| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06213/И |
| Дугаар | 3939 |
| Огноо | 2016-05-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 3939
| 2016 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/03939 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, нацагдорж 21-р байр, 31 тоотод оршин суух, Боржигин овогт Жамбалдоржийн Цолмонсүрэн,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, нацагдорж 21-р байр, 31 тоотод оршин суух, Боржигин овогт Мөнхтөрийн Оч-Мэргэн нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16-р хороо, 1-60-р байр, 48 тоотод оршин суух, Үлэмж овогт Очнавааны Хишигтогтоход холбогдох Баянгол дүүрэг, 16-р хороо, 4-р хороолол, 1-60-р байр, 48 тоот орон сууц, машиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй М.Од-Мэргэнийг байрны хамтан өмчлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Оч-Мэргэн, Ж.Цолмонсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Санжидмаа /үнэмлэх 1920/, хариуцагч О.Хишигтогтох, хариуцагчийн өмгөөлөгч П.Батбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цолмонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мөнхтөртэй 1999 онд гэр бүл болж, 1996 оны 7-р сарын 19-нд хүү М.Оч-Мэргэн төрсөн. Бид Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 1-60-р байрны 48 тоот 1 өрөө байрыг хууль ёсны дагуу өмчилж гэр бүлээрээ амьдардаг байсан. Би 2008 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад яваад 2009 оны 03-р сард ирэхэд манай гэрт нэг эмэгтэй ирсэн байсан, үүнээс болж бидний дунд маргаан үүссэн. Энэ хүнийхээ асуудлыг шийдээрэй гээд би Төв аймагт байдаг ээж, аав руугаа явсан. Д.Мөнхтөр нь 2010 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймагт явж байгаад нас барсан. Хүү М.Оч-Мэргэн арьсны өвчтэй, группэд байдаг. Гэтэл одоо болтол бидний өмчлөлийн байранд Хишигтогтох гэх эмэгтэй 2 хүүхдийн хамтаар амьдарч байна. Мөн Мөнхтөр бид хоёр хам амьдарч байхдаа 2005 онд креста маркийн авто машин худалдаж авсан. Түүнийг мөн Хишигтогтох эзэмшиж байна. Иймд бидний байр болон машиныг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч О.Хишигтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 08 дугаар сард Мөнхтөртэй танилцаж, хамтын амьдралтай болсон. 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мөнхтөрийн Од-Мэргэн төрсөн. 2008 оны 08 сараас биднийг хамтын амьдралтай болоход Цолмонсүрэн гэдэг хүн байгаагүй. Хэрвээ айлын эхнэр хүн байсан бол би очихгүй юм. Манай гэрт нэхэмжлэгч нарын эд хөрөнгө ч байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байрнаас гарахгүй, машиныг бол авахгүй надад байгаа. Би мөнгийг гаргаж өгч чадахгүй учраас машиныг нэхэмжлэгч нарт өгнө гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч П.Батбүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Цолмонсүрэн, Мөнхтөр нар нь хамтын амьдралтай байсан боловч 2008 оноос тус тусдаа амьдралтай болж, хүүхэдтэй болсон. Мөнхтөрийн хүү Од-Мэргэн нь 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн ашиг сонирхлыг хохироож болохгүй бөгөөд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай хоол хүнс, орон байраар хангах үүрэгтэй байдаг. М.Од-Мэргэн одоо 5 настай, М.Оч-Мэргэн 21 насанд хүрсэн иргэн. Од-Мэргэн нь Мөнхтөрийн төрсөн хүүхэд мөн учраас хууль ёсны өв залгамжлагч юм. Иймд Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 1-60 байр 48 тоот байрны өмчлөгчөөр М.Од-Мэргэнийг тогтоож өгнө үү. Хэдийгээр Цолмонсүрэн, Мөнхтөр нар гэрлэлтийн бүртгэлтэй боловч 8 жилийн хугацаанд хамтран амьдраагүй, гэрлэлтээ цуцлуулах талаар хэлэхээр цуцлуулна гэдэг байсан. Мөнхтөрийн хувь нь Од-Мэргэнийх учраас байрнаас гарахгүй, харин байрны оногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1, 520.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох байр болон Тоёота Креста машины Б.Мөнхтөрд ногдох хэсгийг М.Од-Мэргэнд ногдуулах гэсэн 2 дахь шаардлагаа татан авч байна гэв.
Нэхэмжлэгч Ж.Цолмонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие 1992 оны 12 дугаар сард Мөнхтөртэй гэр бүл болж, 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 16 жилийн хугацаанд хамтдаа амьдарсан. Миний бие 6 сарын мэргэшил дээшлүүлэх сургалтад Солонгос улс руу явсан. Мэргэжил дээшлүүлэх сургалтаа төгсөн ирээд Мөнхтөр бид хоёрын дунд үл ялиг асуудал үүссэн учраас би Төв аймгийн Зуунмод суманд аав ээжийнхээ хамт амьдарч байсан. Намайг 2009 оны 03 дугаар сард Солонгос улсаас ирэхэд манайд нэг эмэгтэй амьдарч байгааг мэдсэн бөгөөд Төмөр замын соёлын ордонд бүжигчин хийдэг талаар мэдсэн. Би 2012 оны 01 дүгээр сар хүртэл ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуульд дүрс оношилгооны эмч багшаар ажиллаж байхдаа Мөнхтөртэй байнга харилцаа холбоотой байсан. Мөнхтөр нь надтай утсаар ярихаараа, уулзахаараа харамсаж явдаг, өөрийнхөө буруутай үйлдэл гарсан гэдгээ надад болон манай гэр бүл найз нөхөддөө хэлдэг байсан. Хишигтогтохын хажууд мөн хэлдэг байсан. Гэр бүлийн маргаан үүссэн асуудалд миний бие буруугүй. Хишигтогтох нь наркологийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг мэтээр хэлдэг. Нэхэмжлэлийн тайлбарт бичсэн учраас Наркологийн эмнэлэгт одоо ч асрагчаар ажиллаж байгаа болов уу. Мөнхтөр нь 2014 онд нас барсан. Одмэргэн хүүд түүний эцэг Мөнхтөрийн дундын өмчлөлийн хөрөнгөөс оногдуулахад татгалзах зүйлгүй. Энэ талаар нотариатч болон Хишигтогтоход хандаж эвээр шийдвэрлэхийг хүссэн боловч хүлээж аваагүй учраас бид шүүхэд хандсан. Байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цолмонсүрэн, М.Оч-Мэргэн нар нь О.Хишигтогтоход холбогдох Баянгол дүүрэг, 16-р хороо, 4-р хороолол, 1-60-р байр, 48 тоот орон сууц, машиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдох М.Од-Мэргэнийг байрны хамтан өмчлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ж.Цолмонсүрэн, Б.Мөнхтөр нар нь 1992 онд гэр бүл болж 1998 оны 6-р сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, улмаар 1996 оны 07-р сарын 31-ний өдөр хүү М.Оч-Мэргэнийг төрүүлж өсгөжээ.
Харин нөхөр Б.Мөнх-Очир нь гэр бүлдээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоосны улмаас гэрлэгчид маргаж, 2009 оны 3-р сараас тусдаа амьдарсан, энэ хугацаанд Б.Мөнхтөр нь О.Хишигтогтохтой хамт амьдарч 2010 оны 12-р сарын 27-ны өдөр хүү М.Од-Мэргэнийг төрүүлсэн нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Улсын бүртгэлийн Ү-2205058388 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хорооллын 1-60-р байрны 48 тоот 19 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөгчөөр Б.Мөнхтөр, Ж.Цолмонсүрэн, М.Оч-Мэргэн нар бүртгэгдсэн, гэрлэгчдийн 2005 онд худалдан авч Б.Мөнхтөрийн эзэмшилд бүртгэгдсэн Тоёота Креста маркийн 39-22 УБК дугаартай автомашин зэрэг нь гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх өмч байх ба нөхөр Б.Мөнхтөр нь 2014 оны 10-р сарын 24-ний өдөр нас баржээ.
Харин уг байранд хариуцагч О.Хишигтогтох хүүхдүүдийн хамт амьдардаг, автомашин мөн түүний эзэмшилд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд бусад өмчлөгч нар өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хариуцагч О.Хишигтогтох нь орон сууцыг чөлөөлөхгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “энэ байранд гэр бүлийн хамт 8 жил амьдарсан, хүү Од-Мэргэн нь өмчлөх эрхтэй” гэж тайлбарладаг боловч энэ нь бусад өмчлөгч нарын эрхийг зөрчих, өмчийн зүйлийг хууль бусаар эзэмших үндэслэлгүй. Харин 39-22 УБК дугаарын автомашиныг гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нь Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 1-60 байр 48 тоот байрны өмчлөгчөөр М.Од-Мэргэнийг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн ашиг сонирхлыг хохироож болохгүй бөгөөд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай хоол хүнс, орон байраар хангах үүрэгтэй” гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 14-р зүйлд зааснаар “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно”, өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн чадвар нь иргэний эрх зүйн харилцааны субъектийн хувьд хуулиар зөвшөөрөгдсөн ба олгогдсон эрхийг эдлэх, үүрэг хүлээх боломжийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болдог.
Нөгөө талаас, иргэн төрснөөр эд хөрөнгө, эрх өмчлөх, хөрөнгө өвлүүлэх, өв залгамжлах, хэлцэл хийх, үүрэг хүлээх зэрэг хуулиар хамгаалагдсан эрх нь эрх зүйн чадвараар илэрхийлэгддэг, энэ нь нас барснаар дуусгавар болдог байна.
Үүнээс дүгнэвэл, Б.Мөнхтөр 2014 оны 10-р сарын 24-ний өдөр нас барснаар иргэний эрх зүйн чадваргүй болж, бусдын өмнө ямар нэгэн үүрэг хүлээх нь чадвар нь дуусгавар болсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 515-р зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд нас барагч Б.Мөнхтөрийн эд хөрөнгийг хуульд зааснаар өвлөх эсэх асуудал үүсч, харин түүний эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэхгүй болно.
Хариуцагч Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1, 520.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох байр, Тоёота креста машины Б.Мөнхтөрд ногдох хэсгийг М.Од-Мэргэнд гаргуулах сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч, түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг “хүү М.Од-Мэргэнийг хууль ёсны өвлөгч тул ногдох хэсгээ гаргуулна, орон сууцыг гаргуулна, байраа авч үлдэнэ” гэх зэргээр өөр өөрөөр тайлбарласан бөгөөд хариуцагч О.Хишигтогтох өөрөө “байрандаа үлдэж, байрны үнээс ногдох хэсгийг нэхэмжлэгч нарт өгнө” гэсэн хүсэл зоригоо илэрхийлж, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болно.
Хэдийгээр нэхэмжлэгч нар М.Од-Мэргэнийг хууль ёсны өвлөгч болох талаар маргаагүй, эд хөрөнгийн үнээс ногдох хэсгийг өгөхийг зөвшөөрсөн боловч талуудын өвлөх эрхтэй холбоотой шаардлагаа тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаж байгаа байр болон машины үнэлгээг хийлгэхээр шинжээч томилуулсан боловч орон суутай холбоотой сөрөг шаардлагаа татан авсан, машиныг нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна. Иймд шинжээчийн зардал 110 000 төгрөгийг О.Хишигтогтохоос гаргуулах нь зүйтэй.
Түүнчлэн сөрөг нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгийн үнийн дүнгээс тооцож тэмдэгтийн хураамж төлөөгүй, 2 шаардлагатаа тус тус 70 200 төгрөг төлсөн байх тул зөрүү 230 300 төгрөгийг гаргуулж улсын орлого болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Цолмонсүрэн, М.Оч-Мэргэн нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205058388 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хорооллын 1-60-р байрны 48 тоот 19 м.кв талбай бүхий 1 өрөө сууц, Тоёота Креста маркийн 39-22 УБК дугаартай автомашин зэргийг О.Хишигтогтохын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Од-Мэргэнийг Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хорооллын 1-60-р байрны 48 тоот 19 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн О.Хишигтогтохын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Ж.Цолмонсүрэн, М.Оч-Мэргэн нарт холбогдох байр, машинаас ногдох хэсгийг М.Од-Мэргэнд гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээ хариуцагч О.Хишигтогтох татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчаас төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Хишигтогтохоос 140 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, 230 000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар О.Хишигтогтохоос шинжээчийн зардал 110 000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-д олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА