Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01423

 

 

     

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02381 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 05 сарын 13-ны өдөр *******аас ******* дүүргийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлалтай, 307 м.кв талбай бүхий ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, газрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Худалдаж авах үед хөрш буюу ******* дүүргийн ******* гудамж, ******* тоот хаягийн эзэмшигч ******* нь *******ын газар дээр ажиллуулдаг зочид буудлынхаа шатыг цементээр барьсан, мөн хашаан дотор Монгол гэр барьсан байсан тул гэр болон шатаа эзэмшлийн газраас холдуулахыг *******ас шаардсан боловч чөлөөлөхгүй байгаа. Хариуцагч ******* нь *******ын өмчлөлийн газрын хөрсөн дор Байгаль орчны яамны зөвшөөрөлгүй, дур мэдэн бохирын цооног байрлуулж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд *******ын өмчлөлийн газрыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Нэхэмжлэлийг анх *******т холбогдуулан гаргасан боловч уг газрын эзэмшигч биш, түрээслэгч байсан тул *******т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2024 оны 05 сарын 16-ны өдөр *******ын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарч ******* дүүргийн ******* гудамжны ******* тоот газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Ингэснээр *******ын газар өмчлөх эрх дуусгавар болсон, миний хууль бус эзэмшлийн улмаас түүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. ******* нь *******тай нэг ч удаа холбогдоогүй, газар давхардаж байгаа эсэх талаар тодруулаагүй, зөрчлийг арилгасан байхыг шаардаагүй. ******* нь маргаан бүхий газрыг 2008 онд худалдан авч, 16 жил шударгаар эзэмшиж, өмчилж байгаа. *******, ******* нараас түрүүлж өмчлөх эрх үүссэн байхад сүүлд өмчилсөн өмчлөгч нарын эрхийг зөрчих үндэслэлгүй. Газартай давхацсан гэж үзэж байгаа хэсэгт ******* зочид буудлын бохирын цооног байрлаж байгаа тул уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. ******* нь газрыг 2008 онд ******* гэх хүнээс худалдан авч байсан, гэтэл нэг газрыг хэд хувааж худалдаж ийм тодорхойгүй байдал үүсгэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. ******* бусдын газрыг хууль бусаар эзэмшээгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж, ******* дүүрэг ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 307 м.кв талбай бүхий газраас Монгол гэрийг чөлөөлж, бохирын цооног, хоолойн ашиглалтыг зогсоохыг хариуцагч ******* даалгаж, үүдний шатыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаж, түүнийг худалдан авсан өмчлөгч улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болно. *******ын газар өмчлөх эрх дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх нь дуусгавар болсон этгээдийг өмчлөх эрхтэй хэмээн үзэж шүүх хуралд оруулсан төдийгүй шүүхийн шийдвэрийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Өмчлөгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх ямар баримтыг үндэслэж, нэхэмжлэгчийг хариуцагчаас өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шаардсан гэж үзэж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна.

4.2. Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд зааснаар газрыг Монгол улсын иргэнд өмчлүүлэх болохоос газар түүний хэвлийг өмчлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. *******ын газартай давхардсан гэж үзэж буй хэсэгт ******* зочид буудлын бохирын цооног байрлаж байгаа нь үйл баримтаар тогтоогдож байгаа боловч уг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч газрын хэвлийг ашиглах, эзэмших эрхтэй мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид зааснаар Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар бохирын цооног нь газрын хэвлийд байрлаж байгааг тогтоосон боловч шүүх энэ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Өмнө нь *******, *******ын газрын өмчлөгч байсан. Худалдах, худалдан авах гэрээнд хууль бус эзэмшлийн талаар тусгаж, *******ын гэр, шатыг чөлөөлсний дараа үлдэх төлбөрийг бүрэн төлөхөөр заасан тул нэхэмжлэх эрх үүссэн. Хавтаст хэрэгт гэр, шат зэргийг чөлөөлүүлэх талаар газрын албанд хандсан талаарх баримтууд авагдсан учраас хариуцагчийн гаргаж буй гомдол үндэслэлгүй. ******* газрыг давхардсан талаар тодруулаагүй гэх гомдолд, газрыг давхардсан эсэх талаар худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа шалгуулаад авсан нь улсын бүртгэл, кадастрын зураг зэргээр тогтоогддог учир энэхүү гомдол нь мөн үндэслэлгүй. Монгол Улсын иргэнд газрыг өмчлүүлэхээс биш газрын хэвлий өмчлүүлэх талаар зохицуулалт байхгүй. *******ын газрын доор бохирын цооног байрлуулсан нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал гэх талаар эрх зүйн акт байхгүй учраас иргэний журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь 2024 оны 05 сарын 13-ны өдөр *******аас ******* дүүргийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлалтай, 307 м.кв талбай бүхий, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, газрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан, худалдаж авах үед ******* дүүргийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах газрын эзэмшигч *******ын ажиллуулдаг зочид буудлын барилгын шатыг нэхэмжлэгчийн газар дээр барьсан, мөн хашаан дотор монгол гэр барьсан байсан тул *******, ******* нар нь гэр болон шатаа эзэмшлийн газраас холдуулахыг *******ас шаардсан боловч чөлөөлөхгүй байгаа... мөн нэхэмжлэгчийн газрын хөрсөн дор бохирын цооног байрлуулсан гэжээ.

 

3. Хариуцагч эс зөвшөөрч, тухайн газрыг 2008 онд *******ээс худалдан авч, өөрийн барилгыг тасралтгүй 16 жил эзэмшиж, өмчилж байгаа, бусдын газрыг хууль бусаар эзэмшээгүй, зочид буудлын бохирын цооног байрлаж байгаа нь үйл баримтаар тогтоогдож байгаа боловч уг маргааныг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй, нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

5. ******* дүүргийн ******* тоот, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий газраас ******* нь 2008 оны 08 сарын 21-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ээр *******д 242 м.кв газрыг, 2013 оны 09 сарын 12-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ээр *******д 307 м.кв газрыг тус тус шилжүүлсэн, ******* өөрийн 307 м.кв газрыг 2023 оны 01 сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ-ээр нэхэмжлэгч *******д, ******* өөрийн газраа 2024 оны 05 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч *******д шилжүүлжээ. /хх-5, 69-70, 78-79/

 

6. Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөлийн газрыг анх ******* гэх хүн хоёр хувааж худалдсан, хариуцагч *******ын хувьд ******* дүүргийн ******* гудамж ******* тоот газрын хууль ёсны өмчлөгчөөр 2008 онд, харин нэхэмжлэгч *******  дүүргийн ******* гудамж ******* тоот газрын өмчлөгчөөр 2024 онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх-8/

 

7. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт баригдсан гэх бохир усны цооногийг хэн, хэзээ байрлуулсныг болон тухайн байгууламж нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын аль хэсэгт, ямар хэмжээнд байрлаж байгаа, цооногыг газрын дор байрлуулахдаа эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрөл авч байсан эсэх үйл баримт бүрэн тогтоогдсон байх шаардлагатай.

8. Хэргийн баримтаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой дээрх үйл баримт тодорхой бус байхаас гадна маргаж буй талуудын өмчлөлийн газрын хил хязгаар, нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх гэж буй газрын хэмжээ, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагчийн ямар эд хөрөнгүүд байрлаж буй эсэх зэрэг үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байна.

 

9. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нотлох үүрэгтэй бөгөөд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх бүрэн тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

10. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02381 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН