Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1394

 

 

 

 

 

  2019        09         07                                      2019/ШЦТ/1394

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч А.Алтанцэцэг,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 1906 03711 1651 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1986 оны 08 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто
зам барилгын механикжуулалт мэргэжилтэй, хувиараа авто засварт ажилладаг,
Хэнтий аймгийн Дадал сум, 4 дүгээр баг, Баяновоо гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1771/в/ байрны 32 тоотод түр оршин суух, ам бүл 5, хадам эх, эхнэр , 2 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Гын Б /РД:......../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 171/в байрны 32 тоотод өөрийн хамтран амьдрагч А.Алтанцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтанцэцэгийн өгсөн: “Би гэртээ хүүхдээ хардаг юм. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан аймгаас жирэмсэн найз хүүхнээ тосоод гэрт нь хүргэж өгсөн. Намайг 23 цагийн үед гэртээ ирэхэд Б ирээгүй байсан. Шөнө 04 цагийн үед согтуу ирээд хоол идэх гэж хөргөгч онгойлгоод гялгар уут шажигнуулаад байхаар нь би “битгий дуу чимээ гаргаарай” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Би Б өөрт нь таалагдахгүй бол янз бүрийн ааш авир гаргадаг ба агсам зантай гэдгийг би мэддэг учир хөнжлөө нөмрөөд буруу хараад хэвтэж байхад Б өмдний тэлээгээ тайлаад хөнжил дээгүүр ороолгож байснаа хөнжил сөхөөд миний нүүр, бие рүү тэлээгээр цохиж, зодсон. Манай гал тогооны сандал болон тэр хавиар байсан эд зүйл эвдэрсэн.” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтанцэцэгийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 171/в/ 32 тоот болох гэртээ ээж болон хоёр хүүгийн хамт унтаж байсан. Манай хамтран амьдрагч Г.Б нь үүрийн 04 цагийн үед гэртээ согтуу орж ирээд чанга чанга дуу чимээ гаргаад байхаар нь би хүүхдүүд унтаж байна чимээгүй бай гэж хэлсэн чинь уурлаад надтай маргалдаж байгаад өмдний тэлээгээ тайлаад намайг ороолгосон, би орондоо байсан учраас хөнжлөө дээгүүрээ нөмөрсөн. Дараа нь намайг хэл амаар доромжлоод нуруу хэсэгт олон удаа хуванцар сандлаар цохисон, бас миний хамар луу баруун гараараа нэг удаа цохиход манай ээж Г.Бийг барихад нь би жижиг өрөө лүү гүйж ороод цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонцэцэгийн өгсөн: “... манай хүргэн Г.Б үүрийн 04 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн бөгөөд удаагүй жижиг өрөөнд чанга дуу гараад байхаар нь би очиход манай охин болох А.Алтанцэцэгийн дээр суугаад Г.Б зодож байсан ба хуванцар сандалаар биеийн бүх хэсэгт нь цохиж зодсон...” /хх.16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7170 дугаартай: “А.Алтанцэцэгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, xaмрын нуруу, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбэн, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, цээж, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун чамархай, хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 171/в байрны 32 тоотод өөрийн хамтран амьдрагч А.Алтанцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтанцэцэгийн өгсөн: “... Манай хамтран амьдрагч Г.Б нь үүрийн 04 цагийн үед гэртээ согтуу орж ирээд чанга чанга дуу чимээ гаргаад байхаар нь би хүүхдүүд унтаж байна чимээгүй бай гэж хэлсэн чинь уурлаад надтай маргалдаж байгаад өмдний тэлээгээ тайлаад намайг ороолгосон, би орондоо байсан учраас хөнжлөө дээгүүрээ нөмөрсөн. Дараа нь намайг хэл амаар доромжлоод нуруу хэсэгт олон удаа хуванцар сандлаар цохисон, бас миний хамар луу баруун гараараа нэг удаа цохиход манай ээж Г.Бийг барихад нь би жижиг өрөө лүү гүйж ороод цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонцэцэгийн өгсөн: “... манай хүргэн Г.Б үүрийн 04 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн бөгөөд удаагүй жижиг өрөөнд чанга дуу гараад байхаар нь би очиход манай охин болох А.Алтанцэцэгийн дээр суугаад Г.Б зодож байсан ба хуванцар сандалаар биеийн бүх хэсэгт нь цохиж зодсон...” /хх.16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7170 дугаартай: “А.Алтанцэцэгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, xaмрын нуруу, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбэн, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, цээж, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун чамархай, хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.28/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Бий гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч А.Алтанцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Г.Бий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч А.Алтанцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Г.Бийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Бий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Гын Бийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бд сануулсугай.

5. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Алтанцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР