Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1718

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХК-д холбогдох

 

С.Н нь “М” ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу С.Н нь талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг тогтоолгох, “М” ХК-ийн эзэмших газрын 4.17 га газарт хамтран ажиллах гэрээний дагуу С.Н барилга байгууламж барих эрхтэй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

С.Н , “М” ХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнээс “М” ХК нь гарсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.Хамтын үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгон, С.Н нь “М” ХК-ийг төлөөлж НЗД-тай хэлцэл хийх эрхтэй болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч С.Н би “М” ХК-тай 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээний 1.1 дэх заалтаар үндсэн нөхцөлөө “М” ХК-ийн эзэмшилд байгаа ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8,87 га газарт барилга барихад С.Н хөрөнгө оруулахаар хамтран ажиллах гэж тодорхойлон талууд харилцан тохиролцсон. Гэрээний хугацааг “М” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжтай газрын эзэмших эрхийг С.Н-ийн эзэмшилд шилжүүлж, С.Н нь баригдаж дууссан барилгын борлуулалтын ашгаас “М” ХК-д шилжүүлснээр дуусгавар болохоор гэрээний 1.4 дэх заалтаар тогтоосон болно. 2010 оны 6 дугаар сараас “М” ХК нь газрын асуудлаар маргаан гаргаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар “М” ХК-ийн эзэмшил газраас 5 га газрыг иргэн С.Н-ийн нэр дээр шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан учир гэрээний талууд маргааныг шийдвэрлэх хүртэл үүргээ биелүүлэх боломжгүй болж, гэрээний хугацаа тасалдсан. Захиргааны хэргийн шүүх “Нийслэлийн Засаг дарга шийдвэрээ гаргахдаа “М” ХК газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлтэй байсан эсэхийг нь шалгаагүй нь процессийн алдаа буюу хууль зөрчсөн үйлдэл” гэж дүгнэж уг захирамжийн С.Н д холбогдох заалтыг хүчингүй болгосон. Шүүхийн энэ шийдвэрийг “М” ХК буруугаар тайлбарлаж “С.Н д газар эзэмших эрхээ шилжүүлэх үүрэг гэрээгээр хүлээгээгүй байсан, С.Н газар дээр минь барилга барих эрх огт байхгүй” гэж байна. Гэтэл Захиргааны хэргийн шүүх 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр “М” ХК газар эзэмших эрхийн гэрчилгээгээ С.Н д шилжүүлэх нь хууль бус, эсхүл тус компанийг газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх үүрэг хүлээгээгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийгээгүй. Мөн шүүх уг шийдвэртээ “баригдсан орон сууцны доорх газрыг газар эзэмшигч “М” ХК нь зохих журмын дагуу нийтийн эзэмшилд шилжүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг. Улмаар “М” ХК нь 2013 онд дахин Захиргааны хэргийн шүүхэд хандан Хамтран ажиллах гэрээний 1.3 дахь заалтын дагуу уг газар дээр баригдаж эхлээд байсан 301, 302, 303 гэсэн хаягтай 3 орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн авсан нь хууль бус гэж маргаж, үндэслэлээ мөн л “С.Н газар дээр минь барилга барих эрх огт байхгүй” хэмээн нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0322 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх маргаануудаас үүдэн С.Н нь “М” ХК-ийг Хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсанаас үүдэн гарах хохирлоо гаргуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл, харин “М” ХК нь гэрээнээс татгалзаж, учирсан хохирол төлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр “М” ХК нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8,87 га газар дээр С.Н тай хамтран барилга барихаар тохиролцжээ. Дээрх гэрээ нь нэхэмжлэгч барилга барих үйл ажиллагаагаараа, хариуцагч барилга барихад зориулж газар эзэмших эрхээрээ хамтран ажиллахаар тохирсон гэж үзэх үндэслэл болох ба ...” гэж гэрээний үндсэн зохицуулалтын талаар дүгнэж, шүүх нэмж “... хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой талаар хариуцагч тал /энэ нь “М” ХК-ийг хэлсэн/ шүүх хуралдаан дээр тайлбарласан, ...” зэрэгт дүгнэлт хийхэд зохигчдын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ дуусгавар болоогүй болохыг нотлож байна” гэж, “... хамтран ажиллах гэрээ урт хугацаанд үргэлжлэх үүргийн харилцаанд хамаардаг тул гэрээнээс татгалзах тухай ойлголт яригдахгүй, харин гэрээнээс гарах эрхтэй ...Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 227.3-т заасан хохирлыг шаардах эрхгүй” гэж тус тус дүгнээд үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 462 дугаар магадлалд “...Гэрээгээр газрыг тодорхой хугацаанд хэсэгчилэн шилжүүлэхээр сүүлчийн буюу үлдэх 4,72 га газрыг гэрээнд тодорхой заалгүй үлдээсэн, ...” гэж тус тус дүгнэсэн. Нэхэмжлэгч С.Н-ийн “Хамтран ажиллах гэрээ” нь ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээсэн юм. Иймд талууд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3, Хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХК-ийн төлөх хураамж нь хөрөнгө буюу газар, С.Н-ийн төлөх хураамж нь хөрөнгө нь барилгыг барих мөнгөн хөрөнгө бөгөөд хамтын үйл ажиллагаа нь “барилга барьж нийтэд борлуулан санхүүгийн ашиг олох” явдал ба энэ үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар гэрээгээр харилцан тохиролцсон. Гэрээгээр талуудын хүлээх үүргийг заасны дотор “М” ХК хураамж болох газраа төлөх буюу барилга барих зориулалтаар гаргаж өгөх үүрэг хүлээсэн байгаа боловч хамтын үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж хураамжаа төлөхөөс татгалзаж байгаагийн дээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг өөртөө ашигтайгаар буюу буруу тайлбарлан “С.Н г газар дээрээ барилга барих эрхгүй байсан” гэж маргаж байна. Иймд “Хамтран ажиллах гэрээ”-ний зохицуулалтын үр дагаврыг дүгнэж, “М” ХК болон иргэн С.Н нар нь хамтын үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож өгөх, мөн гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоон, С.Н уг хамтын ажиллагаатай холбоотой “М” ХК-ийг төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрхтэй болохыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт заасны дагуу тооцож өгнө үү.

2.Хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХК-ийн эзэмших газар дээр С.Н барилга байгууламж барих эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүхийн дүгнэснээр“гэрээ хүчинтэй байгаа, гэрээний талууд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байгаа юм. Иймээс “М” ХК гэрээнээс гарах саналаа гаргаагүй учир С.Н нь хүчин төгөлдөр гэрээний дагуу “М” ХК-ийн эзэмших газар дээр барилга байгууламж барих хамтын ажлыг үргэлжлүүлэхээр тус компанийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, барилга барихад шаардлагатай газрыг гаргаж өгөхийг шаардсан боловч биелүүлэхгүй байна. Ийнхүү шүүхүүд бидний байгуулсан гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байна хэмээн нэгэнт дүгнэчихсэн, талууд гэрээнээс гараагүй байгаа учир С.Н гэрээний дагуу газар дээр барилга байгууламж барих үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхтэй гэж үзэж байна. Харин “М” ХК нь шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгон өөрийн эзэмшлийн газар дээр С.Н-ийн барилга барих эрх нь дуусгавар болсон гэж маргаж байгаа учир шүүх С.Н г Хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХК-ийн эзэмших газар дээр барилга байгууламж барих эрхтэй болохыг тогтоож” зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Н нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Иргэн С.Н-ийн нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 214 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг даалгасан. Давж заалдах шатны шүүх дээрх магадлалдаа “Гэрээний үүргийг нэг тал зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр гэрээний нөгөө тал шаардах эрхтэй боловч уг шаардлагыг гаргахдаа эрх хүлээн зөвшөөрүүлэх агуулгаар илэрхийлснийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай” гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч “М” ХК нь хоорондоо “Хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан маргаан биш юм. Харин талуудын хооронд үүссэн маргаан нь “М” ХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг буруугаар тайлбарлан шүүхийн шийдвэр гарснаас хойш “Нямдаваа газар дээр минь барилга барих эрх огт байхгүй” гэж маргаж байгаа юм. Ийм учраас хүчин төгөлдөр байгаа Хамтран ажиллах гэрээний холбогдох заалтын талаар талууд хоорондоо маргаантай байгаа тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсон эсэх талаар буюу мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу шүүхээс “эрхийг хүлээн зөвшөөрч” иргэний эрхийн хамгаалалтыг хийж өгөхийг хүсэж байгаа болно. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа

1.Иргэн С.Н “Хамтран ажиллах гэрээ”-ний талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг тогтоолгох;

2.“М” ХК-ийн эзэмших газар дээр Хамтран ажиллах гэрээний дагуу С.Н барилга байгууламж барих эрхтэй газар мөн болохыг тогтоолгох гэж тодруулж байна. Ийнхүү гэрээний талуудын хооронд гэрээний дагуу газар дээр барилга барих эрх үүссэн эсэх талаар эрх зүйн маргаан үүссэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтын талаарх тайлбараа шүүхийн мэтгэлцээний шатанд гаргаж тавихын хамт өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч “М” ХК-ийг төлөөлж ярьж байна гэж ойлгож байна. Түүнээс биш “М” ХК-д ажилладаг албан тушаалын юм уу, ямар нэг хэлцэлд оролцсон этгээд биш. Хариуцагчийн төлөөлөгч сая тайлбартаа “М” ХК С.Н г хохироогоогүй тул хэдийд ч гэрээнээс гарах эрхтэй гэж байна. С.Н хохироогүй гэж юуг үндэслэж тайлбарлаад байна вэ. Хамтран ажиллах гэрээний дагуу гэрээнээс гарах тухай Иргэний хуульд заасан нарийвчилсан зохицуулалт байгаа. Хэрвээ хугацаа тохироогүй юм бол хохирол талуудад учраагүй тохиолдол гарч болно гэсэн заалт бий. Ер нь гэрээнээс гарах, цуцлах асуудал бол Иргэний хуулийн дагуу нэг талдаа мэдэгдэх зарчим байдаг. Нэг талдаа мэдэгдсэн бол тодорхой хугацаа олгох ёстой. Үүнээс гарах үр дагаврын талаар нөгөө тал ямар хариу тайлбар хэлэхийг харах ёстой. Гэрээнээс гарах гэж байгаагаа “М” ХК огт мэдэгдээгүй. Мэдэгдсэн бол үр дагаврыг яаж хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан зүйл байхгүй. Тэгсэн мөртлөө өмнө нь гэрээнээс гарах тухай асуудал шүүхэд ярихад бид гэрээнээс гарахгүй, хамтран ажиллах боломжтой гээд шүүхийн шийдвэр гаргуулсан. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой хэмжээгээр дүгнэсэн. Энэ талаар баримт хэрэгт байгаа. Бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд байгаа. Тиймээс шийдсэн асуудлыг дахин шүүхээр шийдүүлэхгүй. Харин гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээний нөгөө талдаа бичгээр мэдэгдээд, харилцан тохиролцох ёстой. Энэ талаар хэрэгт авагдаагүй. Шүүх дээр хамтран ажиллах боломжгүй гэсэн байр суурийг “М” ХК-ийг төлөөлж хэн гэдэг хүн, хэзээ гаргасан нь тодорхойгүй байна. Түүнээс биш хамтран ажиллах гэрээний хувьд төлөөлж ярих эрхтэй субъект нь Г.А мөн үү, зүгээр шүүх хуралдаанд төлөөлж орох итгэмжлэлтэй этгээд. Тэгэхээр энэ асуудлыг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1.Иргэний эрх зүйн харилцааг хууль болон гэрээний дагуу үүсгэдэг. Нэгэнт эрх зүйн харилцаа үүссэн бол хууль болон гэрээний дагуу дуусгавар болгодог. Хариуцагч тал гэрээг дуусгавар болох үндэслэлээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйл буюу Иргэний хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг барьж байна. Хамтран ажиллах гэрээнээс гарах хууль зүйн нөхцөлийг Иргэний хуулийн тусгай ангид тусгаж өгсөн. Энэ нөхцөлөөр хамтран ажиллах гэрээнээс гарахдаа Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан. Гэрээнд хугацаа заагаагүй боловч гэрээний агуулгыг харахаар хамтран ажиллах гэрээний зорилгод хүрснээр гэрээ дуусгавар болно.

2. Гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж хуулинд заасан. Гэрээ дуусгавар болсноор С.Н д илтэд хохирол учирахаар байгаа бөгөөд 2009 онд хийсэн гэрээний дагуу С.Н эхний ажил гүйцэтгээд явж байх шатандаа их хэмжээний зээлийг банкнаас авсан. Зарчмынхаа хувьд Г.А хувийн асуудлаас болоод гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Үүнээс болоод С.Н их хэмжээний хүү банкинд төлсөн. С.Н г “М” ХК дээр ирж тайлан тавихыг урьсан гэж байгаа. Нэгэнт 2009 оноос хойш гэрээ үргэлжлэх боломжгүй байсан, гэрээ зогссон байсан учир тайлан тавих боломжгүй байсан. 2009 оноос хойш маргаж эхэлсэн. 2013 онд 10 ширхэг байшин ашиглалтад өгсөн. Энэ ойлголтууд харьцангуй өөр ойлголтууд. Ингээд маргаантай байгаа зүйл дээр С.Н тайлан тавих боломжгүй байсан. Маргааныг дууссаны дараа тайлангаа тавина гэж ярьсан болохоос биш зугтааж байсан зүйл байхгүй. Хэрвээ гэрээнээс гарах гэж байгаа бол хуулийн дагуу мэдэгдэх ёстой. Учир нь Баянгол дүүргийн Иргэний шүүхийн 2013 оны 932 дугаар шүүхийн шийдвэрээр талууд аль, аль нь гэрээнээс гарсан гэж маргасан. Хохирол нэхэмжилж маргасан. Тэр үед “М” ХК хамтран үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж тайлбарласан. Энэ хугацаанаас хойш С.Н мэргэжлийн өмгөөлөгчид хандаад хамтран ажиллах гэрээний саналыг хүргүүлсэн боловч “М” ХК хариу өгөөгүй тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид гэрээнээс гарлаа гэдэг асуудал ярьсан. Гэрээнээс гарч байгаа бол хуулийн дагуу бичгээр нөгөө талдаа мэдэгдэх ёстой тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Мөн гэрээний нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн талаар нэг ч баримт байхгүй. Үүнийгээ шүүхийн өмнө нотлож чадахгүй байна. Хариуцагчийн өөрчлөгдсөн гээд байгаа нөхцөл бол “М” ХК олон компанитай гэрээ хийж барилга бариулсныг хэлээд байна. Түүнээс өөрөөр гэрээнд заасан заалтууд өөрчлөгдсөн нөхцөл байдал байхгүй. Захиргааны хэргийн шүүхийн газрын маргаан шийдсэний дараа энэ газар дээр барилга барих эрхгүй гээд эрхийн хязгаарлалт хийж эхэлсэн тул С.Н Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 932 дугаар шийдвэрт хамтран ажиллах гэрээнээс аль нэг тал гарах эрхтэй хэдий ч гэрээнээс гарах тухайгаа гэрээнээс гарч байгаа тал нь нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэсэн байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн үзлэг, хариуцагчийн төлөөлөгч Г.А гийн хувьд ярьж байгаа ярианаас харахад энэ гэрээг анхнаасаа эсэргүүцэж байсан. 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэр 3 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд байгаа. Үүнд гэрээний хохирлын асуудал яригдахад хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой талаар хариуцагч тал шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд хариуцагч хамтран ажиллах гэрээгээр 1 тэрбум 700 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ талаараа маргадаггүй. Тэгсэн хирнээ одоо Г.А гэдэг хүнд таалагдахгүй байна гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзах үндэслэлгүй. 2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудасны ар тал дээр 5 орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Тэгэхээр хамтран ажиллах гэрээний  үр шимийг хүртэж байсан. Хамтран ажиллах гэрээний үр дүн урт хугацааны явцад бий болдог. Тэгэхээр тухайн үеийн сэтгэл санаагаар илэрхийлэгдэхгүй. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг өмнө нь ярихаар 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар шийдвэр 2 дугаар хавтаст хэргийн 209 дүгээр хуудсанд байгаа бөгөөд үүн дээр уг гэрээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн байна. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд байгаа 11 сарын магадлал, 2 дугаар хавтаст хэргийн 182, 188 дугаар хуудсанд байгаа баримтаас ч гэрээ хүчин төгөлдөр байсан нь харагдана. Өнөөдөр гэрээний дагуу хүнээс тэрбум 700 сая төгрөг авчихаад зүгээр гэрээнээс гарах боломжгүй. Тэгэхээр гэрээний дагуух газар дээрээ барилга барих эрхтэй гэдгээ тогтоолгох хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан үзлэгээр, хавтаст хэрэгт авагдсан зээлийн баримтуудаас харахад С.Н хамтран ажиллах гэрээний дагуу банкинд олон тэрбум төгрөгний зээл авсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Гэтэл “М” ХК барилга барина гэсэн газар дээр маш олон барилга бариад эхэлсэн байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “М” ХК-ийн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа: 1.Хамтран ажиллах гэрээний дагуу явуулах хамтын үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгох шаардлага нь ойлгомжгүй байна. Гэрээнд оролцогч талууд хүлээсэн үүргээ хууль, эрх зүйн хүрээнд адил тэгш эрхтэй хэрэгжүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Гэрээний үүргээ хэн нь ямар арга замаар хэрэгжүүлээгүй болохыг шүүхээр тогтоолгох гэсэн санаа байх гэж ойлгож байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн нөхцөл: “М” ХК-ийн эзэмшил газар дээр тус компанийн хийлгэсэн ерөнхий төлөвлөгөө, даалгавар, мэдэгдлийн дагуу “М” ХК орон сууцны цогцолбор /хороолол/-ын барилгыг барих энэ үйл ажиллагааг явуулахад газар дээрээ ажиллах боломжийг оролцогч талд олгох, гэрээнд оролцогч нөгөө тал С.Н хөрөнгөө гаргаад барилга барих, барилга баригдаж дууссаны дараа газрыг нийтийн эзэмшилд хуулийн дагуу шилжүүлэх, барилгаас олсон ашгийг хуваах гэсэн байгаа. Үүгээр аль нэг талд давуу буюу төлөөлөх эрх олгоогүй гэж ойлгож болно. Ямар нөхцөл байдал бий болсон үед хамтарч ажиллах болсон талаар:

- Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр захирамжаар “М” ХК газар эзэмших эрх сунгагдсан байлаа.

- Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дугаар захирамжаар “М” орон сууцны цогцолбор /хороолол/ барихад 20,5 га газар олгогдсон байлаа.

- Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20,5 га газар барилга барихад олгосон тухай 6 тоот мэдэгдэл гарсан.

- Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг бэлэн болгож баталсан.

- “М” орон сууцны цогцолборын “Ерөнхий төлөвлөгөө М1:2000” хийгдэж батлагдсан. Барилга барих бэлтгэл ажлыг “М” ХК хангасан, мөн тус компанийн эзэмшил газар дээр “Материалимпэкс” орон сууцны цогцолбор /хороолол/-ын барилга барихаар газар олгогдсон. Хамтарч ажиллах гэрээг 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байдаг. С.Н мөнгөө гаргаж барилга бариад баригдсан барилгаас ашиг хувааж авах үүрэгтэй ажиллах болсон. Хамтран ажиллах гэрээгээр манай компанид давуу эрх олгоогүй гэдгийг онцолж хэлэх байна. Гэрээний дагуу явуулах хамтын үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгох гэсэн шаардлага нь өөртөө онцгой эрх олгогдсон гэж шүүхээр тогтоолгож давуу эрхтэй болох гэсэн нь хууль бус санаархал байна. “М” ХК гэрээний дагуу эзэмшил газар дээрээ барилга угсралтын ажил эхлүүлсэн. С.Н-ийн үйл ажиллагаанд ямар ч саад хийгээгүй харин аль болох байдлаар ажилд нь туслах чиглэл бодлого барьж байсан. Ажиллах хүч, машин механизм, техник хэрэгслээр туслах, агуулахдаа байгаа барилгын материалыг олгох, харуул хамгаалалтаар хамтарч ажиллах, барилгын ажлын явцыг сонсох мэдээлэл авах зэрэг талаар олон санал санаачлага гаргаж байсан ч С.Н хүлээж аваагүй. Нэхэмжлэгч хамтарч ажиллахаар тохиролцсон талаасаа нүүр буруулан зугтааж уулзахаа болсон тухайгаа бичээгүй байна. Гэрээнд оролцогч талаасаа зугтдаг хүн шүүхээр тохиролцсон болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргахын оронд уулзалгүй удлаа гээд бидэнтэй уулзах нь илүү үр дүнтэй үнэнд нийцэх байсан. С.Н гэрээ байгуулсны дараа өдрөөс хамтран ажиллагч талаасаа нүүр буруулж зугтаагаад юу хийж байсан талаар:

- “М” ХК-д орон сууцны хороолол барих газар олгосон Нийслэлийн засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжийг хүчингүй болгож компанийн эзэмшил газраас нь 2 удаагийн үйлдлээрээ 9,5 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байлаа.

- “М” ХК цогцолбор орон сууцны хорооллын нэрийг өөрчилж “Голден парк” хотхон болгосон байв.

- “М” ХК-ийн хийлгэсэн хэрэгжүүлэх ёстой ерөнхий төлөвлөгөөг өөрчилж “Голден парк” хотхоны ерөнхий төлөвлөгөө болгосон гэх боловч тэр нь байдаггүй. Ийм зүйл хийснээ гэрээний дагуу явуулах үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль бусаар хийх үйлдлээ улам баталгаажуулах гэсэн санаархал гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлагын нэгдэх үндэслэл нотлож буй гэх үйл баримт нь ойлгомжгүй эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шаардаж буй хамтран ажиллах гэрээний үр дагаврыг шүүх дүгнэхгүй бөгөөд талууд харилцан тохиролцох замаар өөрсдөө дүгнэх ёстой. Талуудын хооронд хамтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг талууд өөрсдөө тодорхойлохоос хөндлөнгийн этгээд тодорхойлох боломжгүй зүйл. Гэрээнд оролцогч талууд хоорондоо 2008 оноос хойш ойлголцохгүй хамтран ажиллахгүй байгаа нь олон олон шүүхийн шийдвэрүүдээс харагдаж байгаа тул “М” ХК иргэн С.Н нар нь хамтран ажиллагаа явуулж байгааг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

2. С.Н нь уг гэрээний талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг тооцуулах гэсэн шаардлага байна: Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, хуулийн этгээдийн эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хаах зорилготой шаардлага гаргасан байна. Манай компанийг төлөөлж С.Н аливаа этгээдтэй хэлцэл хийж байх эрхтэй болох гэсэн оролдлого нь угаасаа хууль зөрчиж ажилладагаа шүүхээр баталгаажуулж манай дотоод хэрэгт улам гүн халдах гэсэн хууль бус бодлын илрэл байна. Манай компанийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, үгүйсгэх, бие даасан хуулийн этгээдийн эрхэнд халдаж өөртөө давуу эрх олж авах гэсэн хүсэл зорилготой байдгаа нэхэмжлэгч харуулсан байна. Хамтран ажиллах гэрээнд С.Н хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар “М” ХК-ийг төлөөлж гэрээ хэлцэлд оролцох тухай үг, өгүүлбэр, утга санаа байхгүй бөгөөд “М” ХК-ийг төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага нь хууль болон гэрээнд нийцэхгүй зүйл болжээ. “М” ХК нь хувьцаат компанийн хэлбэртэй бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал ба түүнээс сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл /Компанийн тухай хуулийн 76.1.8/-ийн дагуу томилсон гүйцэтгэх захирал хязгаартайгаар төлөөлдөг хуультай. Хэн нэг дурын иргэн хуулийн этгээд компанийг төлөөлөх ямар ч эрх зүйн үндэс байхгүй.

3. Хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХК-ийн эзэмшил газар дээр С.Н барилга байгууламж барих эрхтэй болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан. “М” ХК-ийн эзэмшил газар дээр барилга барих эрхтэй байхын тулд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд өөр хоорондоо хүлээх үүрэг хариуцлагаа хуулийн дагуу тохиролцох асуудал юм. Гэтэл нэхэмжлэгч барилга барих эрхийг шийдүүлэх гэж шүүхэд хандаж байгаа нь мөн хууль бус үйлдэлдээ шүүхийг ашиглах гэсэн үйлдэл гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч гэрээг хэрэгжүүлсэн бол барилга барих эрх шүүхээс гуйгаад байх хэрэггүй зөвхөн шүүх эрх мэдлийн хүрээний асуудлаар шүүхэд хандах учиртай. Барилга барих ажлыг үргэлжлүүлэн ажиллах боломжийн талаар манай компани олон дахин санал гаргаж байсан. Үүнд:

- Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн хариу өгөөгүй.

- Шинээр хамтран ажиллах гэрээний төсөл хүргүүлсэн хүлээж аваагүй.

- Шүүх хурал дээр эвлэрч асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргасан хүлээж аваагүй.

- Өдрийн сонингоор 2 удаа эвлэрч хамтран ажиллах тухай мэдэгдэл гаргасан хариу өгөөгүй.

- Компаний хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдажх зөвлөлийн гишүүдийн хуралд С.Н г урьж мэдээлэл хийх санал солилцох талаар мэдэгдсэн ирээгүй.

- Нэхэмжлэгчийг асуудал шийдвэрлүүлэхээр Компанийн гүйцэтгэх захиралтай уулзуулахад дараа ирнэ гэж хэлээд уулзахгүй өнөөг хүрлээ.

“М” ХК иргэн С.Н тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах С.Н гаас эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхгүй мэтээр байнга ханддагийн нэг илрэл нь “М” ХК-ийн эзэмшил газар дээр С.Н барилга барих эрхтэй болохыг тогтоолгох гэсэн оролдлого юм. С.Н “М” ХК-ийн эзэмшил газар дээр барилга барих хэтийн зорилго байгаагүй гэдэг нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжийг хүчингүй болгуулснаар тодорхой байдаг. Энэ нь цаашдаа үргэлжлүүлэн хамтран ажиллахгүй эхний хэдэн барилгыг барьж ашиг хуваахгүй зугтах бодол байсан нь үйлдлээрээ илэрдэг. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаар шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181, 2010 оны 877 дугаар захирамжуудын иргэн С.Н д холбогдох хэсэг, мөн захирамжуудыг үндэслэж олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон. С.Н барилга байгууламж барих эрхгүй гэсэн шийдвэр гараагүй. Ийм учраас барилга барих эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлага үүсээгүй байна гэжээ. Газар олголтгүй байхад барилга барих эрхтэй болохыг тогтоолгосон шийдвэр гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан анхны бөгөөд сүүлчийн тохиолдол байх бизээ. Хууль бус үйлдэлдээ давуу эрх олж авахын тулд бусдын эзэмшил газар дээр барилга барих эрх олж авахаар шүүхээр шийдвэр гаргуулахаар нэхэмжилжээ. С.Н өөрийн дураар “М” орон сууцны хорооллын бүс төлөвлөлтийн дагуу орон сууцнуудыг барьж эхэлсэн бөгөөд тэр үеэс бидний хооронд үл ойлголцол үүсэж, улмаар газрын маргаан болсон. Үл ойлголцол маргаан эхэлсэн үеэс гэрээнд оролцогч талуудын эрх ашиг хөндөгдсөн, эвлэрлийн журмаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон учраас хоёр тал шүүхийн байгууллагад хандсан гэж үзэж байгаа тул гэрээг цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа гэж үзэх боломжгүй юм. Аливаа гэрээ 2 талын аль алины сайн дурын харилцан тохиролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгждэг бөгөөд хэн нэгний давуу буюу хүч хэрэглэсэн байдал бий болгох нь гэрээнд хамтран оролцох нөгөө тал болж чадахгүйг Иргэний хуулийн 1 дүгээр зүйл буюу зорилгод тодорхой тусгасан байдгийг дахин дахин дурдъя. Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 932 дугаар шийдвэрүүдийг ишлэл үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөлийг хангаж байгаа тул шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг ижил шатны өөр шүүх болон шүүгчээс зөвтгөсөн болон үгүйсгэсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү гэрээтэй холбоотой маргаан нь иргэний болон захиргааны хэргийн олон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд одоог хүртэл Захиргааны хэргийн шүүхэд маргаан үргэлжилсээр байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх тухайд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, 5 дугаар зүйлийн 5.2,5.3, 78 дугаар зүйлийн 78.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллах нь иргэн, хуулийн этгээдийн заавал биелүүлэх үүрэг байтал түүний эсрэг шийдвэр гаргуулах гэж нэхэмжлэл гаргах хууль эрх үндэслэлгүй юм. Газрын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шат шатны шүүхийн шийдвэр гарснаар иргэн С.Н “М” ХК-ийн эзэмшил газар дээр барилга угсралтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хууль эрх зүйн үндэсгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болсон. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх үйлдэлдээ бусдыг татаж оролцуулах, шүүх эрх мэдлийг ашиглах гэсэн оролдлого өмнө нь нэг биш удаа гарч байсан С.Н-ийн хууль бус үйлдлүүд хөвөрч эхэлсэний үргэлжлэл гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх буюу хангах хууль эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах үндэслэлийг хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа бол гэрээ байгуулах үеийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт орсныг, аль тал гэрээг зөрчсөн тохиолдолд шаардлага байх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн 3 шаардлага нь эрх хүлээн зөвшөөрүүлэх гэсэн тулгалт хийсэн нэхэмжлэлийн шаардлага байна. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч олон хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шийдэж, нотлох баримтыг цуглуулж байсан. Тэгсэн атлаа 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх шийдвэр гаргахдаа цуглуулсан нотлох баримтаа үндэслэл болгоогүй гэдгээ шийдвэртээ тусгаж өгсөн байсан. Энэ бол шийдвэрийн 12 дугаар хуудсанд бичээтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргуулсан, шүүхийн үзлэг хийсэн, архиваас материал татаж авсан, хэрвээ энэ бүгдийг шийдвэр гаргах үндэслэл болгосон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэн бол шүүхийн шийдвэр буруу гаргах үндэсгүй байсан юм.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага хамтран ажиллах гэрээний дагуу явагдах хамтын үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохирсон болохыг тогтоолгоно гэсэн байгаа. Хамтран ажиллах гэрээ гэдэг нь анхнаасаа дүр үзүүлсэн, буруу санааг халхавчилсан, хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ, түүн дээрээ тулгуурлаж төрийн байгууллагыг хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулан бүлэглэл үүсгэн, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болгож эхэлсэн. Тухайлбал, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хамтран ажиллах гэрээ байгуулсан талаасаа зугтаадаг болсон, хамтран ажиллагсадынхаа эд хөрөнгийг дур зоргоор эвдэж сүйтгэсэн, гэрээнээс татгалзах үйлдэл гаргаж байсан. Бид энэ бүгдэд тэвчээртэй хандаж байсан. Энэ бүгд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн эсрэг, хамтын үйл ажиллагаанд харшлах зүйл болсон тул хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгох гэсэн шаардлага нь эрх зүйн ямар ч үндэслэлгүй байна. Хамтран ажиллах төслийг боловсруулж, санал хүргүүлж үзсэн. Бүгдийг нь С.Н зөвшөөрөөгүй. Ийм хүнтэй хамтын үйл ажиллагааг тохирч явуулна гэдэг зүйл байхгүй. Гэрээ байуулсан талаасаа уулзахгүй зугтаж байж эрх хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй. Энэ нь миний зүгээс харахад шүүхтэй тохиролцсон байдал харагдуулахаар шаардлага байна. Гэвч энэ нь нэхэмжлэгчийн болохоос биш шүүх энэ үйл ажиллагаанд оролцохгүй гэдэгт би итгэлтэй байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага С.Н уг гэрээний талуудыг төлөөлж, аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг тогтоолгох гэсэн байна. Манай компани хувьцаат компаний хэлбэртэй, Компаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу дээд эрх барих байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.8 дахь хэсэгт заасны дагуу комиссийн гүйцэтгэх захирал тодорхой эрх хэмжээтэй ажилладаг. Тиймээс хэн нэг дурын этгээд төлөөлөх ямар ч эрх зүйн боломж байхгүй. Компанийн хууль ёсны эрхийг хасах, хязгаарлах шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Манай компани хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болж, улсын бүртгэлээс хасагдах биш харин ч улсын топ 10 компанийн нэг болох гэж байна. Манай компанийг төлөөлөх гэдэг нь хууль бусаар манай компаний эрхийг булаах гэсэн санаархал гэж үзэж байна. Тийм учраас компаний төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгодог. Тийм итгэмжлэл олгохгүй гэдэг нь тодорхой.

3. Хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХК-ийн эзэмшил газар дээр С.Н барилга барих эрхтэй болохыг тогтоолгоно гэсэн шаардлага байгаа. Шүүх барилга барих эрх олгодог байгууллага биш гэдгийг С.Н сайн мэднэ. Чухам ямар шалтгааны улмаас ийм шаардлага гаргаж байгаа учрыг нь би сайн мэдэхгүй байна. Барилга барих хүсэл байгаа юм бол хотын даргын газрын хэлтэст гаргаж, барилгын ерөнхий төлөвлөгөө хийлгэх ёстой. Барилга байгууллага барих зөвшөөрлөө шинээр авах ёстой. Барилгын хуулийн дагуу ажиллах ёстой байхад шүүхээр шийдүүлнэ гэж байгааг ойлгохгүй байна. Гэрээ байгуулах үндэслэл болсон бүх бичиг баримтыг С.Н өөрөө устгасан. Энэ нэхэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байгаа. Барилга барих эрхийг Иргэний шүүх шийдэхгүй, захиргааны байгууллага шийднэ. Барилгын яам, хотын захиргаа, мэргэжлийн хяналтын газрууд шийднэ. Хэрвээ тэдгээр байгууллагын шийдсэн шийдвэр нь буруу байна гэвэл Захиргааны шүүхэд хандах ийм учиртай. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн 3 шаардлага нь гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой бус харин эрх шилжүүлэн авахыг шаардсан хууль зөрчсөн шаардлага байна. Тиймээс хүлээж авах боломжгүй гэжээ.

 

Хариуцагч “М” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь “М” ХК-ийн эзэмшил газар дээр тус компанийн хашаанд байршуулан “М” ХК орон сууцны цогцолбор хороолол барихад С.Н хөрөнгө оруулалт хийж барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, “М” ХК өөрийн хүн хүч, машин техникээр тусалж хамтарч ажиллах, барилга барих газрыг үе шаттайгаар чөлөөлөх, барилга баригдаж дууссаны дараа талууд ашиг хуваах, барилгажсан газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тохиролцоотой байлаа. Хамтран ажиллах гэрээний дагуу барилгын газар шорооны ажил 2007 оны 11 сард эхэлж барилгын ажил эрчимтэй хийгдэж байсан 2008 онд манай компанийн эзэмшил газар иргэн С.Н гитйн нэр дээр шилжсэн мэдээ хөвөрч эхэлсэн ч Нийслэлийн газрын албаны шийдвэр ирээгүй байлаа. Нийслэлийн газрын албанд хандаж хариу хүлээж 3 жилийн дараа буюу 2011 оны 5 дугаар сарын 11-нд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн .... тоот, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 877 захирамжуудаар иргэн С.Н д газар шилжсэн болохыг мэдсэн. .... тоот захирамжаар “М” ХК орон сууцны цогцолбор хороолол бариулахаар газар олгосон ..... тоот захирамжийг хүчингүй болгосон, манай газрын гэрээ, гэрчилгээ, төлбөрт өөрчлөлт ороогүй зэрэг олон үндэслэл бүхий баримтаар манай компанийн газар эзэмших эрх хөндөгдсөн учраас 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181, 2010 оны 877 дугаар захирамжуудын иргэн С.Н д холбогдох хэсэг, мөн захирамжуудыг үндэслэж олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон. Газрын маргаан үргэлжилсээр шат шатны шүүхийг дамжсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. “М” ХК орон сууцны цогцолбор хороолол барих газар олголтыг Нийслэлийн Засаг даргын 181 захирамжаар, иргэн С.Н д газар шилжүүлсэн 181, 877 дугаар захирамжуудыг шүүхийн шийдвэрээр тус тус хүчингүй болгосон зэрэг нь газар дээр баригдах барилгын үйл ажиллагааг зохицуулж байсан хамтран гэрээний хэрэгжилт зогсох үндсэн шалтгаан болсон. Гэрээнд оролцогч талууд Барилгын тухай хууль болон шуүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахын тулд хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, барилга барих газар олголтыг сэргээх шинэ нөхцөл байдал үүссэн. Талууд ойлголцож шинээр тохиролцоонд хүрэхийн тулд хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинэ нөхцөл байдалтайгаар дахин гэрээ байгуулах 2 арга замыг С.Н д санал /хүсэлт/ болгож тавьсан хүлээж аваагүй. Иргэний хуулийн 220.3 дахь заалтыг хэрэгжүүлэх боломжийг оролцогч тал олгохгүй байна. Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа хүнд хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх байх гэж итгэж найдах аргагүй байна. Гэрээнд гарын үсэг зурсан миний хувьд анхааралгүй хандсан байдаг. Тухайлбал: Гэрээний 1.4-д “Гэрээний хугацаа нь “А” талын нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 09 тоот захирамжтай газрын эзэмших эрхийг “Б” талын эзэмшилд шилжүүлж “Б” тал нь баригдаж дууссан барилгын борлуултын ашгаас “А” талд шилжүүлснээр тус тус дуусгавар болно” гэсэн нь ноцтой төөрөгдөлд орж гэрээнд гарын үсэг зурсан буруу болсноо хүлээн зөвшөөрч засаж заларуулах хүсэлт тавихаар нөгөө тал хүлээж авахгүй байгаа нь гэрээний тэгш эрхийн харилцаа алдагдаж байгааг харуулж байна. Гэрээний талууд ойлголцохгүй иргэн С.Н нүүр бууруулан хамтран ажиллахгүйгээр зугтааж байхад гэрээ бүрэн утгаараа үйлчлэх, хэрэгжих боломжгүй болсныг харуулж байна. Гэрээний эрх тэгш, харилцан итгэлцэл үгүй болж манай санал, хүсэлт, шаардлагад хариу өгөөгуй, өгдөггүй зөвхөн шүүхийн байгууллагаар дамжин харилцаж байгааг С.Н өөрөө сайн дураараа гэрээнээс гарсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хамтран ажиллах гэрээний хэрэгжих үндсэн нөхцөлийн нэг нь барилга барих газар олгосон Засаг даргын шийдвэр байх ёстой. Газрын зөвшөөрөлгүйгээр барилга барих эрх зүйн үндэс бүрдэхгүй. Гэтэл газар олголтыг С.Н өөрөө санаачилж хүчингүй болгуулснаар хамтран ажиллах гэрээ хэрэгжих үндэслэлгүй болсон гэрээнд оролцогч талын нэг нь эрх тэгш бус байдал бий болгоод байхад нөгөө тал нь тэвчээр гаргаад хүлээгээд байх шаардлага байхгүй. Анх гэрээ байгуулах үед “М” ХК-ийн газар эзэмших эрхийн болон “М” ХК орон сууцны цогцолбор хороолол барих газар олгосон хүчин төгөлдөр Нийслэлийн Засаг даргын 2 захирамж үйлчилж байсан ба уг 2 захирамж хүчингүй болсон. “М” ХК-ийн эзэмшил газрын шийдвэр болон газрын хэмжээнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тухайн газар дээр явагдах үйл ажиллагааг өөрчлөх нөхцөл шаардлага үүссэн гэж үзэж байна. Талуудын хооронд хамтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг өөрсдөө тодорхойлох боломжтой байтал ойлголцохгүй нэг гэрээг тойрсон олон төрлийн маргаан үүсгээд байгаа тул гэрээнээс гарах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 1.Хамтран ажиллах гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн. “М” ХК-тай “М” ХК орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж хамтран байгуулчихаад, түүнийгээ өөрөө хүчингүй болгож, “Голден парк” хотхоны ерөнхий төлөвлөгөө болгосон. Газрынх нь зөвшөөрлийг хүчингүй болгож, хувьдаа шилжүүлж авсан. Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдалд барилга барих үеийн газрын зөвшөөрөл олгосон Засаг даргын захирамжийг С.Н хүчингүй болгосон. Мөн Улаанбаатар хотын архитектурын газраар батлагдсан цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөө байсныг мөн С.Н хүчингүй болгосон. Ингээд С.Н өөрийн нэр дээр барилга барих газрын зөвшөөрлийг авснаар гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн. Тийм учраас гэрээнээс гарч болох хуулийн заалттай. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан. Бид хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж хариуцагчид удаа дараа шаардсан боловч ирж уулзаагүй. Гэрээнд оролцогч компаниудын захирлуудыг уулзуулах гээд чадахгүй байгаа. “М” ХК болон С.Н нар хууль бус гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг би өмгөөлөхгүй.

2. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт талуудын асуудлыг эвээр шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадахгүй бол хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэсний дагуу өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн төсөл хүргүүлж эвээр шийдэх гэж оролдсон. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд нотлох баримт нь байгаа.

3.С.Н д газар шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох 389 тоот шийдвэр 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд байгаа. С.Н Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Барилга барих зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг бүгдийг нь хүчингүй болгочихоод, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй байдал үүссэн учир бид гэрээнээс гарна. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт хамтын үйл ажиллагааны тайланг талууд жилийн явцад шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байна гэсний дагуу компаны хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ын хуралд С.Н г урихад ирээгүй. Тайлангаа тавиагүй, уулзаагүй, зугтаадаг. 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 тоот тушаалаар С.Н д 3 жил гаруйн хугацаанд танай тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул энэ гэрээг цаашид мөрдөж ажиллах боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Энэ талаарх баримт 3 дугаар хавтаст хэргийн 670 дугаар хуудсанд байгаа. 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 80 тоот албан бичгээр мэдэгдсэн. Энэ баримт 3 дугаар хавтаст хэргийн 671 дүгээр хуудсанд байгаа. Талуудын хооронд тэгш эрх, итгэлцэл байхгүй болсон. Санал, хүсэлт шаардахад хариу өгдөггүй. Хамтарч ажиллахгүй байгаа нь үүгээр харагдаж байна. Энэ нь гэрээг хэрэгжүүлэхгүй гэсэн нэг илрэл. Энэ бүхэн хамтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг харуулж байгаа баримт юм. Тийм учраас гэрээнээс бид гарах үндэстэй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээг цуцлах тухай ТУЗ-ийн хурлыг материал 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд байгаа. Компани өөрийн эрх хэмжээнд асуудлаа шийдээд, гүйцэтгэх, дээд эрх барих ТУЗ-ын хурлаар шийдээд хүсэлтээ өгөхөд бидэнд мэдэгдээгүй гэж байна. Компанийй ТУЗ-өөс С.Н д дахиад мэдэгдэл өгсөн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд байгаа. Энэ бүгдэд С.Н хариу өгөөгүй. Мөн 2015 оны 502 тоот тушаалаар иргэн С.Н тай хамтран ажиллахгүй гэдгээ хатуу мэдэгдсэн. Хамтран ажиллах гэрээг муу байгуулсан нь үнэн. С.Н тай хамтран ажиллаагүй бол эх орны хөгжилд их хувь нэмрээ оруулах байсан. Ганцхан буруу зүйл хийсэн нь С.Н тай хамтран ажилласан. Хуулиа хэрэгжүүлж ажиллах гэсэн тал нь буруутаж хохирч болохгүй гэж бодож байна. Би хуулиа мөрдөж ажиллах гэж байна. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан байгаа. Тиймээс би хэдийд ч гэрээнээс гарч болно гэж бодож байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-т зааснаар 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу С.Н нь талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг тогтоолгож, “М” ХК-ийн эзэмших газрын 4.17 га газарт хамтран ажиллах гэрээний дагуу С.Н барилга байгууламж барих эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл, хариуцагч “М” ХК-ийн гаргасан С.Н тай байгуулсан хамтран ажиллах гэрээнээс “М” ХК нь гарсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , өмгөөлөгч Б.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч, “шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглсэн тухайд:

1. Нэхэмжлэгч нь “М” ХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр өөрт үүссэн эрхээ хамгаалуулахаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2. 476.3, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3 дахь хэсгийг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх талуудын маргааны агуулга, мөн чанарыг огт ойлгохгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, нотлох баримтад үндэслэсэн байх” зарчимд нийцэхгүй, хууль бус гарсан.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.4 дэх заалтад “хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх”, хамтын үйл ажиллагааг хамтран, эсхүл аль нэг тал эрхлэх” гэдэг ойлголтыг тусгасан байна. Гэтэл анхан шатны шүүх уг ойлголтуудыг тайлбарлан маргааныг шийдвэрлэхдээ “хамтын үйл ажиллагаа хамтран удирдахаар тохирсон” байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуульд заасан нь дээрх “хэрэгжүүлэх”, “эрхлэх”, “удирдах” гэсэн ойлголт нь үг зүй талаасаа ч, мөн хуульд өөр заалтуудаар томъёолсон зэргээс үзвэл өөр ойлголт байхад эдгээрийг “хамтын үйл ажиллагааг хамтран удирдах” гэж шүүх тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хамтран ажиллах гэрээнд буюу бичгээр байгуулсан гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааг аль тал нь удирдахыг тогтоогүй боловч гэрээ хэрэгжих явц буюу барилга барих үйл явцаас үзвэл уг хамтын үйл ажиллагааг С.Н удирдаж байсан гэдэг нь нотлогдох бөгөөд энэ нь талууд амаар байгуулсан гэрээ тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дэх хэсэгт нийцэж байгаа болно.

2. Талууд Хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийг гэрээний нэг тал болох “М” ХК өөрийн эзэмшилд байгаа Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8,87 га газар /энэ нь “М” ХК-иас гаргаж байгаа хөрөнгийн хураамж мөн болно/-ыг барилга барихад зориулж гаргах, нөгөө тал болох С.Н мөнгөн хөрөнгө гаргаж уг газар дээр барилга байгууламж барих хамтын үйл ажиллагаа явуулах” гэж тодорхойлсон.

Тодруулбал, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3 дахь хэсэг, Хамтран ажиллах гэрээний дагуу талуудын төлөх хураамж нь “М” ХК-ийн хувьд түүний эзэмшил газар. С.Н-ийн хувьд барилгыг барих мөнгөн хөрөнгө бөгөөд хамтын үйл ажиллагаа нь “барилга барьж нийтэд борлуулан санхүүгийн ашиг олох” явдал ба энэ үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар гэрээгээр харилцан тохиролцсон байгаа болно. Энэ гэрээний үгийг шууд утгаар нь тайлбарлах ёстой ба Хамтран ажиллах гэрээний гол агуулга нь “барилга барьж борлуулан ашиг олох” явдал байсан гэдгийг гэрээний заалтаар болон Иргэний хуулийн заалтаар тогтоосон байгаа гэдгийг анхан шатны шүүх ойлгоогүй байна.

Анхан шатны шүүх гэрээг тайлбарлахдаа Нэгдүгээрт, С.Н мөнгөө хийх газар олдохгүй болохоор “М” ХК-д түр хүүгүй, алданги ч байхгүйгээр өгсөн” мэтээр үзжээ. Энэ нь шүүх шийдвэртээ “... С.Н барилгын ажил гүйцэтгэх зардлыг хариуцахаар тохирсоноос өөр эрхгүй тул уг газар дээр барилга барихгүй” гэх агуулга бүхий дүгнэлт хийснээс харагдаж байна.

2. “М” ХК гэрээний дагуу өөрийгөө барилга барих эрхтэй гэж маргаагүй, зөвхөн С.Н-ийн уг эрх дуусгавар болсон гэж маргаж байгаа.

Барилга барих ажлыг “М” ХК гүйцэтгээгүй, тоног төхөөрөмж гаргаагүй, тэдний ажилтан ажиллаагүй талаар нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан, талууд энэ талаар ч маргаагүй. Барилга барих үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар талууд тохиролцсон учраас дангаараа эрхлэн явуулж байсан гэдэг нь барилга барихтай холбоотой бүх зөвшөөрөл, бусад холбогдох баримт бичиг дээр С.Н-ийн нэр гарснаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т заасныг баримтлан байгуулсан гэрээ мөн болно. Ийнхүү зохигчид болох талуудын маргаж байгаа болон маргаагүй асуудлууд тодорхой байхад шүүх талуудын харилцан тохиролцож байгуулсан, талууд нэг мөр ойлгож, маргахгүй байгаа гэрээний заалтыг дээрх байдлаар өөрийнхөө тайлбарлаж байгаа нь илт хууль бус байна.

3. Талууд гэрээний хугацааг “М” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр захирамжтай газрын эзэмших эрхийг С.Н-ийн эзэмшилд шилжүүлж, С.Н нь баригдаж дууссан барилгын борлуулалтын ашгаас “М” ХК-д шилжүүлснээр дуусгавар болохоор тогтоосон. Мөн түүнчлэн хамтран ажиллах гэрээгээр талуудын хүлээх үүргийг заасны дотор Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т заасны дагуу “М” ХК гэрээний хураамж болох газраа “дундын өмчид шилжүүлэх” буюу барилга барих зориулалтаар гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч “М” ХК нь ямар нэг нотлох баримт болон хууль зүйн үндэслэлгүйгээр “өөрийгөө болон С.Н г хамтын үйл ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлан эзэмшил газраа С.Н г барилга барихад зориулж гаргаж өгөх /энэ нь гэрээний дагуу төлөх хураамж төлөх үүрэг/-өөс татгалзаж, улмаар газар эзэмших эрхийг С.Н д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын үйлдэл хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд маргаж эхэлсэн юм.

Улмаар “М” ХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх нь газрын маргааныг шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг дарга “М” ХК-ийн эзэмших газрыг С.Н-ийн нэр дээр шилжүүлэхдээ процессын ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн, харин С.Н г уг газрыг огт эзэмшиж болохгүй, ийм эрх үүсэхгүй талаар дүгнэлт өгөөгүй юм. “М” ХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг буруу тайлбарлаж буюу “С.Н г газар дээр барилга барих эрхгүй гэж шүүх тогтоосон” гэж тайлбарлаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 8 жил гаруй болоод байна. Учир нь Захиргааны хэргийн шүүх хэн нэгнийг газар эзэмших эрхтэй эсэхийг тогтоодог шүүх ч биш, энэ маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх ёстой юм.

Хариуцагч нь дээрх байдлаар гэрээг тайлбарлаж Хамтран ажиллах гэрээний заалтыг биелүүлэхээс татгалзаж байгаа талаар анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримт гарган тайлбарлаж, улмаар Иргэний хууль болон гэрээний дагуу үүссэн эрхээ сэргээлгэхээр маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3 дахь хэсгийг баримтлан холбогдох факт, нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгч бий болсон үйл баримт нь дээрх хуульд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийлгэхээр маргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гаргасан байхад шүүх энэ хуулийн заалттай нэхэмжлэлийн үндэслэл нийцэж байгаа, эсхүл нийцэхгүй байгаа алин болох талаар дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож баримталсан Иргэний хуулийн заалт нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах, эсэх талаар дүгнэлт огт өгөөгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Хоёр.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

1. “М” ХК нь Хамтран ажиллах гэрээгээр тогтоосон нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгааг нотлох том баримт бол тус компани гэрээний дагуу С.Н д шилжүүлэх ёстой газрыг бүхэлд нь хамруулан бусдаар барилга, байшин бариулаад, нийтэд худалдан борлуулж байгаа үйл баримт билээ. Анхан шатны шүүх “гэрээнд нийт 8,87 га газарт барилга барихаар тохиролцсон байна” гэж зөв дүгнэсэн атлаа “С.Н зөвхөн барилгын ажилд гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг хариуцна” гэж зөрүүтэй дүгнэлт хийжээ. “М” ХК нь барилга барих үйл ажиллагаа явуулах чиг үүрэг хэрэгжүүлдэггүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй, байхгүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байхад тус компанийг л газар дээрээ барилга барих эрхтэй гэж нотлох баримтыг илтэд буруугаар үнэлж байна.

2. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “гэрээ үргэлжилж байна” гэж зөв дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцсэн зөв шийдвэр гаргасан.

Одоогоор “М” ХК-д барилга барих боломжтой газрууд байгаа бөгөөд Хамтран ажиллах гэрээ дуусгавар болоогүй, Иргэний хуулийн 204, 205, 209, 220, 221, 225, 227 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй байхад барилга барих боломжгүй нөхцөл бий болсон мэтээр дүгнэсэн нь хууль бус болно.

Шүүх аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ талуудын хоорондоо маргаантай байгаа асуудал бүрт эрх зүйн дүгнэлт өгч, энэ талаарх үндэслэлээ шийдвэртээ бүрэн дүүрэн тусгаж бичсэн байх ёстой.

Ингэхгүйгээр шийдвэрлэсэн шийдвэр нь “шүүхийн шийдвэр хууль ёсны байх”, “нотлох баримтад үндэслэсэн байх” зарчимд нийцэхгүйгээс гадна шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэсэн үндэслэл нь тодорхойгүй төдийгүй үүнээс үүдэн иргэд шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үндсэн эрхийн механизм алдагдах болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04678 дугаар шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.

1. Үндсэн нэхэмжлэлийн түхайд

Үндсэн нэхэмжлэлийн агуулга, шаардлага нь шүүхээр эрх хүлээн зөвшөөрүүлэх утгатай тулгалт хийсэн Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт /хэрэгжилт/ гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал, үндсэн үүрэгтэй холбогдолгүй “тохиролцсон болохыг”, “эрхтэй болохыг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэн албажуулах” гэж шаардсан байна.

Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан боловч олон зүйл заалт нь хуульд нийцэхгүй, хэрэгжих нөхцөл боломжгүй зүйл тусгагдсаныг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Гэрээний 1.4-т “гэрээний хугацаа нь “А” талын нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр capын 11-ний өдрийн 09 тоот захирамжтай газрын эзэмших эрхийг “Б” талын эзэмшилд шилжүүлж....” гэсэн нь “А” талын бүх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.1 дэх заалттай нийцэхгүй байгаа.

Мөн гэрээний 3.1-т “А” талын эрхийг бүрэн хэмжээгээр хязгаарласан заалт тусгасан нь хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй байдалд оруулсан байдаг. Гэрээнд оролцогч талаа ноцтой төөрөгдөлд оруулж чадсанаар давуу эрхтэй байх боломжтой гэсэн ойлголтоор эрх хүлээн зөвшөөрүүлэх тулгалт хийж эхэллээ. Энэ бол анхных биш бас эцсийнх ч биш байж мэднэ. 2008, 2010 онуудад хууль бус арга хэрэглэн хүчээр газар эзэмших эрх шилжүүлэн авч байсан. 2012 онд хууль зөрчин барилга ашиглалтанд хүлээлгэн өгч чадсан зэрэг үйлдлүүдийн үргэлжлэл нь эрх хүлээн зөвшөөрүүлэх шаардлага байна.

Гэрээний “А” тал адил тэгш эрхтэй ажиллах боломжгүй байгаа нөхцөл шалтгааныг цугларсан нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх тогтоох шаардлага байсан. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтын дагуу үнэлэхгүй шийдвэр гаргалаа. Хамтран ажиллах гэрээний үндсэн нөхцөл нь “М” ХК-ийн бүрдүүлсэн бэлэн бичиг баримт зөвшөөрлийн үндсэн дээр тус компаний эзэмшил газар дээр баригдах “Материалимпэкс” орон сууцны цогцолбор хорооллын барилгыг С.Н барих асуудал байв. Гэтэл нэхэмжлэгч компаний эзэмшил газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авснаар гэрээний үндсэн нөхцөл, гэрээ байгуулах үеийн бодит байдал илт өөрчлөгдөж гэрээ үндсэн нөхцөлийн дагуу хэрэгжих боломжгүй болгосон.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181, 2010 оны 877 тоот захирамжуудын С.Нямваваад газар шилжүүлсэнтэй холбогдох хэсэг, мөн захирамжуудыг үндэслэж олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаар шийдвэр гаргасан.

“Материалимпэкс” орон сууцны цогцолбор хороолол барих газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 тоот захирамж хүчингүй болсныг сэргээгээгүй тул “М” ХК-ийн эзэмшил газар дээр барилга угсралтын үйл ажиллагаа явагдах газрын зөвшөөрөлгүй болж хамтран ажиллах гэрээний талууд зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болсон.

Хариуцагчийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болсон гэж үзэж байгаа үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 78 дугаар зүйлийн 78.1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-р зүйлүүд заавал биелэгдэх ёстойг шаардсаныг шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлалаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч С.Н нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгүүлэхийг шаардсан маргаан биш юм. Харин талуудын хооронд үүссэн маргаан нь “М” ХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг буруугаар тайлбарлан “шүүхийн шийдвэр гарснаас хойш С.Н газар дээр барилга барих эрхгүй гэж маргаж байгаа юм.” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбар болжээ.

Барилгын тухай хууль зөрчин, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй барилга барьсан нь гэмт хэрэг гэж үзэж болохоор байдаг. Гэтэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу шүүхээс иргэний эрхийн хамгаалалт хийхийг хүсэж байгаа нь хууль бус үйл ажиллагаагаа улам хамгаалалтанд оруулах санаархал гэж үзэж болно.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 349 тоот захирамжаар олгогдсон газар дээр баригдах “Материалимпэкс” орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий төлөвлөгөө, мэдэгдэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын гэрээ, гэрчилгээ, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл газрын зөвшөөрөл хүчингүй болсон.

Үүгээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн хамтран ажиллах гэрээ нь хэрэгжих хууль эрх зүйн орчингүй болсон гэж үзэж байгаа. Энэ нь гэрээ байгуулах үеийн бодит нөхцөл байдалд илт өөрчлөлт орсон гэж үзэж болно.

Барилга барихад шаардлагатай газрыг “М” ХК олгодог зөвшөөрдөг эрх байхгүй. Компанийн эзэмшил газар дээр барилга бариулах, бариулахгүй гэдэг асуудал нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх эрх мэдлийн багцад байдаг асуудал. Шүүхээр барилга барих газар зөвшөөрүүлэн, тэр газар дээр нь барилга барих эрхтэй болохыг тогтоолгох гэсэн шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

Хүчингүй болсон Нийслэлийн Засаг даргын захирамж, зөвшөөрөл, бичиг баримтыг сэргээсэн буюу шинээр бүх зүйлийг баримтжуулж хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх талаар тохирсон хэлцэл, зөвшилцөл байхгүй Тийм эрх зүйн орчингүй байхад “М” ХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрхтэй болохыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоолгох, “М” ХК-ийн эзэмших газар дээр хамтран ажиллах гэрээний дагуу С.Н барилга байгууламж барих эрхтэй газар мөн болохыг тогтоолгох гэж шаардах эрх байхгүй.

Хамтран ажиллах гэрээний 1.3-т заасны дагуу эхэлсэн 7 барилгын газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн, дараагийн 4,72 газарт барилгажих талбайн асуудпыг шийдвэрлээгүй /тохиролцоогүй/ байхад, барилга барьж шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс маргаан үүссэн. Мөн гэрээнд /... “А” талын эзэмшилд байгаа 4.72 га газар дээр дараагийн барилгажих талбайн асуудлыг 2007 оны 12 дугаар сарын 01-ний дотор шийдвэрлэнэ/ гэсэн нь шийдвэрлэгдээгүй бөгөөд шийдвэрлэгдэх боломжгүй болсон нь дээрх олон шалтгаантай холбоотой байдаг.

Хамтран ажиллах гэрээнд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3, 4 дэх хэсгийг хэрэгжүүлэхээр тусгагдаагүй бөгөөд энэ тухай тохиролцоогүй “А” талыг төлөөлж хэлцэл хийх, хамтын үйл ажиллагааг С.Н дангаараа эрхлэн явуулах зөвшөөрөл олгоогүй болно.

Хамтран ажиллах гэрээний дагуу явуулах хамтын үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг, С.Н нь уг гэрээний талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг, мөн хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХК-ийн эзэмшил газар дээр С.Н барилга байгууламж барих эрхтэй болохыг топгоолгох гэсэн шаардлагуудыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хамтран ажиллах гэрээ байгуулах үндсэн нөхцөл гэрээ байгуулсны дараа илт өөрчлөгдсөн тул гэрээнээс гарах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гэрээ байгуулах нөхцөл байдал гэдэг нь Барилга барих газар олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан Ерөнхий төлөвлөгөө, Мэдэгдэл, Архитектур төлөвлөлтийн даалгавар байсан юм. Үүнийг нэхэмжлэгч хүчингүй болгуулж өөрийн нэр дээр газар шилжүүлж авснаар гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 220.1-т “...гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй”, мөн хуулийн 220.3-т “...Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийн тулд хуулийн хүрээнд доорх чиглэлээр ажилласан.

Гэрээнд оролцогч /компаний захирлуудын/ уулзалтыг зохион байгуулж харилцан ойлголцуулах ажлыг эхлүүлсэн уулзалтын дагуу нэг ч ажил хийгдээгүй.

Хамтран ажиллах гэрээний 4.3-т “Талуудын асуудлыг эв эеэр шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадахгүй бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсний дагуу өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлсэн гэрээний төсөл хүргүүлж эв эеэр шийдвэрлэх гэсэн боловч хариу өгөөгүй. /1-р хавтас 32 хуудас/

Нийслэлийн Засаг даргын захирамжийн С.Н д газар шилжүүлсэн хэсэг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 389 тоот шийдвэрээр хүчингүй болгосноор талууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болсон. /1-р хавтас 38 хуудас/ Шүүхийн шийдвэр гарснаар хамтын үйл ажиллагаа явагдах эрх зүйн орчин үндэслэлгүй болж, үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй байдал үүссэн.

Газрын зөвшөөрөл бусад бичиг баримт хүчингүй болсноор талууд хоорондын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хэрэгжилтийг шаардах боломжгүй байдал үүссэн. Энэ асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа нь гэрээнээс гарах үндэслэл юм.

Хамтран ажиллах гэрээний 2.2-т “хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх ажлын үр дүнд хөрөнгө мөнгөний зарцуулалтыг үе шат бүр тогтмол хугацаанд тайлагнах үүрэгтэй”, 4.2-т “Хамтын үйл ажиллагааны тайланг талууд жилийн явцад шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байна” гэсний дагуу Компаний хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хуралд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг танилцуулахыг хүсэж урилга өгсөн нэхэмжлэгч ирээгүй.

2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 79 тоотоор С.Н д “...энэ гэрээг цаашид мөрдөж ажиллах боломжгүй болсныг мэдэгдэж ...4-р сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсэж байна...” гэсэн хариу өгөөгүй /3-р хх-670   /

2011 оны 4 дүгээр сары 22-ны №  тоотоор “Э” ХХК-д “...Танайхаас цаашид хамтарч ажиллах талаар саналаа ирүүлээгүй тул шинээр гэрээ хийгдээгүй байгаа тохиолдолд манай зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдье... “ гэсэн хариу өгөөгүй /3-р хх 671 /

Хамтран ажиллах гэрээний 2.4-т Гэрээний аль нэг талын шаардсан үед хамтын ажиллагаатай холбоотой өөрийн хийсэн ажлын талаар тайлагнах үүрэгтэй гэсэн байхад С.Н гэрээнд оролцогч талтайгаа уулздаггүй зугтаадаг зөвхөн шүүхээр дамжиж харьцаж байгаа нь өөр хоорондоо итгэхгүй байдал бий болгож байгаа бөгөөд гэрээнээс гарахаас аргагүй байдалд хүргэсэн.

Иргэний хуулийн 478.6-т заасны дагуу дээрх байдлаар шаардсан С.Н шаардлагын хариу өгөөгүй.

Талууд хоорондын тэгш эрх итгэлцэл байхгүй болж санал хүсэлт шаардлагад хариу өгөхгүй зугтааж байгаа нь хамтарч ажиллахыг зөвшөөрөхгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээг цуцлах тухай ТУЗ-ийн хурлын материал тогтоол /1-47/

Иргэний хуулийн 220.4-т “Гэрээ өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу л ийм шийд гаргаснаа нөгөө талд мэдэгдсэн.

Компанийн ТУЗ С.Н д мэдэгдэл өгсөн /1-р хх-33/ Энэ бүгдэд хариу өгөөгүй тийм болохоор хамтарч ажиллахгуй гэдэг нь ойлгомжтой болсон.

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 502 тоотоор “... МИХК иргэн С.Н тай 2007 онд байгуулсан хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэн цаашид хамтарч ажиллах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон...” тул гэрээнээс гарахаа дахин мэдэгдсэн /3-672 хуудас/

Энэ бүгд нь гэрээнээс татгалзах, гарах эрхээ эдэлж мэдэгдэл өгч байсныг нотлох баримт байсаар байхад шүүгч гэрээг шинэчлэх, үргэлжлүүлэх агуулга бүхий байна гэж үзсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн хангах хүсэлгуй байгаа нь харагддаг. Манай мэдэгдлийг эсрэг тал эсэргүүцээгүй, хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул зөвшөөрсөнд тооцож байгаа.

Хамтран ажиллах гэрээний 1.4, 3.1 дэх заалтууд харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш "А" талд илэрхий хохиролтой байдал үүсэх нөхцөлтөй байгаа Эзэмшил газраа бүхэлд нь шилжүүлэх үүрэг хүлээсэн нь хариуцагчид илэрхий хохиролтой зүйл заалт гэрээнд орсон байдаг. Хариуцлагыг зөвхөн "А" талд хүлээлгэхээр эрхийг нь хязгаарлаж, “Б” тал давуу эрхтэй байх асуудал тусгагдсан байгаа.

Ийм гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхгүй. Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан атлаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан зүйл бүрэн тусгагдаагүй Гэрээг хуульд нийцүүлж хамтарч ажиллах боломж олгохгүй байгаа зэрэг олон үндэслэлүүдээр гэрээнээс гарах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хуулиа хэрэгжүүлж ажиллах гэсэн тал нь буруутан хохирогч болж хамтран ажиллах гэрээтэй гэсэн шахалтын дор хууль бус ажиллагааг нь дэмжиж ажиллах боломжгүй Хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцээний зарчмаар явагдахгүй өс хонзон авах, аль болохоор хариуцагчийг хохироох, үйл ажиллагааг нь боймлох байдлаар хандаж хариуцагчийг занал хийх байдал гаргаж байгааг хэлэх шаардлагтай байна.

Шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э “М” ХК-ийн эзэмшил газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн нь хамтын үйл ажиллагаанд учрах хохиролгүй болохыг нотолж өгсөн.

Иймээс Иргэний хуулийн 479.1-т заасны дагуу гэрээнээс гарсныг тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндсэн нэхэмжлэлийг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Н нь нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу явуулах хамтын үйл ажиллагааг С.Н нь эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгон, талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэй болохыг тогтоолгох, “М” ХК-ийн эзэмших газрын 4.17 га газарт хамтран ажиллах гэрээний дагуу барилга байгууламж барих эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, харин “Хамтран ажиллах гэрээ”-ээс “М” ХК нь гарсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу явуулах үйл ажиллагааг С.Н эрхлэн явуулахаар тохиролцсон болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус уг гэрээний талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл эрхтэй болохыг тогтоолгох гэсэн шаардлагын үндэслэл гэж анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд тайлбарласан болно.

Талуудын хооронд 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулж, хариуцагч “М” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9 тоот захирамжаар олгогдсон өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын 8.87 га-д нэхэмжлэгч С.Н-ийн хөрөнгө оруулалттайгаар барилга барих зорилгоор, хариуцагч нь өөрийн эзэмшилд байгаа газрын 4.15 га хэсгийг 2007-2009 он хүртэл барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлэх, мөн өөрийн эзэмшилд байгаа 4.72 га газарт дараагийн барилгажих талбайн асуудлыг 2007 оны 12 дугаар сарын 01-ний дотор шийдвэрлэх, нэхэмжлэгч барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарах зардал болон барилгын борлуулалтыг бүрэн хариуцах, гэрээний хугацаа нь хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр захирамжтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч нь баригдаж дууссан барилгын борлуулалтын ашгаас хариуцагчид шилжүүлснээр дуусгавар болохоор харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дэх хавтасны 7-9 дүгээр тал/ 

 

Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч “М” ХК-ийн эзэмших 8.87 га газрын 4.7 га хэсэгт барилга барьсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж, 478.4 дэх хэсэгт “Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 2.1 дэх заалт болон талуудын тайлбараас үзэхэд гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг хамтран удирдан явуулахаар тохиролцсон агуулгатай, мөн хариуцагч нь газар эзэмших, барилга барих эрхээр буюу хариуцагчийн эзэмших, барилга барих зөвшөөрөл бүхий газарт барилгын тоног төхөөрөмж, ажиллах хүч ажиллуулах, нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг хариуцахаар тохиролцсон байгаа нь хамтын үйл ажиллагааг С.Н дангаар хэрэгжүүлэх нөхцлийг гэрээнд тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшил бүхий газар дээр барилга барих үйл ажиллагаатай холбоотой гарах зардал буюу хөрөнгийг нэхэмжлэгч хариуцахаар гэрээгээр үүрэг хүлээсэн явдал нь түүнийг хамтран ажиллах гэрээний талуудыг төлөөлж бусадтай гэрээ хийх, маргаан гарвал төлөөлөх эрх олгогдсон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байна. Нөгөө талаар, барилга барих үйл ажиллагаа, зардлыг хариуцаж байгаа нь хамтран ажиллах гэрээг дангаараа төлөөлөх үндэслэл болохгүй ба энэ талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй болно.  

Иймд хамтран ажиллах гэрээний дагуу С.Н нь талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх, С.Н хамтын үйл ажиллагааг дангаар эрхлэн явах зөвшөөрөл олгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн талуудыг төлөөлж аливаа этгээдтэй хэлцэл хийх эрхтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нөгөө тал үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн эзэмшил газрын 4.17 га-д барилга эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгч С.Н нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, хариуцагч “М” ХК-ийг гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан маргаан биш, хүчин төгөлдөр байгаа Хамтран ажиллах гэрээний холбогдох заалтын талаар талууд маргаантай байгаа тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан Иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсон талаар буюу мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу “эрхийг хүлээн зөвшөөрч” иргэний эрхийн хамгаалалт хийж өгөхийг хүсэж байна” гэжээ.

/хэргийн 3 дахь хавтасны 172-173 дугаар тал/

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.” гэж заажээ. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан бөгөөд талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байх тул уг гэрээний дагуу өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн ямар үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн буюу зөрчсөний улмаас эрхээ сэргээлгэх гэж байгаа талаар нэхэмжлэгч шаардлага, үндэслэлдээ тодорхой заагаагүй тул шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт тогтоолгох гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гэрээгээр тохиролцсон эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй байна.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиролдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно.” гэж заасан бөгөөд хариуцагч “М” ХК нь нэхэмжлэгч С.Н д гэрээнээс гарах болсон талаар мэдэгдсэн, гэрээнээс хохирол учруулахааргүй болохыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй гэж шүүх дүгнэж, “Хамтран ажиллах гэрээ”-ээс “М” ХК нь гарсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсан тохиолдолд уг гэрээнээс гарах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд үүний улмаас хохирол учруулахгүй байх үүрэгтэй юм. Хариуцагчийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай албан бичиг, гэрээг цуцлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд хэрэгт авагдсан байх боловч үүнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна. Шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн хамгаалалт тогтоолгох буюу эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасныг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “9 дүгээр зүйлийн 9.4.1” гэж, “479.1-т” гэсний дараа “зааснаар” гэснийг хасаж, “заасан үндэслэлгүй тул” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч С.Н болон хариуцагч “М” ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                       

                                                      ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН     

                    

                                                                                        С.ЭНХТӨР