| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07822/И |
| Дугаар | 210/МА2025/01481 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01481
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05255 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Ажилгүйдлийн тэтгэмж болох 14,064,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие *******-ийн *******-ийн ******* сайт дээр кран өргөх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцсан төсөл дээр 2020 оны 08 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Төслийн хугацаа дууссан тул 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 10 дугаар сарын 18-ны өдөр бичгээр авсан. ******* нь сүүлийн 7 сар /2024 оны 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл/ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа учир компани дээр очиж уулзах талаар хэлсэн. Иймд миний бие нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмж болох 14,064,540 төгрөгийг авах боломжгүй болсон тул хуульд зааснаар *******-аар нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д зааснаар хариуцагч *******-аас ажилгүйдлийн тэтгэмж болох 14,064,540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 228,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нийгмийн даатгалын улсын байцаагч нь тэтгэмжийг өгөхгүй гэсэн ямар нэгэн татгалзлын захиргааны акт гаргаагүй, үйлдэл эс үйлдэл хийгээгүй тул дээд шатны албан тушаалтанд нь нэхэмжлэгч хандаж тухайн хууль бус эс үйлдлийг шалгуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэлийн нийт үнийн дүнг хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах тохиолдолд энэхүү хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх маргааны төрөл юм. Гэтэл дангаар шийдвэрлэсэн нь процессын алдаатай болсон байна.
4.2. Анхан шатны шүүх хуралд оролцохоос өмнө миний бие 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй нь хариуцагч талд татгалзлаа нотлох боломжийг шүүгч хязгаарласан.
Иймд, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж болох 14,064,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас ажилгүйдлийн тэтгэмж болох 14,064,540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас нийт 8,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д тус тус төлж барагдуулах, нэхэмжлэгч нэхэмжлэлээс үлдэх 6,064,540 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.
4. Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээс үлдэх 6,064,540 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 228,273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ