| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2022/04484/И |
| Дугаар | 210/МА2025/01457 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01457
2025 08 29 210/МА2025/01457
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02807 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан гэмтэл, доголдлыг арилгуулах, барилга байгууламжийн барилга байгууламжийн орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгүүлэх буюу орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашаа хайсыг буулгуулж, барилгын зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах, барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориулалтын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоолгох, автомашины зогсоолын шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлүүлэх, автомашины зогсоолын орцны хэсгийг өндөрлөх, зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлж ус орохоос хамгаалах, барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийн дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг даалгах, хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2016 оны 03 сарын 19-ний өдөр байгуулагдсан Хан-Уул дүүрэг, *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* 2 хотхоны ******* байрны нийт оршин суугчдын төлөөлөл болж ажилладаг. Дээрх байрны захиалагч болох ******* нь 2015 оны 02 сарын 17-ны өдөр ******* байруудыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиглалтад орсноос хойш өдийг хүртэл *******ы ******* байрнуудын зоорийн давхар, авто зогсоол, дээвэр, дээврийн хөндий удаа дараа усанд автаж байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 2019/41 тоот албан бичгээр гомдол гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 02-07-117/1137 дугаартай дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлтээр барилгын бетон хаяавч нэлэнхийдээ суултад орсон, 4 дүгээр орцны 3, 6 дугаар давхрын айлуудын цонхны төмөр бетон ялууг тойрсон хөндлөн, босоо чиглэлийн хагарлууд үүссэн, дээврийн хар цаасан хучлага нилдээ хөндий үүсэж хавагнасан. Мөн хэсэг, хэсэг газарт хагарсан, дээд давхрын айлуудын адрын хэсгээр цас, борооны ус чөлөөтэй нэвчиж шарлаж, халтардсан чийг ихтэй гэх зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 14.3-14.7-д заасан шаардлагыг хангахгүй байх тул илэрсэн зөрчлүүдийг барилгын компаниар арилгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг 2 байрны доод гаражаас бороо, хур орсон тохиолдолд ус их хэмжээгээр оргилон гарч ирж оршин суугчдын тав тухыг алдагдуулж, нийтийн эзэмшлийн болон хувь хүмүүс, оршин суугчдын авто зогсоол бүхэлдээ усанд автаж ашиглах боломжгүй болох, барилгын суурийн чанар муудах, гаражийн шал хуйларч унах зэргээр хохирол учирч байсан тул энэ төрлийн оношилгоо, мэргэжлийн дүгнэлт гаргадаг. Монгол Улсад ганц үйл ажиллагаа явуулдаг Барилга Архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны *******д хандаж судалгаа, дүгнэлт гаргуулахад дараах зөрчлүүд тогтоогдсон. Үүнд:
1. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийг зам талбайн ус орохооргүй болгож өндөрлөөгүй.
2. Суурийн бетоны бат бэх ус үл нэвтрүүлэлтийн W6 шаардлагыг хангаагүй.
3. Зоорийн шалны зузаан бага, бетоны ус нэвтрүүлэх чадвар бага, ус тусгаарлах материалыг буруу сонгосноос болж шалны хагарсан ан цаваар ус нэвчиж байна.
4. Барилгын дээврийн хучлагын үеийг барилгын Батлагдсан зураг төсөлд зааснаас өөрчилж полиуретон хөөсөн дулаалга болон полиуретон шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар будаж хийсэн ба дээврийн хучлагад овойлт бэлцрүү цэврүү үүсэж хагарч ан цав үүссэн, ховхорч гэмтсэн, ус урсах налууг дутуу хийснээс ус тунаж тогтдог, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үе гэмтэж, ховхорсон хэсгийн зай завсраар хур борооны ус ордог.
5. Дээврийн ус урсах налууг буруу хийж, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үед хурын ус тогтож удаан байснаас элэгдэж, гэмтэж ховхорсон хэсгийн заагаар хурын ус орж нэвчдэг гэх зэрэг.
Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 2009/0701 дугаартай албан бичгээр гомдол гаргасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 02-07-094/1408 дугаартай дүгнэлт гаргасан. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр зоорийн давхарт хана, баганын ёроолын хэсэгт хөрсний ус шүүрч орж ирснээс болж өнгө шавардлага, будаг эмульс ховхорсон, бетон шалны ан цавын завсраар хөрсний ус дээш шүүр, барилгын хэв гажилтын заадасны дагуух айлын хана шавардлага хагарч гэмтсэн, ан цав үүссэн хэсгээр дулаан алдалт явагддаг, зураг төсөлд заасныг өөрчилж хийгдсэн, барилгын дээврийн хучлагын үеийг барилгын ба зураг төсөлд зааснаас өөрчилж, полиуретон хөөсөн дулаалга, полиуреау шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар будаж хийсэн. Мөн дээврийн хучлагад овойлт бэлцрүү цэврүү үүсэж хагарч ан цав үүссэн, ховхорч гэмтсэн, ус урсах налууг дутуу хийснээс ус тунаж тогтдог, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үе гэмтэж, ховхорсон хэсгийн зай завсраар хур борооны ус орж дээд давхрын айлуудын тааз, хана дагаж нэвчдэг. Уг байдал оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг алдагдуулж байна. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5-д нийцэхгүй байгаа тул Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны *******ийн дүгнэлтэд дурдсан эвдрэл, гэмтэл, дутагдлуудыг тус төвөөс гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Манай сууц өмчлөгчдийн холбооноос 2021 оны 06 сарын 24-ний өдөр *******-ийн захирал д албан бичгээр хандаж, улсын байцаагчийн дүгнэлт, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу барилгын бүтэц, хийцэд гарсан зөрчлүүдийг арилгаж өгөхийг хүссэн. 2021 оны 07 сарын 21-ний өдөр 99/21 дугаартай албан бичгээр манай компани хариуцахгүй, гүйцэтгэгч компаниуд хариуцна, гомдол гаргах баталгаат хугацаа 3 жил өнгөрсөн гэх хариуг өгсөн.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжид гарсан доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах хугацаа ашиглалтад оруулснаас хойш 3 жил боловч манай сууц өмчлөгчдийн холбоо энэхүү хугацаанд гомдлоо мэргэжлийн байгууллага болон барилгын компанид удаа дараа гаргаж явсан, улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгаа тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаандаа нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна.
Иймд барилгын захиалагч тал болох *******-д ******* 2 хотхоны ******* байрнуудын барилгын хийц, бүтээцэд гарсан улсын байцаагчийн дүгнэлт болон *******ийн дүгнэлтэд дурдсан зөрчил, дутагдлуудыг арилгаж засах арга хэмжээ авахыг даалгаж өгнө үү.
1.2. 2015 оны 02 сарын 17-ны өдөр ******* байрнуудыг улсын комисст албан ёсоор хүлээлгэн өгч, ашиглалтад орсноос хойш барилгыг байнгын ашиглалтад оруулах давтан комиссын хурлаар хэлэлцэн дунд голын явган гүүрний явган зам талбайн тохижилтыг хийж, хашаа хайсыг буулгах ажлыг дутуу хийсэн болох нь тогтоогдсон. ******* нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхдөө барилгын түр хашаа хайсыг буулгах, бусад шаардлагатай тохижилтын ажил дутуу байсан ба ажлын төлөвлөгөөг гаргасан дуусгана гэж мэдэгдэн хүлээлгэж өгсөн боловч дутуу ажлыг гүйцээж дуусгалгүй дутуу орхисон. Түр хашаа хайсыг буулгуулж, анхнаасаа барьж байгуулахаар төлөвлөсөн албан ёсны хашааг бариулах талаар хотхоны оршин суугчдын зүгээс хариуцагч компанид удаа дараа утсаар болон албан бичгээр хандсан боловч хүлээж аваагүй. Барилгын түр хашаа, хайс нь өнгөрсөн хугацаанд элэгдэж муудан хавар зуны салхинд хэсэг хэсгээр нуран унаж, хотхоны оршин суугчдын автомашин, эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад хажуугаар өнгөрөх явган зорчигч, оршин суугчдыг дарж гэмтээх, амь насанд аюул учруулж болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Уг асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2020 оны 06 сарын 21-ний өдөр албан бичгээр өргөдөл гаргасан. 2020 оны 07 сарын 23-ны өдөр 02-02/3070 дугаартай албан тоотоор хариу мэдэгдсэн. Барилгын захиалагч болох *******-д ******* 2 хотхоны ******* байрнуудын хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээсэн барилгын түр хашааг буулгуулах, зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулахыг даалгаж өгнө үү.
1.3. Барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан зөрчил, доголдлыг арилгуулахаар гаргуулсан зардал гэж үзэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны *******өөр дүгнэлт гаргуулсан ажлын зардал болох 3,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ******* нь ******* 2 хотхоны ******* орон сууцны барилгыг ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр , , , , , ,, , , гэх мэт компаниудаар барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, ажлын зураг, зураг төслийн дагуу гүйцэтгэснээ баталгаажуулан 2015 оны 02 сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Гэвч Барилгын тухай хуульд зааснаар 2018 оны 02 сарын 17-ны өдөр баталгаат хугацаа дууссан байна.
2.2. Түүнчлэн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барилга байгууламжийн бүтцэд гарсан зөрчил, доголдлыг арилгуулах барилга угсралттай холбоотой нэхэмжлэл гаргасан боловч тус ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч байгууллагад хандаагүй.
Учир нь нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* 2 хотхоны ******* орон сууцны барилгын доорх авто зогсоолын хэсэг, зоорийн давхар, шал, барилгын дээврийн хучлага, дээврийн ус урсах налуу зэрэг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн гүйцэтгэгч нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-ыг баримтлан Хан-Уул дүүргийн *******, *******ы орон сууцны ******* байруудын барилга байгууламжийн хийц бүтээцэд гарсан 1.Орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашаа хайсыг буулгуулах, 2. Барилгын зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах, 3. Барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, 4. Ус орж байгаа зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориулалтын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоолгох, 5. Гаражийн шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлүүлэх, 6. Барилгын доорх авто зогсоолын орцны хэсгийн зам талбайд ус орохооргүй болгож өндөрлүүлэх, 7. Зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлэн ус орохоос хамгаалах, 8. Барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийн дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг хариуцагч *******-д тус тус даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргасан зардал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн *******ны нутаг дэвсгэрт иргэдийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу... гэх дүгнэлтийг хийжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, оршин суугч нарын хэн аль нь ямар гэрээний үндсэн дээр тус шаардах эрхийг хэрэгжүүлж буй нь тогтоогдоогүй. Мөн хариуцагч *******-тай байгуулсан гэрээтэй эсэх нь тодорхойгүй байхад анхан шүүхээс иргэдийг манай компанитай захиалгын гэрээ байгуулсан гэж таамаглан бичсэн байна. Уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад *******-д илгээсэн гэх албан бичгүүд нь манай компанид ирээгүй учраас руу нэхэмжлэгчийн гомдол гаргаж буй асуудлаар хандах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, *******ийн экспертизийн тайлан нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу хараат бус байх зарчимд нийцээгүй, хэт нэг талыг барьсан. Тус судалгааны төв нь судалгаа хийхдээ барилгын ил, далд ажлын актыг харж үздэггүй. Ямар шалтгааны улмаас доголдол бий болсныг бүрэн тодорхойлж гаргаж ирэх чадваргүй, хэрэгт байгаа тайланд дүгнэлт, дүн шинжилгээ хийж биш, *******-ийн даргын мэдээлснээр бусдын амаар, үйлчлүүлэгч байгууллагынхаа хүссэний дагуу барилгыг доголтой гэж тодорхойлсон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь өмнө оролцсон хэрэг маргаанд тус газраар судалгаа дүгнэлт гаргуулсан байгаа нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн хооронд хувийн харилцаатай болохыг нотолж байна.
Мөн Мэргэжлийн хяналтын газар, улсын ахлах байцаагчийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн *******ы ******* барилгын төлөв байдлын тухай дүгнэлт нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны *******ийн дүгнэлтэд суурилсан. *******ийн дүгнэлтэд дурдсан эвдрэл, гэмтэл, дутагдлуудыг тус төвөөс гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэсэн байдаг. Уг дүгнэлтээс үзвэл Мэргэжлийн хяналтын газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан ... шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчимд нийцээгүй, бие даасан шинжилгээний дүгнэлт гаргаагүй, *******ийн экспертизийн тайланд үндэслэсэн дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хараат бус байх зарчмыг зөрчиж байна.
Хариуцагч талаас удаа дараа шинжээч томилох хүсэлтийг гаргаж байсан хэдий ч хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар буюу шүүхийн томилсон шинжээч байгууллага тусгай зөвшөөрөлгүй буюу шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй этгээд байдаг, нөгөө нь тус асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах чиг үүрэггүй байснаар шүүгчийн захирамжид заасан хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах захирамжийн биелэлт хангагдаагүй. Хуульд заасны дагуу хараат бус шинжээчээр хэргийн бодит үнэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Мөн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэх боловч хариуцагчаас дахин шинжилгээ, дүгнэлтэд гаргасан зардалд 3,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Ямар нэгэн байдлаар 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт авагдаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.
5.1. Хариуцагч байгууллагатай байгуулсан захиалгын гэрээг хэрэгт нотлох баримтаар гарган өгч, захиалгын гэрээний дагуу орон сууц худалдаж авсан талаар гэрчүүд мэдүүлсэн. 2015 оны 09 сарын 05, 2017 оны 06 сарын 30-ны өдөр тус тус доголдолтой холбоотой асуудлаар хариуцагч байгууллагад албан бичиг хүргүүлсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. *******-ийн ******* гэх төслийн менежерээр ажиллаж байсан бөгөөд мөн нь *******-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул тухайн үед гарсан доголдлын асуудлыг мэдэж байсан. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан -ийн гүйцэтгэх захирал нь *******-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Мөн *******-ийн гүйцэтгэх захирал нь оршин суугч мөн болохыг гэрчүүд нотолсон бөгөөд тухайн үед ус алдаж байсан тухай мэдүүлсэн.
5.2. Хариуцагч талаас чанарын баталгаа 3 жилийн хугацаатай байсан бөгөөд баталгааны хугацаанд гомдол гаргаагүй гэж маргадаг боловч бид 2015, 2017 онуудад хариуцагч байгууллагад албан ёсоор хандаж байсан. 2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт ... энэ хуулийн 12.4 дэх хэсэгт заасан хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно... гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч нарын хооронд баталгаат хугацааг дуусгавар болгосон акт үйлдсэн эсэх талаар хариуцагч байгууллагаас тодруулахад дуусгавар болгосон акт байхгүй гэж хариулсан учраас чанарын баталгааны хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй.
5.3. Барилгын чанарын доголдолтой холбоотой асуудлын хүрээнд гарч байсан маргаануудыг *******-ны зүгээс судалсны хүрээнд *******д хандаж, дүгнэлт гаргуулсан. Тус төвийг барилгын доголдол, чанарын асуудлын хүрээнд дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлгүй гэж маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй байгууллага болох нь нотлогддог. Бид *******ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан *******өөс дүгнэлт гаргахдаа тухайн барилгад үзлэг хийж, зургаар баримтжуулан, дэлгэрэнгүй байдлаар тайлбарласан. Мөн өмгөөлөгчийн хамаарал бүхий этгээд гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд *******ийн өмнө нь хийж байсан дүгнэлтийг нотлон харуулах зорилгоор шүүхийн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шинжээч томилогдсон. Эхний удаа тусгай зөвшөөрөл олгогдоогүй этгээд томилогдсон боловч дараагийн удаа хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас шинжээч томилох боломжгүй гэх хариу ирүүлсэн. Захирамжийн биелэлтийг хангуулахаар хүсэлт гаргахад 2024 оны 11 сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээс хойш 4 сарын дараа шүүх хуралдааныг зарласан. 2025 оны 04 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлттэй холбогдуулан маргасан бөгөөд шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
5.5. Мөн маргаанд дурдагдсан 3,000,000 төгрөгийн асуудлыг шүүхээс гаргасан техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. *******өөр дүгнэлт гаргуулахтай холбоотой гарсан 3,800,000 төгрөгийн ажлын зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болох нь тусгагдсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 3,000,000 төгрөг гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа мөн бөгөөд тус техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэж байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч *******-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан гэмтэл, доголдлыг арилгуулах, барилга байгууламжийн барилга байгууламжийн орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгүүлэх буюу орон сууцны хотхоны хашааны баруун талын хэсэгт дутуу үлдээгээд хаясан барилгын түр хашаа хайсыг буулгуулж, барилгын зураг төсөл, төлөвлөгөөнд тусгагдсан хашааг гүйцээж бариулах, барилгын дээврийн хучлагын өнгөн үеийг хуулж, барилгын батлагдсан зураг төсөлд зааснаар дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, зоорийн давхрын шаланд ус зайлуулах суваг, ус цуглуулах худаг барих, цуглуулах худагт цугларсан усыг зайлуулах систем байрлуулах, хана, суурийн заадас, шалны хэсгүүдийг зориулалтын материалаар чигжиж, түрхлэг хийж ус нэвчилтийг зогсоолгох, автомашины зогсоолын шалыг арматуртай ба арматургүй бетоноор давхарлан цутгаж өндөрлүүлэх, автомашины зогсоолын орцны хэсгийг өндөрлөх, зоорийн давхарт байрлах цахилгаан хангамжийн щитийг шалны түвшнээс дээш 1,5 метрээс дээш өндөрт шилжүүлж ус орохоос хамгаалах, барилгын ханын хагарсан хэсгийг зураг төслийн дагуу хийж, хөнгөн блокон дүүргэгчээр солихыг даалгах, хохирол 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... барилгын ажил гүйцэтгэсэн байгууллагууд хариуцах үүрэг хүлээнэ, ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэх үндэслэл заан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
3.1. Хан-Уул дүүргийн *******, ******* 2 хотхоны ******* орон сууцны оршин суугчид тус орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор ******* СӨХ байгуулжээ. /1хх14/
3.2. *******-ийн *******ы 74 автомашины зогсоол, үйлчилгээтэй, 252 айлын орон сууцны барилга, 12 агуулахын өрөө, Дунд голын үерийн хамгаалалтын далан бүхий барилга байгууламжийг захиалан бариулж, ашиглалтад оруулсан үйл баримт *******-аас болон -уудтай тус тус байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 02 сарын 17-ны өдрийн 2015/99 дугаартай акт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх26-27, 225-229/
Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, Барилгын тухай 2008 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор орон сууцны дундын эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, барилга байгууламжийн орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгэхийг захиалагч *******-аас шаардах эрхтэй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгч ******* нь *******ы барилгын дээвэр зарим газраараа цоорч орон сууцны айлууд руу ус нэвтэрч байгаатай холбогдон дээвэр засаж өгөх тухай мэдэгдэл, мөн хотхоны барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх үед түр хайсыг буулгах, бусад шаардлагатай тохижилтын ажлыг дуусгаагүй орхисон талаар хариуцагч *******-д албан бичиг хүргүүлж байсан үйл баримтаа нотлохоор шүүхэд тус СӨХ-ны 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 2017/013, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 2019/39, мөн оны 02 сарын 12-ны өдрийн 2020/12 дугаартай тус тус албан бичгүүд,
Түүнчлэн *******-ноос *******-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн тухай 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 2019/14 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, шүүхэд өгсөн байна. /1хх30, 88, 89, 31/
5. Хариуцагч тал дээрх нотлох баримтыг баримтаар үгүйсгэж, няцаагаагүйн гадна нэхэмжлэгчээс мэдэгдэл аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
6. ******* нь Мэргэжлийн хяналтын газарт хандан, *******ы ******* орон сууцны байшингийн ашиглалтын төлөв байдлын талаар улсын байцаагчийн дүгнэлтийг 2 удаа гаргуулж, мөн *******д хандан тус хоёр орон сууцны барилгын оношилгоо хийлгэсэн байна. /1хх97-98, 131/
6.1. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 02-07-117/1137, 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 02-07-094/1408 тоот дүгнэлтүүдэд *******-ны харьяа орон сууцны ******* байрнуудын хаяавч суултад орсон, гадна хананд хагарлууд үүссэн, хавтгай дээврийг батлагдсан зураг төсөл, норм дүрмийн дагуу гүйцэтгээгүйгээс ашиглалтын явцад илэрсэн дээрх эвдрэл гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 14.7-д заасан заалтуудыг хангаагүйгээс тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01/2006 дүрмийн заалтууд, Орон сууцны барилгын техникийн ашиглалтын дүрэм, Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-04-03 дүрмийн хүснэгт 2-т заасан ашиглалт, эдэлгээний шаардлагуудад нийцэхгүй байна. Иймд барилгын үндсэн хийц, бүтээц, түүний материалын чанарт тусгай зөвшөөрөлтэй итгэмжлэгдсэн лаборатори судалгааны төвөөр иж бүрэн тооцоо судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах, хяналт шалгалтаар илэрсэн барилгын дээвэр, дотор гадна хананд үүссэн ан цав, хагарал цууралт, хөрсний усны нэвчилт болон ШУТИС-ийн Барилгын архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны *******ийн дүгнэлтэд тусгасан эвдрэл, гэмтэл, дутагдлуудыг төвөөс гаргасан зөвлөмжийн дагуу засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэжээ.
6.2. ШУТИС-ийн Барилгын архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны *******ийн дүгнэлтэд дээврийн хучлагын үеийг барилгын БА зураг төсөлд зааснаас өөрчилж Полиуретан хөөсөн дулаалга болон Полиуреа ус тусгаарлагч шүршдэг резинэн ус тусгаарлагч будаг нь Барилгын хөгжлийн төвийн Тохирлын гэрчилгээ-ний бүртгэлд ороогүй бөгөөд манай орны уур амьсгалд тохиромжтой эсэх талаарх батлагдсан MNS стандартад бүртгэлгүй бүтээгдэхүүнийг ашигласан байна. Полиуреа ус тусгаарлагч шүршдэг резинэн ус тусгаарлагч будгаар будаж хийсэн дээврийн хучилтад билцрүү цэврүү үүсэж, хагарч, ан цав үүсэж, ховхорч гэмтсэн, дээврийн ус урсах налууг буруу хийж, ус цуглуулах хоолойд ус хуримтлагдаж чадахгүйгээс дээврийн өнгөн үед хурын ус тогтож удаан байснаас элэгдэж, гэмтэж ховхорсон хэсгийн заагаар хурын ус орж нэвчдэг байна. гэж дүгнэн, дээрх хоёр орон сууцны барилгын эвдрэл доголдлыг арилгах зөвлөмж өгсөн байна. /1хх-32-87/
6.3. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар дээрх дүгнэлтээр илэрсэн зөрчлийн талаар болон орчны тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тухай албан бичиг, холбогдох баримтын хамт хариуцагч *******-д хүргүүлсэн байна. /1хх99-103/
Хариуцагч тал 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 99/21 дугаартай албан бичгээр дээрх албан бичигт хариу өгчээ. /1хх104/
6.4. Улмаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч *******-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн тухайн үед дагаж мөрдөж байсан Барилгын тухай 2008 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 3 дугаар зүйлийн 3.16, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэн, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс барилгын баталгаат хугацаа дууссан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч тал *******ы *******а орон сууцны барилгын эвдрэл, доголдол, мөн барилгын ажлын орчны тохижилтыг /хашаа, хайс буулгаж, барилгын зураг төслийн дагуу хашаа барих/ бүрэн гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, түүнтэй холбоотой бүрдүүлж шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үгүйсгэж, өөр баримтаар няцааж чадаагүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн доголдлыг арилгах, гэмтлийг засварлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Мөн талуудын маргаанд хамааралтай холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд хуулиар үүрэг үүссэн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхтэй холбоотой иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг баримталж уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол 3,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Анхан шатны шүүх тус нэхэмжлэлд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад гарсан зардлыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирол гэж үзэх боломжгүй. Иймээс шүүхийн шийдвэрт тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02807 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 гэсний дараа 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг гэж, даалгасугай гэснийг даалгаж, нэхэмжлэлээс 3,000,000 гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 гэсэн дугаарлалтыг 2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД