., дээд шатын прокурор буюу Чингэлтэй дүүргийн прокурорын бичсэн “...Д.Батсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх ...” гэсэн эсэрүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэрэгт “...эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Батсайханд олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль /хх.ийн 39-р хуудас/ зэргийг эд мөрийн баримтаар хураан авч 2016 оны 10 сарын 27-ны өдөр хэрэгт хавсаргах тогтоол үйлдсэн байна.

 

Гэтэл хэрэг шүүхэд ирэхэд дээрх нотлох баримт ирээгүй бөгөөд хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч эд мөрийн баримтыг хохирогч талаас хурааж авсан..., дараа нь хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед хохирогчийн өмгөөлөгч авчирсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэгт цугларсан эд мөрийн баримтыг хураах, хадгалах, бэхжүүлэх, битүүмжлэх журмыг ноцтой зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч түүний өмгөөлөгч нь эд мөрийн баримтыг хэргийн газраас хурааж авах, хадгалах субъект биш бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл цагаатгагдсан этгээд,шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР                                                                                           

 

             ШҮҮГЧИД                                                                          С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                                                                   Ц.ТУЯА