| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 1624 |
| Огноо | 2016-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 1624
| 2016 оны 2 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/01624 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол 48-57 тоотод оршин суух, регистр ЖЯ59091662, Иеншөөбү овогт Янлигжавын Сумъяагийн хүсэлттэй Мишээлийг 2005 оны 9 сарын 21-ний өдөр үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Сумъяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Сумъяа нь нөхөр Д.Батболд болон охин Б.Эрдэнэболор, Б.Амартуяа нарын хамт 2003 онд АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. 2011 оны 9 сар хүртэл АНУ-д амьдарсан бөгөөд охин Б.Эрдэнэболор АНУ-д сурч байхдаа 2005 оны 9 сарын 21-ний өдөр төрж охинтой болсон. Б.Эрдэнэболор нь хүүхдийнхээ эцэгтэй хууль ёсоор гэр бүл болоогүй байхдаа хүүхэд төрүүлсэн бөгөөд өөрөө оюутан байсан учир нөхөр бид 2 зээ охин Мишээлийг үрчилж авч өсгөсөн юм. АНУ-аас хүүхэд төрсөн тухай гэрчилгээг олгосон. Б.Эрдэнэболор нь 2007 онд Монгол улсад түр хугацаагаар ирэхдээ бид хоёрт хүүхдээ үрчилсэн гэрчилгээг авах гэсэн боловч би АНУ-д байсан учир олгогдоогүй юм. Иймд өөрөөрөө овоглож охин Мишээлийн төрсний гэрчилгээг авсан. Бид 2011 оны 9-р сард охин Мишээлийн хамт Монголд ирж охиныхоо гэрчилгээг авах гэтэл Эрдэнэболор нь АНУ-д байсан учир бас авч чадаагүй. Ингээд 2013 онд 2007 оны төрсний Г-187/108 гэрчилгээг үндэслэн охин Мишээлийн үрчилсэн тухайгаа Иргэний бүртгэлийн байгууллагаар бүртгүүлж төрсний гэрчилгээг өөрсдийн нэр дээр авсан юм. Би эхийн одон авах зорилготой байгаа тул 2005 оны 9-р сарын 21-ний өдөр төрсөн Мишээлийг үрчилж авсан хугацааг наашлуулж 2007 онд үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Сумъяа нь охин Мишээлийг 2007 онд үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
М.Чинбат, Б.Эрдэнэболор нарын дундаас 2005 оны 9-р сарын 21-ний өдөр АНУ-ын Индиана мужид охин Чинбатын Мишээл төрж гэрчилгээ /хх 5/ олгосон байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16-р зүйлд заасан журмаар үрчлэн авагч, хүүхэд үрчлүүлж байгаа эцэг, эх хамтран холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн нэгж, ажилтанд гаргаснаар үрчилснийг бүртгэдэг бөгөөд үрчилснийг бүртгэж, үрчилсэн тухай гэрчилгээ олгогдсоноор үрчлэлт хүчинтэй болно.
Д.Батболд, Я.Сумъяа нар нь зээ охин Мишээлийг 2013 оны 2-р сарын 7-ны өдөр үрчлэн авч Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс бүртгэж, үрчилснийг бүртгэж Г-1871/08 дугаар гэрчилгээ /хх 6/ олгогдсон, улсын бүртгэл хүчинтэй байна.
Харин эхийн одон авах зорилгоор охин Б.Мишээлийг 2007 онд үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн Я.Сумъяагийн хүсэлт үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар Б.Мишээлийг 2007 онд үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн Я.Сумъяагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА