| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/04524/И |
| Дугаар | 4034 |
| Огноо | 2016-05-18 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 4034
| 2016 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/04034 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэх хороолол 1-р байр 1 тоотод оршин суух, регистр УЗ89022140, Мэргэн тангад овогт Эрдэнэсүрэнгийн Энхзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 3-р баг, Ханшонхорын 1-р гудамж 27 тоотод оршин суух, регистр ТГ93101517, Боржигон овогт Хишигжаргалын Өгөөмөрт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд Өгөөмөртэй танилцаад удаагүй 2 талын эцэг эхтэйгээ танилцсан. Бидний дундаас 2015 оны 3-р сарын 1-нд охин Төгс-Учрал төрсөн. Гэтэл Х.Өгөөмөр нь надаас өмнө өөр хүнээс 2013 онд хүүхэдтэй байсан, дахин 2016 оны 1-р сард хүүхэд төрж 2 хүүхэдтэй болсон байсан. Үүнийг саяхан мэдсэн. Бид нар гэрлэлтээ батлуулаагүй байсан. Цаашид ийм хүнтэй хамт амьдрах боломжгүй тул охин Төгс-Учралыг өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Өгөөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Энхзулын гарагсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дундаас 2015 оны 3-р сарын 1-нд охин Төгс-Учрал төрсөн нь үнэн. Охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Тус шүүх дээр зарлагдсан шүүх хуралд оролцох боломжгүй тул Х.Өгөөмөр миний биеийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхзул нь Х.Өгөөмөрт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн асрамжиндаа авахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
Э.Энхзул, Х.Өгөөмөр нар нь 2011 онд танилцаж, үерхэж байгаад 2015 оны 03-р сарын 01-нд охин Э.Төгс-Учралыг төрүүлж, түүний төрснийг 1122001115 дугаарт бүртгэж төрсний гэрчилгээ олгожээ. /хх-4/
Х.Өгөөмөр нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай, улмаар 2 хүүхэдтэй шалтгаанаар зохигч хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Хэдийгээр талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас охин Э.Төгс-Учрал төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүссэн, улмаар эцэг Х.Өгөөмөр нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ талаар хариуцагч маргаагүй байна.
Иймд охин Э.Төгс-Учралыг эхийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж Х.Өөгөөмөрөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 03-р сарын 01-ний өдөр төрсөн Энхзулын Төгс-Учралыг эх Э.Энхзулын асрамжинд үлдээж, охин Э.Төгс-Учралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Х.Өгөөмөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Өгөөмөрөөс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхзулд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА