Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01422

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/06693 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны ашиглалтын төлбөр 4,797,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2018 оны 3 сараас 2025 оны 04 сар хүртэлх хугацааны орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус зэрэг ашиглалтын төлбөр 3,257,560.78 төгрөг, алданги 1,539,534.51 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... төлсөн төлбөрийг хасаж тооцдоггүй, төлбөрийг янз бүр гаргаад байдаг, үнийн дүнгээ зөрүүгүй зөв бодит гаргаад ирвэл төлнө... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ******* нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хот, суурины дулаан түгээх, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд бөгөөд түүний хариуцаж буй орон сууцны барилгад ******* дүүргийн ******* хамаардаг, тус байрны ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч ******* болох нь тогтоогдсон.

 

4. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг үндэслэлтэй, зөв тогтоосон эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч орон сууцны өмчлөгчийн хувьд хэрэглэсэн ус, халаалт, дулааны төлбөрийг төлөх үүрэгтэй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Хэрэгт авагдсан хэрэглэгчийн төлбөрийн баримтаас үзвэл орон сууц ашиглалттай холбогдсон зардал нь 2018 оны 03 сараас 2025 оны 04 сар хүртэлх хугацаанд 3,224,981 төгрөг болох нь тогтоогдож байна. /хх-25-28/

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 13-ны өдрийн 211 дугаар Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс тооцож 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоолд хамаарах хугацааны буюу 2021 оны 12 сарын усны төлбөр, НӨАТ, алданги нийт 32,579.25 төгрөгийн төлбөрийг хасаж тооцоогүй байгааг залруулна.

 

8. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд анзын тохиролцоо бичгээр байгуулагдаагүй байхад хариуцагч *******гээс алданги 1,539,534.29 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй ... гэж заасныг зөрчжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж зохицуулсан тул нэхэмжлэгч хангагч байгууллагын хувьд хэрэглэсэн цахилгааны тухайд хуулиар алданги шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан алдангийн тооцоололд цахилгаанаас гадна цэвэр, бохир ус зэргээр хэрэглээний бүхий л зардалд алданги нийтэд нь тооцож шаардсан байна.

Мөн хэрэглэгч хэрэглэсэн цэвэр, бохир усны зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар алданги тооцохоор зохицуулаагүй тул нэхэмжлэгч энэ зардлаас алданги шаардаж байгаа тохиолдолд талуудын хоорондох гэрээний дагуу шаардах учиртай.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар алданги шаардаж буй тохиолдолд нэхэмжлэлийн аль шаардлагад хамаарах хэсэгт, ямар дүнгээр тооцсон болохыг тодорхойлох, нотлох үүрэгтэй юм.

 

Иймд хариуцагчийн гаргасан ...надтай бичгээр гэрээ байгуулаагүй атлаа алданги тооцож, нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 1,539,534.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гээс 2018 оны 03 сараас 2025 оны 04 сар хүртэл хугацааны орон сууц ашиглалттай холбогдсон зардал буюу халаалт, дулаан, усны төлбөр 3,224,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,572,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

10. Хариуцагч *******гийн төлсөн 2024 оны 01 сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 04 сарын 05-ны өдөр 150,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагчийн өмнөх төлбөрт суутган тооцсон гэх нэхэмжлэгч *******-ийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт давж заалдах гомдлыг бичгээр гаргана, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй гэж тус тус зааснаар хэргийн оролцогчид бичгээр гаргасан гомдлын хүрээнд тайлбар гарган мэтгэлцэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах талуудын зарчимд нийцнэ. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдаагүй үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаарх тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/06693 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 3,224,982 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,572,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 91,704 гэснийг 66,549 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,704 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН