Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 3095

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/03095

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Нийслэлийн төр захиргааны 2-р байранд байрлах, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Мишээл Группын байранд байрлах, “Чоно” ХХК-д холбогдох 460 834 797 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, Б.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2014 - 2015 оны Суутгагчаас хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангийн 328 180 399 төгрөгийг 80 453 785 төгрөгөөр нэмэгдүүлж 408 634 183 төгрөг, 2014 цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын тайлангийн өр 53 832 312 төгрөгийг 5 000 000 төгрөгөөр багасгаж 48 832 312 төгрөг, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 3 368 302 төгрөг нийт 382 012 711 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнг 78 822 086 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 460 834 797 төгрөгийг Чоно ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцсоны үндсэн хариуцагч 460 834 797 төгрөгийг  хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулах хугацаа олгохоор тохиролцсон. Хариуцагч энэ гэрээний 2.1-д заасан төлбөрөөс 100 000 000 төгрөгийг 2016 оны 05-р сарын 20-нд багтаан; 100 000 000 төгрөгийг 2016 оны 06-р сарын 20-нд багтаан; 260 834 797 төгрөгийг 2016 оны 07-р сарын 20-нд төлж барагдуулахаар тохиролцож байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь “Чоно” ХХК-д холбогдуулан 460 834 797 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 460 834 797 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 100 000 000 төгрөгийг 2016 оны 05-р сарын 20-нд, 100 000 000 төгрөгийг 2016 оны 06-р сарын 20-нд, үлдэх 260 834 797 төгрөгийг 2016 оны 07-р сарын 20-нд төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэдийгээр талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 460 834 797 төгрөгөөс  2016 оны 05-р сарын 20-нд100 000 000 төгрөг, 2016 оны 06-р сарын 20-нд 100 000 000 төгрөг, 2016 оны 07-р сарын 20-нд 260 834 797 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Чоно” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар  хариуцагч “Чоно” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 462 124 төгрөг  гаргуулж улсын орлого болгосугай.

 

            3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА