Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1422

 

 

 

 

 

  2019         09         12                                         2019/ШЦТ/1422

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Хохирогч Т.Нямхүү, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бөд холбогдох 1906 04428 1705 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Босго толгой” ХХК-д барилгын мужаан ажилтай, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамжны 507 тоотод оршин бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 919 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 435 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 225 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Жы Б /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 919 тоот хашаанд иргэн Т.Нямхүүтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нямхүүгийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжиж шөнө шүүгдэгч манай гэрт хоёр шил архи барьсан орж ирсэн. Шүүгдэгч, бид хоёр авч ирсэн архийг хувааж уусан. Тэгээд би шүүгдэгчийг гэрт нь хүргэж өгөөд гарах гэхэд миний хоолойг боож, хоёр нүд рүү хоёр хуруугаа хийсэн. Мөн шүүгдэгч намайг зодсон. Би уг гэмтлийн улмаас хагалгаанд орох гэхэд надад мөнгө байхгүй байна. Иймд цаашид гарах эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Надад шүүгдэгч 350.000 төгрөгийг өгсөн. Би одоо 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Нямхүүгийн өгсөн: “... Тухайн өдөр би гэртээ байж байхад Б архи авч орж ирсэн. Тэгээд Б бид 2 шил архи хувааж уусан. Тэгээд Б согтоод байх шиг байхаар нь Бийг гэрт нь оруулж өгөөд гарах гэтэл Б миний араас боогоод хавсарч унагаан доороо хийж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би гарч дүүгээрээ цагдаа дуудуулсан... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээч эмчийн гаргасан №9070 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн гэмтлийг миний биед Б  учруулсан. Б надад хохирлын мөнгө гэж 350.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх. 13-14/,

“... Би нүдний ухархайн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Нүдний ухархайн хагалгаанд ороход надад 1.500.000 төгрөг шаардлагатай байгаа. Хагалгааны зардлаа Бөөс нэхэмжилж байна... Надад тийм бичиг баримт байхгүй. Эмч намайг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Миний өвчний түүх дээр намайг нүдний ухархайн хагалгаанд орох шаардлагатай гээд биччихсэн байгаа. Тэр карт нь эмнэлэг дээр байгаа...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн гэрчээр өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Нямхүү ах бид хоёр дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авч Нямхүү ахын гэрт хувааж уучихаад гэртээ ортол Нямхүү ах намайг дагаад хашаанд ороод ир гэсэн. Тэгэхээр нь би Нямхүү ахыг та одоо гэртээ ор, нохой сулрах гээд байна гэж хэлэхэд чи намайг хөөлөө, чи хүн хөөдөг хэн бэ гээд над руу гараа далайгаад байсан. Тэгж байгаад миний зүүн талын нүдний доод талд цохиж авахаар нь би уурандаа Нямхүү ахын нүүр лүү гараараа хоёр удаа цохитол Нямхүү ахын нүүр нь тэр дороо хавдаад эхэлсэн. Тэгтэл урд талд байдаг нэг охин цагдаа дуудаад өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9070 дугаартай:

1. Т.Нямхүүгийн биед тархи доргилт, зүүн хацар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун чамархайн хуйхны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэртээ Нямхүү ахын хамт хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад Нямхүү ахыг одоо гэртээ харь гэж хэлэхэд Нямхүү ах намайг чи гэрээсээ хөөлөө гэж уурлаад намайг миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би миний уур хүрээд Нямхүү ахын нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал удалгүй цагдаа ирсэн... Би дээрх дүгнэлттэй танилцсан... Тус дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх. 33/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх лавлагаа /хх.37/,

Хохирлын баримтууд /хх.4-6, шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 919 тоот хашаанд иргэн Т.Нямхүүтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Нямхүүгийн өгсөн: “... Тэгээд Б согтоод байх шиг байхаар нь Бийг гэрт нь оруулж өгөөд гарах гэтэл Б миний араас боогоод хавсарч унагаан доороо хийж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх. 13-14, 16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн гэрчээр өгсөн: “... Тэгж байгаад миний зүүн талын нүдний доод талд цохиод авахаар нь би уурандаа Нямхүү ахын нүүр лүү гараараа хоёр удаа цохитол Нямхүү ахын нүүр нь тэр дороо хавдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх. 19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9070 дугаартай:

1. Т.Нямхүүгийн биед тархи доргилт, зүүн хацар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун чамархайн хуйхны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “... намайг миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би миний уур хүрээд Нямхүү ахын нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх. 33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Ж.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Т.Нямхүүгийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.890.000 төгрөгөөс баримттай 390.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б нөхөн төлсөн, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Ж.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Ж.Бөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Жы Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Бөд сануулсугай.

5. Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 390.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Т.Нямхүү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бөөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР