Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 89

 

Б.Б, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар магадлалтай, Б.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн 2205011322051 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоол хүргэлтийн ажилтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 13 хоногийн хорих ял,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагааг зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, Б.Б.

2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Б.М.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд, шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.М-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тооцож,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 14 хоногийн хугацаанд тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эс 1,799,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...нийт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тооцсугай...” гэснийг “...нийт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тооцсугай...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заагаагүй ял буюу 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь ял завших байдлыг бий болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шаардлагад нийцэхгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй дүгнэсэн атлаа хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчмуудыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Б, Б.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсон байна. Учир нь шүүгдэгч Б.М-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.М-д холбогдох хэргийг тухайн зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд байхгүй буюу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхдээ хорих ял болгоод нийт эдлэх ялыг нь 1 жилээр тогтоохоор дурдсан байдаг. Гэвч дүйцүүлж байгаа заалт байхгүй байсан. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялыг нийт 1 жил, 4 дэх заалтад нийт 1 жил 6 сар, 14 хоног гэж 2 янзаар дүгнэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна. Гэтэл дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дурдсан атлаа тус шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг дагаж мөрдөлгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Б.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Тоса” худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Реалми ЖТ Неа-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,799,000 төгрөгийн хохирол,

2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 дугаар давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Н-ийн “Ай фоне-12” загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол,

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.С-н эзэмшлийн “Ай фоне-11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1,600,000 төгрөгийн хохирол,

2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “Эрчим” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Г-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 814 дүгээр байрны 2 дугаар орцны 109 тоотод хохирогч Я.Н-той маргалдан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд,

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Теди” худалдааны төвийн гадна Б.Б-ийн хулгайлсан А.С-ын эзэмшлийн “Айфоне 11 про макс” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар, Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байх боловч уг хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байтал шүүгдэгч Б.М-д уг зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг тус зүйл, хэсэгт заагаагүй буюу 3 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан үндэслэлээ тайлбарлаагүйгээс ялын хууль зүйн үндэслэл тодорхойгүй болсон байна.   

Ийнхүү шүүгдэгч Б.М-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэл болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бус Улаанбаатар хотоос гадагш зорчихыг хязгаарласан нь мөн л зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх алдааны талаар зөв дүгнэсэн атлаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийг дурдаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь шүүх хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрх хуулиар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгохдоо хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг тус тус хассан байх боловч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох зохицуулалт, эрх хэмжээ хадгалагдсан хэвээр гэж үзнэ.

Мөн давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул шийтгэх тогтоолыг зөвтгөн залруулах боломжгүй” талаар дурджээ. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эрх хэмжээг хязгаарласан зохицуулалтын үзэл санаа нь Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндрүүлэхийг хориглосноос бус Эрүүгийн хуульд заагаагүй ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдэд ял завших нөхцөл байдал бий болгосон шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээг хязгаарлахгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь урьд гурван удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд сүүлчийн буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсний дараа одоо буруутгагдаж буй гэмт хэргүүдээс хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлджээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь хулгайн гэмт хэргүүдээс гадна согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан А.Г-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн хохирогч Я.Н-той маргалдан заазуураар түүний гар, хоолой хэсгийг зүсч биед нь баруун гарын шууны ард шууны урт, богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, урьд Б.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш дахин хэд хэдэн гэмт хэргүүдийг үйлдсэн байтал Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зорчих эрхийг хязгаарлах ял болон мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялуудаас хамгийн доод хэмжээг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээтэй дүйцэхүйц ял тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх үндсэн шалгууруудын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын хамгийн доод, эсхүл дээд хэмжээг оногдуулсан бол үүнийхээ үндэслэлийг заавал тайлбарлавал зохино.

Орчин үеийн эрүүгийн эрх зүйд ялын бодлогыг илүү хүмүүнлэг, энэрэнгүй байх хандлага зонхилж буй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан урьд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг дараагийн үйлдсэн гэмт хэрэгт давтан оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулдаг болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                            ШҮҮГЧИД                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

            Ч.ХОСБАЯР