| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/06584/И |
| Дугаар | 210/МА2025/01466 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01466
2025 09 01 210/МА2025/01466
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/05109 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан, маргасан байна. /хх-5-6, 50/
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Талууд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/03691 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 181/ГХ2024/00063 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн, барьцааны зүйл болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *******, *******, *******ны ******* хаягт байршилтай, 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах, ажиллагаа явуулсан үйл баримтад маргаангүй. /хх65-76/
5. Харин шинжээч томилсон ажиллагаа болон шинжээчийн хийсэн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргасан байна.
5.1. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 10/76 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч *******г томилжээ. /хх82-83/
5.2. Шинжээч *******д Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн 2023 оны 07 сарын 10-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчний эрх олгосон болох нь хэргийн 91 дэх талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тай гэрчилгээгээр нотлогдсон байна.
Хариуцагч байгууллага нь шинжээч томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.4-т заасныг зөрчөөгүй гэж шүүх зөв дүгнэсэн.
5.3. Шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн *******, *******, *******ны ******* хаягт байршилтай, 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 70,415,938 төгрөгөөр үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайлан үйлдэж, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/25 дугаартай албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна. /хх-86-88, 93-111/
5.4. Мөн шинжээч нь дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн болон өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж үзэн эд хөрөнгийн үнэлгээг тогтоожээ. Шинжээч ******* нь шүүх хуралдаанд оролцож, өөрийн дүгнэлтийг тайлбарласан байна. /хх-145/ Иймээс шинжээч үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5.5. Нэхэмжлэгч тал маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 200,000,000 төгрөг байгаа гэх үйл баримтыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байх тул ... байрны цаашид ашиглах хугацааг тооцох, үнэ цэнийг тодорхойлохдоо уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, ... өөрсдийн үнэлгээг 200,000,000 төгрөгөөр тогтоож байгааг мэдэгдсэнийг анхаарч үзээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/05109 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД