Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 000065

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           Л.Эрдэнэбаярт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0110/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

     Шүүх хуралдаанд: 

 

                 Прокурор                                          Б.Бүжинлхам

                 Ялтан                                                 Л.Эрдэнэбаяр

                 Ялтны өмгөөлөгч                            М.Энхтуяа

                 Хохирогч                                           Л.Оюунсүрэн

                 Хохирогчийн өмгөөлөгч                О.Сарантуул

                 Нарийн бичгийн дарга                   Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолтой Лувсанжамцын Эрдэнэбаярт холбогдох, 201714000149 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Л.Эрдэнэбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986-10-15 ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны баяжуулах фабрикт нунтаглан баяжуулах хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-7-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ФБ-86101576 регистрийн дугаартай, Хаад Боржигон овгийн Лувсанжамцын Эрдэнэбаяр.

 

Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Оюунсүрэнг 2017 оны 02 сарын 17-ны өдөр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Хаад боржигон овгийн Лувсанжамцын Эрдэнэбаярыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, догшин авирлаж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1.д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярыг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярт оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаяраас 750 500 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунсүрэнд олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохиргч Л.Оюунсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь шүүхээс 3 сарын баривчлах ял шийтгүүлсэн энэ нь ч миний үйлдсэн хэрэгт тохирсон гэж өөрийн зүгээс үзэж байгаа. Хохирогч болох өөрийн эхнэр Л.Оюунсүрэнгээ зодсон үйлдлээ би хэзээ ч зөв үйлдэл гэж зөвтгөхгүй. Тухайн үед архи хэрэглэсэн байсан болохоор эхнэрийгээ зодож хөнгөн гэмтэл учруулсан байсан.

 

Бидний дундаас охин Эрдэнэсондор 2016-12-21 нд төрсөн. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад эхнэр Л.Оюунсүрэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-нд хуралдаж, бид харилцан тохиролцож 5 000 000 төгрөгийг Л.Оюунсүрэнд өгөхөөр шүүхийн шийдвэр гарсан.

 

Би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Баяжуулах үйлдвэрт ажилд ороод 2 жил болж байсан юм. Харин одоо би 3 сарын баривчлах ял авсан учир ажлаасаа чөлөөлөгдөх болоод байна. Би ажлаа хийгээд цалин орлоготой байвал 5 000 000 төгрөг, хүүхдийхээ тэтгэлэгийг цаг тухайд нь төлөх боломжтой байсан. Мөн олон сая төгрөгний цалингийн зээлтэй, охин маань тэжээн тэтгүүлэх шаардлагатай байгаа зэргээр амьдралын маш хүнд байдалд орсон нь миний буруутай үйлдэл, архи гэгч зүйлээс амьдралаа үрлээ гэдгийг энд ганцаараа хоригдож суухдаа бодож гэмшиж байвч энэ бүхэн оройтжээ.

 

Байгууллагын дарга, мастер нарт өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэнээ хэлсэн дарга нар энэ асуудлаа 1 сарын дотор зохицуулаад ирвэл ажилд чинь авна түүнээс цааш хугацаа өнгөрвөл ямар ч найдлага байхгүй гэж хэлсэн учир Л.Оюунсүрэнг ойлгох болов уу гэж энэхүү гомдлыг гаргаж 3 сарын баривчлах ялыг багасгах тал дээр өөрийнхөө санал бодлыг хэлж өгөөч гэж гуйж байгаа юм.

 

Миний энэхүү байдлыг харгалзан үзэж 3 сарын баривчлах ялыг 1 сар болгон өгч туслана уу. Хохирлын 755 000 төгрөгийг эцэг, эх маань Л.Оюунсүрэнгийн дансанд төлсөн гэжээ.

 

Хохирогч Л.Оюунсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хурлаар Л.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байгаа. Л.Эрдэнэбаярыг энэ хугацаанд хийсэн хэрэгтээ гэмшиж их зүйл ойлгосон байх гэж бодож байна. Иймд өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзаж үзээд ажилтай нь үлдээгээсэй гэж бодож байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхээс Л.Эрдэнэбаярт 3 сар баривчлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Ялтан Л.Эрдэнэбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Оюунсүрэнг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

Хохирогч Л.Оюунсүрэнгийн “....Тэгсэн нөхөр хоёулаа өнөөдөр гэртээ хамт сайхан байна аа гээд ганц ганц пиво авч уух уу гээд 10 000 төгрөг авч гарч, пиво авч орж ирсэн. Тэгээд байж байхад гаднаас хоёр найз нь архитай орж ирсэн..., ....найз нар нь явсны дараа авсан пиво стаканд хийгээд намайг уу гэхээр нь би уухгүй гээд ширээн дээр тавихад стакантай пивоо ширээн дээр цохиж хагалаад намайг “чи манай ажлын залуутай алцаганалаа” гэж толгой, цээж, гар хөл рүү хөлөөрөө дэвсэж, намайг цус нөжтөй хольж зодсон. Тэр шөнөө хэнээс ч тусламж авч чадаагүй, гарч зугтаах гэхээр хаалгаа түгжээд зодоод байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Тунгалагтамирын “...2017 оны 02 сарын 17-ны өдөр хэрүүл маргаан болсон юм шиг байна лээ. Нарийн мэдэхгүй байна.., ...түүнийг дураар нь байлгадаг байсан... Эхнэр нөхрийн хамт байх хугацааны зан байдлыг ажиглавал эхнэрийгээ хаашаа явна гэнэ тэр бүх хүслийг нь гүйцэлдүүлж аялая, зугаалъя, үзъе, харъя гэсэн бүх газрыг нь богино хугацаанд үзүүлж харуулсан байгаа. Эхнэрээ дарамтанд байлгасан асуудал байхгүй. Миний дүүгийн мөнгө төгрөг, виза карт зэргийг бүгдийг нь Оюунсүрэн эзэмшиж ашигладаг байсан. ....Л.Оюунсүрэн нь анх ирэхдээ далий хамартай ирсэн. Одоо манай дүүд зодуулж хамраа хугалуулсан гэж байгаа гэдгийг нь манай дүү цохиогүй гэж хэлэх байна”... гэсэн мэдүүлэг,  

 

Гэрч А.Энхмаагийн “....Зан байдлын хувьд Л.Оюунсүрэн хүлээцтэй, дуулгавартай, нээлттэй биш дотогшоо даруухан, өөрт нь болж байгаа асуудлыг тэр бүр яриад байдаггүй нууцлагдмал хүн юм. ....Эрдэнэбаярыг би мэддэг болоод одоо гурван сар хүрэх гэж байна. .....байнга Facebook-ээр Л.Оюунсүрэнтэй харилцаж байсан. Тэгэхэд надад нөхрийнхөө талаар байнга зодлоо, муухай ааш гаргаад байна, харцаараа байлгах гээд байна гэж уйлж их ярьж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Бэхбатын “....Эрдэнэбаяр нь шүүгч, цагдаа нарт мөнгө өгөөд цагдаагийн ам руу мөнгө чихээд гараад ирнэ гэсэн гэж эхнэрээсээ сонссон....,  Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар мэдээгүй байсан. Эрдэнэбаяр нь архи уухаараа их тавьтиргүй, муухай ааштай, хүн байна лээ. Намайг учиргүй ална хядна гэж заналхийлж байгаа хүн манай хадам дүүтэй яаж харьцаж байгаа нь ойлгомжтой гэж бодож байна” гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт.

 

Шинжээч Ж.Гэрэлмаагийн “Л.Оюунсүрэнгийн биед үүссэн гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. Зөөлөн эдийн цус хуралт нь хөх ягаан өнгөтөй, хамрын нуруунд хавдартай, эмзэглэлтэй байсан. ...шинэ гэмтэл болохыг харуулж байна..., ...Хамрын таславчийн муруйлт шинээр үүссэн учраас гэмтэл авснаас хойш 7 хоног дотор хавдар нь буурахгүй, эмзэглэлтэй байгаа юм” ..., гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “....Намайг ажлаас орж ирэхэд манай эхнэр Нямцэцэг гэдэг найзтайгаа пиво уугаад сууж байсан. Пивоноос болж жаахан маргаан болж эхнэрийгээ цохиж авсан байгаа. Би эхнэрийгээ зодсондоо одоо хир нь гэмшээд барахгүй байна. Би маргааш нь эхнэрээсээ уучлалт гуйсан. ....би архи уугаад байдаггүй учраас яаж зодсоноо сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, Л.Эрдэнэбаярын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэжээ.

 

Иймд ялтан Л.Эрдэнэбаярын “...Миний ажил, амьдралыг харгалзан үзэж 3 сарын баривчлах ялыг 1 сар болгон өгч туслана уу...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Л.Эрдэнэбаяр нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцсэний дараа хохирогч Л.Оюунсүрэнд эмчилгээний зардалд 750 500 төгрөгийг төлсөн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Эрдэнэбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Ялтан Л.Эрдэнэбаяр нь хохирогч Л.Оюунсүрэнд 750 500 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА   

 

                 ШҮҮГЧ                                                                                   Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              З.ХОСБАЯР