Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1405

 

 

 

 

 

  2019         09         09                                         2019/ШЦТ/1405

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гад холбогдох 1906 04494 1696 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 18 дугаар гудамжны 1334 тоотод оршин суух, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Х овогт Нын Г /РД:........./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Г нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь эхийн 18 дугаар гудамжны 1334 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийн урдаас хэрэлдсэн гэх шалтгаанаар маргалдаж Б.Чулуунбатын толгой, цээж хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэж тархи доргилт, зулайн хуйх, дээд уруул, зүүн дал, баруун гуя өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чулуунбатын өгсөн: “Миний найз охины хүргэн ах болох Г нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрах 18-1334 тоотод гаднаас согтуу орж ирээд намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож эхэлсэн. Би яагаад байгаа юм бэ гэж асуухаар нь чи яаснаа санахгүй байна уу гээд зодоод байсан... Г ах намайг орон дээрээс үсдэн чирж буулгаад газарт толгой руу цохиод цээжин биерүү болон хөл рүү өшиглөн зодоод байсан. Манай гэрээс намайг зодож байгаад гарч эргэн орж ирээд шанагаар ус цацан шанагаараа цохиж байгаад гарч гэртээ орохоор нь би найз охины хамт гараад зугтсан... Би тархины зураг авахуулсан 100.000 төгрөг, Гэмтэл Согог Судлалын Төвд үзүүлсэн 20.000 төгрөг, эм худалдан авсан 23.000 төгрөг, одоо мөнгөгүйгээс авч чадахгүй байгаа эмний мөнгө болох 212.000 төгрөг нийт 355.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гын гэрчээр өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 01:00 цагийн үед гэртээ харьсан. Би гэртээ харихаасаа өмнө гадуур найзуудын хамт архи ууж байгаад ганцаараа харьсан. Гэртээ хариад манай хашаанд амьдардаг эхнэрийн Оюунмаагийн гэрт орсон. Учир нь миний эхнэр болох Оюунхандын тэд нарт хандаж ажилгүй байгаад байх юм, ажил олж хий гэснийг үл ойшоож Оюунмаа нь хэрүүл маргаан хийсэн байсныг хэлэхээр орсон. Гэрт ороод бухимдаж уурлаад, мөн архины халуунд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан дүү Оюунмаагийн найз залуу болох Чулуунбатын үснээс нь татаад газарт унагаж хоёроос гурван удаа өшиглөсөн. Би Чулуунбатын толгойг цохиогүй. Энэ үед дүү Оюунмаа нь та боль гээд дундуур орохоор нь алгадахад Ганжаргал хараад боль гээд хэлсэн. Би өөрөө болиод гэрээс нь гараад гэртээ орсон. Би гэртээ ороод эргэн гарч ирээд байж байтал Ганжаргал Чулуунбатын бие нь муудаад түргэн тусламж дуудсан талаар хэлсэн. Миний хадам дүү Батсайхан машинаа асаагаад би хажууд нь суун хашаанаас намайг элдвээр хэлж зодсон. Би зодуулж байгаад уучлалт гуйгаад хамт эмнэлэг явж байтал цагдаа залгахаар нь би буугаад үлдсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ганжаргалын өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 01 цагийн үед Чулуунбат, Оюунмаа манай нөхөр Батсайхан бид дөрөв Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн 18-1334 тоотод унтаж байсан, манай хүргэн болох Н.Г нь гаднаас цээж нүцгэн, согтуу орж ирсэн бөгөөд Чулуунбатыг үсдэн барьж аваад зодож эхэлсэн бөгөөд Оюунмаа, Батсайхан бид гурав салгах гэж оролдоход эсэргүүцэл үзүүлсэн. Та нарыг алнаа гэж орилж байсан. Чулуунбатын амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9258 дугаартай:

1. Б.Чулуунбатын биед тархи доргилт, зулайн хуйх, дээд уруул зүүн дал, баруун гуя, өвдөг, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх.60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гын яллагдагчаар өгсөн: “... Би уг гэмтлийг баз хүргэн Б.Чулуунбатын биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Би 5 найзын хамт 2 шил 0.75 граммын архи хувааж уусан байсан. Би их согтоогүй байсан. Манай эхнэр дүү нар нь үгэнд орохгүй, ажил төрөл хийхгүй байна гэхээр нь юм хэлээд цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Н.Г нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд-Дарь эхийн 18 дугаар гудамжны 1334 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийн урдаас хэрэлдсэн гэх шалтгаанаар маргалдаж Б.Чулуунбатын толгой, цээж хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэж тархи доргилт, зулайн хуйх, дээд уруул, зүүн дал, баруун гуя өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чулуунбатын өгсөн: “... Г ах намайг орон дээрээс үсдэн чирж буулгаад газарт толгой руу цохиод цээжин бие рүү болон хөл рүү өшиглөж зодоод байсан. Манай гэрээс намайг зодож байгаад гарч эргэн орж ирээд шанагаар ус цацан шанагаараа цохиж байгаад гарч гэртээ орохоор нь би найз охины хамт гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх. 9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гын гэрчээр өгсөн: “... Гэрт ороод бухимдаж уурлаад, мөн архины халуунд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан дүү Оюунмаагийн найз залуу болох Чулуунбатын үснээс нь татаад газарт унагаж хоёроос гурван удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ганжаргалын өгсөн: “... манай хүргэн болох Н.Г нь гаднаас цээж нүцгэн, согтуу орж ирсэн бөгөөд Чулуунбатыг үсдэн барьж аваад зодож эхэлсэн бөгөөд Оюунмаа, Батсайхан бид гурав салгах гэж оролдоход эсэргүүцэл үзүүлсэн... Чулуунбатын амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9258 дугаартай:

1. Б.Чулуунбатын биед тархи доргилт, зулайн хуйх, дээд уруул зүүн дал, баруун гуя, өвдөг, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гын яллагдагчаар өгсөн: “... Би уг гэмтлийг баз хүргэн Б.Чулуунбатын биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Манай эхнэр дүү нар нь үгэнд орохгүй, ажил төрөл хийхгүй байна гэхээр нь юм хэлээд цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх. 35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Н.Г нь хохиролд 355.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Чулуунбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Н.Гад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.Гад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Гад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Нын Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Гад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Гад сануулсугай.

5. Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 355.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Чулуунбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР