Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1401

 

 

 

 

 

  2019         09         09                                         2019/ШЦТ/1401

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох 1906 04075 1689 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 23 дугаар гудамжны 899 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х хад овогт Бы Х /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Казино нэртэй баарны үүдэнд иргэн Д.Энхболдтой маргалдан зодолдож гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хы өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхболдын өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа хамт уулзаж суусан юм. 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Казино нэртэй бааранд Батзориг, Бат-Эрдэнэ, Баярцогт нарын хамт орсон. Бид 4 баар болон караокед 2 шил архи, 1 шил пиво хувааж уусан. 2019 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн үед баарнаас Батзориг, Бат-Эрдэнэ, бид 3 гарсан бөгөөд Баярцогт аль хэдийн явсан байсан. Баарнаас гарахад баарны үүдэнд хэсэг залуучууд зодолдож байсан бөгөөд би салгах гэж очиход нэг залуу нь миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэнд намайг цохисон залууг манай найз болох Бат-Эрдэнэ таньдаг гэсэн...” гэх мэлүүлэг /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Казино нэртэй цэнгээний газар ажлын газрын залуу болох Д.Энхболд, Д.Батзориг, Ш.Баярцогт нарын хамт ороод бид нар 2, 2 пиво уугаад сууж байхад манай нутгийн залуу болох Б.Хтэй би тааралдан мэнд мэдээд өнгөрсөн. Удаагүй тэр цэнгээний газраас гараад байж байхад Б.Хыг харахад цаана хүмүүстэй муудалцаж байгаад бид нар дээр ирээд Д.Энхболдтой маргалдаж баруун гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Яг юунаас болоод маргалдаж цохисон талаар сайн мэдэхгүй байна. Би 03 цаг 30 минутын үед цагдаад дуудлага өгөөд удаагүй Б.Энхболдыг цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы гэрчээр өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 10-наас 11 шилжих шөнийн 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Казино нэртэй бааранд найзууд болох Баагий, Уугий хоёртой хамт орсон. Тэр газар ороод 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи нэг шилийг мөн 6 шил 0.45 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво захиалж уугаад суусан. Би шөнийн 02:00 цагийн үед бааран дотор нутгийн залуу болох Бат-Эрдэнэтэй тааралдаад бид хоёр тамхи татах гээд хамт гадаа гарч ярилцаж байгаад удалгүй буцаж баар луу ороод ширээ ширээндээ суусан. Би хоёр найзын хамт захиалж авсан архи, пивоо ууж дуусаад шөнийн 03:00 цагийн үед тэр баарнаас гарч явахдаа тус баарны хамгаалагчтай маргалдаж байхад хажуунаас нэг үл таних залуу гарч ирээд энэ найз нь мөн үү гэж хэлээд миний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод би хариуд нь тэр танихгүй залууг нүүрэн хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Удалгүй манай найз болох Баагий ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Батдэлгэрэхийн өгсөн: “Удаагүй Уугий намайг дуудаад “нөгөө Хүрлээ чинь хүнтэй зодолдчихлоо” гээд Уугий бид 2 Х дээр яваад очиход Б.Х түрүүний маргалдаад байсан залууг цохисон байдалтай байсан ба тэр залуу нь цусаа гоожуулаад амаа дарсан сууж байсан. Удаагүй Уугий бид 2 Б.Хыг авч яваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8530 дугаартай:

1. Д.Энхболдын биед баруун дээд 1 дүгээр шүдний мултрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх, дагз хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы яллагдагчаар өгсөн: “... Би Казино нэртэй баарны ойролцоо Д.Энхболд гэх залуутай маргалдаад улмаар нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон..., Намайг Д.Энхболд гэх залуу миний нүүрэн хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Би архи уусан байсан ба Д.Энхболд гэх залуу намайг түрүүлж цохисны улмаас түүнд гар хүрч цохисон...” гэх мэдүүлэг /хх. 28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Казино нэртэй баарны үүдэнд иргэн Д.Энхболдтой маргалдан зодолдож гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхболдын өгсөн: “... Баарнаас гарахад баарны үүдэнд хэсэг залуучууд зодолдож байсан бөгөөд би салгах гэж очиход нэг залуу нь миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэнд намайг цохисон залууг манай найз болох Бат-Эрдэнэ таньдаг гэсэн...” гэх мэлүүлэг /хх. 5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “... Удаагүй тэр цэнгээний газраас гараад байж байхад Б.Хыг харахад цаана хүмүүстэй муудалцаж байгаад бид нар дээр ирээд Д.Энхболдтой маргалдаж баруун гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх. 7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы гэрчээр өгсөн: “... баарнаас гарч явахдаа тус баарны хамгаалагчтай маргалдаж байхад хажуунаас нэг үл таних залуу гарч ирээд энэ найз нь мөн үү гэж хэлээд миний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод би хариуд нь тэр танихгүй залууг нүүрэн хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх. 11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Батдэлгэрэхийн өгсөн: “... Б.Х түрүүний маргалдаад байсан залууг цохисон байдалтай байсан ба тэр залуу нь цусаа гоожуулаад амаа дарсан сууж байсан. Удаагүй Уугий бид 2 Б.Хыг авч яваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх. 15/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8530 дугаартай:

1. Д.Энхболдын биед баруун дээд 1 дүгээр шүдний мултрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх, дагз хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы яллагдагчаар өгсөн: “... Би Казино нэртэй баарны ойролцоо Д.Энхболд гэх залуутай маргалдаад улмаар нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон... Д.Энхболд гэх залуу намайг түрүүлж цохисны улмаас түүнд гар хүрч цохисон...” гэх мэдүүлэг /хх. 28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Хы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Б.Х нь хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Энхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Хы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Б.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дахь заалтад тус тус зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х хад овогт Бы Хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хд сануулсугай.

5. Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Энхболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР