Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0226

 

 

 

                          “Бх” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Н.О-Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийдвэртэй, “Бх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын улсын байцаагч Н.О-Э нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Бх" ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.У-аас иргэн А.Ч-д шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг “Б г” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Б г” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох замаар иргэн Б.У-д 50 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.О-Эдавж заалдах гомдолдоо: “…  "... Монголбанкны дэд ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сраны 26-ны өдрийн А-1а/1579 дугаар албан бичгээр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт Капитал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Бх” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулсан бүртгэл Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн тул уг бүртгэлийг Банкны тухай хуульд нийцүүлэн залруулга хийж ирүүлэхийг хүссэн байна.

Дээрх албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.Отгон-Эрдэнэ 2595982 регистрийн дугаартай “Бх" ХХК-ийн бүртгэлийн хувийн хэрэг, цахим мэдээллийн санд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Бх” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.У-аас иргэн А.Ч-д шилжүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн иргэн А.А, А.Ч нарын эзэмшиж байсан “Бх” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б г” ХХК-д шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Бг” ХХК-ийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг иргэн А.А-д 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн бүртгэлүүдийг тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлд хүчингүй болгох” гэсэн 1357 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Мөн байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслэн “Бх” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны “хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл” хэсэгт тус компаний хувьцаа эзэмшигчээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноогоор Б.У, А.А нарыг бүртгэсэн үр дагавар бүхий өөрчлөлт орсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11/673 дугаар албан бичгийн хавсралтаар шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийсэн иргэн А.А, Б.У нарыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртэл хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Учир нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт орохоор хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар Монгол банкинд бичгээр урьдчилан зөвшөөрөл авна” гэж зохицуулжээ.

Банкны тухай хуулийн дээрх заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-190 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох”, 3.1.2-т “Банкны дүрэмд оруулсан өөрчлөлт нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хуультай нийцтэй байх” гэсэн заалтууд нь банкны хувьцааг эзэмших, зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалт байх бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт, бүртгэл үнэн зөв эсэх, түүнийг өөрчлөх, хүчингүй болгохтой хамааралгүй байна...” гэж /ШШ-ийн 18, 19 дүгээр хуудас/ дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

          Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг”, 3.1.19-д “харилцан хамаарал бүхий этгээд” гэж хуулийн этгээдийн хөрөнгийн өмчлөл, удирдлага, хяналт, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог, эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхолтой зэрэг шалгуураар хоорондоо харилцан хамааралтай гэж Монголбанкнаас тогтоосон хүн, хуулийн этгээдийг” 36.4-д “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардах бөгөөд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно” гэж тус тус заасан.

          Өөрөөр хэлбэл “Бх" ХХК нь Капитал банкны 99,98 хувийн хувьцааг эзэмшигчийн хувьд дотоод бүтцэд өөрчлөлт оруулахын өмнө Монгол банкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5- д заасны дагуу Монгол банкийг гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргаж байсан болно.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож, нэхэмжлэгч “Бх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Бх” ХХК-иас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.О-Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1357 дугаар дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэн "Бх" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.У-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-1а/1579 дүгээр албан бичгээр “... Капитал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Бх” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрчлөлт орж, иргэн А.А 100 хувь эзэмшихээр бүртгэгдсэн, ... уг хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн Банкны тухай хуулийн 36.2-т заасанд нийцүүлж залруулга” хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн байцаагч хяналт шалгалт хийж, 2019 оны 1357 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг үндэслэн “Бх” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэл нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний А-190 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 1.3.4, 3.1.2-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзэж, тус компаний хувьцаа шилжүүлсэн нэмэлт өөрчлөлтийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт гаргажээ.

Уг дүгнэлт болон дүгнэлтийг үндэслэн дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байхад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна” гэж заажээ.

“К б” ХХК-ийн 99,98 хувийн хувьцаа эзэмшдэг “Бх” ХХК нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бөгөөд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Бх” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөд дээрх хуулийн дагуу Монгол банкинд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Иймд “К б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Бх” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Монгол банкинд мэдэгдсэн талаар баримт хавсаргаагүй байхад бүртгэхээс татгалзаагүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 2018 оны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:  1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; 2. үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Энэ талаар дүгнэж, тус бүртгэлүүдийг хүчингүй болгох талаар гаргасан улсын байцаагчийн дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлийг .... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах” гэж заасанд нийцжээ.

Мөн уг дүгнэлтийг үндэслэн тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг зөвтгөн бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.