| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 1119 |
| Огноо | 2016-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 1119
| 2016 оны 2 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2016/01119
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал Тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа 6-р гудамж, 275 тоотод оршин суух, Боржигон овогт Бадамын Эрдэнэчимэгт холбогдох 1 058 373 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэчимэгтэй харилцан тохиролцож 2014 оны 12 сарын 8-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 89045848 дугаарт нь Galaxy Note 4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хуваан төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 1 сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
-89045848 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 725 582 төгрөг,
-Гэрээний дагуу алданги болох 352 791 төгрөг нийт 1 058 373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Юнител” ХХК-тай 2014 оны 12 сарын 8-ны өдөр гэрээ байгуулж 59045848 дугаарт Galaxy Note 4 маркийн утсыг 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2016 оны 1 сарын 25-ны өдөр 550 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл болох 508 373 төгрөгийг 2016 оны 3 сарын 31-ний дотор төлж барагдуулах болно гэжээ .
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь Б.Эрдэнэчимэгт холбогдуулан 1 058 373 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Эрдэнчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 1 058 373 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 550 000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 508 373 төгрөгийг 2016 оны 3-р сарын 31-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 058 373 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 1 сарын 25-ны өдөр 550 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 508 373 төгрөгийг 2016 оны 3 сарын 31-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Эрдэнэчимэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 060 төгрөгийн 19 530 төгрөгийг улсын төсвөөс, 19 530 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА