Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1402

 

 

 

 

 

  2019         09         09                                         2019/ШЦТ/1402

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Хохирогч Ү.Намжирмаа,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мд холбогдох 1906 04168 1693 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, МНС цахилгааны угсралтын компанид цахилгааны инженер ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/6-62 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Жын М /РД:....../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.М нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52-6 дугаар байрны 62 тоотод эхнэр Ү.Намжирмааг нүүр болон гар луу нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Намжирмаагийн өгсөн: “Фэйсбүүкээс болж шүүгдэгч, бид хоёр маргалдсан. Шүүгдэгч “намайг маргааш ажилтай унтъя” гэж хэлэхэд би унтахгүй уурлахад “чи дандаа ингэдэг биздээ” гэж хэлээд намайг цохисон. Намайг дахиж цохиход би эгчдээ хэлсэн.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ү.Намжирмаагийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 07-нд фэйсбүүкийн маргаанаас болж маргалдаад миний гар луу цохиж, хацар луу алгадсан. Би яаж байгаа юм гэж уурласан чинь уурандаа босч ирээд дахин гар луу цохиод, нүүр лүү алгадсан. Болсон явдлыг би эгч Мөнхтуяад хэлэхэд цагдаад хэл гээд хамтдаа цагдаад ирж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын гэрчээр өгсөн: “Би 23:00 цагийн үед унтах гэж байтал миний утсанд танихгүй эмэгтэй хүнээс фэйсбүүк дээр найзын хүсэлт ирсэн. Танихгүй хүн байж яагаад хүсэлт ирдэг юм, чатлаад хамт яв гэх зэрэг хэрүүл эхэлсэн ба Намжирмаа над руу гарт тааралдсан дэр зэрэг зүйлс шидээд байсан. Унтах гэтэл унтуулахгүй хөнжил татаад, гэрэл асаагаад хэрүүл хийгээд 02:00-03:00 цаг болсон. Хэрүүл хийж байгаад Намжирмаа цээж рүү гараараа 2 удаа цохисон. Миний уур хүрээд би 1 алгадаад хэрүүл хийхээ болъё гэж хэлэхэд араас ирээд хэрүүл хийгээд байсан. Хэрүүл үргэлжлэн зууралдаж байгаад би жижиг өрөө рүү ороод өрөөгөө цоожлоод унтчихсан. Унтаж сэрээд орой иртэл эгч нь  ирээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8387 дугаартай:

1. Ү.Намжирмаагийн биед зүүн хацар, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын яллагдагчаар өгсөн: “... Би 00:00 цагийн үед фэйсбүүк ороход миний фэйсбүүк хаягт эмэгтэй хүнээс найзын хүсэлт ирсэн байсан. Намжирмаа хардаж хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа нүүр лүү нь алгадаж, гар хэсэгт нь 2-3 удаа цохисон... тус гэмтлийг би учруулсан. Дахиж эхнэрийн биед гэмтэл учруулахгүй...” гэх мэдүүлэг /хх. 33/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх. 35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.М нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52-6 дугаар байрны 62 тоотод эхнэр Ү.Намжирмааг нүүр болон гар луу нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ү.Намжирмаагийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 07-нд фэйсбүүкийн маргаанаас болж маргалдаад миний гар луу цохиж, хацар луу алгадсан. Би яаж байгаа юм гэж уурласан чинь уурандаа босч ирээд дахин гар луу цохиод, нүүр лүү алгадсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын гэрчээр өгсөн: “... Хэрүүл хийж байгаад Намжирмаа цээж рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8387 дугаартай:

1. Ү.Намжирмаагийн биед зүүн хацар, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын яллагдагчаар өгсөн: “... Намжирмаа хардаж хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа нүүр лүү нь алгадаж, гар хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.33/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх. 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Ж.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ү.Намжирмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ж.Мыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Ж.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Жын Мыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Мд сануулсугай.

5. Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР