| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/01568/И |
| Дугаар | 210/МА2025/01474 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01474
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05297 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
2024 оны 12 сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Би ******* ХХК-д 2021 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас халагдсан. Өмнө 2022 оны 10 дугаар сард намайг тус компани ажлаас халсан бөгөөд шат шатны шүүхээр ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгосон боловч ажилд томилох тухай 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот тушаал гаргасан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-т зааснаар намайг ажлаар хангах үүргээ биелүүлэхгүй, ростерын хуваарьт оруулахгүй, ажил хийлгэхгүй байлгаж байгаад улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халж давхар хохироосон.
Хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуанлийн өдрөөр бус үйл явдлаар тодорхойлох, мөн сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай байхад хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, намайг ажил олгогч хууль бусаар халсан гэж ойлгож дээрх тушаалыг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицууллах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т зааснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах гурван талт хороонд үүгээр хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд тус гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/11 дугаартай тэмдэглэл гарсан.
Иймд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тус компани нь 2020 оны 03 дугаар сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд Төрийн өмчит ******* ХК-аас 2021 оны 03 дугаар сард зарлагдсан Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгарууруулах тендерт Ти Эн түншлэл-ээр оролцон шалгарч гэрээ байгуулах эрх авсны дагуу тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Өмнөговь аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт байх Тавантолгой нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд Ти Эн түншлэлийн дагуу гэрээт гуйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Уг гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа /36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон.
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Дампын оператороор ажиллуулах болсон. Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчил гаргаж, ажил олгогчоос түүний гаргасан зөрчилд нь сахилгын зөрчил ноогдуулж, ажлаас чөлөөлж байсан ч шүүхээс зохих журмын дагуу сахилгын зөрчил ногдуулаагүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэж хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг үндэслэн олгосон. Дээр дурдсан ******* ХК-тай байгуулсан ******* дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж бутай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-д холбогдох 2024 оны 12 сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулсан тооцно гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 50.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг гол эх сурвалжаа болгон мэтгэлцсэн байхад шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар шүүхийн шийдвэртээ дурдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан анх байгуулсан болон нэмэлт гэрээний хугацаа 2 жилээс дээш бол хугацаагүй байгуулсанд тооцох заалтыг хэрэгт цугларсан нотлох баримтууд болох 2 удаагийн Хөдөлмөрийн гэрээтэй холбож тайлбарласан. Дэлгэрэнгүйгээр тайлбарлавал төслийн үргэлжлэх хугацаагаар буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь хууль зүйн фактын хувьд харьцангуй үйл явдлын хүрээгээр Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан зайлшгүй бий болох явдлаар хөдөлмөрийн гэрээний хугацаа тодорхойлогдсон. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* надтай анх туршилтын хугацаагаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаа буюу төслийн хугацаагаар сунгаж нэмэлт гэрээ байгуулагдсан учраас бидний хооронд байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгг зааснаар хугацаагүй байгуулсанд тооцох нөхцлийг хангасан.
Би ******* ХХК-тай анх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд халагдах хүртлээ буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 жил гаруй хугацаанд 2 удаагийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан анх болон нэмэлт гэрээний хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол хугацаагүй байгуулсанд тооцох гипотиз буюу нөхцлийг бүрэн хангасан. Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хугацаа дууссан үндэслэлээр намайг халах эрхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан тооцох заалтыг шүүхийн шийдвэрт шүүгч хэрхэн үзсэн талаарх талаар нэг ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй байгаа бөгөөд дээр дурдсанчлан 2 удаагийн Хөдөлмөрийн гэрээг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг шүүх хэрхэн яаж дүгнэсэн, өмгөөлөгчийн эрх зүйн үндэслэлийг хэрхэн няцааж байгаагаа талаар шүүгч дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэпг заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчиж байна.
4.2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгох мэдэгдлийг гардуулаагүй, мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зуруулаагүй гэж тайлбарлах боловч хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон тул ажилтанд мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээхгүй гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт холбогдуулан тайлбарлажээ. Гэтэл шүүгч мэтгэлцээгүй хуулийн заалтыг үндэслэл болгож шийдвэртээ дурдсан. Тодруулбал, Хөдөмлөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно. Тэгвэл ажил олгогчийн яриад байгаа төслийн буюу түншлэлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дууссан бөгөөд яг дууссан өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буюу түүнээс өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар сануулах атал энэ талаар сануулаагүй байж байгаад гэнэт 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тушаал гаргаж халснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасан гипотиз буюу нөхцөл хангагдсан бөгөөд шууд анх заасан хугацаагаар сунгагдах учиртай.
Зүй нь шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийг хэргийн үйл баримттай холбогдуулан тайлбар хийх атал хэргийн нөхцөл байдалд хамааралгүй заалт болох 80.4 дэх хэсгийг тайлбарласанд нэхэмжлэгчийн хувьд гомдолтой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийг мэтгэлцээнтэй холбогдуулан тайлбарлаагүй нь надад ойлгомжгүй байдал үүсгэсэн. Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд ажлаа хийж байх үед гэрээ дуусгавар болгох талаар ажил олгогч сануулж мэдэгдээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар анх заасан хугацаагаар сунгагдсан тооцох үр дагавар үүсэхийн зэрэгцээ энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 50.4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байсныг ажил олгогч илэрхий гуйвуулж бүдүүлгээр зөрчих байдлаар ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хохироосон.
4.3. ******* ХХК, ХХК-ниуд олборлолтын үйл ажиллагаагаа хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тодорхой туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлдэг. " ХХК нь өөрийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Цогц цэций суманд орших Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлаа ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК-иар гүйцэтгүүлдэг. ******* ХХК нь ХХК-тай байгуулсан Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаагаар ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төслийн үргэлжлэх хугацаа огноогоор биш харьцангуй үйл явдлын хугацаагаар буюу Иргэний хуулийн 71.2-т заасныг эх сурвалж болгон байгуулдагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6-д заасан 6 төрлийн хугацаанаас огноогоор тохирч хийгддэг тохиолдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 буюу дагалдан, туршилтаар ажиллуулах үед гурав хүртэл сар дахиад гурав хүртэл сараар талууд харилцан тохиролцдогоос харахад дагалдан, туршилтын хугацаа огноогоор тодорхойлогдож байна. Харин дагалдан, туршилтаас бусад хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-50.1.6 дахь заалтад тусгагдсан хугацаа нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан үйл явдлын хүрээгээр тодорхойлогдож дуусгавар болдог.
Хариуцагч ******* ХХК, ХХК-тай байгуулсан Таван толгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг 36 сарын хугацаатай хийсэн бөгөөд дуусах хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байсан. Гэвч талууд харилцан тохиролцож Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээгээ сунгаж 2024 оны 5-р сарын 27-ны өдрийн №2024/1171 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд үүний хугацаа нь гэрээний 9.1-д зааснаар 36 сарын хугацаагаар байгуулсан. Тодруулбал Таван толгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө хугацаагаа сунгасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ******* ХХК дахин 2027 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тус төсөл дээр үргэлжүүлэн ажиллахаар болсон. Энэ үйл явдлын талаар нэхэмжлэгч би тухайн үед мэдсэн бөгөөд 2027 оны 5 сар хүртэл ямар ч л байсан Дампын оператороор ажиллах юм байна гэсэн ойлголт бий болсон байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан санхүүжилтийн цар хүрээний хугацаа 3 жилээр сунгагдсан буюу төслийн хугацаа дуусах болоогүй байхад нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 50.3, 50.4 дэх хэсгийг тус тус зөрчиж, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гаргасан.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 50.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдолдоо тусгасан. Гэвч шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлтээ хийж талуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-дзааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тохиролцсон гэж зөв дүгнэлтийг хийсэн. Мөн нэхэмжлэгч тал эхний гэрээг дуусаагүй байхад хоёр дахь гэрээг байгуулсан мэтээр тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 2021 онд байгуулсан 2021/705 дугаартай гэрээ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн.
Хоёр дахь гэрээний тухайд тус онд зарлагдсан тендер сонгон шалгаруулалт зарлагдсанаар гэрээ байгуулах эрхээ авч 2021/705 дугаартай гэрээний хугацаа дууссаны дараа байгуулсан. 2021 онд 1 м.куб уулын цулыг 10,340 төгрөгөөр байгуулсан бөгөөд 2024 онд 1 м.куб уулын цулыг 14.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, үнийн дүн дээр зөрүү гарсан бөгөөд хариуцагч тал үүнд маргаагүй. Гагцхүү хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой эсэх, хугацаатай хөдөлмөрийн гэрээ хэзээ дуусгавар болсон шалтгаанаар талуудын хооронд маргаан үүссэн. Талууд уг маргаантай холбоотой нотлох баримтаа гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2024 оны 12 сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг дампын операторын ажил албан тушаал ажиллуулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б22/814 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн.
4.2. Хариуцагч байгууллагын ажлаас халсан дээрх тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсанаар түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн, 3 шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* ХХК биелүүлж, нэхэмжлэгч *******ыг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* тушаалаар дампын операторын ажил албан тушаалд томилж, уг тушаалыг 4 дэх заалтаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор ажил тасалдаж ажиллаагүй тул байгууллагын журамд заасны дагуу шалгалт авч үнэмлэхжүүлж ажиллуулахыг даалгаж шийдвэрлэжээ.
4.4. Ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг тус компанийн ******* ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор Хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болж байгааг нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу мэдэгдээд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.
5. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* нар гэрээний 3.1.1-д ******* ХХК болон Эрдэнэс таван толгой ХХК-ийн хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон байна.
5.1. Хэргийн 80-95 дугаар тал дахь ******* ХК-ийн хариуцагч ******* ХХК, ХХК-иудын Ти эн түншлэл-тэй байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр Таван толгойн ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр талууд тохиролцсон байна.
5.2. Энэ гэрээний хугацаа дуусахаас өмнө ******* ХХК-иас зарласан тендерт шалгарсан ******* ХХК, ХХК-иудын Ти эн түншлэл-д тус компаниас гэрээ байгуулах эрхийг олгосон талаар тус компанийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 дугаартай албан бичигт дурьджээ.
5.3. Гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотойгоор ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ХХК-иудын Ти эн түншлэл-тэй 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээний хугацааг 36 сар гэж тохиролцсон.
5.4. Талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ХХК-иудын Ти эн түншлэлтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотой ******* ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг зогсоож нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлыг хэмжиж ажлыг зогсоосон актыг, мөн өдөр талуудын 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдөр байгуулсан гэрээний 9.3-д гэрээний гүйцэтгэлийг эхлүүлэх өдөр, цаг хугацааг талууд тодорхойлж, уурхай дээр ажил эхлүүлэх акт үйлдсэнээр гэрээний гүйцэтгэл эхлэх буюу гэрээний 9.1-д заасан 36 сарын хугацаа эхэлнэ гэж заасны дагуу ажил эхлүүлэх актыг тус тус үйлджээ.
Ийнхүү талууд хийж гүйцэтгэх ажил, ажлын байрны онцлогтой уялдуулан ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаатай уялдуулан хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтоосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
5.5. Гэрээний талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил зогсох акт үйлдэж, өмнөх гэрээгээ дүгнэсэн бөгөөд уг хугацаанаас ажил гүйцэтгэх гэрээний хугацааны үйлчлэл эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч *******тай хариуцагч ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ******* болон ******* ГХОХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсноор талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа мөн дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатын шүүхийн дүгнэлт зөв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ