Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01563

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/06785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

4,673,501,139.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2022 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалт бүхий ******* ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлэн дизель түлш нийлүүлж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 04 сарын 22-ны өдөр NM-A2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2023 оны 04 сарын 26-ны өдрийг дуустал нийт 15,515,237,823.72 төгрөгийн 3,312,060 литр дизель түлш нийлүүлсэн.

1.2. Мөн талууд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээг шинээр байгуулж, тус гэрээний дагуу манай компани ******* аймгийн ******* суманд байрлах цахирын уурхайд MNS216:2006 стандартад нийцсэн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон. Худалдагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж дизель түлшийг цаг тухайд нь нийлүүлж байсан бөгөөд нийт 6,214,918,800 төгрөгийн 1,823,430 литр дизель түлш нийлүүлсэн байна.

1.3. Худалдан авагч нь NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний дагуу шатахууныг нийлүүлснээс хойш 60 хоногийн дотор, LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу шатахууныг нийлүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа бөгөөд боломжит хугацааг олгосоор байтал хойшлуулсаар байна.

1.4. Талууд 2023 оны 10 сарын 04-ний өдөр тооцоо нийлэхэд 2022 оны 04 сарын 22-ны өдрийн NМ-А2230(БГ/2206) дугаартай гэрээний дагуу хариуцагчаас манай компанид төлөх ёстой дизель түлшний үлдэгдэл төлбөр нь 2,787,212,963.60 төгрөг, алданги 1,736,675,488 төгрөг, нийт 4,523,888,451 төгрөг, харин LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр нь 1,131,670,379.90 төгрөг, нийтдээ 5,655,558,831.25 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг хариуцагч компани нь бидэнд төлсөн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2024 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагч нь нийт 5,013,515,522 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

1.5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 400,014,382 төгрөгөөр багасгаж, 4,673,501,139.78 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Талууд 2022 оны 04 сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаагаар дизель түлш нийлүүлэх NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар 2,787,212,963.60 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

2.2. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 10 сарын 02-ны өдөр бараа болон бүтээгдэхүүн худалдан авах LE-NM-2023/09 дугаартай гэрээг нөхөн байгуулж, 2023 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар нийт 1,131,670,379.90 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

2.3. Ийнхүү талууд 2 гэрээний харилцаанаас үүссэн шаардлагыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцож, 2023 оны 10 сарын 04-ний өдөр тооцоо нийлж, NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг 2,787,212,963.60 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг 1,131,670,379.90 төгрөг болохыг тус тус зөв тогтоож, акт үйлдэхдээ А2230(БГ/2206) дугаартай гэрээний алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөг байхаар нь тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

2.4. Тодруулбал, NM-А2230(БГ/2206) дугаартай гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,787,212,963.60 төгрөг, түүний алданги үндсэн үүргийн 50 хувь болох 1,393,606,481.8 төгрөгөөс хэтэрч болохгүй байхад талууд 1,736,675,488 төгрөгөөр алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг илтэд зөрчсөн зөрчжээ.

2.5. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ. гэж заасан боловч талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актын алдангитай холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөгөөр тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

2.6. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. гэж заасны дагуу 2023 оны 10 сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актын үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой хэсэг нь хүчинтэй үлдэх тул хариуцагч нь А2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөрт 2,787,212,963,60 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрт 1,131,670,379.90 төгрөг буюу нийт 3,918,883,343.5 төгрөгийг төлөх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

2.7. Хариуцагч байгууллагын зүгээс талууд ийнхүү тооцоо нийлснээс хойш 1,277,377,160 төгрөгийн дизель түлш худалдан авсан бөгөөд нийт 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгчийн шаардах эрх бүхий 3,918,883,343.5 төгрөг дээр сүүлд худалдан авсан түлшний үнэ 1,277,377,160 төгрөг нэмэгдэж, бүгд 5,196,260,503.5 төгрөг төлөхөөс төлсөн 2,316,977,160 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,879,283,343.5 төгрөгийг одоо төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,879,283,343.5 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,134,232,178.5 төгрөгт холбогдох хэсэг нь илт үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,673,501,139.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,225,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,525,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд 2023 оны 10 сарын 04-ний өдөр тооцоо нийлэх акт үйлдэж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан байдаг. Уг актаар ******* ХХК нь 2022 оны 04 сарын 22-ны өдрийн NM-А2230(БГ/2206) тоот гэрээний үүрэгт 2,787,212,693.60 төгрөг, 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл худалдан авсан бодит үйлдлээр байгуулагдсан гэрээний үүрэгт 1,131,670,379.90 төгрөг буюу нийт 3,918,883,343.5 төгрөгийн үндсэн төлбөрийг ******* ХХК-д төлөх үлдэгдэлтэй байсан.

4.2. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 08-06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсгийг өөрчлөхдөө ... LE-NM-2023/09 дугаартай гэрээний даруу үндсэн төлбөр төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг, нийт 1,532,281,694.38 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж алданги нэмж тооцсон.

4.3. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 сарын 04-ний өдрийн тооцоо нийлэх акт нь хавтаст хэргийн 21 дүгээр талд нотлох баримтаар авагдсан бөгөөд уг актыг үзвэл талууд тооцоо нийлсэн актаар тухайн гэрээнд алданги төлөхөөр харилцан тохиролцоогүй гэдгийг, тооцоо нийлсэн акт үйлдсэнийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэн мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага манай тохиолдолд бүрдээгүйг юуны өмнө тодруулмаар байна.

4.4. Шүүхийн шийдвэрийн 7-д Ийнхүү тооцоо нийлснээс хойшхи хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,277,377,160 төгрөгийн дизель түлш дахин худалдан авч, 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг төлснөөр NM-A223(БГ/2206) дугаартай гэрээний үндсэн төлбөр 1,747,612,963.60 төгрөг болж багасжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.5. NM-A2230(БГ/2206) тоот гэрээний хугацаа 2022.04.22-2023.04.22-ны өдрийн хооронд, уг гэрээг сунгаагүй тул дуусгавар болсон, харин LE-NM-2023/09 тоот гэрээний хугацаа 2023.09.01-2024.09.01-ний өдрийн хооронд, уг гэрээний хугацаа дуусгавар болоогүй, энэ гэрээний дагуу 1,277,377,160 төгрөгийн шатахууныг хариуцагч худалдан авсан. Энэхүү гэрээний төлбөр болох 1,277,377,160 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дахь хэсэгт заасны дагуу бүрэн төлж, үлдэх 1,039,600,000 төгрөгийг уг гэрээний нэрээр тооцоо нийлсэн актад тусгагдсан 1,131,670,379.90 төгрөгийн төлбөрт төлсөн байдаг.

4.6. Үүргийг энэхүү дарааллаар гүйцэтгэсэн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байдал нь нэхэмжлэлдээ уг хожим авсан шатахууны үнэ 1,277,377,160 төгрөгийг бүрэн төлсөн талаарх манай тайлбарт маргаагүй байдал болон хариуцагчаас нийт төлбөрийн 96 хувийг 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 сарын 11-ний өдрийн хооронд төлсөн тухай нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

4.7. Хариуцагч ийнхүү тооцоо нийлсэн актад заасан 1,131,670,379.90 төгрөгөөс 1,039,600,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шүүх үүнийг анхаараагүй, нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийг NM- А2230(БГ/2206) гэрээний төлбөрийн зарим хэсгийг төлсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр, 116 дугаар зүйлүүдэд нийцсэнгүй.

4.8. Учир нь тооцоо нийлсэн актад заасан 1,131,670,379.90 төгрөгөөс дээрх байдлаар төлж, үлдэгдэл төлбөр 92,070,349.9 төгрөг үлдсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт тус тус зааснаар тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл болох 92,070,349.9 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байсан. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг хэрэгт авагдсан баримтад үндэслэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн буруу дүгнэсэн нь хариуцагчийг илтэд хохироосон шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

4.9. Талууд акт үйлдэхдээ NM-А2230(БГ/2206) тоот гэрээний алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөг байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал, NM-A2230(БГ/2206) тоот гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,787,212,963.60 төгрөг байхад түүний алданги үндсэн үүргийн 50 хувь болох 1,393,606,481.8 төгрөгөөс хэтэрч болохгүй байхад талууд 1,736,675,488 төгрөгөөр алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг зөрчсөн тул талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актын алдангитай холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

4.10. Түүнчлэн тооцоо нийлсэн актыг 2023 оны 10 сарын 04-ний өдөр үйлдсэн, байхад анзыг 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс тооцсон нь үндэслэлгүйгээс гадна Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.6-д Тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагыг үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргаар хангасан бол үүрэг гүйцэтгүүлэгч тооцоо нийлсний дараа ийнхүү хангасан хэмжээгээр тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. гэж заасан шаардлага хангагдаагүй байхад 1,131,670,379.90 төгрөгөөс 400,611,314.48 төгрөгийн алданги шаардсан нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн нь өөрөө хуулийн дээрх заалт болон Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ. гэж заасанд харин ч нийцсэнгүй.

4.11. 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн талуудын хооронд бараа болон бүтээгдэхүүн худалдан авах үйл явц бодитоор эхэлж, 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, 2023 оны 10 сарын 02-ны өдөр бараа болон бүтээгдэхүүн худалдан авах LE-NM-2023/09 тоот гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүйн дээр тооцоо нийлсэн актаар тухайн гэрээнд алданги төлөхөөр харилцан тохироогүй билээ.

4.12. Талуудын хооронд 2023 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан бараа болон бүтээгдэхүүн худалдан авах LE-NM-2023/09 тоот гэрээнд тооцоо нийлсэн актад заасан 1,131,670,379.90 төгрөгийг төлөх үүргийн талаар огтоос тусгагдаагүй бөгөөд энэхүү гэрээ нь харин хожим хүлээн авсан 1,277,377,160 төгрөгийн шатахууныг нийлүүлэх, нийлүүлсэн шатахууны төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээ юм.

4.13. Хариуцагчийн хувьд уг гэрээний төлбөрийг төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд тооцоо нийлснээс хойш хариуцагчаас төлсөн нийт 2,316,977,160 төгрөгөөс уг гэрээний төлбөр төлөгдсөн гэж хасаж, үлдэх хэсгийг тооцоо нийлсэн актад заасан төлбөрөөс хасаж тооцсон үйл баримтаар давхар нотлогдож байгаа юм. Хэрэв нэхэмжлэгч энэ талаар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хариуцагчийн төлсөн дээрх бүх төлбөрийг бүхэлд нь Тооцоо нийлсэн актад заасан төлбөрөөс хасаж тооцох ёстой байсан. Гэтэл шүүх энэ нийлүүлэлт болон төлөгдсөн төлбөрийн талаар шийдвэрийнхээ 7 дахь хэсгээр дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь эргэлзээгүйгээр дүгнэж чадаагүй байдаг.

4.14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/06785 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас алдангид 1,794,217,796.28 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийн 794,217,796.28 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох 4,673,501,139.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.2. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлоор энэхүү хэрэг нь тус шүүхэд хянагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан ойлголцолд хүрч, Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тул Талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт ... Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно ... гэж заажээ.

 

2. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 4,673,501,139.78 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

3. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь 448,554,449 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 1,080,000,000 төгрөгийг төлж, үлдэх 3,144,946,691 төгрөгийг 2025 оны 09 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/06785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК нь 448,554,449 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 1,080,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,144,946,691 төгрөгийг 2025 оны 09 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 196,559,168 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,129,039 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

С.ЭНХБАЯР