Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01467

 

2025 09 01 210/МА2025/01467

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05250 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 130,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той 2022 оны 11 сарын 02-ны өдөр 2093 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч ******* нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2023 оны 11 сарын 02-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулах байсан. Гэрээний хугацаанд зээлийн хүүд нийт 9,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй.

Хариуцагч нь 60,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү болох 27,000,000 төгрөг, зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй алданги гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 43,500,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй.

1.2. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь 2022 оны 11 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2093 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, *******лол, *******, *******, ,*******, *******, 73.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

******* миний бие Д.Солонгын хүсэлтээр өөрийн амьдран сууж байгаа орон сууцыг барьцаалж түүний танил *******тай холбогдож 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар барьцаалан зээл авсан.

Хариуцагчийн хувьд өөрийн амьдран сууж байгаа орон сууцаа барьцаалан байж зээл авах хэрэгцээ, шаардлага огт байгаагүй. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн шилжүүлсэн зээлээс нэг ч төгрөг авч өөрт зарцуулж хэрэглээгүй болох нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдоно.

нь манай хадам эгч бөгөөд танайхыг хохироохгүй гэж итгэл төрүүлж авсан, одоо өрөө төлнө гэх боловч төлөөгүй. Мөн зээлийн эхний 3 сарын хүүг нь өөрийнхөө данс болон нөхрийнхөө данснаас тус тус миний дансанд шилжүүлсэн. Миний хувьд өөрөөсөө гаргаж төлөх мөнгө байхгүй. төлбөрийг төлнө гэсэн учраас нэхэмжилж буй мөнгийг төлөх байх, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******гоос зээлийн гэрээний үүрэгт 130,500,000 төгрөг /нэг зуун гучин сая таван зуун мянган/-ийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******, *******лол, *******ны ******* хаягт байршилтай 73.4 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэн аас 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Миний бие тус уг гэрээгээр авсан мөнгийг ашиглаагүй, миний бие зээлээр авсан мөнгийг шууд д өгсөн. Мөнгийг авч ашиглаагүй талаар дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй хууль бус гэж үзэж байна.

4.2 Зээлийн гэрээ нь сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой байна.

Учир нь зээлийн хүү болон алдангийн хэмжээ нь үндсэн зээлийн төлбөрөөс хэтэрсэн буюу 70,500,000 төгрөг болсон байхад шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу нэхэмжлэгчийн дансанд мөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 11 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр *******гийн дансанд шилжүүлсэн.

Харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргээ манай талаас гүйцэтгэж, нөгөө талаас зээлийн хүүд 9,000,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үлдсэн үүргээ гүйцэтгээгүй байна.

Зээлийн гэрээнд алданги тооцохоор заасан учраас гомдол гаргасан. Хариуцагч тал зээлийн гэрээнд алдангийг 0,5 хувиар тооцож төлөх ёстой тул хариуцагчаас 43,500,000 төгрөгийн алдангийг тооцохоор нэхэмжлэл гаргасан.

Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажсан учраас зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,500,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... хадам эгч д туслах зорилгоор орон сууцаа барьцаалж зээл авч өгсөн, ... барьцааны эзэнтэй гэрээ байгуулахыг шаардсан учир гэрээнд гарын үсэг зурсан .., ... зээлийн хөрөнгийг өөртөө хэрэглээгүй, ... барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахгүй гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

3.1. *******, ******* нар 2022 оны 11 сарын 02-ны өдөр 2093 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь сар бүрийн 02-ны өдөр зээлийн хүү төлж, үндсэн зээлийг хэсэгчлэн болон хугацааны эцэст төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-5/

3.2. Зээлдэгч ******* нь 2022 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 5019412714 тоот ХААН банк дахь данснаас *******гийн эзэмшлийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 60,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-12/ Энэ үйл баримтад талууд маргаангүй, харин гэрээний үүрэг үүссэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

Учир нь, талууд зээлийн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Уг мөнгөн хөрөнгийг хариуцагч өөртөө зарцуулсан эсэх нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн хариуцагч *******гийн гүйцэтгэх үүргийг өөр этгээд шилжүүлэн авсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг гэх этгээд шилжүүлэн авсан гэж үзэхгүй. Иймд мөнгийг авч ашиглаагүй талаар шүүхэд дансны хуулга өгсөн байхад шүүх харгалзан үзээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч ******* нь гэрээний үүргээс 9,000,000 төгрөг гүйцэтгэж, үлдэх үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /хх12, 118-119/

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******гоос үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүүд 27,000,000 төгрөг, алданги 43,500,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ. Иймд зээлийн гэрээ сарын 5 хувийн хүүтэй, алданги төлөх нөхцөл, алдангийн хэмжээ үндсэн зээлийн төлбөрөөс хэтэрсэн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Тодруулбал, талууд гэрээгээр харилцан тохиролцон зээлийн хүүг сарын 5 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцон хүү тогтоож болно. гэж заасантай нийцсэн. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд зээлийн хүүгийн хэмжээ хэт их гэх үндэслэлээр маргаж, мэтгэлцээгүй байна.

Мөн гэрээний 3.7-д заасан алдангийн талаарх талуудын тохиролцоо нь хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байна.

Хариуцагч нь гэрээгээр 2022 оны 11 сарын 02-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөг, түүнд ногдох хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцон хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 43,500,000 /60,000,000 + 27,000,000=87,000,000х50%/ төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

3.2. *******, ******* нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, ******* нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******, *******лол, *******ны ******* хаягт байршилтай 73.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-7/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн барьцааны зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаар тусгаагүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05250 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 880,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 880,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийг 3, 4 гэсэн дугаарлалтыг 4, 5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 880,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Ч.ЦЭНД