Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2025/0106

 

Д музейн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт,

 хотын стандартын газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:    П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Д.Батбаатар

                                          Г.Банзрагч 

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0531 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 459 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Л.А, өмгөөлөгч Б.Г, Ж.Э нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Х” ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зураг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х” ХК оффис, банкны үйлчилгээний зориулалт бүхий 28 давхар барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлуулжээ. 

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Х” ХК-ийн шинээр баригдаж байгаа барилга нь төлөвлөлтийн дагуу 28 давхар баригдахад хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсэж музейн барилга өргөгдөх магадлал өндөр. Ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх сөрөг нөлөө гарна  ... барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь үндэсний хууль тогтоомж төдийгүй олон улсын зарчмыг ноцтой зөрчсөн. ... Тус банк нийт эзэмшил газрынхаа 71 хувьд барилгаа барихаар төлөвлөснийг зөвшөөрч, архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн. Орчны барилгын аюулгүй байдалд нөлөөлөхүйц өндөр барилга маш ойрхон барихаар төлөвлөж, орчны барилгуудын сууринд сөргөөр нөлөөлж, суулт өгөх, цаашлаад нурах эрсдэл бий болгож байна” гэж,

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... банкны барилга болон зэргэлдээ барилгууд нь гал тэсвэржилтийн 1, 2 дугаар зэрэгтэй тул 6 метр байхад норм хангагдана гэж заасан. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.8-д заасны дагуу эх загвар зургийг баталсан. ... Архитектур төлөвлөлтийн даалгавар нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Банкны үйлчилгээний зориулалттай 28 давхар барилгыг барьж ашиглалтад оруулахад музейн бат бэх чанар, аюулгүй байдалд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байдлаар тусгагдсан” гэж,

5.Гуравдагч этгээд “Барилгын ажил нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсны дараа эхэлдэг бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг болон ажлын зургийг батлуулах нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах зориулалтаар хийгддэг үйл ажиллагаа. Маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл нь шууд үр дагавар бий болгох боломжгүй. *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль ёсны дагуу бүхий л шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн, тавигдсан шаардлагыг хангаж авсан. Барилгын ажил 2018 онд эхэлсэн. Тус барилгын ажлын дуу чимээ их, чичиргээ үзүүлэх магадлалтай ажлууд 2019 онд бүрэн хийгдэж дууссан. ... барилгажих талбайн схем зураг дээр нийт эдэлбэр газар нь 2947 м.кв, барилгажих талбай нь 2058.4 м.кв буюу 69 хувьд хангагдаж байгаа. Барилгын норм ба дүрэмд заасан нарны ээвэрлэлттэй холбоотой бүхий л стандартыг хангаж байгаа” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар нэхэмжлэгч Д музейн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас баталсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.16, 4.1.30, 4.1.43, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д музейн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х” ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз зураг болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0531 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Б.Э нар шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

8.1.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Тэрээр “эрүүний хуучин гэмтэл засах мэс ажилбар” хийлгээд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд “Сайн наран эрүүл мэнд”-ийн төвийн эмчийн магадалгаатай байсан. Тэрээр шалтгаанаа бичиж хурал хойшлуулах хүсэлт, баримтын хамт шүүхэд өгсөн. Гэтэл анхан шүүх шийдвэртээ ийм хүсэлт өгсөн эсэх талаар дурдаагүйн зэрэгцээ ямар үндэслэлээр хүсэлтийг хангаагүйг бичээгүй.

8.2.Давж заалдах шатны шүүх хурал хойшлуулах хүсэлт өгснийг анхан шатны шүүх хангалгүй, хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй гэж шүүхүүд хуулийг тайлбарлаж байна.

8.3.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нь тухайн өдөр бусадтай удаан хугацаанд ярьж харилцах боломжгүй, хэл яриа нь хязгаарлагдсан байдалтай байсан бөгөөд шүүх хуралдаанд оролцож, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах хэмжээнд ярьж мэтгэлцэн оролцоход эрүүл мэндийн хувьд шаардлага хангахааргүй байсан болно. Мөн өмнө нь шүүхэд гаргаж байсан хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан нь түүний шүүхэд дахин хүсэлт гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

8.4.Итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай, хурал хойшлуулах хүсэлтэй байсан тул миний бие тухайн өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 13 цаг 30 минутаас зарлагдсан шүүх хуралд оролцохоор шийдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ баримтын хамт шүүхэд өгсөн. Товлогдсон цагийн хувьд иргэний хэргийн шүүхийн дээрх хуралдаан 30 минутын өмнө зарлагдсан байсан болно.

8.5.Захиргааны хэргийн шүүхийн хувьд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэн үзэх хууль хэрэглээний болон шүүхийн байгууллагын соёл тогтсон гэж ойлгодог бөгөөд дээрх байдлаар оролцогчийн эрхийг үл хүндэтгэж, эрүүл мэндийн байдлыг үл хэрэгсэж байсан тохиолдлыг хуульчдын хувьд үзэж байгаагүй. Иймд шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 28, 30 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх болон бусад эрхийг ноцтой зөрчлөө. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зарчмыг анхан шатны шүүх ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн.

8.6.Дутуу буюу талуудын маргаснаас өөр зүйл дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хуралдаанд оролцох боломжийг хангасан бол нэхэмжлэгч талаас энэ талаар тайлбарлаж, дахин шинжээч томилуулах байсан. Тухайлбал, нэхэмжлэгч “барилга өргөгдөх” тухай тайлбарлаж байхад шинжээчийн дүгнэлт эсрэгээрээ “суулт үүсэхгүй” тухай тайлбарласан. Нэхэмжлэгч “хагарал” үүсэх тухай тайлбарлаж байхад шинжээчийн дүгнэлт “хазайлт үүсэхгүй” тухай тайлбарласан. Талуудын маргаанаас өөр агуулгатай нөхцөл байдлыг шинжээч дүгнэсэн байхад шүүх түүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2564 дугаартай албан бичигт түүх барилгын хамгаалалтын бүстэй Д музейн газар давхцалтай гэсэн байдаг. Энэ нь “Х” ХК-ийн газартай давхцалгүй гэсэн агуулга биш юм. Гуравдагч этгээдийн газар нь түүхт барилгын хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх лавлагаа, баримтыг шүүх шаардан авах ёстой байсан.

8.7.Гэтэл шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 10.1-д гуравдагч этгээд барьж байгаа барилга ороогүй болох нь нотлогдож байна гэсэн нь логикгүй юм. Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирсэн кадастрын зурагт хамгаалалтын бүсийн солбицол өгөгдөөгүй байгаа нь давхцалыг шүүх болон хэргийн оролцогч бүрэн тогтоож, дүгнэх боломжгүй юм. Гэтэл шүүх ийм баримтыг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгохын зэрэгцээ логикгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна

8.8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаж, шүүх хуралдаанд оролцуулсан бол дээрх нөхцөл байдлыг тайлбарлан мэтгэлцэх байсан. Улмаар шинжээчийн дүгнэлт бүрэн зөвөөр дахин гарах, түүхт барилгын хамгаалалтын бүсэд Х банкны барилгын газар орж байгаа эсэх нь тодорхой болох байсан. Эдгээр нөхцөл байдал, үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүхийн шийдвэр ийнхүү гарахад шууд нөлөөлсөн.

8.9.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Олон улсын гэрээний заалтуудыг дурддаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 10.3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан.

8.10.Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орсон талаарх лавлагаа, мэдээлэл гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” гэж заасан Шүүхийн нотлох зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-аас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч буй талаар тайлбар бичгээр ирүүлсэн.

10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

11.Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

1) Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх

2) Нэхэмжлэгчийн маргаагүй асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэх,

3) Шүүх нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэх тухай байна.

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэх агуулгатай гомдлын тухайд:

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” гэж заажээ.

13.Түүнчлэн мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 20.2.3, 30 дугаар зүйлийн 30.4.7-д тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй байна.

14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрөө итгэмжлэлээсээ татгалзсан, шүүхээс нэхэмжлэгч Д музейн захирал П.Б-д шүүх хуралдааны тов болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, хэргийн материалтай танилцуулахыг мэдэгдсэн, үүний дагуу нэхэмжлэгчээс Ч.Ө-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, өмгөөлөгчөөр Б.Э-ийг оролцуулах хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

15.Анхан шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө-д хэргийн материалтай танилцах хугацаа олгож, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ийг хэргийн материалтай танилцах эрхээр тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, мөн өдрөө шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр товлож, хурлын товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Б.Э нарт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

16.Шүүх хуралдаан товлогдсон өдөр болох 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө-аас “… эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон” гэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, өрхийн эрүүл мэндийн төвийн “эмнэлгийн магадлагаа”-г ирүүлсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-өөс “итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамт шүүх хуралд оролцох хүсэлтэй” гэж, мөн “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг энэ тохиолдолд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил” гэж үзэх үндэслэлгүй.    

17.Тодруулбал, шүүх хуралдааны товыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон гэх энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг шүүх хуралдаанд оролцох боломжтой байхад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлт гаргасныг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэхгүй, хуульд заасан “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах” агуулгад хамаарахааргүй байна.

18.Иймд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох хэргийн оролцогчийн эрхийг шүүх хязгаарлаагүй, хяналтын гомдолд дурдсан “оролцогчийн эрхийг үл хүндэтгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 30 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

19.Түүнчлэн, нэхэмжлэгч Д музей нь анх 2018 онд Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүх хуралдаан хэргийн оролцогчдын хүсэлт болон бусад шалтгаанаар нийт 25 удаа хойшилсон, үүнээс нэхэмжлэгчээс шалтгаалах үндэслэлээр 12 удаа шүүх хуралдаан хойшилсон, анхан шатны шүүхэд 2018 оноос эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бүх хугацаанд хуульд заасан эвлэрэн хэлэлцэх, мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхээр нэхэмжлэгчийг хангаж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хяналтын гомдол үгүйсгэгдэж байна.

Хоёр. “Талуудын маргаагүй асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулсан, шүүх хуралдаанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах байсан” гэх агуулгатай гомдлын талаар:

20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасан.

21.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5246 дугаар захирамжаар[1] Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн “Реконстракшн төв”-ийг шинжээчээр томилж, “Х” ХК-ийн барилга барих үйл ажиллагааны явцад болон тус барилга баригдсанаар 1) Д музейн барилгад эрсдэл учрах эсэх, 2) музейн барилгад хадгалагдаж байгаа бусад соёлын өвд эрсдэл учрах эсэх, 3) “Х” ХК-ийн оффисын барилгын одоо бодитоор гүйцэтгэсэн байгаа барилгын суурийн ажил нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай хоёр удаа гарсан архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний дагуу батлагдсан барилгын эх загвартай нийцэж байгаа эсэх гэсэн асуултыг шинжээчид тавьсан байна.

22.“ШУТИС-РЕКОНСТРАКШН” төвөөс Монгол Улсын мэргэшсэн инженер Г.А, зөвлөх инженер Я.Д нарын гүйцэтгэсэн “Х” ХК-ийн барилгын суурийн ухаасын эргийн бэхэлгээний бүтээцийг шалгах тооцооны тайланг ирүүлсний дотор “... Угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийсэн тохиолдолд барилгыг барих явцад болон баригдсаны дараа “Д музей”-н барилгад нэмэлт суулт болон хазайлт үүсэхгүй буюу нурах эрсдэл үүсэхгүй. ... гүйцэтгэсэн байгаа суурийн бодит байдал нь архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцсэн” талаарх дүгнэлт ирүүлжээ.

23.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Х” ХК-ийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ музейн барилгад эрсдэл учирч болзошгүй гэж тайлбарлан маргаж байгаа бөгөөд дээрх байдлаар хуульд заасан арга хэрэгслээр авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг шүүхүүд үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

24.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-аас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлснээс хойш 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч талаас дахин шинжээч томилуулах талаар аливаа хүсэлт шүүхэд гаргаагүй атлаа “шүүх хуралдаан дээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах байсан” гэх агуулгаар гомдол гаргаж буйг хүлээн авах боломжгүй.  

Гурав. Нотлох баримтыг дутуу цуглуулсан гэх гомдлын талаар:

25.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Олон улсын гэрээний заалт зөрчигдсөн, гэрээг баримтыг нотлох баримтаар аваагүй” гэх агуулгаар маргасан, хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль, эрх зүйн хэм хэмжээ нь нотлох баримт биш, эх сурвалж болох тул шүүх Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээг хэрэглэнэ, харин түүнийг нотлох баримтаар үнэлэхгүй тул шүүх Олон Улсын гэрээг “нотлох баримтаар цуглуулж, дүгнээгүй” гэж буруутгах үндэсгүй.

26.Маргааны үйл баримтад холбогдуулж шүүхээс Д музейн хамгаалалтын бүсийг тодорхойлох зорилгоор нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 135 дугаар тогтоолын хавсралтаар нийслэлийн Чингэлтэй дүүрэг, “Өндөр хоршоо” хэмээх түүхт барилга (Д музей)-н хамгаалалтын бүсийг тогтоосон, түүнд заасан хамгаалалтын бүсийн солбилцлыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газартай давхцуулсан байдлаар түүхчилсэн лавлагааг гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас шаардсаны дагуу тус газраас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2564 дүгээр албан бичгээр Д музейн хамгаалалтын бүс нь тус музейн эзэмшлийн нэгж талбарын *** дугаартай, 2679 м.кв газартай бүхэлдээ давхцалтай талаар тодорхойлжээ.

27.Үүнээс үзвэл, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Д музейн хамгаалалтын бүсийг уг музейн эзэмшил газрын хэмжээгээр нь тогтоосон, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн эзэмшил газрууд хоорондоо давхцалгүй байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч талын хяналтын гомдолд дурдсан “музейн барилгын хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх лавлагаа, баримтыг хэрэгт аваагүй” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

28.Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн барилгажилтын талбай хамгаалалтын бүсэд ороогүй нь тодорхой байхад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн кадастрын зурагт хамгаалалтын бүсийн солбилцлын цэгүүд бичигдээгүй нь шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй.

29.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын хувьд захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд гаргах боломжтой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх хуралдаанд оролцуулсан бол 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх байсан” гэх тайлбар үндэслэлгүй.

30.Шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “Х” ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын улмаас “Д музей”-н барилгад нэмэлт суулт болон хазайлт үүсэхгүй буюу ямар нэгэн нөлөөлөлгүй, барилгажилтын талбай нь Засгийн газраас тогтоосон музейн хамгаалалт бүстэй давхцалгүй үйл баримт тогтоогдсон энэ тохиолдолд гуравдагч этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар дахь барилгажилтын талбайн хэмжээ 2 өөр байгаа, тэрний зөрүүг арилгаагүй гэх асуудал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

31.Ийнхүү шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0531 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                        Д.БАТБААТАР

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

      Ц.ЦОГТ

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал,