Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1413

 

 

 

 

 

  2019         09         11                                         2019/ШЦТ/1413

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч, хохирогч Т.Б,

Шүүгдэгч, хохирогч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, С.М нарт холбогдох 1906 02877 1615 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд гутлын худалдаа эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр баазбн гудамж, 6 дугаар байр, 24 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 17 дугаар гудамжны 444 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Тын Б /РД:...../,

2. Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1983 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд гутлын худалдаа эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Данзангийн гудамж, 31 дүгээр байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 37 дугаар гудамжны 940 тоотод түр оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ховогт Сийн М /РД: ....../,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн 37 дугаар гудамжны 940 тоот иргэн С.Мыг эхнэртэйгээ хардаж архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиж, унасан байхад нь дээр нь гарч нүүрэн тус газар нь гараараа 10 гаруй удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 37-940 тоот өөрийн гэртээ иргэн Т.Бийг эхнэртэйгээ хардахад нь маргалдан зодолдож, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 17 дугаар гудамжны 444 тоот Т.Бийн хашаанд дахин зодолдож, үснээс нь үсдэн дарж тоосгоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Мын хохирогчоор өгсөн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Бийн хохирогчоор өгсөн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мын хохирогчоор өгсөн: “... Архиа ууж байхдаа 23 цагийн үед Бямбаа намайг эхнэртэйгээ хардаад ууж байсан архины шилээр толгой руу нэг удаа цохисон, тэгээд би газар унасан байхад дээр гарч сууж байгаад миний нүүрний зүүн тал руу гараараа 10 гаран удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бийн хохирогчоор өгсөн: “... Мтай хамт түүний гэрт 0.75 грамын нэг шил архи хувааж уух гээд явсан. Тэгээд 22 цагийн үед Мтай архи уугаад сууж байтал “Чи юу шившээд байгаа пизда вэ?” гээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. М намайг гэрээсээ зайл гээд сандал дээрээс түлхэж унагахаар нь би босч ирээд Мын нүүрэн тус газар нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл М зөрүүлээд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгээд М гэрээсээ гарч яваад манай хашаанд яваад очсон, би хойноос нь очоод бид 2 дахиж маргалдахад М миний үснээс үсдэж доошоо дараад газраас тоосго аваад толгойны хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед миний ухаан балартаад нэг сэрсэн чинь гэртээ хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Алтанзулын өгсөн: “... Тухайн хэрэг болдог өдөр би гэртээ унтах гээд байж байсан. Гаднаас манай хүргэн М орж ирээд “Танай нөхөр намайг зодчихлоо” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд төд удалгүй гэрийн гадаа хүмүүс зодолдох чимээ гарсан тэгээд би гэрээс гараад хартал манай нөхөр Бийн толгойноос цус гарсан газар хэвтэж байсан... Тэгээд би явж очоод хадам ах Мын баруун гартаа барьсан байсан тоосгыг авч хаяад нөхрөө аваад гэр лүүгээ орсон... Хүргэн ах М манай нөхрийн дээрээс дараад суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сундуйжавын өгсөн: “... Гадаа хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан. Гараад хартал манай хүргэн М, Б 2 дээр доороо ороод зодолдож байсан. Тэгээд би салгаад 2 тийшээ болгосон. Тэгтэл манай эхнэр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5803 дугаартай: “... С.Мд хамрын нуруу, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн доод зовхи хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5884 дугаартай: “... Т.Бийн тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Энхбаяр, Н.Энхцломон, Г.Ханхүү нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 812 дугаартай: “... С.Мийн биед тухайн үед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хуйх, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн 2019.05.10-ны өдрийн 5803 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч С.Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М намайг зайл гээд сууж байсан сандал дээрээс түлхэж унагаахаар нь би босч ирээд Мын нүүр хэсэгт 2-3 удаа цохиж гэмтээсэн. Харин М Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 444 тоот болох хадам аавын хашаанд миний үснээс гараараа үсдэж доошоо дарж байгаад толгойны зүүн дагз хэсэгт чулуугаар 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг  /хх.47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч Т.Бийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Бтой хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоорондоо маргалдаж зодолдсон. Тэгээд манай хадам аавын хашаа болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 29-444 тоот хашаа дотор Т.Б миний араас цохиж унагаагаад миний дээр сууж байгаад, толгойны зүүн талд 2 гараараа цохиод байсан. Тэгээд би Т.Бийг дээрээсээ босгож дийлэхгүй байсан болохоор газраас чулуу аваад Т.Бийн толгойн хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн 37 дугаар гудамжны 940 тоот иргэн С.Мыг эхнэртэйгээ хардаж архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиж, унасан байхад нь дээр нь гарч нүүрэн тус газар нь гараараа 10 гаруй удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 37 дугаар гудамжны 940 тоот өөрийн гэртээ иргэн Т.Бийг эхнэртэйгээ хардахад нь маргалдан зодолдож, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 17-444 тоот Т.Бийн хашаанд дахин зодолдож, үснээс нь үсдэн дарж тоосгоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мөнхжарглын хохирогчоор өгсөн: “... Бямбаа намайг эхнэртэйгээ хардаад ууж байсан архины шилээр толгой руу нэг удаа цохисон, тэгээд би газар унасан байхад дээр гарч сууж байгаад миний нүүрний зүүн тал руу гараараа 10 гаран удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бийн хохирогчоор өгсөн: “... М намайг гэрээсээ зайл гээд сандал дээрээс түлхэж унагахаар нь би босч ирээд Мын нүүрэн тус газар нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл М зөрүүлээд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгээд М гэрээсээ гарч яваад манай хашаанд яваад очсон, би хойноос нь очоод бид 2 дахиж маргалдахад М миний үснээс үсдэж доошоо дараад газраас тоосго аваад толгойны хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Алтанзулын өгсөн: “... Гаднаас манай хүргэн М орж ирээд “Танай нөхөр намайг зодчихлоо” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд төд удалгүй гэрийн гадаа хүмүүс зодолдох чимээ гарсан тэгээд би гэрээс гараад хартал Манай нөхөр Бийн толгойноос цус гарсан газар хэвтэж байсан... Хүргэн ах М манай нөхрийн дээрээс дараад суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сундуйжавын өгсөн: “... Гадаа хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан. Гараад хартал манай хүргэн М, Б 2 дээр доороо ороод зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5803 дугаартай: “... С.Мд хамрын нуруу, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн доод зовхи хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5884 дугаартай: “... Т.Бийн тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Энхбаяр, Н.Энхцломон, Г.Ханхүү нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 812 дугаартай: “... С.Мийн биед тухайн үед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хуйх, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн 2019.05.10-ны өдрийн 5803 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бийн яллагдагчаар өгсөн: “... С.М намайг зайл гээд сууж байсан сандал дээрээс түлхэж унагаахаар нь би босч ирээд Мын нүүр хэсэгт 2-3 удаа цохиж гэмтээсэн. Харин М Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 444 тоот болох хадам аавын хашаанд миний үснээс гараараа үсдэж доошоо дарж байгаад толгойны зүүн дагз хэсэгт чулуугаар 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг  /хх.47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мын яллагдагчаар өгсөн: “... Т.Б миний араас цохиж унагаагаад миний дээр сууж байгаад, толгойны зүүн талд 2 гараараа цохиод байсан. Тэгээд би Т.Бийг дээрээсээ босгож дийлэхгүй байсан болохоор газраас чулуу аваад Т.Бийн толгойн хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.53/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б, С.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б, С.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Т.Б, С.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Т.Бийн баримтаар нэхэмжилсэн 120.000 төгрөгийг шүүгдэгч С.М, хохирогч С.Мын баримтаар нэхэмжилсэн 823.324 төгрөгөөс 350.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б тус тус нөхөн төлсөн, үлдэх 474.324 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж Т.Бид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Б, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Б, С.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Т.Б, С.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б, С.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Т.Б, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Тын Б, Ховогт Сийн М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Б, С.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Б, С.М нарт сануулсугай.

5. Т.Б, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд Т.Б 350.000 төгрөг, С.М 120.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Боос 474.324 төгрөг гаргуулж хохирогч С.Мд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Б, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР