| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1403/Э |
| Дугаар | 1431 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 1431
2019 09 13 2019/ШЦТ/1431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч, хохирогч Л.Б, А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, А.М нарт холбогдох 1906 03325 1732 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, “Зорчигч тээврийн нэгтгэл” ХХК-д жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамжны 6а тоотод түр оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Лын Б /РД:...................../,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Эмсид” ХХК-д жолооч ажилтай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22 дугаар гудамжны 542 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 45 дугаар гудамжны 820а тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Аийн М, /РД:............../,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.Б, А.М нар нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргалдсаны улмаас харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Бын хохирогчоор өгсөн: “Троллейбус дээд хурдаар явлаа гэхэд 40 километр цагийн хурдтай явдаг. Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр зорчигчдоо буулгаад хөдлөх үед Мын жолоодсон автобус миний урдуур дараад орж ирээд миний жолоодож явсан троллейбусны толийг шүргэсэн. Тэгээд би бууж, яаж яваад байгаа талаар асуух гэтэл Мын автобусаас нэг авгай бууж ирээд “чи хүн ачиж явж байж ямар хурдтай явдаг юм бэ” гэж хэлээд хоёр удаа өшиглөөд цагдаад дуудлага өгсөн. Тэрнээс өмнө М зорчигч авгайтай маргалдсан байсан. Миний дагзнаас цус гарч, би ариун цэврийн өрөөнд орж цусаа угаасан. Миний толгой хагарсан. Би Мтай хамт нэг салбарт ажилладаг учир надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт А.Мын хохирогчоор өгсөн: “Би тухайн өдөр Зайсан Офицерийн чиглэлд явж байсан. Би өмнөх хэдэн буудал дээр Бын автобусыг гүйцэж түрүүлэх гэхэд буудал дээр багтахгүй байсан. Хэд хэдэн удаа гүйцэж түрүүлэх гэж оролдсон боловч чадаагүй. Баянзүрх дүүргийн буудал дээр Бын троллейбусны толийг шүргэж, эргүүлсэн. Б, бид хоёр бууж ирээд шууд мууцалдсан. Тэгээд миний хүзүү улайж, гар гэмтсэн байсан. Надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бын хохирогчоор өгсөн: “Би Ботаник-5 Шар гэсэн чиглэлд явж байхад Монгол кино үйлдвэрийн автобусны буудал дээрээс гарах гэхэд танихгүй жолоочтой өөр чиглэлийн автобус толь хэсгээрээ миний тээврийн хэрэгсэлтэй наалдах дөхсөн... тухайн тээврийн хэрэгслээс үл таних, 35 орчим насны махлаг шар залууд би “Яаж яваад байгаа юм бэ?” гэхэд “Чи муу оруулчихад яадаг юм бэ?” гээд намайг заамдаж аваад түлхэхэд хаалга толгойгоороо мөргөхөд миний толгойноос цус гарсан ба би толгойгоо барьж байхад тухайн залуу миний зүүн шанаа, хацар хэсэг рүү 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын хохирогчоор өгсөн: “... тэгээд автобуснаас үл таних 45 орчим насны эрэгтэй, шар царайтай, намхан ах бууж ирээд “Яагаад толио нааж байгаа юм бэ?, яагаад намайг буудал дээр зогсоохгүй шахаад байгаа юм бэ?” гэхэд миний урдаас толгой руу 2 удаа гараараа цохиж, салаавч өгсөн. Тэгэхээр нь би хариуд нь энгэрээс нь заамдаж аваад толгой руу нь мөн 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гарамдагийгийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн автобусны урд талын буудал дээр хөх өнгийн троллейбус, автобусны жолооч нар маргалдаж эхэлсэн. Тэгэхэд троллэйбусны жолооч бууж ирээд “Толь янзалж өг” гээд автобусны жолоочийг заамдаж аваад толгой руу нь цохьсон. Тэгэхэд автобусны жолооч хариу үйлдэл үзүүлж троллейбусны жолоочийн толгой руу нь гараараа цохих үед цус гарч хагарсан байсан. Ямар ч байсан харилцан заамдаж, нэгнийгээ цохиж байсан ба троллэйбусны жолоочийн толгой хагарч цус гарсан, автобусны жолоочийн биед гэмтэл байсан үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6705 дугаартай: “Л.Бын чамархайн хуйханд няцарсан шарх, дух, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... үзүүлэгч Л.Бын биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6709 дугаартай: “А.Мын биед тархи доргилт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд өнгөц шарх, хүзүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... үзүүлэгч А.Мын биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бын яллагдагчаар өгсөн: “... Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн А.Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.34/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн Л.Бын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Л.Б, А.М нар нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргалдсаны улмаас харилцан биедээ халдаж, улмаар Л.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бын хохирогчоор өгсөн: “... намайг заамдаж аваад түлхэхэд хаалга толгойгоороо мөргөхөд миний толгойноос цус гарсан ба би толгойгоо барьж байхад тухайн залуу миний зүүн шанаа, хацар хэсэг рүү 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын хохирогчоор өгсөн: “... миний урдаас толгой руу 2 удаа гараараа цохиж, салаавч өгсөн. Тэгэхээр нь би хариуд нь энгэрээс нь заамдаж аваад толгой руу нь мөн 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гарамдагийгийн өгсөн: “... Тэгэхэд троллейбусны жолооч бууж ирээд “Толь янзалж өг” гээд автобусны жолоочийг заамдаж аваад толгой руу нь цохьсон. Тэгэхэд автобусны жолооч хариу үйлдэл үзүүлж троллейбусны жолоочийн толгой руу нь гараараа цохих үед цус гарч хагарсан байсан. Ямар ч байсан харилцан заамдаж, нэгнийгээ цохиж байсан ба троллейбусны жолоочийн толгой хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6705 дугаартай: “Л.Бын чамархайн хуйханд няцарсан шарх, дух, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... үзүүлэгч Л.Бын биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6709 дугаартай: “А.Мын биед тархи доргилт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд өнгөц шарх, хүзүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... үзүүлэгч А.Мын биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх мэдүүлэг /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бын яллагдагчаар өгсөн: “... Би иргэн А.Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.34/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мын яллагдагчаар өгсөн: “... Би иргэн Л.Бын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.49/,
Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Бын хохирогчоор өгсөн: “...Би Мтай хамт нэг салбарт ажилладаг учир надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт А.Мын хохирогчоор өгсөн: “...Надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б, А.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б, А.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.
Л.Б, А.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Л.Б, А.М нар хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Б, А.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Б, А.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б, А.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Б, А.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Б, А.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Л.Б, А.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Лын Б, Б овогт Аийн М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, А.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Б, А.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Б, А.М нарт сануулсугай.
5. Л.Б, А.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Б, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР