| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/01213/И |
| Дугаар | 1656 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 1656
| 2016 оны 2 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2016/01656 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны 11-р гудамж, 45 тоотод оршин суух, регистр ГМ83112306, Хөшөөт овогт Мягмарын Энхтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 61-р байр 1-р давхарын 1 тоотод байрлах, “Тэмүүлэнбаатар” ХХК-д холбогдох 17 850 000 төгрөг гаргуулах, М.Энхтуяад холбогдох Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Мах импекс ХХК-ний зүүн талд 2-р байрны дэргэд байрлах бүтээцийн М.Энхтуяад ногдох өмчлөх эрхийг шилжүүлэн авах, 348 м.кв орон сууцны зориулалттай газрын ногдох хэсгийг шилжүүлэх авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэв, хариуцагч Тэмүүлэнбаатар ХХК-ний захирал Б.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Энхтуяа нь Тэмүүлэнбаатар ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 61А байрны 10-р давхарын 48 тоот 34 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг 25 500 000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, 17 850 000 төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл байр нь баригдаагүй тул М.Энхтуяа нь Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын 51 тоотод байр худалдан авсан. Тэмүүлэнбаатар ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг нь бидний урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 2 050 000 төгрөг өгсөн ба түүнийг хасч 15 800 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмүүлэнбаатар ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт 13 давхар барилга барихаар болж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч М.Энхтуяагийн ээж Д.Цэдэв манай компанид урьдчилгаа төлбөрт 17 850 000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч барилга барих явцад Нийслэлийн засаг дарга Бат-Үүл нь манай компанийг газрын зөвшөөрөлгүй гэж барилгын ажлыг зогсоосон. Барилга захиалагч нарт мөнгийг өгөх боломжгүй байсан ба хотын дарга захиалагч нарт карказыг өмчлүүлнэ гэвэл барилгыг барьж болно гэсэн. Нэхэмжлэгч М.Энхтуяа нь өөр байр худалдан авсан тул карказ болон газрын өмчлөх эрхийг буцааж шилжүүлнэ, урьдчилгаа төлбөрөө авна гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгчид 2 050 000 төгрөгийг өгсөн, одоо 15 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагч нартай гэрээ байгуулан 13 давхар барилга барих ажил хэвийн явагдаж байсан боловч Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр барилгыг барих боломжгүй болсон. Үүнээс болж захиалагч нар намайг хууль хяналтын байгууллагат шалгуулж, дуусаагүй барилгыг өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 4-р сарын 10-ны өдрийн 1233 тоот “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарч захиалагч нар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан. Үүний дотор захиалагч М.Энхтуяа байгаа. Мөн дуусаагүй барилгын газар болох Сонгинохайрхан дүүргийн 187-р хороо, Мах импексийн зүүн талд 2-р байрны дэргэд 348 м.кв эзэмшил газрыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан. Иймд М.Энхтуяагаас барилгын бүтээцийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тэмүүлэнбаатар ХХК-ийн гүйцэтгэж байсан барилгын карказыг нураах талаар ярилцсан. Хотын дарга н.Бат-Үүлтэй захиалагч нар уулзаж Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрийн 348 м.кв газрыг хотын дарга н.Бат-Үүл захиалагч нарт шилжүүлж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. М.Энхтуяа нь өөрийн өмчлөлд карказыг авсан. Төлөгдсөн төлбөрийг хасч гэрээний дагуу надад шилжиж ирсэн газар болон карказын өмчлөлийг шилжүүлж өгнө. Сөрөг нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Энхтуяа нь “Тэмүүлэнбаатар” ХХК-д холбогдох 17 850 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь М.Энхтуяад холбогдох Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Мах импекс ХХК-ний зүүн талд 2-р байрны дэргэд байрлах бүтээцийн М.Энхтуяад ногдох өмчлөх эрхийг шилжүүлэн авах, 348 м.кв орон сууцны зориулалттай газрын ногдох хэсгийг шилжүүлэх авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Харин Тэмүүлэнбаатар ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж зүгнэлээ.
М.Энхтуяа нь Тэмүүлэнбаатар ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 61А байрны 10-р давхарын 48 тоот 34 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг 25 500 000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, 17 850 000 төгрөгийг төлжээ.
/хх 3-10/
Харин Тэмүүлэнбаатар ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүйгээс талуудын хооронд маргаан гарч тухайн байранд захиалга өгсөн Г.Алтанзаяа нарын 68 иргэн гэрээгээ цуцалсан, улмаар дуусаагүй барилгын бүтээцийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан байна. Шүүхийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1233 тоот захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Тэмүүлэнбаатар ХХК зөвшөөрчээ.
/хх 10-13/
Хэдийгээр Тэмүүлэнбаатар ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Мах импекс ХХК-ний зүүн талд 2-р байрны дэргэд байрлах бүтээцийн өмчлөгчөөр тогтоолгох дээрх иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Иймд худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирлоо нэхэмжлэгч М.Энхтуяа хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Харин Тэмүүлэнбаатар ХХК нь тухайн бүтээцийн М.Энхтуяад ногдох өмчлөх эрхийг шилжүүлэн авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч бусад үүрэг гүйцэтгүүлэгчгүйгээр өмчлөлд шилжүүлэх боломжгүй.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08-р сарын 14-ний өдрийн А/702 тоот захирамжаар тухай барилгын доорх 348 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Ханджамц, О.Бадамцэцэг, Д.Дамдинсүрэн, М.Энхтуяа, Б.Мөнхдалай нарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000515391 тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
/хх 9/
Газрын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1, 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга эрхийнхээ хэмжээнд газар эзэмшүүлсэн байх ба энэ хуулийн 38-р зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нар хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, шилжүүлэх хүсэлтийг Засаг дарга шийдвэрлэхээр заажээ. Нөгөө талаас, газар эзэмших эрхийг бусад эзэмшигчгүйгээр М.Энхтуяад ногдох хэсгийг шилжүүлэх эсэхийг Засаг дарга шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх нөхцөл журмыг нэхэмжлэгч зөрчсөн” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны шатанд тогтоогдсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тэмүүлэнбаатар” ХХК-иас 15 800 000 /арван аван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Мягмарын Энхтуяад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар М.Энхтуяад холбогдох Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Мах импекс ХХК-ний зүүн талд 2-р байрны дэргэд байрлах бүтээцийн М.Энхтуяад ногдох өмчлөх эрхийг шилжүүлэн авах, 348 м.кв орон сууцны зориулалттай газрын ногдох хэсгийг шилжүүлэх авахыг хүссэн Тэмүүлэнбаатар ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Тэмүүлэнбаатар” ХХК-иас 247 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Энхтуяад олгосугай.
4. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн140 400 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж Тэмүүлэнбаатар ХХК-д олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА