Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01482

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэрээр *******эс 43,650,000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсний дагуу *******т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Гэтэл ******* өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай Хилчний/13280/гудамж -р байр, зоорийн давхарт ******* хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг өмчлөгчид мэдэгдэлгүй, битүүмжлэх хураах тогтоолгүй, үнийн санал авалгүй худалдан борлуулсныг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн. Иймд хууль зөрчин явуулсан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

1.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн ба уг хөрөнгийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр талуудаас үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг *******, ******* нарын оршин суух хаягаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч ******* хөрөнгийн талаар шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул -ийг шинжээчээр томилоход, авто зогсоолыг 18,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдлийг төлбөр төлөгч нарын хаягаар хүргүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн төлбөр авагчийн хүсэлтээр тус хөрөнгийн албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж шийдвэрлэсэн. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Тус албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг мэдэгдэхээр гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр төлөгчийн хаягаар ирэхэд эзэнгүй байсан тул ******* ******* дугаар руу холбогдон мэдэгдлийг ирж авахыг мэдэгдсэн ба төлбөр төлөгч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр очиж авна гэснийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан ******* хаяг руу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01322 дугаар шийдвэрээр *******эс 21,825,000 төгрөг, *******аас 21,825,000 төгрөгийг тус тус гаргуулж *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,575,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1560 дугаартай магадлалаар тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00168 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 49-64/

 

2.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх65/, төлбөр төлөгч ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хилчний гудамж дугаар байр, зоорийн давхар ******* хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хураан авсан байна. /хх68-72/

 

2.3. Дээрх битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгийн талаар үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч *******, ******* нарт 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-138/12129 дугаартай албан бичгээр мэдэгдэж баталгаат шуудангаар, төлбөр авагч *******д мөн өдөр 4-138/12128 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн байна./хх73, 74/

 

2.4. Улмаар, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/184 дугаар тогтоолоор -ийг шинжээчээр томилсон байх ба шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хилчний гудамж дугаар байр, зоорийн давхар ******* хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээг 18,000,000 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээний талаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4-138/14888, 4-138/14887 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч болон авагч нарт мэдэгдсэн байна. /хх 75-90/

 

Уг мэдэгдлийг төлбөр төлөгч ******* болон төлбөр авагч ******* нар 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус тус хүлээн авч гарын үсэг зурцгаасан байна./хх91-92/

 

2.5. Хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/3 дугаар тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4-180/24190 тоот мэдэгдэл болон 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгч ******* ******* дугаар утсаар ярьж мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авагджээ./хх94-95/

 

2.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12/01 дугаар тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-180/26768 тоот мэдэгдэл болон 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлөгч ******* ******* дугаар утсаар ярьж мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авагджээ./хх97-98/

 

2.7. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12/01 дугаар тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-180/26768 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч *******д ******* дугаар утсаар ярьж мэдэгдсэн байх ба за ойлголоо, би очиж амжихгүй яваад байна, өнөөдөр очиж авна гэсэн байна./хх97-98/

 

2.8. Түүнчлэн, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04-138/28639 дугаар мэдэгдлээр авто зогсоолыг 18,400,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлж, уг мэдэгдлийн талаар шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* ******* дугаараар холбогдон авто зогсоолыг дуудлага худалдаагаар борлогдсон тул өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө нүүлгэн чөлөөлж, 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч т хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд ойлголоо, эргүүлээд холбогдъё гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байна./хх110, 128//

 

3. Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* өмчлөлийн авто зогсоолыг хураан авсан, битүүмжилсэн, үнэлгээ хийсэн, албадан дуудлага худалдаа зохион байгуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 55 дугаар зүйл, 66, 71, 72, 75 дугаар зүйлд тус тус нийцсэн байна.

 

4. Иймд, анхан шатны шүүх *******т холбогдох, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хилчний гудамж дугаар байр, зоорийн давхар ******* хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион явуулах тухай мэдэгдэл ирүүлээгүй, битүүмжлэх хураах тогтоол гаргаагүй, үнийн санал аваагүй үндэслэлээр гаргасан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талаас *******д 2 дахь албадан дуудлага худалдааны тухай тогтоолын талаар мэдэгдээгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх гомдлыг хангахгүй. Учир нь дээр дурдсанчлан, шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* ******* дугаараар холбогдон авто зогсоолыг дуудлага худалдаагаар борлогдсон тул өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө нүүлгэн чөлөөлж, 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч т хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд ойлголоо, эргүүлээд холбогдъё гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байдаг.

 

6. Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан талаар мэдсэн атлаа 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *******т гомдол гаргасан, уг гомдлын хариуг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариу өгсөн байх ба шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай олж мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацааг мөн хэтрүүлсэн байна.

 

7. Нэхэмжлэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг ахлах гүйцэтгэгч, улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянан шийдвэрлэсэн ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээг өөрчлөн зөвтгөнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 44 дүгээр зүйлийн 44.2.8-д гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ