Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01494

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03203 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн үлдэгдэл төлбөрт 42,500,000 төгрөг, зээлийн хүүгийн зөрүү 1,355,000 төгрөг, хохирол 15,950,000 төгрөг, нийт 59,805,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 05 дугаар сард миний аавын нутгийн танил ах гэх ******* нь ...дизель түлшний бизнес хийх санаатай түлш авах гэхэд мөнгө дутаад байна, мөнгө зээлээч гэж аавтай уулзахад 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аав минь байр зарсан мөнгөнөөс 78,500,000 төгрөгийг түүнд нэг сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлүүлж, хариуцагчийн хүсэлтээр дизель түлш авч буй хүн болох ******* гэх хүний дансанд уг мөнгийг шилжүүлсэн. Тухайн өдөр мөнгө зээлүүлсэн талаар баталгаа гэрээ хийж ******* нь мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний дараа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 42,500,000 төгрөгийг төлөөгүй. Миний эцэг ******* тархинд нь цус харвасны улмаас 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барснаас хойш ******* нь үлдэгдэл мөнгөө өгөөгүй, залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй байдаг байсан. Би энэ талаар цагдаад гомдол гаргасан бөгөөд Сонгионохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хэргийг хаасан.

1.2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Баталгаа гаргах тухай бичигт зааснаар 78,500,000 төгрөгийн нэг сарын 3 хувийн хүү нь 2,355,000 төгрөг, үүнээс хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд зээлийн төлбөрт 36,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгатай төлсөн. Нэг сарын зээлийн хүү 2,355,000 төгрөгөөс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, зээлийн хүүний зөрүүнд 1,355,000 төгрөг гаргуулна.

1.3. Би нөхөр, хүүхдийн хамт *******,*******,*******,, тоотод байрлах 3 өрөө орон сууцанд амьдарч байсан. Амгаланд байр авах зорилгоор амьдарч байсан байраа зарж, байр зарсан мөнгөө аав *******ын дансаар авсан байсан. Уг мөнгөнөөс миний аав 2021 оны 05 дугаар сард хариуцагч *******д 1 сарын хугацаагаар 78,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Гэвч хариуцагч хэлэлцэн тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн өгөөгүйн улмаас орон сууц авах мөнгө хүрэлцэхгүй болж, би цаг хугацаа, орон байраараа хохирч нөхөр, хүүхдийн хамт айлаас айл дамжин амьдарч байгаад 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байр түрээслэн амьдарч эхэлсэн. Улмаар С.Болортуяатай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгаланд байрлах 87 дугаар байрны 28 тоот, 1 өрөө орон сууцыг сарын 550,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулж өнөөг хүртэл амьдарч байна. Тиймээс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 15,950,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулна.

Иймд зээлийн үлдэгдэл 42,500,000 төгрөг, зээлийн хүүний зөрүү 1,355,000 төгрөг, хохирол 15,950,000 төгрөг, нийт 17,305,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчийн охинтой хамтарч бензиний жижиглэн худалдаанд ажиллах зорилгоор мөнгө шилжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч нэгдсэн журмаар чиний дансаар дамжуулж шилжүүлье гээд хариуцагчийн охины данс руу мөнгө шилжүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Учир нь мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэгт хариуцагчийн охин нь хохирогчоор тогтоогдоод энэ мөнгийг баталгаа болгож бичиж өгсөн баримтыг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 42,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,305,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 375,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эцэг *******аас *******д шилжүүлсэн 78,500,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ биш, тохиролцсон мөнгийг мөн өдрөө бэлнээр хүлээлгэн өгөөгүй, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөр этгээдийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих харилцаа гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******, ******* нар *******д 78,500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 06 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр эргүүлэн авахаар тохиролцож баталгаа бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. Уг хэлцлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас *******гийн хүсэлтээр түлш худалдан авах гэж буй хүн болох *******ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 78,500,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Талуудын хүсэл зориг болон гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах тул хариуцагч нь баталгаа бичигт гарын үсэг зурахдаа уг мөнгийг хүүтэй, хугацаатай зээлж байгаа талаар ойлгож, үр дагавраа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн нийт 7 удаагийн гүйлгээгэр 36,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн зэрэг нь зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл болно. Гэтэл анхан шатны шүүх 78,500,000 төгрөгийг баталгаа бичиг үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгөөгүй, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дансаар шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээ бус үндэслэлгүй хөрөнгөжсөн харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт бус хариуцагчид олгож буй мөнгөн дүн, хүүгийн хувь, эргэн төлөх хугацаа, олгосон он cap өдөр зэргийг тодорхой зааж, талууд гарын үсэг зурсан, зээлийн гэрээгээр тохиролцвол зохих шаардлагуудыг бүрэн хангасан, талууд амаар байгуулсан гэрээг бичгээр баталгаажуулж тохиролцоогоо баримтжуулсан хэлцэл юм. Дээрх баталгаа бичгийн агуулгаас харвал зээлдүүлэгч мөнгийг бэлнээр хүлээлгэн өгөх бус зээлдэгч буюу ******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөнгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байхад зээлдэгч мөнгийг бэлнээр хүлээлгэн өгөх ёстой байсан мэт бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгөө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

Иймд зээлийн хүү 1,355,000 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохиролд 15,950,000 төгрөг, нийт 17,305,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй. Уг маргаантай холбоотой асуудал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Тиймээс эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж дууссаны дараа уг маргааныг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хэрэгт тусгагдсан нотлох баримтууд болон шүүх хүралдааны тэмдэглэлээс харахад 2021 оны 05 сарын 10-ны өдрийн баталгаа гэх баримтад тусгагдсан 78,500,000 төгрөгийг *******аас ******* шилжүүлэхээр тохиролцсон нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ бус бөгөөд тохиролцсон мөнгийг мөн өдрөө бэлнээр хүлээлгэн өгөөгүй, 2021 оны 05 сарын 11-ний өдөр өөр этгээдийн дансанд шилжүүлсэн, улмаар шилжүүлэгдсэн мөнгийг ******* *******т буюу түүний заасан дансанд буцаан шилжүүлж байсан нь нотлогдож байна. Хариуцагч ******* нь түлш худалдан авахаар ******* мөнгөө залилуулсан бөгөөд уг залилуулсан мөнгөө гаас авбал *******д буцаан өгнө гэсэн байр суурьтай байгаа ба энэхүү эрүүгийн хэрэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шатанд байгаа.

*******ын нэхэмжилсэн мөнгөний үйл баримт гийн бусдыг залилсан гэх хэрэгтэй шууд хамааралтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дурдсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шатанд байгаа бусдад дизелийн түлш гэж бусдыг залилж бусдад их хэмжээний хохирол учируулсан гэх эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа *******ын нэхэмжлэлтэй ******* холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ******* нь 42,500,000 төгрөгийг *******гаас нэхэмжлэн гаргуулах эрхтэй боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар дүгнэхэд энэ нэхэмжлээд байгаа мөнгө *******гийн ззэмшлийн дансанд ороогүй өөр этгээдийн дансанд орсон зэргээс үзэхэд *******гаас 42,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн хүрээнд өмнө нь 2024 онд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 651.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасны дагуу анхан шатны шүүхээс бүрэлдэхүүнтэй хэлэлцэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан асуудлыг өмнө нь анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэг нь уг маргаанд хамааралгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн үлдэгдэл 42,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэл 42,500,000 төгрөг, зээлийн хүүгийн зөрүү 1,355,000 төгрөг, хохирол 15,950,000 төгрөг, нийт 59,805,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Нэгдүгээр хавтас хэргийн 13 дугаар талд 2021 оны 05 сарын 10-ны өдөр миний бие ******* нь Хорлоо овогтой ******* 85 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 6 сарын 10 өдөр бэлнээр авахаар тохиролцов. Сарын 3 хувийн хүүтэй тохиролцов. Гэрч хажууд ******* байв. Хүлээн авсан *******, хүлээлгэн өгсөн ******* гээд гарын үсэг зурсан, /85 сая гэсэн бичгийн 8 тооны өмнө 7 тоо харагдаж хуулбарлагдсан/ Баталгаа гаргах нь гэх баримт авагдсан. /хх-ийн 13/

 

3.2. *******ын эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 78,500,000 төгрөгийг *******ын тоот дансанд түлш худалдан авах үнэ гэсэн утгатай шилжүүлсэн. /хх-ийн 18/

 

3.3. Хариуцагч ******* нь талийгаачийн эхнэр гийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нийт 6,000,000 төгрөгийг baka tvlshnii vne гэсэн утгатай, талийгаачийн охин ******* эзэмшлийн ХААН банк ХК дахь ******* тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг Бака түлшний үнэ гэсэн утгатай, мөн 2021 оны 11 сарын 09-ний өдөр нийт 20,000,000 төгрөгийг Шинэбаяраас гэсэн утгатай, нийт 36,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдийн дугаар тогтоолоор, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тус тус нотлогдсон. Энэ талаар талуудын хэн аль нь маргахгүй байна. /хх-ийн 15-17/

 

3.4. ******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* төрсөн охин болох ******* өвлүүлэгчийн өмчлөлд байсан иргэн ******* авлага 42,500,000 төгрөгийг нэхэмжлэх, гаргуулан авах эрх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. /хх-ийн 11/

 

3.5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан ...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн ******* нь зүс таних  *******  78,500,000 төгрөг зээлүүлсэн боловч үлдэгдэл 42,500,000 төгрөгийг өгөхгүй залилсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдийн дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. /1-р хх-ийн 8-10/

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн зөрүү, зээл төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой орон сууц түрээслэн хохирол учирсан, нийт 59,805,000 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түлш худалдан авч, хамтарч бензиний жижиглэн худалдаанд ажиллах зорилгоор мөнгө шилжүүлж хамтран ажиллах зорилготой байсан... гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчаас 42,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагч *******г Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруу дүгнэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.1. Учир нь хэргийн баримтууд болон талуудын тайлбараас үзвэл тэдгээрийн хооронд зээлийн гэрээний болон хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагчийн тайлбар болон түүнээс 36,000,000 төгрөгийг талийгаач *******ын эхнэр , охин нарын дансанд буцаан шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******гийн хүсэлтээр талийгаач ******* нь мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар түүний нэрлэн заасанэтгээдийн дансанд шилжүүлсэн тулуг мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* нь буцаан төлөх үүрэгтэй . Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 42,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, өөр этгээдийн дансанд шилжүүлсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан. Түүнчлэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн зөрүү 1,355,000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 15,950,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч ...түлш худалдан авахаар д мөнгөө залилуулсан гэх эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг шийдвэрлүүлнэ... гэх агуулга бүхий гомдол гаргасан.

 

7.1. Хэргийн баримтаас үзэхэд эрүүгийн хэрэгт хохирогчоор Б.Шинэбаяр мэдүүлэг өгснөөс гадна уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 244,475 төгрөг, хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 300,250 төгрөг, нийт 370,450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ