Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1388

 

 

 

 

 

  2019         09         07                                         2019/ШЦТ/1388

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бөд холбогдох 1806075711581 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 1132а тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эийн Б /РД:................./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дорлигжавыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Дорлигжавын өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 02:40 цагийн үед би очир төвийн караокеноос гараад баар луу орох гээд гадаа зогсож байхад караокегоос манай хойд айлд ирдэг байсан залуу 2 найзтайгаа гарч ирсэн. Зүс таних тэр залуу над дээр ирээд “чи намайг 10 жилийн өмнө зодож байсан” гэх мэтээр доромжилж, “одоо бид 3-т зодуул, эсвэл надад алгадуул” гэсэн. Тэгэхээр нь би “тэгэх шаардлагагүй” гэсэн, “ийшээ явъя” гээд хойд талын гудамж руу орсон. Оронгуутаа тэр залуу миний нүүр лүү өшиглөж миний 2 шүдийг унагаасан. Гараараа толгой руу цохиод байхаар нь би “одоо болъё” гэж бодоод уучлалт гуйж зугтаад зам гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Эрдэнбаярын өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт найз Энхсайханы Дарь-Эхэд Христийн “Нигүүслийн гэрэл” нэртэй цуглаанд 09 цагт очих ёстой учир найзындаа ойрхон гээд гэрт нь хоносон. Тэгсэн тэр орой манай найз Энхсайханы найз Баяка бас хонох гэж ирсэн. Тэр хоёр дундаа 2 литрийн савтай том пиво хувааж уусан, намайг ирмэгц 3-лаа хамт караоке оръё гэтэл Энхсайхан гэрээ харна гээд гэртээ үлдээд Баяка болон Энхсайханы найз гэх Баасанцэрэн бид гурав Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Очир төвийн караокед ороод 3 шил пиво аваад 1 цаг орчим дуу дуулаад гарч байтал Баяка караокений гадна танил нь гэх үл таних 25 орчим насны согтуу эрэгтэй хүнтэй уулзаад байхаар нь Баасанцэрэн бид 2 буцаж ороод дуу дуулж байтал Баяка орж ирэхгүй удаад байхаар нь бид хоёр гараад очтол Баяка уулзаж байсан үл таних залуугийн нүүрэн тус газар цохисон, амнаас нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь бид Баякаг аваад тэр залууг нь явуулсан. Тэгээд Баяка бид гурав буцаж ороод дуулж байхдаа Баякагаас яасан, юу болсныг асуутал Баякад зодуулсан залуу бага байхад нь их зоддог байсан гэж байсан. Энэ хоёр хоорондоо ямар харилцаатай болохыг мэдэхгүй байна. Баяка, Баасанцэрэн хоёртой тэр өдөр л анх танилцсан учир гэрийн хаягийг, утасны дугаарыг мэдэхгүй, харин зодуулсан гээд байгааг огт танихгүй. Юунаас болж маргалдсан, яагаад цохиж зодсоныг ч мэдэхгүй намайг гараад иртэл хэрэг болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх. 22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11410 дугаартай:

“1. Т.Дорлигжавын биед зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, дээд уруулд шар,.
язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө би 2 найзтайгаа хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир төвийн нийтийн караокед орж үйлчлүүлсэн. Тэндээ ороод сууж байтал зүс таних Дорлигжав гэх ахтай таарсан. Тэгээд сууж байтал Дорлигжав ах нийтийн караокед ууж байсан пивоныхоо шавхрууг надад өгөөд байсан. Харин би шавхрууг нь авч уугаагүй. Уухгүй гэсэн чинь Дорлигжав ах гарч тамхилъя гэсэн. Тухайн үед би тамхигүй байсан учир 2 найзыгаа дагуулаад Дорлигжав ахтай хамт дөрвүүлээ Очир төвийн гадна гараад тамхи татсан. Тухайн үед Дорлигжав ах надад сонин, сонин юм яриад байсан. Одоо тэр ярьсан юмыг нь мартчихаж, би ямар ч байсан тэгээд сонин юм яриад байхад нь “та тэгвэл надад нэг цохиулчих” гэж хэлсэн чинь “юу яриад байгаа юм, үгүй” гээд бид хоёр муудалцаад Дорлигжав ахтай хамт хоёулаа зам гараад урд талын харанхуй нэг гудам руу орсон. Дорлигжав ах намайг эхлээд түлхсэн. Тэгэхээр нь би заамдаж аваад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Дорлигжав надад цохиулаад газар унасан. Унангуут нь би нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэр хооронд манай 2 найз ирээд салгаж аваад явсан. Харин Дорлигжав ах босоод яваад өгсөн. Харин би найзуудтайгаа хамт буцаад караокеруугаа ороод суусан...” гэх мэдүүлэг /хх. 58-59/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дорлигжавыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дэмчигийн өгсөн: “... тэр залуу миний нүүрлүү өшиглөж миний 2 шүдийг унагаасан. Гараараа толгой руу цохиод байхаар нь би одоо болъё гэж бодоод уучлалт гуйж зугтаад зам гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Эрдэнбаярын өгсөн: “... бид хоёр гараад очтол Баяка уулзаж байсан үл таних залуугийн нүүрэн тус газар цохисон, амнаас нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь бид Баякаг аваад тэр залууг нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх. 22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11410 дугаартай:

“1. Т.Дорлигжавын биед зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, дээд уруулд шар,.
язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би заамдаж аваад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Дорлигжав надад цохиулаад газар унасан. Унангуут нь би нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх. 58-59/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Т.Дорлигжавын нэхэмжилсэн 190.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Бөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Бөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Эийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Бөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Бөд сануулсугай.

          5. Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 190.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Т.Дорлигжав нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Бөөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР