| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01188/И |
| Дугаар | 210/МА2025/01475 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01475
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03937 дугаар шийдвэртэй
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 18,268,684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт ухаа спорт ордны баруун урд байрлах амины орон сууцны гадна тэжээлийн кабелийг ******* ХХК шинээр барьж буй сургуулийн барилгын аритгах татуургын шугамын ажил гүйцэтгэхдээ 2021 болон 2023 онуудад удаа дараа тасалсан. 2023 оны 11 дүгээр сард кабель гэмтсэн талаар тус компанийн менежертэй холбогдож олон удаа барилга хөлдлөө гэж шаардаж байж кабелийг залгуулсан. Танайх 2 удаа кабель тасаллаа манай кабелийг бүрэн сольж өг гэсэн шаардлага тавихад менежер нь танай кабелийг норм дүрмийн дагуу мэргэжлийн байгууллагаар залгуулъя, булж далдлахдаа харуулж акт үйлдэе, таны төлсөн мөнгийг санхүүд хэлээд өгье, кабельд компаний албан бичгээр баталгаа өгье гэсэн боловч алийг нь ч хэрэгжүүлээгүй.
Одоогийн байдлаар кабелийг булаагүй ил хаясан, хажуугийн барилгын бараа материал хурааж байгаа талбай, барилгын ажилчдын гадаа бие засах газрын яг үүдэнд, хавар цасны ус хайлж чийг авч гэмтэх, хүний амь нас эрсдэх гээд маш олон эрсдэлтэй байгаа тул арга хэмжээ аваач гэж олон удаа холбогдсон, 2 удаа албан бичиг өгсөн ямар ч арга хэмжээ аваагүй хариу өгөөгүй. Кабелийг яаж залгасан нь тодорхойгүй, булаагүй, баримтжуулаагүй, баталгаа өгөөгүй, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй уг кабелийг бүрэн солиулах, норм дүрмийн дагуу ажлыг гүйцэтгэх, холбуулах шаардлагатай байна.
Иймд кабелийг бүрэн солих зардал 17,818,648,0 төгрөг, гэмтэл тодорхойлуулсан зардал 450,000 төгрөг, нийт 18,268,684 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК 2020-2023 оны хооронд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороонд байрлах 920 хүүхдийн суудалтай 161 дүгээр сургуулийн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлсэн. Манай компанийн зүгээс барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэх хүрээнд дулааны шугам татах хоолойн ажлыг зөвшөөрөгдсөн техникийн нөхцөлийн дагуух байршилд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэж дуусгасан. Харин хоолойн ажил хэрэгжиж дууссаны дараа ******* нь өөрийн өмчлөлийн зүйлд хохирол учирсан буюу манай байгууллагыг хоолойн ажил хийх явцад кабелийн утсыг салгасан гэж холбож өгөхийг 2021 оны 12 дугаар сард шаардсан. Тухайн үе ид өвлийн хүйтэн цаг таарсан тул манай компани буруутай үгүйгээс эс хамааран холболт хийж туслах нь зүйтэй гэж үзсэн тул тэр дор нь асуудалгүй шийдвэрлэж өгсөн. Гэтэл ******* 2023 оны 10 дугаар сарын сүүлээр манай байгууллагад дахин тухайн кабель салсан асуудлаар холбогдсон. Манай компани дээр дурдсанчлан 161 дүгээр сургуулийн хоолойн ажлыг 2022 оны 10 дугаар сард дууссан бөгөөд дахиж тухайн бүсчлэлд ажил хийгээгүй ч дахин өөрсдийн буруутай эсэхээс үл хамааран *******ын шаардлагын дагуу кабель салсан гэх хэсгийг шинээр ухаж 50 метрийн кабелийн утсыг шинээр сольж, мэргэжлийн хүнээр кабель холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
2.2. 161 дүгээр сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх байршлын хувьд ******* ХХК-ийн хажуу талд ******* ХХК шинэ орон сууцны барилга угсралтын ажил давхар явагддаг байсан. Нэхэмжлэгч *******ын хувийн сууцны кабелийн утас байршсан бүсчлэлд манай компанийн барилгын ажлын шугам хоолой хийгдсэнээс гадна ******* ХХК-ийн орон сууцны барилга угсралтын ажил тогтмол явагдаж барилын том тэрэг, бараа материалын зөөвөрлөлтийг хийдэг байсан. Тодруулбал, нэхэмжлэгч *******ын барилгын кабелийн утас байршсан газрын хэсэг нь ******* ХХК-ийн барилга угсралтын ажил явагдаж буй газар буюу хашааны бүсчлэлд шууд хамааралтай.
******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тусгагдсаны дагуу ******* ХХК, нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд гэм хор учруулсан буруутай үйлдэл байх бөгөөд түүний үндсэн дээр хохирлыг барагдуулах шаардлага тавигдана. Гэвч *******ын хувийн сууцны кабельд манай компанийн буруутай үйлдлээс үүдэн хохирол учруулсныг баримтын хүрээнд тогтоолгүй өмнө нь тухайн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан туслалцаа үзүүлж байсныг буруугаар ойлгож шууд манай байгууллагыг хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 18,268,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх нэхэмжлэлийг шүүхийн болон хэргийн харьяалал зөрчөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзээд иргэний хэрэг үүсгэж, улмаар шүүх хуралдааныг товлосон атлаа ******* нь хэрэг дээрхи амины орон сууц болон түүний цахилгаан хангамжийн шугамын өмчлөгч болохоо нотолсон баримтыг ирүүлээгүй, шугамд гарсан хохирлыг шаардах эрхтэй этгээд мөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон. Энэ нь шүүх иргэний хэрэг үүсгэсэн атлаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх хуулиар зохицуулагдаагүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол ******* сууц болон цахилгаан шүгамын өмчлөгч мөн эсэх шугамд гарсан хохирлыг шаардах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах бүрэн боломжтой байсан. Гэвч шүүх энэ хэрэгт нэхэмжлэл түүний үндэслэл шаардлагыг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийлгүй шийдвэр гаргасан. Түүнччлэн, нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй болох нь шүүх хуралдааны явцад илэрч тогтоогдсон гэж шүүх үзвэл нэхэмжлэгчийг солих болон нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэхийг тодруүлсаны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулах хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн.
4.2. Маргаан бүхий цахилгааны шугамд гарсан гэмтэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй гэж үзэж байна. Хэргийн 68, 76 дугаар талд авагдсан *******аас хариуцагч компанид гаргасан шаардлага бүхий албан тоот, тус компанийн менежер гэх хүн ******* дугаартай утсаар холбогдоход танай кабелийг норм дүрмийн дагуу мэргэжлийн байгууллагаар залгуулья, булж далдлахдаа харуулж акт үйлдье, таны төлсөн мөнгийг санхүүд хэлээд өгүүлье, кабельд компанийн албан бичгээр баталгаа өгүүлье гэж хэлсэн тухай, ******* дугаартай viber хаягнаас ******* дугаартай утсанд илгээсэн мэдэгдэл зурвас мөнгөн гүйлгээний тухай мэдээлэл нь зөрчил гарсан тухайн цаг үед бодитоор харьцан баримтаар илгээгдэж байсныг баталж байхад эдгээр нотлох баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна. Мөн хариуцагч компанийн буруугүй үйл ажиллагааг нотолсон баримт байхгүй байхад шүүх түүнийг гэм буруугүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мэргэшсэн төсөвчин Б.Ганчимэгийн гаргасан төсвөөр нотлон шүүхэд мэдүүлсэн бөгөөд уг төсвийн нэр оновчгүй гэж шүүх үзэж байгаа бол түүнд нэхэмжлэгчийн буруу байхгүй. Түүнчлэн, нэрийн бичиглэл нь төсвийн агуулга гаргалгаанд эргэлзэх үндэслэл болох учиргүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй. ******* ХХК цахилгааны утсыг тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Уг маргааны хариуцагчийг шүүх тодруулах ёстой байсан гэж нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдсан боловч шүүх өөрийн санаачилгаар тус ажиллагааг хийх боломжгүй. Мөн *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгжүүлэх эрх, үүргийг бүрэн танилцуулаагүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эрх үүргийг бүрэн ойлгоогүй байж танилцсан гэж гарын үсэг зурсан нь хариуцагч тал болон шүүхийн буруу биш гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 18,268,684 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээ өөрийнх нь эзэмшлийн цахилгааны кабелийг хариуцагч Жунсон ХХК сургуулийн барилгын ариутгах татуургын шугамын ажил гүйцэтгэхдээ удаа дараа тасалж, залгахдаа кабелийг ил задгай орхисноос осол гарах дахин гэмтэх эрсдэл бий болсон тул кабелийг бүрэн солиулахад гарах зардлыг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч ******* ХХК татгалзлаа сургуулийн барилгын дулааны шугам, хоолой татахад *******ын өмчлөлийн кабелийн утас салсанд манайх буруугүй ч өвлийн хүйтэн байсан тул залгаж өгсөн, ******* ХХК-ийн барилга угсралт явагдаж буй газрын бүсчлэлд *******ынх хамаарч байх тул манайх буруугүй гэж тайлбарласан.
4. Хэргийн 70 дугаар талд ******* ХХК-ийн иргэн *******д хүргүүлсэн албан шаардлага авагдсан байх бөгөөд уг шаардлагад таны эзэмшлийн 20 метр орчим далдлаагүй ил кабель байгаагаас ажилчид өндөр хүчдэлд цохиулж, амь нас эрүүл мэндээр хохирох, цахилгаан кабель дахин гэмтэж буудах өндөр эрсдэлтэй байх тул цахилгаан кабелийг норм дүрмийн дагуу яаралтай далдлахыг шаардсан байна.
5. Нэхэмжлэгч нь дээрх албан шаардлагын нэг үндэслэл болгож хариуцагч нь цахилгаан кабелийг стандартын дагуу далдлаагүй ил орхисны улмаас аюултай нөхцөл байдал үүссэн, энэ нөхцөл байдлаас бий болох эрсдэлээс сэргийлж цахилгааны кабель утсыг далдлахад шаардагдах зардлыг хохирол гэж тодорхойлсон.
6. Талуудын маргаж буй цахилгаан кабелийг стандартын дагуу далдлаагүй ил орхисны улмаас аюултай нөхцөл байдал үүссэн бий болсон эсэх нь тусгай мэдлэг шаардахаар асуудал байхад энэ талаар зохигчдоос тодруулалгүйгээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03937 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ